Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 0053

 

                                                                             М.Х-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Прокурор Ц.М Шүүгдэгч М.Х Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Хохирогч Н.О, Хохирогчийн өмгөөлөгч / онлайн/ Л.М, Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 260 дугаар захирамжтай М.Х-д холбогдох, 1825000000113 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Т-н илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Б овгийн М-н Х-н,

Шүүгдэгч М.Х-г 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг “Номин” агуулах худалдааны урд зам дээр 68-50 ОРО улсын дугаартай, “Тоёото карина” маркийн машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11,10.1 дэх заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд орж урдаас нь ирж явсан 35-71 ОРО улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн машиныг мөргөсний улмаас зорчигч Н.О, Х.Н  нарын биед хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 280 дугаар захирамжаар: Шүүгдэгч М.Х-д холбогдох 1825000000113 дугаар эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокурорт буцаан, Хэргийг прокурорт шилжүүлтэл шүүгдэгч М.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж шүүхэд шилжиж ирүүлсэн 472674 дугаартай М.Х-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хэргийн хамт буцаан хүргүүлэн, захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгдэгч М.Х нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг “Номин агуулах” худалдааны төвийн урд зам дээр 68- 50 ОРО улсын дугаартай “Тоёота Карина” маркийн, машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 10.1.д заасныг зөрчиж эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Д.З-н жолоодож явсан 35-71 ОРО улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн машиныг мөргөсний улмаас зорчигч Н.О, Х.Н нарын биед хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Х-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарлаж мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаасан гэж үзлээ. ...

Шүүх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гарсан зам тээврийн ослын улмаас Н.О, Х.Н нарын биед хүндэвтэр хохирол, Д, И нарын биед хөнгөн хохирол учирч, Д.З-н эд хөрөнгөнд хохирол учирсан бөгөөд прокурор яллах дүгнэлтээрээ Н.О, Х.Н нарын биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь шүүгдэгчийг яллаж, бусад хохирогч нарт хохирол учруулсан үйлдлийг орхигдуулсан.., Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр зөрчлийн хэрэг нээж шалгах ажиллагаа явуулж, Д.З, Б.Д нарыг зөрчлийн хэргийн хохирогчоор, М.Х-г холбогдогчоор асууж мэдүүлэг авсан боловч зөрчлийн хэргийг хэрхэн шийдсэн нь тодорхойгүйн зэрэгцээ, Д.З-г 1иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан ба Д.З, Б.Д, М.И нарыг эрүүгийн хэргийн материалтай танилцуулсан зэргээр нэг үйл баримтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын аль алинаар нь шалгаж, зөвхөн Н.О, Х.Н нарын биед хүндэвтэр хохирол учруулсанд нь шүүгдэгч М.Х-д яллах дүгнэлт үйлджээ.

Эдгээр байдлуудаас дүгнэвэл Д.З, Б.Д, М.И нарын эрх ашиг хамгаалагдаагүй үлдсэн гэж үзсэн..., Мөн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараахи зөрчил илэрлээ. Үүнд: - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.д заасан “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэснийг зөрчиж шүүгдэгчийн хувьд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах шийдвэр гарсан, - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12., 33.3 дугаар зүйлийн 1.3.д заасныг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

Учир нь дээрх зүйл заалт нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө шатанд хийгдэх ажиллагаа юм. Шүүгдэгч М.Х-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1, 3, 4, 33.2 дугаар зүйлийг баримтлан 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 245 дугаартай захирамжаар шүүхэд шилжүүлсэн. - Зам тээврийн улмаас Б.Д, М.И нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэднийг энэ хэрэгт хохирогчоор тогтоох үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан шаардлага нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хөнгөн хохирол учирсан хүнийг хохирогч гэх боломжгүй.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх хохирлын хэр хэмжээ шинж чанарт оруулан тооцохгүй. Харин тэдгээр нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх талаар шаардлага тавьсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар тэднийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь зүйтэй. Гэвч Б.Д, М.И нар нь хавтаст хэргийн 134, 315 дугаар хуудсанд нэхэмжпэх зүйлгүй талаар хүсэлт бичиж хавтаст хэрэгт хавсаргуулсан. . Хавтаст хэргийн материалыг насанд хүрээгүй хохирогч Х.Н-д хууль ёсны төлөөлөгчийн хамт, хохирогч Н.О, яллагдагч М.Х нарт, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг иргэний нэхэмжлэгч Д.З нарт танилцуулан тэмдэглэл үйлдэгдсэн бөгөөд гэрч Б.Д, М.И нарт хэргийн материалыг танилцуулаагүй. Шүүгчийн захирамжид Д.З, Б.Д, М.И нарыг эрүүгийн хэргийн материалтай танилцуулсан гэж бичсэн нь үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 280 дугаар захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Л.М давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хохирогч’’-ийг “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ" (8.1) гэж тодорхойлсон. Гэтэл шүүгдэгч М.Х 2018 оны 2 дугаар сарын 02 ны өдөр 6850 ОРО улсын дугаартай машин жолоодон яваад зорчих хэсгийн эсрэг урсгал руу орсон үйлдлээс болж түүний машинд явсан X.Н хүндэвтэр гэмтэж, И хөнгөн гэмтсэн, иргэн Д.З-н машинд зорчиж явсан Н.О-н биед хүндэвтэр, Б.Д-н биед хөнгөн гэмтэл учирч, иргэн Д. З-н машин эвдэрснээс түүнд эд материалын хохирол учирсан байна. ...М.Х-ны замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж зам тээврийн осол гаргаж Н.О, X.Н нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл гэмт хэргийн шинжтэй байна эрүүгийн хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн 1825000000113 дугаар өгч, хэрэг мөрдөх ажиллагаа явуулахдаа эрүүгийн гэмт хэргийн шинжтэй ч бай, зөрчлийн хэргийн шинжтэй ч бай үйлдлээс болж биед нь хөнгөн гэмтэл учирсан иргэн Б.Д, М.И, эд материалын хохирол учирсан Д.З нарыг тухайн хэргийн хувьд хэн гэж тодорхойлох, шүүгдэгч болон энэ 3 иргэний хооронд үүссэн харилцаа болон Ш.Х нэр бүхий 3 иргэнд эрүүл мэнд, эд материалын хохирол хүлээлгэсэн нь ямар хуулиар ямар хариуцлага тооцсон, эсвэл тооцох гэж байгаагаа тайлбарлаж чадаагүй, энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн ямар учраас эрүүгийн хэргийг мөрдөх явцад Б.Д, Д.З нарыг хохирогчоор байцаагаад, мөрдөх ажиллагаа дуусахад энэ тухай мэдэгдэж, ямар нэгэн санал, гомдол байгаа эсэх тухай Б. Д-н саналыг бичүүлж хэрэгт хавсаргасан, Д.З-д учирсан эд материалын хохирлыг ямар үндэслэлээр төлүүлсэн зэргийг тайлбарлаж чадаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар Хохирогч: “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах; шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох; шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих; шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах; хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолын хувийг авах; шүүгч прокурор, мөрдөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах зэрэг эрхтэй” учир Шүүх “гэмт хэргийн шинжтэй нэг үйлдлийн улмаас учирсан хохирлуудыг шинжээр нь ялгаж зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасан “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэсэн зарчмыг зөрчсөн бөгөөд хохирогч нарын “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах" болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хязгаарлахад хүргэж эрхийг нь зөрчсөн байна” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна. Иймд Улсын яллагчийн эсэргүүцлийг хүчингүй болгон, Н.О, X.Н нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдэх явцад биед нь хөнгөн гэмтэл учирч, энэ талаар хохирогчийн мэдүүлэг өгч байсан иргэн Б.Д, М.И, унаж явсан машин нь эвдэрч эд материалын хохирол амссан Д.З нарыг тус хэргийн хохирогчоор тогтоож, шүүх хуралдаанд оролцон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх боломж олгоно уу гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ : Захирамж эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх тухай хуулийг зөрчсөн тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна…, Энэ талаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч М.Х нь 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг “Номин” агуулах худалдааны урд зам дээр 68-50 ОРО улсын дугаартай “Тоёото карина” маркын машин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 8.11.,10.1 дэхь заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд орж урдаасаа ирж байсан иргэн Д.З-н жолоодож явсан 35-71 ОРО улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машиныг мөргөсний улмаас зорчигч Н.О, Х.Н нарын биед хүндэвтэр хохирол, Д, И нарын биед хөнгөн хохирол, Д.З-н эд хөрөнгөд 4.955.000 төгрөгийн / машинд / хохирол учирсан үйл баримт болжээ. Гэтэл прокуророос шүүгдэгчийг зөвхөн Н.О, Х.Н нарын биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, бусад хохирогч нарт хөнгөн хохирол түүнчлэн эд хөрөнгөнд нь хохирол учирсан байхад энэ хэрэгт хамааралгүй мэтээр орхигдуулсан нь эрүүгийн хуулийг буруу ойлгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагааг журмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Х замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж осол гарсан, үүний улмаас Н.О, Х.Н нарын биед хүндэвтэр гэмтэл учирснаас гадна Д, И нарын биед хөнгөн хохирол учирч, Д.З-н эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдсон байхад тэднийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, учирсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамт нэг мөр шийдвэрлэх нь хуульд нийцэх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар ... эрүүгийн гэмт хэргийн улмаас хохирсон Д.З, Б.Д, М.И нарын эрх ашиг хамгаалагдаагүй үлдсэн... гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ. Түүнчлэн анхан шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөрдөн байцаалтын ажиллагааны энэ зөрчлийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх боломжтой боловч, энэ талаар талуудаас хүсэлт, гомдол гараагүйгээс гадна мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12.д заасан “...урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13,6.14,6.15,6.16. д заасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиод анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ...” гэснийг үндэслэл болгон М.Х-д холбогдох хэргийг хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанаас нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зөрчөөгүй байна. Иймд захирамжийг хэвээр үлдээж, “... анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллах дүгнэлтийн дагуу анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх...” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаасан 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 280 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА

Ц.ТУЯА