Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 0520

 

                                                       Ч.Д-ы нэхэмжлэлтэй

                                                    захиргааны хэргийн тухай

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагчийн өмгөөлөгч Л.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Д-ы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр: “Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.4.14, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 7 дугаар зүйлийн 7.1.11, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ч.Д-ы Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Ч.Д-ыг урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнд гомдолтой байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-д "аймаг, нийслэл, сум дуүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухай шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн шууд захирагч байна”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1-д "Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна" гэж тус тус заажээ. Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А\03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дотоод журмыг баталсан бөгөөд журмын 5 дугаар зүйлийн 5.12-т “Батлагдсан төсвийг захиран зарцуулж төсвийн гүйцэтгэл зардлын тайланг улирал тутам гаргаж тайлагнаж байх" гэж зохицуулжээ. Дээрх хуулийн заалт болон журмын зохицуулалтыг тодруулбал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга буюу Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь тухайн жилийн баталсан төсвийн хүрээнд, зохих журмын дагуу хөрөнгө мөнгийг захиран зарцуулж, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд байх бөгөөд санхүүгийн гүйлгээ хийх тухай бүрт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1-д "Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна" гэж заасны дагуу Хурлын нарийн бичгийн дарга төсвөөс 45 000 000 төгрөгийг Хурлын ажлын албаны ажилтаны нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр урамшуулалын хэлбэрээр захиран зарцуулахдаа Хурлын Тэргүүлэгчдийн зөвшөөрөл, зөвшилцөлийн үндсэн дээр захиран зарцуулах ёстой. Гэтэл Ч.Д нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн, хууль тогтоомжийг зөрчиж, төсвийг дураараа захиран зарцуулсан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Түүнчлэн “2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/78, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/151, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/04, Б/05, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/38, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/49 дүгээр тушаалуудаар Хурлын ажлын албаны албан хаагч, ажилчдын нийгмийн асуудал шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, шагнах шийдвэрийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга нь батлагдсан төсвийн хүрээнд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс зөвшөөрөл авалгүйгээр бие даан гаргаж байсан байна" гэж дүгнэсэн хэт нэг талыг баримтлаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, мэтгэлцэх боломжоор хангах үүргээ шүүх биелүүлээгүй байна. 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулиар шинээр иргэдийн Төлөөлөгчид сонгогдон, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөж хурлын бүтэц, төсвөө баталсан. Ийнхүү шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хурлын Тэргүүлэгчдийн зөвшөөрлийг авалгүйгээр өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн Б/88 дугаар тушаал гаргасан нь хууль бус байна. Түүнчлэн шийдвэрийн үндэслэлд дурдсан тушаалууд болон өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх эрхээ хэрэгжүүлж байхад мөн зөвшөөрлийн үндсэн дээр Хурлын ажлын албаны дарга хурлын төсвийг захиран зарцуулдаг байсан болно. Ийнхүү Хурлын ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Д нь хуулиар олгогдсон албан тушаалын эрх хэмжээг хэтрүүлсэн байх тул Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хянахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д зааснаар “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлэх бөгөөд 45 000 000 төгрөгийг батлагдсан төсвийн хүрээнд Хурлын ажлын албаны дарга захиран зарцуулах эрхтэй тул нэхэмжлэгч Ч.Д нь төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчөөгүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй хэмээн дүгнэн маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тус Хурлын ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Д-ыг хуулиар олгогдсон албан тушаалын эрх хэмжээгээ хэтрүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэргүйгээр хурлын төсвөөс 45 000 000 төгрөгийг ажилчдад нэг удаагийн тэтгэмж, урамшуулал хэлбэрээр дур мэдэн зарцуулсан гэж үзэн төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр ажлаас нь халах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.

Нэхэмжлэгч Ч.Д нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/88 дугаар тушаалаар албан хаагчдаас авсан судалгааны дүн, ажилласан жилийг харгалзан ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, 10 ажилтанд тус бүр 2 000 000 - 7 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг олгохдоо нэг удаагийн тэтгэмж, шагнал, урамшууллын зардлаас гаргахаар шийдвэрлэсэн байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн шууд захирагч байна”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна” гэж тус тус зааснаар Ч.Д өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан нь хууль тогтоомж зөрчөөгүй хэмээн анхан шатны шүүх дүгнэхдээ хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулсан эсэх буюу ажилтан албан хаагчдад олгосон тэтгэмж, урамшууллын хэмжээ нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/03 дугаар тогтоолоор батлагдсан “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дотоод журам” болон Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам”-д тус тус заасны дагуу зөвшөөрөгдсөн хэмжээнд багтаан олгосон эсэхэд дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн нь буруу байна.

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Төрийн албан хаагчийг ... шагналаар шагнах болон ... мөнгөн урамшил олгох журмыг ... Засгийн газар ... тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам”-ын 3-д Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн хэмжээ нь төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгийн, төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоожээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон дээр дурдсан “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дотоод журам”-аар Цалин хөлс, урамшуулал, тусламж, тэтгэмж, нөхөн төлбөр олгох тохиолдол бүрийг зохицуулсан байх бөгөөд 13 дугаар зүйлийн 13.4-д “Ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэн түүнд урамшуулал /мөнгөн шагнал/ олгох асуудлыг шийдвэрлэхдээ ... бусад хууль тогтоомжийг баримтлана. Нэг удаагийн мөнгөн шагналын хэмжээ болон шагналаар олгох эд зүйл, үнэ бүхий зүйлийн үнийн дүн нь ажилтны албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс хэтэрч болохгүй”, 13.5-д “Төрийн жинхэнэ албанд 15-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан ... ажилтанд баяр ёслол ... тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан жилд нэг удаа 150 000 /нэг зуун тавин мянга/ хүртэл төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж болно.” гэж тус тус заасныг Ч.Д зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 13.1.4-д заасан хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн гэж хариуцагч үзэн түүнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн “нарийн бичгийн даргаар ажиллаж байхад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоогоогүй, эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн шинжилгээ хийлгэх үед тогтоол гарсан” гэх маргааны хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар дүүргийн Хурлын дарга Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бүрэн эрх хэмжээний хүрээнд санал оруулсныг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэсэн болох нь тухайн өдрийн Хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Харин нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай, байгууллагын дотоод журамд заасны дагуу чөлөөтэй байсан тухайгаа баримтаар нотлоогүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ч.Д хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн, зөвшөөрөл авалгүй тушаал гаргасан” гэх давж

заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ч.Д-ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Д-ы гаргасан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

                    ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

                    ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА