Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/00856

 

Г.Өлзийдүүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01236 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 930 дугаар магадлалтай,

Г.Өлзийдүүрэнгийн нэхэмжлэлтэй

Г.Цогнэмэхэд холбогдох,

Машины үнэ 75.000 ам.доллар буюу 140.349.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандахын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах, хариуцагч Г.Цогнэмэх, өмгөөлөгч Р.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Өлзийдүүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Цогнэмэх нь 2011 оны 9 дүгээр сард Капитал банкны захирал А.Ариунболдын зуучлалаар миний өмчлөлийн УНЛ 01-05 улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашиныг 75000 ам. доллартай тэнцэх төгрөгөөр худалдан авахаар тохирч авч явсан. 2012 оны 6 дугаар сард тээврийн хэрэгслийн гэрчилгээнд түүний гуйлтаар өөрчлөлт оруулж нэр дээр нь шилжүүлж өгсөн боловч өнөөдрийг болтол мөнгийг нь төлсөнгүй. Миний хувьд хариуцагчаас автомашины төлбөрийг удаа дараа нэхэж байсан бөгөөд Г.Цогнэмэх нь Бишрэлт холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, Капитал банк, “Бишрэлт холдинг” ХХК-ууд нь харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд тул төлбөрийг төлөх учиртай гэж хүлээж байтал Г.Цогнэмэх ажлаасаа гарсан гэсэн мэдээллийг авч шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас машины үнэ 75000 ам. доллар буюу 140.349.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах-худалдан авах гэрээг шүүхэд гаргаж өгсөнтэй хамааралтайгаар уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хандаж байна. Зохигчид 2011 оны 9 дүгээр сард автомашиныг 75 000 ам.доллартай тэнцэх төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохирч автомашиныг биет байдлаар худалдан авагчид шилжүүлсэн ба Г.Цогнэмэхийн гуйлтаар 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр автомашиныг худалдан авагч талын эзэмшилд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Г.Цогнэмэхийн хэлснээр 25 000 000 төгрөгийн үнийн дүнтэй, уг үнийг тухайн өдрөө төлөгдсөн хэмээн бичиж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Цогнэмэх шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь миний ажиллаж байсан “Бишрэлт холдинг” ХХК-ийн захирал А.Ариунболдын найз ба тус компанийн эзэмшлийн “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 2011 оны 9 дүгээр сард би түүнээс уг автомашиныг худалдан авахаар тохироогүй, тухайн үед Г.Өлзийдүүрэнтэй автомашин худалдах-худалдан авах харилцаанд оролцоогүй. Г.Өлзийдүүрэн нь нэхэмжлэлдээ хариуцагчаас автомашины төлбөрийг удаа дараа нэхэж байсан гэдэг нь ч бас ор үндэслэлгүй худлаа юм. Би энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь ямарваа нэгэн нотлох баримтгүйгээр, гүтгэлгийн шинжтэй энэхүү нэхэмжлэлийг гаргасан байгаа нь хэн нэгний шахалтаар хийсэн эсхүл хариуцагчаа буруу тодорхойлсон байх боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01236 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Өлзийдүүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Цогнэмэхт холбогдох, автомашины үнэ 140,349,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Г.Өлзийдүүрэн, Г.Цогнэмэх нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан автомашин худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 12 дугаар сарын 2 3-ны өдөр төлсөн 859,800 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цогнэмэхээс улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Өлзийдүүрэнд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 930 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01236 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Цогнэмэхээс автомашины үнэ 75.000 ам.доллар буюу 140.349.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Өлзийдүүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж найруулан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 775.485 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 930 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, маргаан бүхий үйл байдлын талаар шүүхүүд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд “Капитал банк” ХХК-ийн захирал А.Ариунболд гэрчийн мэдүүлэг /хх-79/ өгөхдөө тухайн автомашиныг өөрөө зуучилж Г.Өлзийдүүрэнгээс Г.Цогнэмэх худалдан авсан талаар тодорхой мэдүүлсэн, тухайн цаг хугацаанд дараа төлөх нөхцөлтэйгөөр тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдсан талаар тодорхой мэдүүлсныг хариуцагч үйл баримтаар няцаагаагүй атал дээд шатны шүүх уг нотлох баримтыг үнэлэгдэх боломжгүй болсон талаар магадлалд тусгасан нь эргэлзээтэй болжээ.

Түүнчлэн хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй автомашиныг тухайн үед хариуцагчид биет байдлаар хүлээлгэн өгч, тээврийн хэрэгсэлийн бүртгэлийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн 25 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлсэн, зохигчид дээрх үйл байдлын талаар маргаагүй атал анхан шатны шүүх уг хуулийн заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүй шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй болсон гэж давж заалдах гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүх эсрэгээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг үндэслэн гаргасан байтал Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу үр дагаварыг арилгуулахаар нэхэмжлэгчийг шаардаагүй учраас нэмэгдүүлсэн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэгдэх боломжгүй, шийдвэрлэгдсэн нь зөрчилдөөнтэй буруу гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг найруулан өөрчилсөн гэх боловч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, зөвхөн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Талуудын хооронд маргаан бүхий үйл байдал нь тухайн автомашины үнийн хувьд маргадаг ба гэрч тухайн үеийн зах зээлийн үнэ болох 75000 ам.долларын хэмжээнд үнийг тохирсон гэж мэдүүлдэг, хариуцагч автомашины үнийн хувьд тухайн үеийн зах зээлийн үнэ 66000-68000 ам.долларын хэмжээнд гэж маргаж байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч тап нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн хэлж буй үнэ болох 66000 ам.доллараар тооцож 9000 ам.доллар буюу 16.842.000 төгрөгөөр бууруулж 123.507.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа тодорхойлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 930 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/01236 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Өлзийдүүрэн нь хариуцагч Г.Цогнэмэхт холбогдуулан машины үнэ 140.349.000 төгрөг гаргуулах, 2012 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн худалдах-худалдан  авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч нь Тоёота Ланд круйзер-200 маркийн, 01-05 УНЛ дугаартай автомашиныг эзэмшиж байгаагаа  үгүйсгээгүй, харин  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Бишрэлт холдинг” ХХК-д ажиллаж байхад тус компанийн захирал Ариунболд уг машиныг авч өгсөн гэж тайлбарлан маргажээ /хавтаст хэргийн 143 дугаар тал/.

Маргааны зүйл болж буй автомашин ямар үндэслэлээр хариуцагч Г.Цогнэмэхийн эзэмшилд шилжсэн, хэдэн төгрөгийн үнэтэй болох, төлбөрийг хэн хариуцах ёстой, А.Ариунболд уг машиныг авч өгсөн эсэх зэрэг нь тодорхой бус байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүй, талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн эсэх нь тогтоогдоогүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Г.Цогнэмэх нь А.Ариунболдын зуучлалаар машиныг худалдан авсан...” талаар дурдсан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “...2014.12.10-ний өдрийн 25193 дугаар шүүгчийн захирамжтай иргэний хэргээс А.Ариунболдыг гэрчээр асуусан мэдүүлгийг авахуулах тухай хүсэлт гаргажээ /хавтаст хэргийн 28 дугаар тал/.

Хэргийн 74-75 дугаар талд А.Ариунболдыг гэрчээр асуусан мэдүүлэг авагдсан байх ба шүүх гэрчид эрх үүрэг тайлбарлан өгөөгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нийцээгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. 

Анхан шатны шүүх талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн нь тогтоогдоогүй гэж үзсэн атлаа “...2012 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн гэрээнд дурдсан 25.000.000 төгрөг төлөгдөөгүй байхад төлсөн мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан” гэж үзэж уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүйгээс гадна “...гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага нь нэхэмжлэл биш гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцээгүй байна.

Худалдсан машины үнийг шаардах, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь агуулгын хувьд 2 өөр ойлголт болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судалж, хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй бөгөөд хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01236 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 930 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр төлсөн 775.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ