Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0075

 

 

 

 

     2024          01          22                                     128/ШШ2024/0075

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                                                     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд С**** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан “Х**** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны яаманд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд “энэ тендер шалгаруулалт 2023 онд багтаан явагдаж дуусаагүй тул хөрөнгө  оруулагч нь  төслийн санхүүжилтээ буцаан татаж, тендер шалгаруулалт хүчингүй болсон, 2024 онд дахин тендер шалгаруулалт явуулахаар төлөвлөсөн тул маргаан бүхий актын хууль зүйн үйлчлэл дуусгавар болсон” гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байна.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хүсэлтдээ: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэл авахдаа тайлбар авах нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь болон хэсэгчлэн татгалзах бүх эрхүүдийг авсан учир энэ удаа нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. 2023 онд зарлагдаад, шалгараад дууссан гуравдагч этгээд “С*****” ХХК, манай компани улсын төсөв эргүүлэн татагдсантай холбоотой баримт ирсэн. Баримт нь хүчин төгөлдөр нотлох баримт тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Тухайн онд ашиглаагүй төсвийг бүх ондоо авдаг. Баримтын хувьд Е мэйлээр ирсэн шүүхээс хэвлэж авсан баримт ч гэсэн шүүх рүү хуурамч материал явуулаагүй байх гэдэгт найдаж байна” гэжээ. 

          ҮНДЭСЛЭХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ” гэж, мөн зүйлийн 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

3.Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлийг шалгахгүй, түүнд үнэлэлт дүгнэлт өгөхгүй.

4.Харин шүүх хуралдаанд яригдсан буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзах үндэслэл болсон үйл баримтууд үнэ зөв мэдээлэл агуулаагүй байсан бол шүүхээс энэхүү захирамжийг буцаан хянах үндэслэл болохыг тэмдэглэж байна.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасан  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэснийг 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх гэсэн хуулийн заалтуудын агуулгыг тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​          6.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Х**** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны яаманд холбогдох, нэхэмжлэлийн “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаас “С*****” ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн */****дугаартай “*** **** ****” Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн **** дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны холбогдох тэмдэглэлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                        

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ​ ​                                 Д.ЭРДЭНЭЧИМЭГ