Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/00038

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/00038

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Д-гийн Г-,

Хариуцагч:  *** ХХК,

Хариуцагч:  З-ын Г-,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, ****************** талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2023/01105/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Ч.Б, цахимаар хариуцагч, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч *** ХХК, З.Г- нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, ****************** талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би ************************ байгууллагын албан хаагчдын 35 айлын орон сууцанд байр авахаар 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр *** ХХК-ийн захирал З.Гм-тэй, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр *** ХХК-ийн дэд захирал З.Г-тэй тус тус орон сууц захиалгын гэрээг байгуулж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, ****************** талбайтай 2 өрөө орон сууцыг 1м.кв талбайг 880,000 төгрөгөөр үнэлэн, нийт 50,980,000 (тавин сая есөн зуун наян мянга) төгрөгөөр худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд дэд захирал Г- ХААН банк дахь ******** тоот дансанд нийт 51,800,000 төгрөг буюу гэрээний үнийг 100 хувь бүрэн төлсөн. Гэрээ байгуулснаас хойш *** ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад бүрэн оруулаагүй, уг 49 дүгээр байрыг бүхэлд нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд бүртгүүлж, зээл авснаар ББСБ-тай маргаан үүссэн байна. Би тухайн үед Хорих 443 дугаар ангид хяналтын ажилтан хийдэг байсан бөгөөд тус байгууллагын албан хаагч н.Х*н нэрээр 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5,500,000 төгрөгийг *** ХХК-ийн дансанд шилжүүлсэн тул тус байрны 1м.кв-ийн үнийг 880,000 төгрөгөөр төлөх эрх үүссэн. *** ХХК нь биднийг байрандаа орчих, дулаан, цахилгааны төлбөрийг компани төлж чадахгүй байна гэсэн учир тус байранд ороод амьдарч байна. Байрны гадна талбайн тохижилт хийгээгүй мөртлөө олон сая төгрөг нэхсэн. Гэвч бид ярилцаад байрны гадна тохижилтын талбай, тагтны үнэ, нийт 10,000,000 төгрөгийг *** ХХК-д өгөөд, намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ****************** талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор тохиролцон эвлэрч байна гэв.

2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ************************ байгууллагын 35 айлын 7 давхар барилга нь 75 хувийн гүйцэтгэлтэйгээр *** ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг барьж дуусгахад 385,000,000 төгрөг шаардлагатай болсон тул ************************ байгууллагын зөвшөөрөлтэйгөөр *** ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавьсан, мөн улсын комисс эцэслэн хүлээж аваагүй байгаа. Нэхэмжлэгч Д.Г- ************************ газрын анхны орон сууц захиалсан 29 захиалагчийн нэг биш. 2019 онд ************************ газрын албан хаагч захиалгаа цуцлахад түүний оронд шилжиж орсон. Д.Г- 2017 онд гэрээ байгуулсан болгоод өгөөч, давхардалт үүсэхээс болгоомжилж байна, Улсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэгээ хийлгэмээр байна гэж гуйсан. Би зөвшөөрч, гэрээ байгуулсан боловч албан ёсны биш юм. Харин Д.Г-той албан ёсоор 2022 оны 5 дугаар сард гэрээ байгуулсан. Энэ талаар Д.Г- өөрөө сайн мэдэж байгаа. 2022 оны 5 дугаар сард байгуулсан гэрээнд тагтны үнийг 1м.кв-ыг 50 хувиар, нэмэлт ажил болох холбоо дохиолол, гадна тохижилтын ажлын хөлсийг оршин суугчдаас байрны төлбөр дээр нэмж гаргуулахаар заасан. Гэвч эдгээр заалтыг биелүүлээгүй тул төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэхгүй. Нийт 460,000,000 төгрөгийн нэмэлт ажил хийсэн. Үүнийг 35 айлд хуваахад нэг айлд 13,200,000 төгрөг ногдож байгаа. Гэтэл ************************ газрын албан хаагч нар болон Д.Г-ын зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Анхны захиалагч болох 29 албан хаагчтай байгуулсан орон сууц захилгын гэрээнд 3 төрлийн төлбөрийн нөхцлийг заасан. Үүнд:

1. 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор урьдчилгаа 5,500,000 төгрөгийг төлбөл орон сууцны 1м.кв-ын үнийг 880,000 төгрөгөөр захиалж болно.

2. 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд урьдчилгаа 8,000,000 төгрөг төлбөл орон сууцны 1м.кв-ын үнийг 880,000 төгрөгөөр захиалж болно.

3. Үүнээс хойш төлбөр төлсөн захиалагч нар гүйцэтгэгч компанитай харилцан тохиролцож орон сууцны 1м.кв-ын үнийг зах зээлийн үнээс доогуур авч болно гэсэн байгаа. Манай зүгээс Д.Г-од албан ёсны мэдэгдэл хүргүүлж, албан ёсны сонсголыг ************************ газарт хийсэн. Тус гэрээний 3 дахь болзлыг хангаагүй албан хаагч нарын дунд Д.Г- өөрөө байгаа гэдгээ мэдэж байгаа. Тус байрны 1м.кв-ын үнэ 880,000 төгрөгөөр тооцож, үүн дээр нэмэлт ажил хийсэн төлбөр төлөх 13,200,000 төгрөгийг нэмж өгөөд эвлэрч болох хамгийн боломжтой саналыг тавьсан боловч зөвшөөрөхгүй байгаа тул зах зээлийн үнээр тооцно. Манай компани гадна талбайн тохижилт хийхээс зөвхөн гадна камерыг суурилуулах ажил дутуу байгаа. Гэвч бид шүүх хуралдаанд ярилцаад нэхэмжлэгч Д.Г- байрны гадна тохижилтын талбай, тагтны үнэ, нийт 10,000,000 төгрөгийг *** ХХК-д өгөөд, нэхэмжлэгч Д.Г-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ****************** талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор тохиролцон эвлэрч байна гэв.

3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 41 дугаар албан бичгийн хуулбар болон нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №2017/08 дугаар орон сууц захиалгын гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №2022/08 дугаар орон сууц захиалгын гэрээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Г-ын *** дугаартай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ (хэрэглэгчийн код ***) Хөвсгөл дулаан станц ТӨХК ахуйн хэрэгцээнд дулааны эрчим хүч ашиглалтын гэрээ (дугаар 14075, хаяг нэр: 49-23 Д.Г-, 2023 он) зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2, 3, 27, 4-11, 36-37 дахь тал)

4. Хариуцагчаас: Итгэмжлэл гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 23 дахь тал)

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.  Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч *** ХХК, З.Г- нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, ****************** талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би ************************ байгууллагын албан хаагчдын 35 айлын орон сууцанд байр авахаар 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр *** ХХК-ийн захирал З.Гм-тэй, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дэд захирал З.Г- нартай орон сууц захиалгын гэрээг байгуулж, орон сууцны 1м.кв талбайг 880,000 төгрөгөөр үнэлэн, худалдан авахаар тохирч, нийт 51,800,000 төгрөгийг бүрэн төлсөн. Би одоо байрны гадна тохижилтын талбай, тагтны үнэ, нийт 10,000,000 төгрөгийг *** ХХК-д өгөөд, намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, ****************** талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор тохиролцон эвлэрч байна гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Үүнд: ************************ байгууллагын 35 айлын 7 давхар барилга нь 75 хувийн гүйцэтгэлтэйгээр *** ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг барьж дуусгахад 385,000,000 төгрөг шаардлагатай болсон тул ************************ байгууллагын зөвшөөрлөөр *** ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавьсан, мөн улсын комисс эцэслэн хүлээж аваагүй байгаа. Нэхэмжлэгч Д.Г- ************************ газрын анхны орон сууц захиалсан 29 захиалагчийн нэг биш. Д.Г-той албан ёсоор 2022 оны 5 дугаар сард гэрээ байгуулж, тагтны үнийг 1м.кв-ын үнийг 50 хувиар, нэмэлт ажил болох холбоо дохиолол, гадна тохижилтын ажлын хөлсийг оршин суугчдаас байрны төлбөр дээр нэмж гаргуулахаар заасан. Гэвч эдгээр заалтыг биелүүлээгүй тул төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэхгүй. Нийт 460,000,000 төгрөгийн нэмэлт ажил хийсэн. Үүнийг 35 айлд хуваахад нэг айлд 13,200,000 төгрөг ногдож байгаа. Бид шүүх хуралдаанд ярилцаад нэхэмжлэгч Д.Г- байрны гадна тохижилтын талбай, тагтны үнэ, нийт 10,000,000 төгрөгийг *** ХХК-д өгөөд, нэхэмжлэгч Д.Г-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ****************** талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор тохиролцон эвлэрч байна гэж тайлбарласан.

5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч Д.Г-, хариуцагч *** ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймаг дахь ************************ байгууллагын ажилтан, албан хаагчдын орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, гүйцэтгэгч *** ХХК нь ****************** талбайтай орон сууцыг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгэх, захиалагч Д.Г- захиалгын нийт дүнд 50,980,000 төгрөг төлөхөөр тохиролцсон тухай,

Тус гэрээнд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэгч *** ХХК нь ****************** талбайтай орон сууцыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан гүйцэтгэх, захиалагч Д.Г- захиалгын нийт дүнд 38,500,000 төгрөг төлсөн болохыг тусгасан тухай нэмэлт өөрчлөлт оруулсан нь зохигчийн тайлбар, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №2017/08 дугаар Орон сууц захиалгын гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №2022/08 дугаар Орон сууц захиалгын гэрээ гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 4-7 дахь тал)

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг-ийг хүлээдэг.

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №2017/08 дугаар Орон сууц захиалгын гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №2022/08 дугаар Орон сууц захиалгын гэрээ-нд талууд буюу захиалагч Д.Г-, гүйцэтгэгч *** ХХК нар хүсэл зоригийн илэрхийлэлээ болгон гарын үсэг зуран, байгууллагын тамга даран баталгаажуулж, хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв. (хавтаст хэргийн 4-7 дахь тал)

Захиалагч Д.Г- орон сууцны төлбөрт нийт 51,800,000 төгрөг төлсөн, тэрээр тус орон сууцанд амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, Д.Г-ын *** дугаартай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 41 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 9072513 дугаар хэрэглэгчийн кодтой, 923488 дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, 14075 дугаартай ахуйн хэрэгцээнд дулааны эрчим хүч ашиглалтын гэрээ баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ тухай талууд маргаагүй болно. (хавтаст хэргийн 8-11, 27, 36-37 дахь тал)

Шүүх хуралдаанд хариуцагч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ****************** талбайтай орон сууцны өмчлөгчөөр Д.Г-ыг тогтоолгохоор зөвшөөрч, нэхэмжлэгч нь байрны гадна тохижилтын талбай, тагтны үнэ, нийт 10,000,000 төгрөгийг *** ХХК-д өгөхөөр тохиролцож байна.

Захиалагч буюу нэхэмжлэгч Д.Г- гэрээнд заасан орон сууцны төлбөр бүрэн төлсөн, одоо амьдарч байгаа, байрны гадна тохижилтын талбай, тагтны үнэ, нийт 10,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрсөн тул тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй бөгөөд гүйцэтгэгч *** ХХК орон сууцыг шилжүүлэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагч нараас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар шаардах эрхтэй.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ****************** талбайтай орон сууцны өмчлөгчөөр Д.Г-ыг тогтоож, түүнээс байрны гадна тохижилтын талбай, тагтны үнэ, нийт 10,000,000 төгрөг гаргуулан, хариуцагч *** ХХК, З.Г- нарт олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 412,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож байна.

Хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 1. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 41 дугаар албан бичгийн хуулбар нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 3 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ****************** талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Г-ыг тогтоож, түүнээс байрны гадна тохижилтын талбай, тагтны үнэ, нийт 10,000,000 төгрөг гаргуулан, хариуцагч *** ХХК, З.Г- нарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК, З.Г- нараас улсын тэмдэгтийн хураамж 412,850 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Г-од олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.ОТГОНБЯМБА