Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 0078

 

 

 

 

                                              

 

 

 

 

 

                                              

                                               Ц.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

       Шүүх хуралдаанд:         

 

                   Прокурор                        Л.О

                   Шүүгдэгч                                Ц.Э

                   Нарийн бичгийн дарга           Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Эд холбогдох, эрүүгийн хэргийг хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ц-н Э.

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн 14 дүгээр байрны 11 тоотод оршин суух Г.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ц-н Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч М.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5.д зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 166. 667 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1., 505 дугаар зүйлийн 505.1.д хэсэгт зааснаар Ц.Эгаас 375.500 төгрөг гаргаж хохирогч Г.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1818 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгон,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Ц давж заалдах гомдолдоо:  

Г.Ц миний бие Жаргалант сумын Жаргалант багийн 14 байр 11 тоотод түр оршин суугч 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэртээ орох гэж яваад Ц.Эд зодуулж, хөнгөн зэргийн гэмтэл авч сэтгэл санааны гүн хямралд орж, зүрх өвдөж даралт тогтворгүй байсан.

 

Шүүх хуралдаан дээр Ц.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн улмаас учирсан хохиролыг 2018 оны 08 дугаар сарын 20-нд төлж барагдуулна гэж тохирсон боловч Ц.Э нь 70 настай хөгшин хүний итгэл алдан хуурч, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн, хийсэн хэрэгтээ гэмшихгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулахгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Иймд миний хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ:

            

Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн 14 дүгээр байрны 11 тоотод оршин суух Г.Ц-н гэрт түүнтэй маргалдаж цохиж, биед нь баруун шуу, хуйханд зөөлөн эдэд хоёр тооны цус хуралт, зүүн шанаанд нэг тооны шалбархай, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

 

Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч Ц.Эгийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ц-н болон гэрч Ө.Б, Д.С, нарын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 429, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 474 дугаар дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.  

 

Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Эгаас 375.500 төгрөг гаргаж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 380.000 төгрөгийг хохирогч Г.Ц-н Хаан банкны дансанд шилжүүлж хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн хэмжээний дотор хэргийг шийдвэрлэсэн байна.

 

         Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Ц-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхиүүн үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА

                                                                                      

               ШҮҮГЧ                                                                С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР