Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/02624

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 01 181/ШШ2024/02624

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  ХХБ ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  Э.Г /РД:.../-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Баруунхуасай овогт Э.Г нь ХХБтай 1. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дугаар №2018/028101/0003 тоот Кредит карт эзэмших гэрээ, Дугаар №2018/028101/0003 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 2,000,000.00 /Хоёр сая/ төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2%, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай,

 

2. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дугаар №2020/028101/0005 тоот Кредит карт эзэмших нэмэлт гэрээ, Дугаар №2020/028101/0005 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 1,500,000.00 /Нэг сая таван зуун мянга/ төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2%, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай,

 

3. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дугаар №2018/028101/003-1 тоот Кредит карт эзэмших гэрээ байгуулан 1,500,000.00 /Нэг сая таван зуун мянга/ төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2%, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3%-ийн хүүтэйгээр 24 сар байхаар үндсэн гэрээний бусад заалтууд нь хүчин төгөлдөр үйлчилэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулан, зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зарцуулалтыг хийсэн болно.

 

Зээлдэгч Э.Г нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө төлж барагдуулаагүй банкийг хохироож байгаа тул Э.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаа байгаа газар нь мэдэгдэхгүй байна. Хариуцагчаар татагдвал зохих этгээд болох Э.Г нь бүртгэлтэй хаяг болох ... тоотод оршин суудаггүй болох нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багийн Засаг даргаас ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байгаа тул тус шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар татагдвал зохих этгээд болох Э.Г /РД: .../-г эрэн сурвалжлах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Гийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

Э.Гтой байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 02-ны, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, карт эзэмших хүсэлт, барьцааны гэрээ, кредит карт эзэмших нэмэлт гэрээ зэрэг баримт нь хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.

 

Э.Г нь ... тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолтоор /гэрээнүүдэд 1-р баг, 2-р баг гэж хаяг бичигдсэн, цаг хугацааны хувьд сүүлд байгуулагдсан гэрээнд 1-р баг гэсэн/нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Э.Г /РД:.../-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Г /РД:.../-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Гийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Капитрон банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э/утас:/ мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА