| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/03694/И |
| Дугаар | 183/ШШ2024/02303 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/02303
| 2024 оны 5 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2024/02303 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай Ж*******гийн М*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:****** дүүргийн ** дугаар хороо, ***********, ***** байр ** дугаар давхарт байрлах, ******* регистрийн дугаартай, Н******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4-10/273 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.М*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.М******* хариуцагч Н******* ХХК-д холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4-10/273 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Ж******* овогтой М******* миний бие дээд боловсролтой, эрх зүйч, цагдаагийн ажилтан мэргэжилтэй, мэргэжлээрээ цагдаагийн байгууллагад 16 жил тасралтгүй ажиллаж цагдаагийн дэд ахлагч цолноос хошууч цолтой эргүүлийн цагдаагаас тасгийн дарга хүртэл дэвшин ажиллаж байгаад 2022 оны 4 дүгээр сараас эхлэн Н******* ХХК-ийн Харуул хамгаалалтын хэлтэст Соёмбо 5 хариуцсан хэсгийн даргаар, төвийн салбар болох Номин их Монгол супермаркет, Жуков супермаркет, Скайтаун хайпермаркет, орон нутгийн салбар болох Дорноговь агуулах худалдаа, Өмнөговь агуулах худалдаа, Дундговь агуулах худалдаа зэрэг салбар дэлгүүрийг хариуцан хэвийн ажил үүргээ гүйцэтгэн үр дүнтэй ажиллаж байсан. Гэтэл Н******* ХХК-ийн Харуул хамгаалалтын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №4-10/273 дугаар тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.5, 9 дүгээр зүйлийн 9.2.4, хөдөлмөрийн гэрээний 6.5.9.1-т заасныг тус тус үндэслэн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бусад ажилтанд санаатайгаар бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Миний бие бусдад бэлгийн дарамт үзүүлсэн зүйл огт байхгүй бөгөөд ажил олгогчийн зүгээс намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа нотлогдоогүй зүйлийг үндэслэн ажлаас халсанд гомдолтой байна. Учир нь уг тушаалын үндэслэл болсон бэлгийн дарамт үзүүлсэн гэж гүтгэсэн хүнийг Жуков супермаркет салбар дэлгүүрийн кассын ажилтан номин бонус ашиглах журмыг ноцтойгоор зөрчсөн зөрчил гаргасан С.Ж******* гэж сонссон бөгөөд түүний бичсэн өргөдлийг надад танилцуулаагүй, ажил олгогч уг өргөдлийн үнэн зөвийг тогтоогоогүй байж худал өргөдөл өгч намайг гүтгэсэн хүнтэй нийлж намайг ажпаас халж улмаар хамт ажилладаг ажилтан албан хаагчид болон салбар дэлгүүрийн хүмүүсийн дунд худал мэдээлэл тарааж миний нэр төр, алдар хүндэд халдсанд би маш их гомдолтой байна. Миний бие хөдөлмөрийн гэрээ, хэсгийн даргын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн дагуу Номин холдинг ХХК-ийн эд хөрөнгө, бараа материалыг гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, ашиглах шамшигдуудах үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, арга хэмжээ тооцон ажиллах үндсэн үүрэгтэй. Номин Жуков супермаркет салбар дэлгүүрийн гарахын шалган албан тушаалтай А.Ж анх 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр номин бонус ашиглах журмыг ноцтой зөрчсөн зөрчил илрүүлсэн тухай хэсгийн дарга надад танилцуулсанаар би уг зөрчлийг ажил үүргийнхээ дагуу нэн даруй шалгаж эхэлсэн бөгөөд тухайн зөрчлийн талаар миний бие тэр даруй Харуул хамгаалалтын албаны даргад танилцуулан заавар зөвлөгөө авч, Номингийн картын төвийн ажилтантай холбогдон шалгаж эхэлсэн. Энэхүү зөрчлийг шалгаж тодруулахад тус салбар дэлгүүрийн кассын ажилтан С.Ж******* нь иргэн Б.Ц гэх хүний нэр дээр дугаартай бонус картыг 2023 оны 03 дугаар сард нээж улмаар иргэдийн худалдан авсан барааны үнийн дүнгийн урамшууллын бонусыг өөртөө удаа дараа уншуулж, 23.729.557 төгрөгийн бараан дээр 1.270.076 төгрөгийн бонус хуримтлагдан өөртөө ашигласан нь тогтоогдсон. Мөн иргэдийн худалдан авсан бараа талоныг дэлгүүрийн заал зохион байгуулагч, эрхлэгч нарын тусгайлан олгосон кодоор нэвтрэн орж устгаж дэлгүүрийн орлого болох 6.0-7.0 сая төгрөгийг бэлнээр нууцаар авч байсан үйлдэл нь хяналтын камер болон бусад баримтаар нотлогдсон. Дээрх хоёр ноцтой зөрчил гаргасан үйлдлийг Эрх зүйн газарт нотлох баримттай шилжүүлэн өгсөн боловч одоо яаж шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна. Миний бие дээрх ноцтой зөрчлийг шийдвэрлэхийн тулд зөрчил гаргагч С.Ж*******аас болсон зөрчлийн талаар асууж тодруулахаар уулзах гэсэн боловч 2023 оны 4 дүгээр сарын 26,27-ны өдрүүдэд ажил дээрээ ирээгүй чөлөө авсан байсан. Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө С.Ж******* руу холбогдож ажлын оффис дээр ирж уулзах талаар хэлсэн боловч очиж явна гэж худлаа ярьж өдөржин хүлээлгэсэн бөгөөд өдөржин энэ байна, тэнд байна гэж утсаар худал ярьж байгаад намайг гэртээ ирсэн хойно дахин С.Ж******* миний утас руу залгаад очоод уулзая гээд байсан ба тухайн үед маргааш ажлын оффис дээр хүрээд ирээ би гэртэй ирсэн байна гэтэл би маргааш уулзаж чадахгүй хүүхэд эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн тул уулзаж чадахгүй хугацаа алдах юм байна гэж бодоод чи одоо хаана байгаа юм аль чиг явах вэ гэж асуухад Жуков салбар буюу ажлын чигт явна гэж хэлсэн, тэгэхээр нь би манай гэрийн зам дагуу юм байна зүүн дөрвөн замын торгоны замтай байрны гадна ирээд залгачих гэсэн, С.Ж******* удалгүй ирчихлээ гэж хэлэхэд нь уулзахаар гарахад манай дүү миний машины урд талд найзтайгаа уулзаад зогсож байсан бөгөөд С.Ж******* Миний дэлгүүрийн үүдэнд зогсож байсан тул С.Ж*******тай очиж өөрийгөө танилцуулан уулзаж хэдэн зүйл тодруулах гэтэл гадаа ярих тохиромжгүй дуу чимээтэй, хүйтэн байсан тул машины урд талын суудал дээр сууж 5-6 минут орчим ярилцаж хэдэн зүйл тодруулсан. Тухайн үед манай дүү хамт юманд явах гээд намайг хүлээгээд машины урд найзтайгаа уулзаад хараад зогсож байсан. Ингээд С.Ж*******аас болсон асуудлын талаар асуухад Жуков салбарт намайг ажилд анх ороход тэнд намайг хоёр хоног дагалдуулсан тэнд ажилладаг байсан нэг кассчин эмэгтэй бонус карт үүсгээд уншуулаад явж болдог гэж надад зааж өгсөн, би тухайн хүнийг харвал танина хэн гэдгийг мэдэхгүй, би зөрчил гаргасан нь үнэн миний буруу гэж үнэн учраа хэлсэн. Би Ж*******т номин бонус картыг ашиглах журмыг танилцуулж дэлгүүрт учирсан бодит хохирлыг төлөх талаар тайлбарлан маргааш ажил дээрээ очиж Харуул хамгаалалтын ажилтан А.Ж, Д.С нартай уулзаж надад ярьсан зүйлээ тайлбар болгож бичиж өгөөрэй гэж хэлээд явуулсан. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Жуков салбарын багийн ахлах Д.С А.Ж нар ажил дээр ирж тайлан мэдээгээ өгөөд явах үед нь шалгаж байсан С.Ж*******ийн талаар асууж ярилцахад удахгүй ажлаасаа гарч магадгүй их сонин зан ааштай хүүхэд байна лээ зөрчил гаргасан бонус картын хохирлыг барагдуулж авахгүй бол болохгүй ажлаас гарчихвал дэлгүүр өр дутагдалд ороод бид төлөх болно дахиад ч олон зүйл байна гэж хэлэхэд нь би цааш нь шалгана, мөн санаа зовж Жуков салбарын ахлах нягтлантай утсаар холбогдож учир байдлыг тайлбарлан хэлж С.Ж*******ийн цалинг асуудлыг шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар хаах арга хэмжээ авсан бөгөөд энэ тухайгаа 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ажлын тайландаа бонус ашигласан зөрчлийн талаар бичиж тайлагнасан. Миний бие С.Ж*******ийг өмнө нь огт танихгүй, уулзаж ярилцаж байгаагүй бөгөөд гаргасан зөрчлийн асуудлыг тодруулах зорилгоор анх удаа уулзсан. Хүн анх удаа, бас нэг удаа уулзсан хүнд бэлгийн дарамт үзүүлэх ямар ч боломжгүй, харин ч эсрэгээрэй түүний хэргийг шалгаж байгаа хүнд саад учруулах зорилгоор санаатайгаар худал гомдол, мэдээлэл гаргасан байна, энэ талаар ажил олгогч шалган тогтоох байтал нотлож тогтоохгүйгээр шууд намайг буруутгасанд гомдолтой байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах байсан боловч огт хийхгүйгээр мөн ажилтны нэр төртэй холбоотой батлагдаж нотлогдоогүй зүйлийг үндэслэн тушаал гаргахдаа хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж байгаа тохиолдолд уг ноцтой зөрчлийг нотолсон байхыг шаарддаг, гэтэл энэ зөрчлийн талаар ажил олгогч нотлоогүй зөвхөн нэг хүний үнэн, худал нь мэдэгдэхгүй өргөдлийг үндэслэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд миний бие 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Н******* ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр и-мэйл хаягаар ирүүлснийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч уг шийдвэрийг эс зөвшөөрч хуулийн дагуу шүүхэд хандаж байна. Мөн миний бие худлаа ярьж өргөдөл, гомдол гаргасан С.Ж*******т холбогдуулан Цагдаагийн газарт гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5875 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай тогтоол гаргасан. Уг тогтоолд 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 44 дүгээр байрны гадаа авто зогсоолд манай байгууллагын ажилтан намайг өөрийнх нь биед хүрсэн гэж худал хэлж намайг ажлаас халуулсан гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон гомдлын материалд авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаас үзэхэд Ж.М******* нь С.Ж*******ийн биед хууль бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдэгдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж, намайг бэлгийн дарамт үзүүлээгүй, хууль бусаар хүнд халдаагүй болохыг тогтоосон. Иймд хууль зүйн үндэслэлгүй, хууль бус тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ж.М*******, С.Жамъянмядаг хоёр уулзсан талаар хүлээн зөвшөөрч байгаа ямар нэгэн маргаан байхгүй. 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр С.Жамъянмядаг бичгээр гомдол гаргасан. Нэхэмжлэгч Ж.М******* 5 дугаар сарын 06-ны өдөр өөрөө бичгээр хариу тайлбар өгсөн. 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ёс зүйн хороо хуралдаж шийдвэр гаргасан. Уг өдрийн огноогоор сахилгын шийтгэл оногдуулж, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч С.Жамъянмядагийн цалинг хаасан учраас намайг гүтгэж гомдол гаргасан гэж тайлбарлаж байна. Уг тушаал гарсан шалтгаан нөхцөл нь С.Жамъянмядагийн цалин мөнгийг хааснаас болж гомдол гаргасан гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Учир нь С.Жамъянмядаг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-ний хооронд буюу албан ёсны 3 өдрийн чөлөөтэй байсан. Ингээд 4 дүгээр сарын 30-ны өдөр ажилдаа ирээд өөрийн шууд удирдлага болох заал зохион байгуулагч н.Тэгшжаргалд үйл баримтын талаар хэлсэн байдаг. Мөн 4 дүгээр сарын 30-ны өдөр н.С гэх хүнд Ж.М******* гэх хэсгийн дарга надад бэлгийн дарамт учруулсан гэж хэлсэн. Тэгээд 4 дүгээр сарын 30-ны өдрөө гомдол гаргаагүй гэдэг асуудал үүсэж байгаа. Үүнийгээ С.Жамъчнмядаг тайлбарлахдаа би хэнд гомдлоо гаргахаа мэдээгүй, шууд удирдлага болох хэсгийн дарга гэдэг хүн ямар албан тушаалтай, гомдлыг дарчихвий дээ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бид нар С.Жамъянмядагийг юу гэж харж байгаа вэ гэхээр шүгэл үлээгч гэж харж байгаа. Өөрийнхөө хувийн байдлыг бусдад дэлгэхгүйн тулд нуудаг тохиолдол их байдаг. Гэвч С.Жамъянмядагийн хувьд зориг гаргаж, дахиж ийм асуудал үүсгэхгүй гэдэг байдлаар гомдол гаргасан гэж хэлдэг. Тэгэхээр би үүнийг ойлгохдоо цалин мөнгө хааснаас болоод гомдол гаргасан гэж үзэхгүй байна. Гомдол гаргахдаа өөрийн биеэр оффис дээр ирж, эрх зүйн газрын даргад гомдлоо гаргасан. Хоёр дахь үндэслэлийн хувьд нэхэмжлэгч юу ч танилцуулаагүй, гэнэт тушаал гараад ирсэн, гэнэт чамайг хална, туг тахина гэсэн асуудал гарсан гэдэг байдлаар тайлбарлаж байгаа боловч энэ бүгд нотлогдохгүй байгаа. Учир нь Ж.М******* 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хариу тайлбар гаргасан. Мөн энэ асуудлыг ёс зүйг хороо хуралдаж шийдвэрлэхэд өөрөө хуралд нь оролцсон. Өөрөөр хэлбэл шалгаж тогтоох процесс явагдсан гэсэн үг. Тэгэхээр огт мэдээгүй байхад нь шууд тушаал гаргаад, би цүнхээ аваад гарлаа гэдэг асуудал байхгүй. Мөн Ж.М*******, С.Жамъянмядаг хоёр хоёулхнаа машинд уулзсан. Бид нар ч гэсэн юу болсныг мэдэхгүй. Тийм учраас аль алинаас нь тайлбар авах, аль алиных нь хувийн байдлыг тогтоох, өмнө яаж байсан талаар тогтоохоос өөр арга байхгүй. Энэ бүх ажиллагаа хийгдсэн. Бэлгийн дарамт учруулаагүй, гүтгэж байна гэж гол маргааныг ярьж байгаа. Гэтэл бэлгийн дарамт гэж юуг хэлж байна гэхээр Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл бэлгийн дарамт гэдэгт нь шууд илэрхийлдэггүй, маш олон хэлбэрээр илэрч болдог. Тодруулбал зарим тохиолдолд ажлын байранд би чамайг харж үзнэ, албан тушаал ахиулна эсхүл цалин мөнгө нэмнэ, энэ асуудлыг аргалж өгье гэх мэтээр бэлгийн дарамт үүснэ гэж байгаа. Мөн үг хэллэгээр болон биеэр гэсэн ерөнхий хоёр ангилдаг. Мөн үйлдэгдэх газар нь хаана гэхээр ажлын байр, томилолтоор явж байгаа унаа тэрэг, томилолтоор явсан буудал өөрөөр хэлбэл ил задгай үйлдэгддэггүй, нууц хэлбэрээр явагддаг. Түүнчлэн ямар хүмүүсийн хооронд үүсдэг вэ гэхээр ихэвчлэн насны зөрүүтэй, албан тушаалын зөрүүтэй, гэр бүл хувийн байдлаас үүсдэг гэсэн статус, судалгаа байна. Тэгэхээр бид нар Хөдөлмөрийн тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиараа ажил олгогч бэлгийн дарамт учруулахаас урьдчилан сэргийлэх таслан зогсоох үүргийг хуулиар хүлээсэн. Энэ асуудлаар шүгэл үлээж, гомдол гаргасан ажил олгогч үүнийг судлаад С.Жамъянмядаг чөлөөтэй байсан, хүүхдээ эмнэлэгт харж байсан, энэ хугацаанд 5 дахь өдөр ажлын бус цагаар дуудаж, машинд уулзсан. Нэхэмжлэгч нь С.Жамъянмядаг уулзахдаа уйлсан гэж хэлдэг. Хүн өөрийнхөө зөрчлийг зөвшөөрч байна, зөрчил гаргасан намайг уучлаарай гэж хэлсэн гэж байна, гэхдээ хүн шууд уйлах уу, үүнд би эргэлзэж байгаа. Уйлтал нь тэр хүнтэй юу ярьсан бэ, яасан бэ гэдэг нь бас асуудал юм. Үүнд ямар нэгэн бэлгийн дарамт учирсан байна, тийм учраас тэр хүүхэд уйлсан, түүнчлэн шууд ажилдаа ирээд дээд албан тушаалтандаа мэдэгдсэн. Сүүлдээ болохоо байхаар нь гомдол гаргасан байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-т зааснаар энэ асуудлыг эрүүгийн болон зөрчлийн хэргээр шийдэгдээд тогтоогдсоны дараа сахилгын шийтгэл оногдуулах эсэх асуудал яригдах ёстой гэж тайлбарлаж байна. Гэвч миний хувьд уг хуулийн заалтыг тэгж ойлгохгүй байна. Мэдээж тухайн зөрчил нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй гэмт хэрэг үйлдэл. Харьяалах байгууллагаас тухайн гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Мэдээж гомдлыг С.Жамъянмядаг өөрөө гаргаж өгч болно. Заавал ажил олгогч тогтоосон байхыг шаардахгүй гэж үзэж байна. Ажил олгогч эрүүгийн хуулиар ял шийтгэж байгаа тэндээсээ холбогдох албан тушаалыг түдгэлзүүлэх байх. Гэхдээ нөгөө талдаа ийм зүйл байхгүй ч гэсэн ноцтой зөрчил гаргасан, бэлгийн дарамт учруулаагүй бол ажил олгогч халахгүй гэсэн агуулгаар ойлгохгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Мөн дүүгийн асуудал яригдсан. Би дүүгээ байхад анх удаа харж байхад юу гэж бэлгийн дарамт учруулах юм. Надад тийм санаа, сэдэл байхгүй гэж хэлж байна. Гэтэл гэрчээр дүүг нь дуудаад асууж байгаа хажууд нь байсан уу, дотор нь юу ярьж байгааг сонссон уу гэхэд сонсоогүй гэхдээ байн байн харж байсан гэдэг. Би гэрчийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл дөнгөж уг зөрчлийг шалгаад явж байх үед манай дүү машины гадаа байж байсан, би дарамт учруулаагүй, манай дүүгээс асуу, би дүүгээ авчиръя гэж хэлээгүй. Харин сүүлд ажлаас чөлөөлсний дараа дүү нь найзтайгаа байсан гэдэг асуудал яригддаг. Дүү нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө санаж байгаа зүйлээ шууд шууд хэлээд байдаг. Гэхдээ зарим зүйл нь эргэлзээтэй. Машин дотор С.Жамъянмядагыг уйлж байгааг хараагүй, тэр хүн уйлаагүй байсан, хажуугаар зүгээр гараад явсан гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө С.Жамъянмядаг машин дотор уйлсан гэж хэлдэг. н.Жаминмядагийг уйлсныг анзаараагүй хүмүүс энэ хүн биед нь хүрч байна уу, юу ярьж байна уу гэдгийг ойлгохгүй, мэдэхгүй. Тэгэхээр нэхэмжлэгч талаас гаргасан хоёр дүүгийн гэрчийн мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Анх харсан хүнд бэлгийн дарамт учруулахгүй байна гэсэн ойлголт байх боломжгүй, тухайн үеийнхээ нөхцөл байдлаас хамаарна гэж бодож байна, 7 хоног юм уу, сар харж байгаад дарамт учруулна гэж бодохгүй байна. Магадгүй нэхэмжлэгч нь бэлгийн дарамт учруулаагүй гэж бодож магадгүй. Гэхдээ Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-т заасны дагуу ямар нэгэн байдлаар үг хэллэг, ярьж байгаа зүйл нь бэлгийн дарамт учруулсан байх гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл С.Жамъянмядагийг чи яах гэж кассын ажилтнаар орсон юм, чи харуул хамгаалалтын ажилтнаар орж болно гэсэн зүйл хэлсэн байж болно. Чи тодорхой хэмжээнд байх юм бол би чамайг харж үзнэ, чамайг харуул хамгаалалтын албанд авъя гэдэг зүйл хэлсэн гэж байгаа. Номинд ороод нэг сар гаран болж байгаа хүүхэд хэсгийн дарга гэдэг хүн байдаг юм байна. Тэр нь камер шалгагч, орохын шалгагчийг удирддаг юм байна, энэ хүн намайг авах мэдэлтэй хүн байна гэдгийг ойлголтыг өгөх хүн байхгүй. Миний харж байгаагаар Ж.М******* тийм зүйл хэлсэн байна, өөрөөр хэлбэл чи надтай ингэх юм бол би чамайг харж үзэж, өөрийнхөө багт авах боломж байгаа гэдэг байдлаар хэлсэн байх. Үнэн сэтгэлээсээ биш зөвхөн зөрчлийг илрүүлэх гэж байсан байх. Гэхдээ энэ үг хэллэгээр хэлж болохгүй. Мөн 3 хоногийн чөлөөтэй байхад нь дуудсаар байгаад уулзсан гэж би харж байна. Яаралтай гэж байгаа боловч яаралтай биш. Бид нар тодорхой хэмжээнд буюу нэг сарын хугацаанд сахилгын зөрчлийг шалгаж, тогтоох хуулийн хугацаа бий. Түүнээс 1,3 хоногийн дотор биш. Мэдээж яаралтай гэж хэлж болно. Гэхдээ чөлөөтэй байсныг нь мэдэж байсан гэж ойлгож байна. Ажлаасаа чөлөө аваад эмнэлэгт байгаа хүнийг чи ир, ир гэсээр байгаад ирүүлсэн. Дараагийн нэг асуудал нь С.Жамъянмядаг өөрөө гүйж ирсэн юм шиг тайлбар хэлж байна. Гэтэл 4 дүгээр сарын 28-ны өдөр тав дахь өдөр, талуудын ярьж байгаа тайлбараас харахад чи маргааш ирээд тайлбар өгчих, өнөөдөр амжихгүй гэдэг тайлбарыг нэхэмжлэгч өөрөө хэлсэн. Маргааш нь хагас сайн өдөр байгаа, хагас сайн өдөр нэхэмжлэгч өөрөө амарна, нөгөө хүн нь чөлөөтэй байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр нэхэмжлэгчийн тайлбар бодит байдалтай зөрүүтэй байна. Амралтын өдөр уулзах гэж байсан чинь өөрөө хүрээд ирсэн, тийм учраас би за яахав хараадахъя гэдэг байдлаар уулзсан гэж байна. Тэгээд зөрчил болон бүх зүйлээ хүлээн зөвшөөрөхөөр нь тэр байдлыг нь далимдуулаад тодорхой хэмжээний давуу байдал олгоно гэдэг байдлаар бэлгийн дарамт учруулсан нь тогтоогдож байна. Тогтоогдсон гэж үзэж тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4-10/160 дугаар туршилтын хугацаагаар ажиллуулах тухай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 04-10/173 дугаартай ажлын байрны тодорхойлолт, 4-10/273 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 5875 дугаартай Прокурорын тогтоол, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Номин холдинг ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/1021 дугаар журам батлах тухай тушаалыг,
4.Хариуцагчаас итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, иргэн С.Жамъянмядагийн Номин холдинг ХХК-д гаргасан гомдол, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 01/432 дугаартай хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, Ж.М*******ийн 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр харуул хамгаалалтын албаны удирдлагад гаргасан тайлбар, Н******* ХХК-ийн дүрэм, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 3-37/39 дүгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/140 дүгээр хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, иргэн Ц.Жамъянмядагийн тайлбарыг,
5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20336 дугаар захирамжаар Н******* ХХК-ийн харуул хамгаалалтын хэлтсийн дарга нарын 7 хоногт хийгдсэн ажлын тайлан мэдээ, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4-10/407 дугаартай журам батлах тухай тушаал, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаартай харуул хамгаалалтын хэлтсийн үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, номин бонус картын хувь тооцох интервал, номин гишүүнчлэлийн картын төлбөр, хураамж ерөнхий нөхцөл Хавсралт 3, номин бонус картын үйл ажиллагааны журам, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материалын хуулбар, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрчид эрх үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, иргэн А.Жайнагүлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан тайлбар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хариу мэдэгдэх хуудас, мөрдөгчийн санал, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 5875 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, Номин Жуков салбарын кассын борлуулалтад 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд дугаар бонус картын худалдан авалт, ашиглалт зэрэг баримт ирүүлснийг хэрэгт хавсаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Ж.М******* намайг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бусад ажилтанд санаатайгаар бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж байгаа тохиолдолд уг ноцтой зөрчлийг нотолсон байхыг шаарддаг, гэтэл энэ зөрчлийн талаар ажил олгогч нотлоогүй зөвхөн нэг хүний үнэн, худал нь мэдэгдэхгүй өргөдлийг үндэслэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын тогтоолоор Ж.М******* С.Жамъянмядагийн биед хууль бусаар хүрч бэлгийн дарамт үзүүлсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдэгдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Иймд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4-10/273 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлнэ гэж тайлбарласан.
3.Хариуцагч Н******* ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ Ж.М*******ийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн. Н******* ХХК-ийн Харуул хамгаалалтын хэлтсийн Соёмбо 5 хариуцсан хэсгийн дарга Ж.М******* ажилтан Ц.Ж*******ийг бусдын нэр дээр номин бонус карт нээж үйлчлүүлэгчдийн худалдан авалтын бонусыг авч, касснаас бэлэн мөнгө авсан гэх зөрчлийг шалгана гэж албан тушаалын давуу байдлаа ашиглаж, Ц.Ж*******тай өөрийн машинд сууж уулзаж, түүний биед зөвшөөрөлгүй хүрч сүрдүүлсэн. Энэ талаар С.Жамъянмядаг бичгээр гомдол гаргаж, Ж.М******* бичгээр хариу тайлбар өгч, ёс зүйн хороо хуралдаж шийдвэр гаргасан. Ж.М******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.
5.Ж.М******* Н******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 4-10/160 дугаар туршилтын хугацаагаар ажиллуулах тухай тушаалаар тус компанийн Харуул хамгаалалтын хэлтэст хэсгийн даргын албан тушаалд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 3 сар хүртэл туршилтын ажилтнаар авч, улмаар тус албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, Н******* ХХК-ийн Харуул хамгаалалтын хэлтсийн дарга Л.Бын **** дугаар тушаалаар тогтоогдож байна.
6.Н******* ХХК-ийн Харуул хамгаалалтын хэлтсийн даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4-10/273 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.5, 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтыг үндэслэж Ж.М******* хөдөлмөрийн гэрээний 6.5.9.1 дэх заалтыг зөрчиж бусдад ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.
7.Нэхэмжлэгч Ж.М******* 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаалтай холбогдуулж тус компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж, комиссын бүрэлдэхүүний олонхийн саналаар Ж.М*******ийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж, тэмдэглэл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэйг дурдсан байна.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Ж.М******* хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д ...Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлана гэж заасан.
10.Хэргийн үйл баримт, зохигчийн тайлбараас үзэхэд Номин Жуков супермаркет салбар дэлгүүрийн кассын ажилтан С.Жамъянмядаг иргэн Б.Ц гэх хүний нэр дээр дугаартай бонус картыг 2023 оны 3 дугаар сард нээж, иргэдийн худалдан авсан барааны үнийн дүнгийн урамшууллын бонусыг өөртөө уншуулж, хуримтлагдсан бонусыг ашиглаж, номин бонус ашиглах журмыг зөрчснийг илрүүлсэн тухай мэдээллийг тус салбар дэлгүүрийн гарахын шалган албан тушаалтай А.Ж хэсгийн дарга Ж.М*******т танилцуулжээ.
11.Н******* ХХК-ийн Харуул хамгаалалтын хэсгийн даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны чиг үүрэг гэдэгт Ажлын байрны зорилгыг хариуцсан салбарын ажилчид болон дэлгүүрийн харуул хамгаалалтад хяналт тавьж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, мөн үндсэн чиг үүргийн 1 дүгээрт салбарын ажилтнуудыг өдөр тутмын удирдлагаар хангаж, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх түүнийг илрүүлэх таслан зогсоох арга хэмжээ авах, салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор удирдлага болон ажилчидтай уулзалт хийх гэж заажээ.
12.Ж.М******* Номин холдинг ХХК-ийн эд хөрөнгө, бараа материалыг гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, ашиглах шамшигдуудах үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ тооцон ажиллах үндсэн үүрэгтэй гэх бөгөөд өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу С.Жамъянмядагийн дээрх зөрчил гаргасан үйлдлийг Эрх зүйн газарт нотлох баримттай шилжүүлэн өгч, уг зөрчлийг шийдвэрлэхийн тулд зөрчил гаргагч С.Ж*******аас болсон зөрчлийн талаар асууж тодруулахаар холбогдож уулзах гэсэн боловч 2023 оны 4 дүгээр сарын 26,27-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй чөлөө авсан, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө ажлын оффис дээр ирж уулзах талаар хэлсэн боловч худал хэлж, өдөржин хүлээлгэсэн ба намайг гэртээ ирсэн хойно холбогдож, манай гэрийн зам дагуу байрлах, Миний дэлгүүрийн үүдэнд уулзаж, хэдэн зүйл тодруулах гэтэл гадаа ярих тохиромжгүй дуу чимээтэй, хүйтэн байсан тул машины урд талын суудал дээр сууж 5-6 минут орчим ярилцаж хэдэн зүйл тодруулсан, уулзсан гэдэг дээр маргахгүй, хүн анх удаа, бас нэг удаа уулзсан хүнд бэлгийн дарамт үзүүлэх ямар ч боломжгүй, харин ч эсрэгээрээ түүний хэргийг шалгаж байгаа хүнд саад учруулах зорилгоор санаатайгаар худал гомдол, мэдээлэл гаргасныг ажил олгогч шалган тогтоох байтал нотлож тогтоохгүйгээр шууд намайг буруутгасанд гомдолтой гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа болно.
13.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр С.Жамъянмядаг бичгээр гомдол гаргаж, нэхэмжлэгч Ж.М******* 5 дугаар сарын 06-ны өдөр өөрөө бичгээр хариу тайлбар өгсөн. 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ёс зүйн хороо хуралдаж, мөн өдрийн огноогоор сахилгын шийтгэл оногдуулсан, С.Жамъянмядаг тухайн үед зөрчил болон бүх зүйлээ хүлээн зөвшөөрөхөөр нь тэр байдлыг нь далимдуулан тодорхой хэмжээний давуу байдал олгоно гэдэг байдлаар бэлгийн дарамт учруулсан нь тогтоогдож байна гэж үзэж тушаал гаргасан, ганцхан С.Жамъянмядагийн гомдлоор шийдвэрлээгүй гэж тайлбарлав.
14.2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн С.Жамъянмядаг Номин холдинг ХХК-д бичгээр гаргасан гомдолдоо Ж.М******* нь машиндаа намайг суулгаж, миний биед зөвшөөрөлгүй хүрсэн гэж бичжээ.
15.2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажилтны мэдүүлсэн гомдлыг тус компанийн ёс зүйн хороогоор хэлэлцэж, Харуул хамгаалалтын салбарын хэсгийн дарга Ж.М*******ийг гаргасан зөрчлөөр нь нээнтэглэж бэлгийн дарамт үзүүлсэн байна гэж дүгнэж ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
16.Ж.М******* энэхүү асуудлаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 5875 дугаар тогтоолд 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 44 дүгээр байрны гадаа авто зогсоолд манай байгууллагын ажилтан намайг өөрийнх нь биед хүрсэн гэж худал мэдээлэл өгч ажлаас халуулсан гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон гомдлын материалд авагдсан бичгийн бусад баримтуудаас үзэхэд Ж.М******* нь иргэн С.Жамъянмядагийн биед хууль бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдэгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэн Ж.М*******ээс гаргасан бүртгэлийн Ө-5692 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзав гэжээ.
17.Н******* ХХК, Ж.М******* нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5.9.1 дэх заалтад ...Бусдад санаатайгаар аливаа хэлбэрээр сэтгэл зүйн болон бэлгийн дарамт үзүүлсэн... бол гэрээ дуусгавар болох, цуцлана гэж заасан ба дээрх гэрээнд заасан ноцтой зөрчлийг Ж.М******* гаргасан гэж ажил олгогч ажлаас халах тушаал гаргасан боловч зөрчил нь баримтаар бүрэн нотлогдоогүй гэж үзэв.
18.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т ...Ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх ба ёс зүйн хорооны хурлаар орж буй Ж.М******* болон бусад этгээдүүдийн тайлбар мэдүүлгийг аваагүй, зөвхөн С.Жамъянмядагийн гомдолд үндэслэн бэлгийн дарамт үзүүлсэн гэж тус хорооны дүгнэлтийг үндэслэн тушаал гаргасан нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах боломжгүй, ажлаас халсан тушаал хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.
19.Иймд Ж.М*******ийг Н******* ХХК-ийн Харуул хамгаалалтын хэлтсийн хэсгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
20.Нэхэмжлэгч Н******* ХХК-ийн Харуул хамгаалалтын хэлтсийн даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4-10/273 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж шаардлага гаргасан нь бие даасан шаардлага биш, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.
21.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021оны 12 дугаар 06-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу Ж.М*******ийн 2023 оны 2,3,4 сарын дундаж цалин хөлс /7.262.447:3/=2.420.815 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч Харуул хамгаалалтын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар нэг сарын цалингийн хэмжээг 1.580.000 төгрөгөөр тогтоосноор тооцуулахад татгалзах зүлйгүй гэж тайлбарлаж байх тул түүнийг ажлаас халсан 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 12 сар ажлын 12 хоногоор тооцож, /12сар х1.580.000/=18.960.000 төгрөг, 1.580.000 төгрөгийг тус саруудын ажлын хоногт хуваахад нэг өдрийн цалин 73.188 төгрөг, /73.188х12өдөр/=881.860, /18.960.000+881.860/=19.841.860 төгрөгийг Н******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ж.М*******т олгохоор шийдвэрлэв.
22.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Ж.М*******ийн ажилгүй байсан хугацааны олговор 19.841.860 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг Н******* ХХК-д даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар Ж.М*******ийг Н******* ХХК-ийн Харуул хамгаалалтын хэлтсийн хэсгийн даргын албан тушаалд эргүүлэн томилсугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар Н******* ХХК-иас 19.841.860 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М*******т олгож, дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг Н******* ХХК-д үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н******* ХХК-иас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.М*******т, 257.159 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН