Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2024/00645

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух, ******* овгийн ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие нь 1964 онд төрсөн. Одоо 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Хөдөлмөрийн дэвтэр/*******/, нийгмийн даатгалын дэвтэр /*******/, мэргэжлийн үнэмлэх/*******/

- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр зөвлөмжийн хуудас

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1521 дүгээр архивын лавлагаа

-Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дүгээр Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал

- Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 03-10/4002 дугаар лавлагаа

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлээс 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *******д олгосон 295979 дугаар Хөдөлмөрийн дэвтэр-ийн Ажлын тухай мэдээ хэсэгт:

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тушаалаар 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тракторын жолоочоор ажиллуулсан,

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тушаалаар 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тракторын жолоочийн ажлаас чөлөөлсөн бичилт тус тус хийгджээ.

2.2. Цалин хөлсний лавлагаа, ажил олгогчийн шийдвэр:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1521 дүгээр архивын лавлагаанд ******* нь Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд жолоочоор 1987-1992 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримтын лавлагааг авах захиалга ирүүлснээс 1988 онд нотлох баримт, 1989-1992 онуудад цалин гарлаа. Энэ цалин Төрийн архивын сан хөмрөгийн Х№22, Х№01, ХН№50, 55-56 нэгжид хадгалагдаж байгаа гэжээ.

Уг архивын лавлагааны хавсралт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дүгээр Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын 2 дахь хэсэгт *******г 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ДТ-75 тракторын жолоочоор ажиллуулсугай гэжээ.

2.3. Мэргэжлийн үнэмлэх:

Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын мэргэжлийн комиссоос 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн үнэмлэхт ******* нь тракторч, машинч болсон тул олгов гэжээ.

2.4. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 03-10/4002 дугаар архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд оршин суух, өрхийн тэргүүлэгч ******* 48 настай, хүү ******* 24 настай, хүү ******* 13 настай, хүү ******* 13 настай, 5 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний хэрэгт гаргасан хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, мэргэжлийн үнэмлэх, хүн амын тооллогын лавлагаа зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19 дүгээр зөвлөмжийн хуудсаар Хөдөлмөрийн дэвтэр усанд уусаж, зарим бичвэр уншигдахгүй болсон, 1988 онд ажилд томилсон лавлагаа гарсан тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг хүсэлт гаргагч *******д зөвлөжээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу *******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******г 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАТ