Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 144

 

Ж.С-ийн нэхэмжлэлтэй,

СБД-ийн ЗД-д холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Г.Банзрагч

                                                   Д.Мөнхтуяа

                                                   Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:            Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.С-т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богины аманд хуулийн адгуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Жанчивдоржийн гараж байрлаж байгаа газрыг давхардуулахгүйгээр газар эзэмшүүлэхийг СБД-ийн ЗДдаалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0778 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0039 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид,

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэчимэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сувд, өмгөөлөгч Х.Цогтсайхан,

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Л.Дашдуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жанчивдорж, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Л.Дашдуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жанчивдорж, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25ы өдрийн 128/ШШ2017/0778 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.С-т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богины аманд хуулийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Жанчивдоржийн гараж байрлаж байгаа газрыг давхардуулахгүйгээр газар эзэмшүүлэхийг СБД-ийн ЗДдаалгах тухай” шаардлагыг зарим хэсэг болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нарт холбогдох хэсгийг гуравдагч этгээд Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нарын эзэмшиж байгаа газрын давхцалтай хэсгийг буюу Ж.С-ийн хүсэлт гаргаж буй газрын 638,4 м.кв кадастрын зургаас 463,79 м.кв газарт холбогдох хэсгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас орц, гарц гаргаж, ариун цэврийн буюу нийтийн бие засах байгууламж, гаражийг ашиглах эрхийг хөндөхгүйгээр уг газраас дээрх байдлуудыг тогтоон хасах замаар хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл хэсэгчлэн 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх хэсэг болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн давхцаагүй хэсгийг хүчингүй болгуулах, Ж.С-т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богины аманд хуулийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.1, 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан шинжээчийн зардал нийт 865574 төгрөгийн 50 хувь буюу 432787 төгрөгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас, нэхэмжлэгчээс үлдэх төлбөр 123287 төгрөгийг тус тус гаргуулж “Геомэл” ХХК-д /голомт банк 1405006459/ олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай” А/428 дугаар захирамжийн Ж.Жанчивдоржид холбогдох хэсгээс 226,1 м.кв, Л.Дашдуламд холбогдох хэсгээс 133,7 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэр хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0039 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0778 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “зйүлийн” гэснийг “зүйлийн” гэж, “...”Ж.С-т Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богины аманд хуулийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай”...” гэснийг хасч өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Л.Дашдуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жанчивдорж, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Л.Дашдуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жанчивдорж, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 778 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 39 дүгээр магадлалын зарим хэсгийг тус тус эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн талаар: Шүүхийн шийдвэр, магадлалаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий акт болох 2015 оны А/428 захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг үндэслэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэвч шүүхийн шийдвэр болон үндэслэх хэсэгт дээрх гурван шаардлага тус бүр дээр дүгнэлт өгсөн гэх атлаа хоёр шаардлагын үндэслэл бичиж, шийдвэрийнхээ ТОГТООХ хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/428 дугаар захирамжийн давхцаагүй хэсгийг хүчингүй болгуулах” гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байгаа нь нэхэмжлэгчийн ямар шаардлагыг бичээд байгаа нь ойлгомжгүй.

5. Мөн Ж.С-ийн өөрийнх нь зохиож хувийн компаниар хийлгүүлсэн 638,4 м.кв газрын кадастрын зургаас 463,79 м.кв газарт холбогдох хэсгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас орц, гарц гаргаж, ариун цэврийн буюу нийтийн бие засах байгууламж, гаражийг ашиглах эрхийг хөндөхгүйгээр уг газраас дээрх байдлуудыг тогтоон хасах замаар хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл хэсэгчлэн 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй юм.

6. Нэхэмжлэгчийн өөрийнх нь “бусдын газартай давхардуулсан байдлаар, орц, гарцыг хааж нийтийн эзэмшлийн талбайд байрлах 00, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн давхардуулан” хийлгүүлсэн зургийг баримтлан шийдвэр гаргаад байгаа нь хуульд нийцсэн байх нөхцөл шаардлагыг хангасангүй. Шүүх хэрэг маргааныг хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийг оролцогчдын тайлбар зэргийг бүрэн үндэслэж шийдвэрийг гаргалгүй хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчид боломж олгож, улмаар шаардлага гаргаагүй байхад гаргасан болгож, ямар ч ойлгомжгүй зүйл бичиж Тогтоох хэсэгтээ оруулж хэрэг маргааны шийдвэрлэсэн байгаа нь хэргийг бүрэн гүйцэд судалж үзээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үндэслэж шийдвэр, магадлал гаргасангүй.

7. Шүүх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нарт холбогдох хэсгийг түдгэлзүүлэхдээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга дахин шинэ акт гаргахгүй бол Ж.Жанчивдоржийн 661 м.кв газраас 226,1 м.кв газрыг, Л.Дашдуламын эзэмшлийн 504 м.кв газраас 133,7 м.кв газрын эзэмших эрх хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэсэн. Бодит байдал дээр маргаан бүхий газрыг ийнхүү хэсэгчлэн хуваан Ж.С-т өгөх боломжгүй байхад дээрх шийдвэрийг гаргасан нь хуульд нийцсэнгүй.

8. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “..."газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ” гэж заасны дагуу Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нар нь маргаан бүхий газарт өөрийн эзэмшлийн газрыг 1997 оноос өнөөдрийг хүртэл 20 жилийн хугацаанд эзэмшиж, ашигласаар өнөөдрийг хүрсэн. Энэ нь нийслэлийн Засаг даргын 1997 оны А/176 дугаар захирамжаар нотлогддог. Энэ талаар шүүх шийдвэртээ Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нь 1997 оноос өнөөдрийг хүртэл газраа эзэмшиж ашигласаар ирсэн талаар дүгнэсэн байдаг. Хэдийгээр анх газар эзэмших хүсэлтэй гаргасан 5 иргэний дотор Л.Дашдуламын нэр байдаггүй ч энэ хүн Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд 0,07 га газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж 504 м.кв газрыг 1997 оноос хойш эзэмшиж, сүүлд газрын гэрчилгээ, гэрээг байгуулж, газраа баталгаажуулсан.

9. Гэтэл нэхэмжлэгч нь 2007 оноос хойш Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нарын газрын урд талаар давхцуулан кадастрын зураг хийлгүүлэн хууль бус баримт бичиг бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргаар 2007 онд 255 дугаар захирамж гаргуулан авсан байдаг. Үүнийг Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 215 дугаар тогтоолоор “Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь 2007 оны 255 дугаар захирамжаар 700 м.кв газрыг бусдын газартай давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн болох”-ыг тогтоосон. Мөн Ж.Жанчивдорж нарын үл хөдлөх эд хөрөнгө болох гараж байгаа газарт, Ж.С-т газар давхардуулан олгосон талаар шүүх нэгэнт дүгнэсэн байхад шүүхээс газрын асуудал дээр дахин маргаан үүсгэж, шүүхээс Ж.С-т газар олгохыг СБД-ийн ЗДдаалгаад байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

10. Мөн Улсын Дээд шүүхийн 2014 оны 215 дугаар тогтоолд дурдсанаар Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нарын эзэмшлийн газарт давхардуулан Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2007 оны 255 дугаар захирамж хууль бус, үл хөдлөх хөрөнгө буюу сууриараа 21 м.кв талбай бүхий 1997 онд барьсан гаражийн газрыг бусдад эзэмшүүлэх боломжгүй гэдэг дүгнэлт өгсөн. Гэтэл өнөөдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 778 дугаар шийдвэрээр Ж.Жанчивдорж эзэмшил газраас 226,1 м.кв, гараж байрлаж байгаа Л.Дашдуламын эзэмшлийн газраас гаражийг сууриар нь оролцуулан 133,7 м.кв талбайг Ж.С-т Сүхбаатар дүүргийн Засаг дарга шийдвэр гаргахгүй бол өгнө гээд байгаа нь үндэслэлгүй байна.

11. Давж заалдах шатны шүүх “...анх газар эзэмшсэн 5 иргэдийн нэрс дунд Ж.С-, Л.Дашдулам нар байгаагүй бөгөөд хэн хэнд нь бусад иргэдийн газартай давхцуулалгүйгээр газар эзэмших эрх нь нээлттэй ба Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 255 дугаар захирамжаар Ж.С- анх газар эзэмших эрхийг хүсэлт гаргаж олж авсан. Тиймээс Ж.С- газар эзэмших давуу эрхтэй” гэжээ. Харин Л.Дашдуламд 2015 онд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцээгүй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтээс харахад Улсын Дээд шүүхээс 2007 оны 255 дугаар захирамжийг хууль бус тул хүчингүй болгож шийдвэрлэснийг нэг талаасаа зөвтгөсөн дүгнэлтийг өгчээ. Монгол улсын Үндсэн хуулийн 50 зүйлийн 50.2-т “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” заасан байна. Тэгвэл 700 м.кв газрыг 2007 оны 255 дугаар захирамжаар газар давхардуулан олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэр нь хуульд нийцээгүй гэдгийг тогтоож шүүх нэгэнт шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл эцсийн шийдвэрийг шүүх гаргачхаад байхад дахин шүүх шийдвэр гаргаад байгаа нь өөрөө шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

12. Бодит байдал дээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын богины аманд орц, гарцаар тусгаарлагдсан, хүрээлсэн хашаа бүхий 7 айлын газар байгаа бөгөөд тэрхүү айлуудын орц, гарцыг хааж, дээрээс нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын газартай давхцалгүй байна гэсэн заалтыг зөрчиж газар олго гээд байгаа нь хуульд болон бодит байдалд огт нийцэхгүй байна. Бодит нөхцөл байдал дээр хэмжилт хийсэн шинжээчийн дүгнэлт, газрын үзлэг зэргээр Ж.С-ийн кадастрын зураг хууль бусаар хийлгэж, эзэмшихийг хүсээд байгаа газрын урд хэсгээр бүхэлдээ орц, гарц, нийтийн бие засах газар байрлаж байгааг, хойд хэсэгт нь Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нарын эзэмшил газар байрлаж байгааг тодорхойлж, нотолж гаргаж ирсэн байдаг. Гэтэл бусдын эзэмшил газарт шууд халдаж 226,1, 133,7 м.кв газрыг авч, энэ газар дээр огт амьдраагүй, амьдрах нь битгий хэл нэг ч шон, хашаа хатгаагүй хүнд эзэмшүүлэх нь зүйтэй гэж дүгнээд байгаа үндэслэлгүй байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...” эрхийг ноцтой зөрчсөн. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-т заасан “...бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх...” гэсэн хуулийн зөрчиж байна.

13. Хэдийгээр шүүхийн шийдвэр дээрх байдлаар уншигдахгүй ч гэсэн бодит нөхцөл байдал дээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга дахин шинэ акт гаргах хуулийн нөхцөл боломж байхгүй. Хэрвээ дахин шинэ акт гаргахгүй бол хууль бусаар газар эзэмших эрх нэхэмжлэгчид үүсэхээр байна. Мөн ямар хуулийн заалтыг баримталж нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг олгох гээд байгаа нь ойлгомжгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ж.С- газар хууль ёсны дагуу эзэмшиж байсан гэж тайлбарлаж бичсэн байдаг. Гэтэл хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаагүй гэдгийг 3 шатны шүүх өмнө нь дүгнэсэн. 1997 онд Л.Угтаабаяр нарын иргэдийн хүсэлтээр олгогдсон 3000 м.кв газар нь өмнө ч байсан одоо ч байгаа. Тухайн газрын бодит нөхцөл байдлыг харуулсан шинжээчийн дүгнэлт үзлэг, түүний тэмдэглэл, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн фото зураг, нотлох баримтууд хэрэгт авагдсан.

14. Түүнчлэн Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хэмжээнээс хэтэрч, газар эзэмшсэн, нэг гэр бүлийн хүмүүс нэг нэг газар эзэмшсэн гэдэг дүгнэлтийг өгсөн. Энэ нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл иргэн хүний газар эзэмших хуулиар олгосон эрхийг хаасан. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлдэг байгууллага нь боломжтой гэж үзэн олон жил газар эзэмшиж байгаа гуравдагч этгээд нарт 500, 600 орчим метр газар олгосныг буруутган дүгнэх нь зүйд нийцэхгүй байна.

15. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд буюу “...заавал 700 м.кв гэхгүйгээр Ж.Жанчивдоржийн гараж байрлаж байгаа газрыг хасаад үлдсэн газар дээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгаж өгөх’’-ийг хүссэн ба энэ шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгоогүй болно гэж дүгнэн шийдвэр гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр дээр дурдсан зүйл байгаагүй болохыг анхан шатны шүүхийн шийдвэрийн нэгдүгээр нүүрнээс, тогтоох хэсгээс хангалттай тодорхой харж болохын зэрэгцээ, нэхэмжлэгч ийм шаардлагыг бичгээр ч болон шүүх хуралдаан дээр гаргаагүй болно.

16. Өөрөөр хэлбэл 2015 оны А/428 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаас бусад 2 шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон. Заавал 700 м.кв газар гэхгүйгээр газар эзэмшүүлэх хүссэн шаардлага гаргаагүй байхад гаргасан мэтээр дүгнэж бичээд байгаа нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зарчимд үндэслэж хэрэг маргааныг шийдвэрлээгүй байна. Дахин шинээр акт гарга, гаргахгүй бол, Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нарын газраас таслан авах тухай үндэслэлээ давхцалтай хэсэгт ямар нэгэн эд хөрөнгө байхгүй гэхдээ зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа айл өрхүүдийн орц, гарцын асуудал, нийтийн бие засах байгууламжийн асуудлыг судлан үзэж дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

17. Бодит нөхцөл байдал хэрэгжих боломжгүй ганцхан машин орж гараад, хажууд нь 00-той хэсэгт газар олгуулах гээд байгаа нь ямар ч үндэслэлгүй хүний эрхийг, хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр байна.

18. Шүүхийн үе үеийн үйл ажиллагааны үр дүнд гарсан шийдвэрүүдээр хүний эрхийг дээдэлсэн, хууль бусаар газар эзэмших эрхийг олж авах гээд байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар газар эзэмшсэн, эзэмших гээд байгаа бол хэрэгсэхгүй болгож, орц, гарцыг нь хаасан бол нээлгэж, чөлөөлж шийдвэрлэсээр ирсэн байхад 778 дугаар шийдвэр, 39 дүгээр магадлал эсрэгээр нь шийдвэрлэж, цаг хугацааг умартаж, хууль ёсны байх хуулийн шаардлагыг үгүйсгээд байгаа нь өөрөө үндэслэлгүй шүүхийн шийдвэр гарсан гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэрт Улсын Дээд шүүхийн 2014 оны 215 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойших холбогдох үйл баримтад дүгнэлт өгч шийдвэрлэсэн гэж шүүхийн шийдвэрийн 16 дахь талд бичиж, энэ хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн гэжээ. Угтаа бол газрын маргаан анх хэрхэн яаж үүссэн, одоо эзэмшил хэнд байгаа, газар олгоход бусдын газар эзэмших эрх зөрчигдөх эсэх зэрэг өргөн хүрээгээр, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх учиртай. Энэ хүрээнд нь шүүх шийдвэртээ бичсэн байдаг. Гэтэл энэ бичсэн байдлаа үгүйсгэж дээрх байдлаар үндэслэл бүхий дүгнэлт хийлээ гээд байгаа нь ойлгомжгүй.

19. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 778 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 39 дүгээр магадлалыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

21. Ж.С- нь 2007 онд “сул чөлөөтэй” гэх байдлаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богинын аманд газар эзэмших хүсэлт гаргаж, тус дүүргийн Засаг даргын 2007 оны 255 дугаар захирамжаар түүнд 700 м.кв газар эзэмшүүлсэн, энэ нь иргэн Ж.Жанчивдоржийн гараж байрлаж буй газартай давхацсан нь тогтоогдож, Улсын Дээд шүүхийн 2014 оны 215 дугаар тогтоолоор Ж.С-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

22. Ийнхүү тухайн үед Ж.С-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо давхцалтай хэсгээр нь биш бүхэлд нь хүчингүй болгосон үндэслэлийг: 1997 оноос хойш Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Хандгайтын богинын аманд газар эзэмшиж байсан Х.Угтаабаяр нарын иргэдийн эрхийг баталгаажуулах, маргааныг эцэслэн шийдвэрлэх эерэг боломжийг бий болгох зорилгоор Ж.С-т газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон талаар дээрх шийдвэрт дэлгэрэнгүй заасан байна .

23. Иймээс Ж.С- нь захиргааны байгууллагад хандаж, бусдын эзэмшил газартай давхцуулалгүйгээр газар эзэмших хүсэлтээ гаргах эрхтэй, нэхэмжлэгч нь 2014 онд хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаас хойш 2014 оны 11 дүгээр сарын 10, 2015 оны 03 дугаар сарын 13, 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 05 дугаар сарын 02, 2015 оны 06 дугаар сарын 16, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд газар эзэмших хүсэлтээ удаа дараа гаргасан бөгөөд захиргааны байгууллага “...хүсэлт болгосон газарт иргэн Ж.Жанчивдорж хүсэлтээ ирүүлсэн...” гэх үндэслэлээр татгалзсан хариуг өгч байжээ.   

24. Маргаж буй байршилд газрыг 1997 оноос эхлэн Ж.Жанчивдоржоос гадна бусад нэр бүхий 5 иргэд нийтээр эзэмших эрхтэй байсан үйл баримтыг хэргийн оролцогчид үгүйсгэж маргаагүй болно.

25. Харин иргэн Л.Дашдулам, Ж.С- нар нь тухайн 5 иргэдийн нэрсийн жагсаалтад бичигдээгүй байхад маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжаар Л.Дашдуламд 504 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч Ж.С-ийн эрх ашиг хөндөгдсөн, захиргааны байгууллагын тухайн шийдвэр нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “...шударга, тэгш байдлыг хангах” гэж заасантай нийцээгүй байна. 

26. Гуравдагч этгээд Ж.Жанчивдорж нь 1997 оноос хойш маргаж буй байршилд газар эзэмшиж байх тул түүний энэ эрх нь сүүлд буюу 2007 оноос эхлэн газар эзэмшихийг хүссэн иргэн Ж.С-ийн өргөдлөөр хөндөгдөх ёсгүй юм.

27. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл захиргааны байгууллага маргаан бүхий захирамж гаргахдаа хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн иргэн Ж.Жанчивдоржийн эзэмших газрын хэмжээ, Ж.С-, Л.Дашдулам нарын хүсэлт болгож байгаа газрын давхцал, гаражийн байрлал, орц, гарц, ариун цэвэр, нийтийн бие засах барилга байгууламж гэх асуудлуудыг нарийвчлан шалгаагүй, эдгээрийг шүүх шинжлэн судлах боломжгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болно.  

28. Иймд, маргаж буй газрын байршлыг нарийвчлан тодорхойлж, шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/428 дугаар захирамжийн иргэн Ж.Жанчивдорж, Л.Дашдуламд нарт холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргатал 3 сараар түдгэлзүүлсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй. 

29. Энэ хэргийн гуравдагч этгээд болох Ж.Жанчивдоржийн газар эзэмших эрх нь Ж.С-ийн өргөдлөөр хөндөгдөх үндэслэлгүйг дээр дүгнэсэн ч, тухайн газарт анхнаасаа Ж.Жанчивдоржийн гараж байрлаж байгаа, түдгэлзүүлсэн шийдвэрийн биелэлтийн үндсэн дээр 1997 болон 2015 оны захирамжтай холбоотойгоор түүний эзэмших газрын хэмжээ, кадастрын зурагт өөрчлөлт орж болзошгүй учир шүүх маргаан бүхий 2015 оны А/428 дугаар захирамжийн Ж.Жанчивдоржид холбогдох хэсгийг мөн түдгэлзүүлснийг буруутгах боломжгүй байна.

30. Харин шүүх “ ...нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэж дүгнэсэн, атлаа шүүхийн шийдвэрт газрын хэмжээг нарийвчлан заасан нь буруу, энэ нь агуулгын хувьд зөрчилтэй байхад давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөөгүй нь алдаатай болжээ.

31. Захиргааны байгууллага дахин шинэ акт гаргахдаа иргэн Л.Дашдуламтай холбоотой газраас Ж.Жанчивдоржийн эрхийг хөндөхгүйгээр нэхэмжлэгч Ж.С-т газар эзэмшүүлэх нөхцөл байдлыг судалж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “...шударга, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “...ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж тус тус заасанд нийцүүлэн шийдвэр гаргах нь зүйтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

32. Дээр дурдсаныг үндэслэн шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт газрын хэмжээг заасныг хасч, магадлалд холбогдох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2017/0039 дүгээр магадлалын “ТОГТООХ” хэсэгт доорхи өөрчлөлтийг оруулсугай:

1.1 “1” дэх заалтыг ”Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0778 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн иргэн Ж.Жанчивдорж, Л.Дашдуламд нарт холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сараар түдгэлзүүлсүгэй” гэж,

1.2. “1” дэх заалтын дараа “Шийдвэрийн “3” дахь заалтад “...захирамжийн гэсний дараа “...Ж.Жанчивдоржид холбогдох хэсгээс 226,1 м.кв, Л.Дашдуламд холбогдох хэсгээс 133,7 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэр хүчингүй болсонд тооцсугай” гэснийг ”...захирамжийн иргэн Л.Дашдуламд холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дурдсугай” гэж өөрчилсүгэй” гэсэн 2 дахь заалтыг нэмсүгэй.

2. Магадлалын “2” дахь заалтын дугаарыг “3” болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                    Л.АТАРЦЭЦЭГ