Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02579

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 26 181/ШШ2024/02579

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: М ХХК ... тоотод оршин байх, РД .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЦТ ХХК /... тоотод оршин байх, РД .../-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 189,224,359 төгрөг гаргуулах тухай үндсэн, М ХХК-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 220,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.

Хариуцагчийн өмгөөлөгч У.Х шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч ЦТ ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 189,224,359 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1 М ХХК нь ЦТ ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 19/03/26 дугаар Туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ байгуулснаар М ХХК нь ЦТ ХХК-ийн захиалгын дагуу эмнэлгийн хүчилтөрөгчийн үйлдвэр барих, үүсвэр, барих, угсрах, засварлах, туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

Тус гэрээний 1,4-д Увс аймгийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй хүүхдийн эмнэлгийн барилга 50 ор /Увс, Улаангом сум/ төслийг ерөнхий гүйцэтгэгч ЦТ ХХК-ийн гүйцэтгэж буй эмнэлгийн барилгын туслан гүйцэтгэгч М ХХК нь тусгай зөвшөөрлийнхөө дагуу уг эмнэлгийн барилгын доорх ажлуудыг батлагдсан зураг төсвийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэнэ" гэжээ. Мөн гэрээний 1 4.1-д хүчилтөрөгчийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, түүний туршилт тохируулга, салбар шугамын угсралт", 1 4.2-д Хүүхдийн эмнэлгийн барилга доторх эмнэлгийн хийн системийн тоноглол, төхөөрөмжүүдийг нийлүүлэх угсрах" гэж тус тус заасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д Гэрээний нийт үнийн дүн: 346,149,573/гурван зуун дөчин зургаан сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун далан гурав/ төгрөг байхаар хоёр тал харилцан тохиролцсон болно", тус гэрээний 2.4-д гэрээнд заасан ажлын гэрээний үнийн дүнгийн 30%-ийг тендерт шалгаран гэрээ байгуулсан тохиолдолд туслан гүйцэтгэгчид 30 хоногт багтаан олгоно. Мөн үнийн дүнгийн 20%-ийг эхний санхүүжилт хийсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шилжүүлнэ, үлдэгдэл санхүүжилтийг барилгыг улсын комисс хүлээн авсны дараа олгоно" гэж заажээ.

Манай компанид ЦТ ХХК гэрээнд заасан ажлын хөлсийг дараах байдлаар төлсөн. Үүнд:

1.2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 70,000,000 төгрөг хангамжийн гэрээний төлбөр ЦТ ххк гэсэн утгаар,

2.2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөг хийн хангамжийн гэрээний урьд: Зузаан Баярсайхан, М гэсэн утгаар,

3.2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөг Зузаан Баярсайхан, М ХХК гэсэн утгаар тус тус төлсөн.

Ингээд ЦТ ХХК 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 19/03/26 дугаар Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ний дагуу ажлын хөлсөнд нийт 346,149,573 төгрөг төлөхөөс өнөөдрийн байдлаар 220,000,000 төгрөг төлөөд байна. Үлдэгдэл 126,149,573 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна.

Увс аймгийн Улаангом суманд баригдсан хүүхдийн 50 ортой эмнэлгийн барилга 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баригдаж дуусан улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулан, хэвийн ажиллаж байгаа болно. Бидний хооронд байгуулсан гэрээний 2.4-д зааснаар үлдэгдэл санхүүжилт /ажлын хөлс/-ийг барилгыг улсын комисс хүлээн авсны дараа олгохоор заасныг ЦТ ХХК зөрчиж байна. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ", 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно, 351 дүгээр зүйлийн 351.1.1 гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх" гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаар Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ний 2.4-д үлдэгдэл санхүүжилтийг улсын комисс хүлээн авсны дараа олгоно", мөн гэрээний 4.1-д Ерөнхий гүйцэтгэгч гэрээний дагуу төлөх мөнгөн дүнг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх алдангийг туслан гүйцэтгэгчид төлнө" гэж тус тус заажээ. Үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж заасныг дагуу гэрээний нийт үнийн дүнгийн бус гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх алдангийг ЦТ ХХК манай компанид төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Ингээд ЦТ ХХК манай компанид дутуу төлсөн буюу гүйцэтгээгүй үүрэг болох 126,149,573 төгрөгийн 0.1%-ийн алданги хоногт 126,149 төгрөг болж байгаа бөгөөд барилгыг улсын комисс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан тул 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 622 хоногийн алданги нийт 78,464,678 төгрөг болж байна.

Манай нэхэмжлэх алдангийн нийт дүн 78,464,678 төгрөг болж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул ЦТ ХХК-аас гаргуулах алдангийн хэмжээ нь 63,074,786 төгрөг байна.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6, 343 дугаар зүйлийн 343.1, 3-44 1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дахь хэсэг, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, Туслан гүйцэтгэгчийн гэрээний 2.1, 2.4, 4.1 дэх хэсэгт заасны дагуу ЦТ ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 126,149,573 /нэг зуун хорин зургаан сая нэг зуун дөчин есөн мянга таван зуу далан гурав/ төгрөг, алданги 63,074,786 /жаран гурван сая далан дөрвөн мянга долоон зуун наян зургаа/ төгрөг, нийт 189,224,359 /нэг зуун наян есөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга гурван зуун тавин ес/ гаргуулж М" ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч ЦТ ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: ЦТ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариу дараах тайлбар гаргаж байна. Үүнд:

М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Э.Уянга 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Талуудын хооронд гэрээ байгуулахад М.А гэж захирал манайд ажиллаж байгаагүй. Харин М ХХК-ний захирал Э.Уянга 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 19/24 тоот итгэмжлэлээр үйлдвэрлэл хариуцсан гүйцэтгэх захирал Ч.Бд ЦТ ХХК-тай гэрээ байгуулах эрхийг 2 жилийн хугацаатай олгосон. Энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж заасантай нийцэж байна. Дээрх итгэмжлэлийг нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Иймд энэхүү гэрээ нь иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамааралгүй юм. Мөн М ХХК-ийн эмнэлгийн барилга барих тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж байгаа нь илт худал тайлбар бөгөөд манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй зөвхөн эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх, худалдах, угсрах, засвар үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг.

Манай компанийг хийн хангамжийн барилга, тус барилгаас эмнэлэг хүртэлх гадна хоолойн ажлыг манайх өөрсдөө хийж гүйцэтгэсэн гэжээ. Дээр дурдсанаар манай компани барилга барих үйл ажиллагаа эрхэлдэггүй. Туслан гүйцэтгэгчийн гэрээ 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр ч барилга барих үүрэг хүлээгээгүй. Харин ЦТ ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Увс аймгийн Засаг даргатай байгуулсан 50 ортой хүүхдийн эмнэлэг барих үүрэг хүлээж гэрээ байгуулсан байдаг. Тиймээс хийн хангамжийн барилга, тус барилгаас эмнэлэг хүртэлх гадна барилгын ажлыг ЦТ ХХК хариуцан хийх үүрэгтэй бөгөөд манай компанийн хийх ёстой ажил биш юм.

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Туслан гүйцэтгэгчийн гэрээний 4.7 дахь заалтаар гэрээ нөхөж байгуулсан нь нотлогдож байна гэжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний төслийг ЦТ ХХК өөрөө бэлдсэн ба талууд харилцан гарын үсэг тамга тэмдгээр баталгаажсан харилцан тохиролцоо юм. Энэхүү тохиролцоо нь иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцэж байна. Түүнчлэн Туслан гүйцэтгэгчийн гэрээний 4.7-д дурдсан Ерөнхий гүйцэтгэгч нь эмнэлгийн барилгыг 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан Улсын комисст хүлээлгэн өгнө гэсэн заалтын дагуу М ХХК нь энэхүү гэрээний 1.4.1 болон 1.4.2-т заасан ажлуудыг хугацаандаа бүрэн хийж дуусгасан.

Шинээр суурилуулсан Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, түүнээс дамжин эмнэлгийн барилгын бүх давхруудад салбарлан угсрагдсан хийн хангамжийн зэс шугам хоолойн тохируулга, туршилт, зүгшрүүлэлт, эмнэлгийн хариуцсан мэргэжилтнүүдийг дадлагажуулах сургалтыг өмчлөгч байгууллага болох Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техник-ийн ажилтнуудын хамт cap гаруй хугацаанд хийж, 2020 оны 11-р сарын 10-ны өдрийн 20/111 тоот актаар Хүчилтөрөгчийн үйлдвэр, түүнийг дамжуулах систем нь хэвийн ажиллаж эмнэлгийн эрчимт, сэхээний тасгийн хүнд өвчнүүдийг хүчилтөрөгчөөр бүрэн хангах, ашиглаж эхлэх боломжтойг нотолсон байдаг.

Харин дээрх хугацаанаас хойш 1 жилийн дараа буюу 2021 оны 11-р сарын 25-нд Ерөнхий гүйцэтгэгчийн эмнэлгийн барилга барих ажил дууссанаар Хүчилтөрөгчийг өөрөө үйлдвэрлэх бэсрэг үйлдвэр бүхий хий дамжуулах, түгээх иж бүрэн систем, төхөөрөмжөөр тоноглогдсон, 50 ортой Хүүхдийн шинэ эмнэлгийн барилгыг Улсын комисс ашиглалтад хүлээн авсан. Дээр дурдсан 20/111 дугаартай акт, Улсын комиссын барилга ашиглалтад хүлээн авсан акт, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 256 дугаартай албан тоот зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн.

Иймд бодит байдлыг илт худал тайлбарласан үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

1.3 Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ эмнэлэг дотор хүчилтөрөгчийн шугам тавих, системийн бүх ажлыг нь эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөлтэй, электроникийн хийн шугамаар мэргэшсэн инженерүүдтэй М ХХК хийсэн. Яагаад гэвэл хүчилтөрөгч эмнэлгийн барилга дотор тэр шугамтай хамт явж, эмнэлэг иж бүрнээрээ баригддаг. Эмнэлэг барьсны дараа тэр шугамыг хийдэггүй. Тэгэхээр энэ бол багц тендер. Энэ багц барилга дотор хийх, хийн шугамын ажлыг М ХХК өөрийнхөө тусгай зөвшөөрлийн дагуу авсан. ЦТ ХХК-д нэг ч электрон хийн шугамын инженер байхгүй. Энэ бол цэвэр барилга угсралтын барилга барьдаг компани. Тийм учраас 2, 3 төрлийн тусгай зөвшөөрөл шаардсан ийм багц ажил байгаа учраас манайх зөвхөн нэг багц дээр нь нэг тендер болж зарлагдсан учраас орсон. Барилгын төсөлтэй холбоотой зүйл хэлье. Бид нарын хийж байгаа ажлын төсвийг Т.Цогзолмаа гэх төсөвчин баталсан. Төсөвт өртгийн дүн 398,711,713 төгрөг. Энэ төсөл дотроос маргаад байгаа хүчилтөрөгчийн үйлдвэрийн барилга гээд байгаа жижигхэн техникийн өрөө шиг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн тэнд эмнэлэгээсээ тусдаа байдаг жижигхэн тоосгон барилга байгаа. Тэр барилгын өртөг төсөвчний хийснээр 52,564,141 төгрөг, энэ хүчилтөрөгчийн үйлдвэрийн гадуур байдаг жижигхэн барилгын төсөв нь нийт манай энэ хүчилтөрөгчийн хийн системийн хийх ажлын 398,713,703 төгрөгөөс хасагдсан. Тэгээд гуравласан гэрээгээр 346 сая төгрөг. Түүн дээр ЦТ ХХК, М ХХК хоёр гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байгаа. Бид нар энэ мөнгөө л нэхэмжилж байгаа. Энэ барилгын мөнгийг барилга барьдаг компани өөрөө аваад үрсэн шүү. Тэр мөнгөөрөө хүчилтөрөгчийн жижиг үйлдвэр нь байрладаг жижигхэн техникийн өрөө шиг барилгыг барьсан. Энэ мөнгө бид нарт хамаагүй, үүнийгээ хасаж тооцуулаад, суутгуулаад үлдсэн хүчилтөрөгчийн хийн шугамын угсралт, суурилуулалтын ажлын үлдэгдлээ нэхэмжилж байгаа.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эмнэлгүүдэд хийгдэж байгаа хүчилтөрөгчийн хийн системийн угсралт, суурилуулалт, бүх юмыг хийхэд олгодог тусгай зөвшөөрлийг бид нар зөвшөөрлийн хуулийн дагуу 2014 оноос аваад хийгээд ажиллаж байна. Өчнөөн улсын чанартай бүх эмнэлгүүдэд хийчихсэн. Манайх ажлын туршлагатай. Бид нар тусгай зөвшөөрөлтэй, улсын комисс хүлээгээд авсан байхад бид нар барилга угсралтын ЦТ ХХК-д хүлээлгэж өгөөгүй, тооцоо нийлээгүй гээд байгаа. Улсын комисс хүлээн авсны дараа үлдэгдэл мөнгөө өгнө гэчихээд өгөөгүй байгаа.

Талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан туслан гүйцэтгэгчийн гэрээний 1.4-д заасан байгаа. Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж байгаа Хүүхдийн эмнэлгийн барилгын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ЦТ ХХК гүйцэтгэх буюу эмнэлгийн барилгын туслан гүйцэтгэгч М ХХК тусгай зөвшөөрлийнхөө дагуу уг эмнэлгийн барилгын доторх ажлуудыг батлагдсан зураг төслийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэнэ. Гэрээний 1.4.1-д хүчилтөрөгчийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, түүний туршилт тохируулга, салбар шугамын угсралт 1.4.2-т хүүхдийн эмнэлгийн барилга доторх эмнэлгийн хийн системийн тоноглол, төхөөрөмжүүдийг нийлүүлэх, угсрах ийм үүрэг хүлэээж байсан. Үүн дээр барилга барина, барилга угсралтын ажил хийнэ гэсэн үүрэг байхгүй. Ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг дурдсан учраас үйл ажиллагааны зөвшөөрлийн тухай хуулийг зөрчихгүй. Нэхэмжлэл гаргасны дараа Увс аймгийн нөгөө эмнэлгээс тодорхойлолт авсан 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар албан бичгээр тодорхойлолт гээд М ХХК хүүхдийн эмнэлгийн бүрэн хангах хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр барих тоног төхөөрөмжийг суурилуулах, туршилт тохируулга хийх, эмчилгээний өрөө, тасаг руу хийн салбар шугамууд татах, хүүхдийн эмнэлгийн барилга барих, доторх хийн хангамжийн системийн тоноглол, төхөөрөмжүүдийг нийлүүлэх, угсрах ажлуудыг хариуцан гүйцэтгэж ажилласан. Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр бүхий иж бүрэн систем, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр барилга хүлээн авах улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан бөгөөд М ХХК-ийн хийн хангамжийг гүйцэтгэсэн хүчилтөрөгчийн үйлдвэр, эмнэлгийн барилга дахь хийн хангамжийн систем, түүний тоног төхөөрөмжүүд нь эмнэлгийн хэрэгцээг бүрэн хангаж хэвийн ажиллаж байгаа болно гээд жич хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь 2020 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон гэх тодорхойлолт гаргаад өгчихсөн. Үүгээр М ХХК, ЦТ ХХК-д ажлыг хүлээлгэж өгөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Үүнийг гэрээний 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Иймд ажлыг хүлээлгэж өгсөн гэдэг нь нотлогдож байнаИймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.1 Хариуцагч ЦТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь 2009 оноос хойш барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа болно. Бид энэ хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн захиалгаар барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдэлж ирсэн салбартаа арвин туршлагатай байгууллага билээ. М ХХК-аас манай байгууллагад холбогдуулж 189,224,359 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай байгууллага нь Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй Хүүхдийн эмнэлгийн барилга, 50 ор /Увс, Улаангом сум" тендерт шалгарч "М" ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр "М" ХХК нь Эмнэлгийн хүчил төрөгчийн үйлдвэр барих, угсралт, засварлах, туршилт тохируулга хийх, дагалдах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн болно. Гэтэл "М" ХХК нь эдгээр ажлын заримыг нь хийж гүйцэтгээгүй. Тухайлбал эмнэлгийн хийн хангамжийн барилга, хийн хангамжийн барилгаас эмнэлэг хүртэлх гадна хийн хоолойн ажлыг манай байгууллага өөрсдөө хийж гүйцэтгэсэн. Барилгын гадна цахилгааны ажлын гол түүхий эд болох кабелыг манай байгууллага гаргасан. Хүүхдийн эмнэлгийн барилгыг улсын коммист хүлээлгэн өгсөн хэдий ч "М" ХХК-тай байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний зарим ажлыг бид өөрсдөө хийсэн тул М" ХХК-ийг ажил хүлээлцэж, тооцоо нийлэх шаардлагатай талаар удаа дараа хандсан болно. Иймд гэрээний биелэлтийг дүгнээгүй, ажил хүлээлцэж, тооцоо нийлээгүй компанид төлбөр төлөх боломжгүй байна.

Мөн туслан гүйцэтгэгчийн гэрээний 4.1 дэх хэсэгт Ерөнхий гүйцэтгэгч гэрээний дагуу төлөөх мөнгөн дүнг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх алдангийг туслан гүйцэтгэгчид төлнө гэж заасан. Энэхүү заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй мөн энэ зүйлийн 232.6 дах хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ", гэж хуульд заасныг зөрчиж хийсэн хэлцэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрээнд Ч.Б гэж хүн төлөөлж гарын үсэг зурсан байдаг. Энэ хүн нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш гэж үзэж байгаа учраас энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал яагаад хоёр гэрээ байгааг мэдэхгүй байсан. Гэхдээ нэхэмжлэгч талын тамга тэмдэг дарагдчихсан ийм гэрээ байгаа. Хариуцагч талаас мөн гэрээг дурдагдсан огноогоос нөхөж байгуулсан гэж үзэж байгаа. Учир нь юу вэ гэхээр энэхүү гэрээ нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан. Гэтэл туслан гүйцэтгэгчийн гэрээний 4.7 дахь хэсэгт, туслан гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэгч уг эмнэлгийн барилгыг 2020 оны 09 дүгээр сарын 20-нд багтаан Улсын комисст хүлээлгэн өгөх учраас хийн хангамжийн барилгын дээд талын хучалт, салхивч, агааржуулалтын ажил нь хийн хангамжийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт оройтож байгаатай холбоотойгоор Ковид19 цар тахлын улмаас хойшлогдож байх тул захиалагч болон ашиглагч байгууллагатай зөвшилцөж хугацаа тохирсон байх үүрэгтэй гэж заасан. Гэтэл Монгол Улсын хэмжээнд 2019 оны 3 дугаар сарын үед Ковид цар тахалтай холбоотой хориг, арга хэмжээ хийгдээгүй байсан. Гэтэл 2019 оны 3 дугаар сард байгуулсан гэрээг 2020 оны ковидтой холбоотой нөхцөл байдлыг тусгаж байгаа нь тухайн гэрээг нөхөж хийсэн байх магадлалтай гэж үзэж байгаа.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний онцлогийг дурдсан байгаа. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шугамын ажлын зургийг манайх хийсэн гэдэг тайлбарыг хэлж байна. Гэтэл хариуцагч манайх энэ ажлыг хийсэн гэж байгаа. Талууд ажил хүлээлцээгүйгээс болоод энэ маргааны нөхцөл байдал үүсэж байна. Гэрээн дээр захиалагч чинь манайх. Түүнээс улсын комисс юм уу, эсвэл Увс аймгийн Засаг даргын Тамгын газар захиалагч нь биш. Тэгэхээр хэдий хугацаанд ямар ажил гүйцэтгэсэн гэдгээ манайд хүлээлгэж өгөх ёстой. Түүний дараагаар хэдэн төгрөгийн ажил яаж гүйцэтгэсэн юм, манайх хэдэн төгрөгийн төлбөр төлсөн, түүнээс алданги нь хэд юм гэдэг ийм тооцоо хийх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

2.2 Хариуцагч ЦТ ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийн тухайд: ...Энэхүү гэрээг байгуулах үед "М" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М.А ажиллаж байсан бөгөөд бид энэ хүнтэй гэрээ, хэлцлээ ярилцсан. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ-г "М", "Гкал" ХХК-тай байгуулж гэрээний үүргийг "М", "Гкал ХХК нар хамтран гүйцэтгэхээр тохиролцсон. Тухайн үед "М" ХХК-ийн эмнэлгийн барилга барих тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байх тул энэхүү гэрээг хэрэгжүүлээгүй болно. Мөн "М" ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлөө 2021 онд буюу гэрээ байгуулснаас хойш сунгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгуулсан байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас өгсөн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ-нд "М" ХХК-ийг төлөөлж, Ч.Б гэх хүн гарын үсэг зурсан байна. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасныг зөрчиж хийсэн болох нь харагдаж байна. Гэрээ байгуулах үед Ч.Б нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт заасан итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш бөгөөд "М" ХХК-тай ямар нэг харилцаа хамааралгүй этгээд байсан. М" ХХК-аас гэрээ байгуулах итгэмжлэл аваагүй зэрэг нь дээрх гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэдгийг нотолж байна.

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгуулсны үр дагавар: Дээрх гэрээг тухайн үед М" ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан М.Атэй байгуулсан боловч гэрээнд "М" ХХК-ийг төлөөлж Ч.Б зурсны улмаас нэхэмжлэгч тал гэрээнд заагдсан зарим ажлыг хийж гүйцэтгээгүй. Тухайлбал эмнэлгийн хийн хангамжийн барилга, хийн хангамжийн барилгаас эмнэлэг хүртэлх гадна хийн хоолойн ажлыг манай байгууллага өөрсдөө хийж гүйцэтгэсэн. Барилгын гадна цахилгааны ажлын гол түүхий эд болох кабелыг манай байгууллага гаргасан. Мөн нэхэмжлэгч байгууллага энэхүү гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг манай байгууллагад хүлээлгэж өгөхгүй байх зэрэг үйл ойлголцсон нөхцөл байдлууд үүсэх болсон.

Гэрээнд дурдагдсан огнооноос хойш нөхөж байгуулсан тухай: М ХХК-тай байгуулсан гэх 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ний 4.7 дах хэсэгт Туслан гүйцэтгэгч нь Ерөнхий гүйцэтгэгч уг эмнэлгийн барилгыг 2020 оны 09 сарын 20 өдөрт багтаан улсын коммисд хүлээлгэн өгөх учраас хийн хангамжийн барилгын дээд талын хучилт салхивч агааржуулалтын ажил нь хийн хангамжийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт оройтож байгаатайгаар холбоотойгоор (Covid-19 цар тахал) хойшлогдож байх тул энэ тухай захиалагч болон ашиглагч байгууллагатай зөвшилцөж хугацааг тохирсон байх үүрэгтэй гэж заасан. Монгол Улсын хэмжээнд 2019 оны 03 дугаар сарын Covid 19 цар тахалтай холбоотойгоор ямарваа нэг хориг арга хэмжээ аваагүй байсан. Мөн энэ талаарх мэдээлэл олон нийтэд хомс байсан. Хариуцагч талын зүгээс дээрх гэрээг 2021 онд нөхөж байгуулсан гэж үзэж байгаа бөгөөд гэрээний 4.7 дах заалтаар нотлогдож байна.

Иймд М ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэх 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 56.1.9 дэх хэсэгт хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлгэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу хариуцагчид шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

 

3. Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан баримт болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтын тухайд: 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улсын тэмдэгтийн хураамжид 1,104,071 төгрөг төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19/24 дугаар итгэмжлэл, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №20/111 дугаартай Эмнэлгийн тоног төхөөрөмж угсарч, шалгасан акт, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн дүгнэлтийн хуулбар, Увс аймаг Монгол Улсын хөдөлмөрийн баатар хуний гавъяат эмч Х.Дийн нэрэмжит нэгдсэн эмнэлэгийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 256 дугаартай албан бичиг, 452564894 дугаартай дансны 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дансны хуулга, 452564894 дугаартай дансны 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дансны хуулга, 452564894 дугаартай дансны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дансны хуулга, М ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №21/11 дугаартай албан бичиг, М ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №23/59 дугаартай албан бичиг, М ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №23/58 дугаартай албан бичиг, итгэмжлэл, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №ТХ-14/23/3483 дугаартай Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №7314 дугаартай дүгнэлтийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №7313 дугаартай шингэн нэвтрүүлэх сарилын тайлангийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №7312 дугаартай гадаад үзлэгийн тайлангийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

 

3.2 Хариуцагч нь шүүхэд гаргасан нотлох баримтдаа: Итгэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн мэдээллийн хуулбар, 2024 оын 02 дугаар сарын 05-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамжид 1,863,698 төгрөг төлсөн баримт, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэх гэрээний хуулбар, М ХХК-тай хийх тооцооны дүн, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №19/03/26 дугаартай туслан гүйцэтгэгчийн гэрээний хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №АГ20/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,

 

3.3 Шүүхийн жураар бүрдүүлсэн баримтын тухайд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 9/3478 дугаартай албан бичгээр ирсэн Мепдигас ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Увс аймгийн засаг даргын тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 31712 дугаартай албан бичгээр 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №ЭМЯ/201902026 дугаартай Хүүхдийн эмнэлгийн барилга, 50 ор /Увс, Улаангом/ барих ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Гэрээний тусгай нөхцөлийн хуулбар,

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч ЦТ ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 189,224,359 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчид холбогдуулан М ХХК-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 220,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

6. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт нотлогдож байна. Үүнд:

 

6.1 М ХХК, ЦТ ХХК нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 19/03/26 дугаар Туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 7-9-р тал/

 

6.2 Уг гэрээгээр М ХХК нь ЦТ ХХК-ийн захиалгын дагуу Увс аймгийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй 50 ортой, Хүүхдийн эмнэлгийн барилга/Увс, Улаангом сум/ төслийн ерөнхий гүйцэтгэгч ЦТ ХХК-ийн гүйцэтгэж буй эмнэлгийн барилгын туслан гүйцэтгэгчээр оролцож, М ХХК нь тусгай зөвшөөрлийнхөө дагуу уг эмнэлгийн барилгад хүчилтөрөгчийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, түүний туршилт тохируулга, салбар шугамын угсралт", Хүүхдийн эмнэлгийн барилга доторх эмнэлгийн хийн системийн тоноглол, төхөөрөмжүүдийг нийлүүлэх угсрах" ажлуудыг тус тус хийж гүйцэтгэхээр тохиролцжээ. /хх-ийн 7-р тал/

 

6.3 Талуудын гэрээний нийт үнийн дүнг 346,149,573 төгрөгөөр тохирч, гэрээний үнийн дүнгийн 30 хувийг тендерт шалгаран гэрээ байгуулсан тохиолдолд туслан гүйцэтгэгчид 30 хоногт багтаан, мөн үнийн дүнгийн 20 хувийг эхний санхүүжилт хийсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор, үлдэгдэл санхүүжилтийг барилгыг улсын комисс хүлээн авсаны дараа олгохоор тус тус гэрээнд заасан байна.

 

6.4 Нэхэмжлэгч М ХХК-д хариуцагч ЦТ ХХК нь гэрээний үүрэгт нийт 220,000,000 төгрөг төлсөн болох нь 452564894 дугаартай дансны 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дансны хуулга, 452564894 дугаартай дансны 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дансны хуулга, 452564894 дугаартай дансны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дансны хуулга баримтуудаар нотлогдож байх ба зохигч уг дүнд маргаангүй.

 

6.5 Хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээн авсан, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь 2020 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн 2023 оны 09 дүгээр сарын 10-н өдрийн 256 дугаар албан бичиг, зохигчийн тайлбараар нотлогдсон. /хх-ийн 14-р тал/

 

7. Хариуцагч нь ...ажлын заримыг нь хийж гүйцэтгээгүй. Тухайлбал эмнэлгийн хийн хангамжийн барилга, хийн хангамжийн барилгаас эмнэлэг хүртэлх гадна хийн хоолойн ажлыг манай байгууллага өөрсдөө хийж гүйцэтгэсэн. Барилгын гадна цахилгааны ажлын гол түүхий эд болох кабелыг манай байгууллага гаргасан гэж татгалзлын үндэслэлийг тайлбарлаж байх боловч тухайн ажлуудыг туслан гүйцэтгэгч нэхэмжлэгч компани хийх талаар гэрээнд тусгаагүй байна.

 

Нөгөө талаас нэхэмжлэгч М ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулах үйл ажиллагааны чиглэл байхгүй, тусгай зөвшөөрлийнхөө дагуу хийж гүйцэтгэх чиглэлийн дагуу гэрээнд заасан үүргийг гүйцэтгэсэн гэж маргасан.

 

7.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг гэрээний үүргийн дагуу хүлээсэн үүргээс зарим ажлыг хийж гүйцэтгээгүй гэж маргасан боловч, тухайн ажлыг нэхэмжлэгч хийх үүрэг хүлээсэн тохиролцооны талаар болон ажлыг дутуу гүйцэтгэсэн талаарх тайлбар, татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй.

 

Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ний 1.4 дэх хэсэгт ...ерөнхий гүйцэтгэгч ЦТ ХХК-ийн гүйцэтгэж буй эмнэлгийн барилгын туслан гүйцэтгэгч, М ХХК нь тусгай зөвшөөрлийнхөө дагуу уг эмнэлгийн барилгад дараах ажлуудыг батлагдсан зураг төсвийн дагуу, хугацаанд нь хийж гүйцэтгэнэ гээд 1.4.1-т хүчилтөрөгчийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, түүний туршилт тохируулга, салбар шугамын угсралт", 1.4.2-д Хүүхдийн эмнэлгийн барилга доторх эмнэлгийн хийн системийн тоноглол, төхөөрөмжүүдийг нийлүүлэх угсрах" гэж гүйцэтгэх ажлыг гэрээнд нэрлэн заасан байх тул хариуцагчийн эмнэлгийн хийн хангамжийн барилга, хийн хангамжийн барилгаас эмнэлэг хүртэлх гадна хийн хоолойн ажил, барилгын гадна цахилгааны ажлын гол түүхий эд болох кабелыг гаргаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

7.2 Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заажээ.

Талууд гэрээний 2.1-т Гэрээний нийт үнийн дүн: Гэрээт ажлын нийт хөлсийг 346,149,573 төгрөг байхаар хоёр тал харилцан тохиролцсон болно, 2.1-т Гэрээнд заасан ажлын гэрээний үнийн дүнгийн 30 хувийг тендерт шалгаран гэрээ байгуулсан тохиолдолд туслан гүйцэтгэгчид 30 хоногт багтаан олгоно. Мөн үнийн 20 хувийг эхний санхүүжилт хийсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шилжүүлнэ, үлдэгдэл санхүүжилтийг барилгын улсын комисс хүлээн авсаны дараа олгоно... гэж тус тус тохиролцжээ.

Гэрээний үнэ 346,149,573 төгрөг болон үүнээс хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 220,000,000 төгрөгийг гэрээний ажлын хөлсөнд шилжүүлсэнд маргаагүй.

Хариуцагч ЦТ ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх" гэж зааснаас гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг бүрэн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Талууд гэрээний 2.1 дэх хэсэгт ... үлдэгдэл санхүүжилтийг барилгын улсын комисс хүлээн авсны дараа олгоно гэж тохиролцсон, уг барилгын ажлыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын комисс ашиглалтад хүлээн авсан болох нь тайлбар, албан бичгээр нотлогдсон байх тул мөн хугацаанаас хойш гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс төлөх үүргээ хариуцагчийг биелүүлээгүй гэх үндэслэлтэй.

7.3 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.5 дахь хэсэгт Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

Гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй тул хариуцагчаас гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.

Иймд ЦТ ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 19/03/26 дугаар Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 126,149,573 төгрөг, алданги 63,074,786 төгрөг, нийт 189,224,359 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-нд олгож шийдвэрлэв.

8. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

8.1 Хариуцагч ЦТ ХХК нь нэхэмжлэгч М ХХК-нд холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19/03/26 дугаартай Туслан гүйцэтгэгчийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ажлын хөлсөнд шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасан.

 

8.2 Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан тул үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл, гэрээг хожим нөхөн байгуулсан хэлцэл үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт тус тус заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж мэтгэлцсэн.

 

8.3 Талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Туслан гүйцэтгэгчийн гэрээ нь хэрэгт хоёр өөрөөр авагджээ. /хх-ийн 7-9,76-77-р тал/

 

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрээнд М ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал хэсэгт Ч.Б гарын үсэг зурсан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ Ч.Б гарын үсэг зурсан тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж маргасан.

 

Гэвч М ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19/24 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичигт ...үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Быг М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж байна...ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах...зэрэг бүрэн эрхтэй талаар дурдаж, гүйцэтгэх захирал Э.Уянга нь итгэмжлэл олгосон болох нь итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм./хх-ийн 5-6/

 

8.4 Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ М ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Атэй байгуулсан гэх Туслан гүйцэтгэгчийн гэрээ-г нотлох баримтаар гарган өгч, маргасан. Уг гэрээг нэхэмжлэгч тал байгуулаагүй тул нэхэмжлэгч компанийн тамгыг зөвшөөрөлгүй ашиглаж, хуурамч баримт бүрдүүлсэн талаарх асуудлаар зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлэх талаар тайлбарлаж байна.

Нөгөө талаар хэрэгт авагдсан нэхэмжлэгч М ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тайлбар зэргээр тус компанийн гүйцэтгэх удирдлагаар М.А гэх этгээд ажиллаж байгаагүй болох нь нотлогдсон.

Шүүх хуралдаанд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож буй, хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн гэрээг нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн гэрээнд үндэслэсэн талаар тайлбарлаж байх тул шүүх зохигчийн маргааны үндэслэлээ болгож буй гэрээний хувьд зохигч нэгдмэл байр суурьтай гэж үзсэн.

8.5 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 56.1.9 дэх хэсэгт хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэх хуульд заасан үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, хариуцагч тал өөрийн шаардлага, татгалзлын нотлох үүргээ биелүүлээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

10. Иймд хариуцагч ЦТ ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ний үүргийн үндсэн үүрэгт 126,149,573 төгрөг, алданги 63,074,786 төгрөг нийт 189,224,359 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, хариуцагч ЦТ ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Туслан гүйцэтгэгчийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,104,071 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,863,697.86 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ЦТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,104,071 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 343 дугаар зйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ЦТ ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ний үүргийн үндсэн үүрэгт 126,149,573 төгрөг, алданги 63,074,786 төгрөг нийт 189,224,359 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ЦТ ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Туслан гүйцэтгэгчийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, шилжүүлсэн 220,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,104,071 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,863,697.86 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ЦТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,104,071 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА