Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 12

 

 

 

2016 оны 08 сарын 12-ны өдөр             Дугаар 12                                       Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

         Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн иргэн Д.Болдбаатарын нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

 

          Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчдийн түр үнэмлэх олгох тухай” 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах, Д.Болдбаатарыг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгохыг Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Болдбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Болдбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын намаас Дарьганга суманд буюу 3-р тойрогт нэр дэвшин өрсөлдсөн. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр явагдсан санал хураалтад нийт 1710 сонгогч санал өгснөөс 835 сонгогч буюу 48,8 хувийн санал авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон. 

Гэтэл аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Нэр дэвшигчийн түр үнэмлэх олгох тухай 15-р тогтоолын 1 дэх заалтаар нэр бүхий 32 төлөөлөгчид түр үнэмлэх олгож, 2 дахь заалтаар Д.Болдбаатар миний биед нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг шүүхийн шийдвэр эцэслэн гартал хойшлуулахаар шийдвэрлэж, надад орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоогүй болно. 

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-т аймаг, нийслэл сум дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчдэд орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно гэж заасан.

Гэтэл аймгийн Сонгуулийн хорооны 15-р тогтоол нь нэрнээсээ эхлээд алдаатайгаас гадна, түр үнэмлэх олгохыг хойшлуулах тухай хуулиар зохицуулаагүй байхад, хуулиар олгогдоогүй эрх хэмжээ эдлэн түр үнэмлэх олгохыг хойшлуулсан шийдвэр гаргасан нь хурлын төлөөлөгчөөр сонгогдсон миний эрх ашгийг зөрчөөд зогсохгүй надад итгэлээ өгч сонгосон Дарьганга сумын иргэд сонгогчдын эрх ашгийг зөрчиж байна.

Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1 дэх заалтаар 32 төлөөлөгчид түр үнэмлэх олгосон нь миний эрх ашгийг зөрчөөгүй тул тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзаж, 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулж, надад төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг Сонгуулийн хороонд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэв. 

Хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 тоот магадлалаар Д.Болдбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т заасан зөрчил гаргасан гэж эцсийн шийдвэр гаргаснаар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15-р тогтоолын 2 дахь заалтын үйлчлэл нь дуусгавар болсон тул уг заалтыг аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгож 25 дугаартай тогтоолыг гаргасан.  

Ингэснээр Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч Д.Болдбаатарын аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 

Харин төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Болдбаатарыг  нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан 19 дүгээр,  дахин сонгууль зарласан 20 дугаар тогтоолууд мөн Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаартай магадлал гарсан тул Д.Болдбаатарт түр үнэмлэх олгох хууль зүйн үндэслэлгүй гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-т заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн  хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно.” 161.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ” гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүй.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаартай шийдвэр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гарсан байтал Сонгуулийн хороо нь ирц хүрээгүй гэх дотоод асуудлаараа шалтаглан Д.Болдбаатарт төлөөлөгчийн түр үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй юм.  

Мөн Сонгуулийн хороонд нэр дэвшигчид түр үнэмлэх олгохыг хойшлуулах, түдгэлзүүлэх эрх хэмжээ байхгүй.  

Иймд нэхэмжлэгч Д.Болдбаатарыг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгохыг Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Болдбаатар нь аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчдийн түр үнэмлэх олгох тухай” 15 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчдийн түр үнэмлэх олгох тухай” 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах, Д.Болдбаатарыг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгохыг Сонгуулийн хороонд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ихэсгэсэн болно.

 

Аймгийн Сонгуулийн хороо нь “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчдийн түр үнэмлэх олгох тухай” 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Заалт хүчингүй болгох тухай” 25 дугаар тогтоолыг шүүхэд ирүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр “Д.Болдбаатарыг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгохыг Сонгуулийн хороонд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

 

Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3 дахь заалтыг үндэслэн нэр бүхий 32 нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгож, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр шийтгэврийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 3 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Болдбаатарт нэр дэвшигчийн түр үнэмлэх олгохыг шүүхийн шийдвэр эцэслэн гартал хойшлуулж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч Д.Болдбаатар нь 2016 оны орон нутгийн хурлын сонгуульд 3 дугаар тойрогт /Дарьганга сум/ нэр дэвшиж 1710 сонгогч санал өгснөөс хамгийн олон буюу 835 санал авсан болох нь;

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 44 дугаартай шийтгэврээр зөрчил гаргагч Д.Болдбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэж шийтгэл ногдуулсан болох нь;

 

Аймгийн Сонгуулийн хороо нь Сүхбаатар аймгийн Ардчилсан намаас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 42 дугаартай албан бичгийг хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж 

1. Сонгуулийн дүнг баталгаажуулах, 

2. Шүүхийн шийтгэвэр гэсэн 2 асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл /хх-ийн 45-рт/, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр шийтгэвэр /хх-ийн 52-54-рт/, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаар албан бичиг /хх-ийн 51-рт/, Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-ийн 47-50-рт/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “...шүүгчийн гаргасан шийтгэврийг дээд шатны шүүхэд хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор давж заалдаж болно.” гэж заасны дагуу Д.Болдбаатарт захиргааны шийтгэл ногдуулсан Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр шийтгэвэр нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад буюу 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Сонгуулийн хороо нь 15 дугаар тогтоолын 1 дэх заалтаар сонгогдсон нэр бүхий 33 нэр дэвшигчийн 32-т нь төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгож нэр дэвшигч Д.Болдбаатарт төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг хойшлуулж шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно.”, 32 дугаар зүйлийн 32.1.11-д заасан “шинээр сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулан аймаг, нийслэлийн хуралд өргөн мэдүүлэх” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.

 

Өөрөөр хэлбэл тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцож, орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төслийг аймгийн хуралд өргөн мэдүүлэхийг аймгийн Сонгуулийн хороонд хуулиар үүрэг болгосон байтал энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. 

 

Сонгуулийн тухай хуулийн 159, 160  дугаар зүйлүүдэд нэр дэвшигч бүртгүүлсний дараа, сонгуулийн дүн гарсны дараа, орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл тогтоогдвол хэрхэн шийдвэрлэх, түүнээс үүсэх эрх зүйн үр дагаварын талаар тус тусад нь зохицуулж өгсөн бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно гэж тодорхойлжээ.

 

Сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нь Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгох эрхийг хуулийн дээрх зохицуулалтаар аймгийн Сонгуулийн хороонд олгосоор байтал хариуцагч талаас  “...тухайн үед Д.Болдбаатарт түр үнэмлэх олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр Сонгуулийн хороо хуралдах гэсэн боловч ирц бүрдээгүй учраас хуралдаж шийдвэр гаргаж чадаагүй, харин одоо нэгэнт Сонгуулийн хорооноос “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19 дүгээр, “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолууд, мөн Сүхбаатар аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 10 дугаартай магадлал гарсан тул Д.Болдбаатарт төлөөлөгчийн түр үнэмлэх олгох нь нэгэнт ач холбогдлоо алдсан, түр үнэмлэх олгох хууль зүйн үндэслэлгүй...” гэж тайлбарлан, хуулийг буруу хэрэглэж нэр дэвшигч Д.Болдбаатарыг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, төлөөлөгчийн түр үнэмлэх олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм. 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн орон нутгийн хуралд сонгогдсонд тооцогдох, төлөөлөгчийн түр үнэмлэхээ авах  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэр дэвшигч Д.Болдбаатарыг орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолд “Төлөөлөгчдийн түр үнэмлэх олгох тухай” гэхийг “Нэр дэвшигчдийн түр үнэмлэх олгох тухай” гэж хайхрамжгүйгээс ташаа бичсэн гэж тайлбарлан үүнд нэхэмжлэгч талаас маргаагүй тул шүүхээс төлөөлөгчийн түр үнэмлэх олгох эсэх асуудалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Нэр дэвшигчдийн түр үнэмлэх олгох тухай” 15 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.11, 161 дүгээр зүйлийн 161.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Болдбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэр дэвшигч Д.Болдбаатарыг орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Сонгуулийн хорооноос 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД