| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03329/И |
| Дугаар | 181/ШШ2024/02577 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/02577
2024 06 26 181/ШШ2024/02577
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК /... тоотод оршин байх РД:../-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Н/РД:.../-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ББСБ ХХК нь С.Нт 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ0200220487 тоот Зээлийн гэрээ-ээр 1,590,000 (нэг сая таван зуун ерэн мянга) -н төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ0200220487 тоот Зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1 -т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн тул түүнд холбогдуулж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 182/Ш32024/07633 тоот захирамжаар С.Н (РД:...) -г Чингэлтэй дүүргийн, 17 дугаар хороо, Сурагчийн 61 гудамж, 711 в тоот хаягт оршин суудаггүй болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь нэхэмжлэгчид зөвхөн нэг хувь байгаа бөгөөд нотариатууд гэрээнд хуулбар үнэн дарж өгөхгүй байгаагаас шалтгаалж эрэн сурвалжлах нэхэмжлэлдээ гэрээний эх хувийг хавсаргаагүй болохыг эрхэм шүүгч харгалзан үзнэ гэдэгт итгэж, найдаж байна. ИХШХШТХ-ийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу С.Н (РД:...) - г шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Нийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.
С.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ0200220487 тоот Зээлийн гэрээ байгуулсан байх ба гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, маягт зэрэг баримт нь хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.
С.Н нь .. тоот хаягт оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 182/Ш32024/07633 дугаартай захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу С.Н/РД:.../-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Н/РД:.../-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Нийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З /Утас/, Б.Б /Утас:/ нарт мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА