| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2023/0592/З |
| Дугаар | 128/ШШ2023/0998 |
| Огноо | 2023-12-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2023/0998
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД:/
Хариуцагч: Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх
Хариуцагч: Оюуны өмчийн газрын дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёлсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Прокурорын шаардлагын Г.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
1.2.Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Сахилгын шийтгэлийн ногдуулах тухай тоот тушаалыг хүчингүй болгуулах,
1.3. Г.*******ын 2023 оны эхний хагас жилийн тайлан дүгнүүлж, үр дүнгийн урамшуулал тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Г.******* нь иргэн ээс ирүүлсэн оюуны өмчийн эрх болон зохиогчийн эрхийг зөрчсөн гомдлоор[1] Улсын бүртгэлийн ******* дугаартай ашигтай загвар, улсын бүртгэлийн 10-0005078 дугаартай шинэ бүтээлийн патентыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан байж болзошгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйл 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар дугаартай Зөрчлийн хэрэг нээжээ[2].
2.2. Улмаар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, 04 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч ээс, 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч *******аас, 03 дугаар сарын 20-ны өдөр холбогдогч аас, 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрч өөс тус тус мэдүүлэг авч[3], мөн 04 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл[4] зэрэг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст дээрх гомдлоор үүссэн зөрчлийн хэрэг маргааныг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №13 дугаартай тогтоолоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ[5].
2.3. Уг шийдвэрийг гомдол гаргагч иргэн ийн өмгөөлөгчөөс эс зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасныг Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 874 дүгээр тогтоолоор “...зөрчлийн хэрэг бүртгэлтийн 57 хоногийн хугацаа дууссан, цаашид хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах боломжгүй хэмээн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн[6] тул мөн шийдвэрийг эс зөвшөөрч түүнийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорт гомдол гаргасан байна.
2.4.Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 145 дугаар тогтоолоор “...хэрэгт хохирогч, гэрч нараас “” ХХК-ийн ажил гүйцэтгэж байхдаа өөр уусмал ашиглаж байсан тухай мэдүүлж, тэр уусмалаас авсан дээжийг шинжилгээнд өгөхөд шингэн шил илэрсэн тухай Геоаналтик лабораторийн шинжилгээний хариу хэргийн материалд хавсаргасан байхад түүнийг тогтоох, нотлох ажиллагааг хийгээгүй нь зөрчил үйлдсэн гэж дүгнэх үндэслэл...” хэмээн нэхэмжлэгч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Г.*******ын гаргасан 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зөрчлийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол, хяналтын прокурор ийн оролцогчоос гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 874 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгожээ.
2.5. Гэвч дээрх тогтоолын дагуу зөрчлийн дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг сэргээн, үргэлжлүүлэн явуулсан хэдий ч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч А.Т*******ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 13А тогтоолоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан үндэслэлээр Зөрчлийн хэргийг дахин хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна[7].
2.6. Гэтэл Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор оос Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч нарын зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан хэргүүдийг хянаад холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, гаргасан зөрчлийг арилгуулахаар Прокурорын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаар прокурорын шаардлагыг[8] бичиж, Оюуны өмчийн газрын дарга д хүргүүлсэн.
2.7.Уг шаардлагыг хүлээн авсан Оюуны өмчийн газрын дарга 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тушаалаар “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн тус газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлагч байцаагч ******* *******д ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ажээ.
2.8.Сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан болох Г.*******оос дээрх Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор ын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаар прокурорын шаардлага, Оюуны өмчийн газрын дарга 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тушаалуудыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба эдгээр нэхэмжлэлийн шаардлагатай хамт өөрийн 2023 оны эхний хагас жилийн тайлан дүгнүүлж, үр дүнгийн урамшуулал тооцуулахаар ханджээ.
2.9.Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор ын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Прокурорын шаардлагын Г.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2023/6006 шүүгчийн захирамжаар[9] “...Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй, 3.1.4-т хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.1-т захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж тус тус зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн...” боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШТ2023/0709 дугаар шүүхийн тогтоолоор[10] “...нэхэмжлэлд тодорхойлсон прокурорын шаардлагатай холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарна...” гэж шийдвэрлэсэн тул тус шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ‘’2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Прокурорын шаардлагад эрх бүхий албан тушаалтан Г.******* нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 03 дугаар сарын 22-ны өдөр, 04 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч ээс, 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч *******аас, 03 дугаар сарын 20-ны өдөр холбогдогч аас, 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрч өөс тус тус мэдүүлэг авсан. 04 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэнээс өөр ажиллагаа хийхгүйгээр хэргийг 57 хоног дарагдуулсан’’ гэжээ. Энэ хугацаанд зөрчлийн хэргийн материалд авагдсан 100 гаруй хуудас материалыг уншиж танилцаж, судлан шинжлэх ажиллагаа хийгдсэн бөгөөд хохирогч талаас нэмэлт нотлох баримт болон гэрчээр мэдүүлэг авхуулна гэсний дагуу хүлээсэн билээ. Зөрчлийн хэрэг бүртгэлийн нийт хугацаанд хохирогч, холбогдогчоос мэдүүлэг авах, газар дээр очиж үзлэг хийх, шаардлагатай тохиолдолд эд зүйл, баримт бичиг хурааж авах гэх мэт үндсэн ажиллагаануудыг хийдэг. Зөрчлийн хэргийг нийт 58 хоног шалгах ёстой. Сүүлийн 30 хоногийг хяналтын прокурор сунгаж өгсөн. Энэ бүхий л хугацаанд хийгдсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай прокурор танилцсан. 57 хоногийн хугацаанд хэргийг дарагдуулсан гэх прокурорын шаардлага хуульд нийцэхгүй байна гэжээ. [11]
Хэрэгт 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нотлох баримт цуглуулах зорилгоор туршилт явуулсан боловч энэ талаах үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5, 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэжээ. ‘’Тухайн үед хийсэн ажиллагаа нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор тухайн процессыг газар дээр ямар ажиллагаа явуулж байгаа талаарх хийсэн үзлэг байсан...’’ Мөн энэ ажиллагаанд хохирогч, холбогдогч тэдгээрийн өмгөөлөгчөөс ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд тухайн үед хяналтын прокурор тус хэргийг татаж танилцсан гэжээ.
нь ‘’’’ ХХК-д ажил гүйцэтгэж байхдаа өөр уусмал ашиглаж байсан тухай мэдүүлж хохирогч, гэрч нараас тус уусмалаас авсан дээжийг шинжилгээнд өгөхөд шингэн шил илэрсэн тухай Геоаналитик лабораторийн шинжилгээний хариу хэргийн материалд хавсаргасан байхад түүнийг тогтоох нотлох ажиллагаа хийгээгүй нь зөрчил үйлдсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчжээ’’ гэжээ. Шинжилгээний хариуд шингэн шил илэрсэн нь тухайн патентыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй... ‘’Патентын тухай хуулийн 47.1 дэх хэсэгт ‘’Патентын эрхийн хамгаалалтын хүрээг шинэ бүтээл, ашигтай загварын хувьд томьёололд зааснаар, бүтээгдэхүүний загварын хувьд тодорхойлолтод зааснаар тодорхойлно’’ гэж заасан. Өөрөөр тухайн шинэ бүтээл хэдэн томьёололтой, тэр томьёололд юу гэж бичсэн байна, яг тэр томьёоллын хүрээнд хамгаалагдах болохоос нэг орц нь таарч байвал зөрчсөн гэж үзэхгүй...’’ Нийт 4 томьёололтой шинэ бүтээлийн нэг ч томьёоллыг хуулбарлаагүй, дуураагаагүй, төсөөтэй зүйл ч байхгүй байхад зөрчил гаргасан гэж үзэх эрх зүйн боломжгүй юм гэжээ.
Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ‘’Албан тушаалын тодорхойлолтод заасан ямар зорилго, зорилт, [12] чиг үүргийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэх нь тус тушаал дээр тодорхой бус хэрхэн сайжруулж ажиллахаа ойлгохгүй байхад тайлбар хийлгүй шийтгэл оногдуулсан. ...’’Мөн ямар зорилго зорилт, чиг үүргийг биелүүлээгүй, ямар зөрчил гаргасныг дахин гаргуулахгүй гээд байгааг, албаны ямар сахилгын хариуцлага, алдсан гэдгийг ямар ажиллагаа хийж тогтоогоод сахилгын шийтгэл оногдуулж байгаа гэдэг нь тодорхойгүй’’ байна. ...’’Прокурорын шаардлагын үнэн зөвийг олж тогтоохгүйгээр, эрх зүйн үндэслэлгүй шаардлагыг хүлээн авч, арга хэмжээ авах нь хуулийн хүрээнд нийцэхгүй’’... байна гэжээ.
Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ...’’Ар гэрийн гачигдлын улмаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/31 дугаартай тушаалаар захиргааны чөлөөтэй байсан...’’ 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ороод тайлангаа өгч дүгнүүлэх гээд Хяналт, шалгалтын газрын дарга дээр ортол би мэдэхгүй захиргаатай уулз гэсэн. Эрх зүй, хүний нөөц хариуцсан ажилтнаас асуутал дүгнэх хугацаа өнгөрсөн. Тайлангаа хугацаанд нь өгөөгүй тул дахин дүгнэх боломжгүй гэсэн...[13]’’ гэжээ.
3.2. Хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...’’ Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн Прокурорын газраас тус газрын эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг хэрэг бүртгэлт явуулсан хэргүүдийг хянаж, илэрсэн зөрчлийн арилгуулахаар 2023 оны дугаар Прокурорын шаардлагыг тус газарт ирүүлснийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Тус газраас Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зорилгоор эрх бүхий албан тушаалтанд сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг танилцуулж, саналыг бичгээр авч сонсох ажиллагаа явуулсан.
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 162 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалын тодорхойлолтын зорилго нь Монгол улсын Оюуны өмчийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан зөрчлүүдийг шалган шийдвэрлэх, хяналт тавих зорилгыг хэрэгжүүлж ажиллахаар заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган шийдвэрлэх, хяналт тавих зорилтыг бүрэн хэрэгжүүлээгүй болох нь Прокурорын шаардлага, сонсох ажиллагааны саналаар тогтоогдсон.
Төрийн албан хаагч хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийнхээ төлөө бүрэн хариуцлага хүлээх үүрэгтэй бөгөөд сонсох ажиллагааны санал, Прокурорын шаардлагын дагуу Төрийн албаны тухай хуулийн 37.1.13 дахь заалтад заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Оюуны өмчийн газрын дарга сахилгын шийтгэл оногдуулсан... Прокурорын шийдвэрийг хянах эрх манай байгууллагад олгогдоогүй. Харин зөрчил арилгах тухай прокурорын шаардлагын дагуу арга хэмжээ зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч хариу мэдэгдэх үүрэгтэй.
2023 оны эхний хагас жилийн тайлан дүгнүүлж, үр дүнгийн урамшуулал олгуулах нэхэмжлэлийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 52.1-д ‘’Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ’’, Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ‘’Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн түвшинг үнэлэх журам’’-ын 3.2-т ‘’Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг хагас жилээр 06 дугаар сарын 15-ны дотор ... тайлагнана.’’, 4.4-т ‘’Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний эхний хагас жилийн баталгаажуулсан тайланг 06 дугаар сарын 17-ны дотор ...байгууллагын үнэлгээний багт хүргүүлнэ.’’, 4.7-д ‘’Байгууллагын үнэлгээний баг албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг 06 дугаар сарын 20-ны дотор ... баталгаажуулна’’ гэж заасан бөгөөд журмын 4.14.1. ‘’А буюу Маш сайн’’, 4.14.2. ‘’В буюу Сайн’’ үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд үр дүнгийн урамшуулал олгож болохоор тусгасан.
Г.*******ын хувьд хувийн шалтгаанаар чөлөө авах үедээ тухайн хугацаанд хийсэн ажлаа нэгжийн удирдлагадаа тайлагнаж, хүлээлгэж өгөхгүйгээр явсан, 2023 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийг батлагдсан маягтын дагуу тайлагнаагүй учир нэгжийн даргын хувьд дүгнэх боломжгүй байсан. ...Нэгжийн дарга үүний талаар Г.*******д танилцуулахад ажлаа хүлээлгэж өгөөгүй, тайлагнаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч ‘’нэг сард нь ээлжийн амралттай байсан, нэг сард нь чөлөө авсан болохоор ажлын хувьд тоймтой тайлагнах зүйл бага байгаа’’ гэх агуулга бүхий зүйлийн хэлсэн байдаг бөгөөд дээрх асуудлаар нэгжийн дарга болон байгууллагын удирдлагад гомдол гаргаагүй болно[14]” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрх бүхий албан тушаалтан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буюу зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс хойш хохирогч ээс 2 удаа, холбогдогч , гэрч , хохирогч ******* нараас тус бүр 1 удаа мэдүүлэг авч, арьс зумлах үйл ажиллагаанд 1 удаа үзлэг хийхээс өөр зөрчлийг нотлох, эсхүл үгүйсгэх талаар ажиллагаа хийлгүйгээр зөрчлийн дарагдуулсан Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч ээс 15 цаг 30 минутад мэдүүлэг авч эхэлсэн боловч 15 цаг 15 минутад мэдүүлэг эхлэхээс өмнө мэдүүлгийг дуусгасан мэтээр тэмдэглэл үйлдсэн нь мөн хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг, ...Эрх бүхий албан тушаалтан Г.*******ын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлд ‘’...патентын зөрчлийг тогтоох, зорилгоор арьс ширний үйлдвэрт хийж ... Ш******* ХХК-ийн байрны булангийн өрөөнд хар ямааны арьс 5 ширхгийг, улаан ямааны арьс 5 ширхгийг, сонгож, лац шуудай нь задраагүй натри, бөсгөсөн шохой оруулж ирэв. Уг өрөө нь 15 градусын дулаантай байв. Уг өрөөнд байсан 5 литрийн савлагаатай лацтай цэвэр ус задлав. 3.6 литр усанд 420 грамм натри хийж хутгав. Натри хутгасан усанд MNS 6738:2018 стандартын бөсгөсөн шохойг 960 грамм хийв. Хутгасан усны PH нь 12.5 хэмжээтэй байв. Хольж хутгасан шингэнийг 10 минут амраав. 3.6 литр шингэнээс 200 грамм дээж авч, үлдэгдэл 3.4 литр шингэнээр 9 арьсанд түрхэж хүрэв. Нийт 9 арьсанд шингэнийг 12 цаг 47 минутад түрхэж дуусав. Өрөөнд үлдэж цоожлов /лацдав/ 17 цаг 40 минутад лацдаж цоожилсон өрөөг онгойлгож, өрөөнд ороод арьсны үсийг гараар татахад шууд салж байна... ‘’ гэх тэмдэглэл зэргээс үзэхэд үзлэг бус тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх зорилготой туршилт явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг,
Холбогдогч нь ‘’’’ ХХК-д ажил гүйцэтгэж байхдаа өөр уусмал ашиглаж байсан тухай мэдүүлж, хохирогч, гэрч нараас, тэр уусмалаас авсан дээжийг шинжилгээнд өгөхөд шингэн шил илэрсэн тухай Геоаналитик лабораторийн шинжилгээний хариу хэргийн материалд хавсаргасан байхад түүнийг тогтоох, нотлох ажиллагаа хийгээгүй нь зөрчил үйлдсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна...[15] Прокурорын шаардлага нь Прокурорын тухай хуулийн 35 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь хууль ёсны байгаа эсэхэд хяналт тавих бүртгэлийн хяналтын ажиллагаа юм. Миний бие Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэлт хяналт тавих хэлтсийн даргаар 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр томилогдож ирсэн. Тухайн үед хяналтын прокурор т энэ хэргийн оролцогч болох хохирогч талаас хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргасан байсан. прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх гомдлыг оролцогчоос 2023 оны 06 дугаар сард гаргасан байдаг. Гомдолтой холбогдуулан тухайн хэргийг татаж хянаад Зөрчил шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дэх хэсэгт заасны дагуу уг ажиллагааг хийсэн. Оюуны өмчтэй холбоотой маргаан буюу зөрчлийн хэрэгтэй холбоотой маргаан нь 58 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байдаг. Өөрөөр богино хугацаатай шалгагддаг хэрэг юм. Холбогдогч болон хохирогчийн гаргаж буй гомдлууд аль аль тал нь үндэслэлтэй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзсан хоёр шийдвэрийг прокурор хуульд заасан эрх, хэмжээний хүрээнд хянана. Шийтгэл оногдуулсан шийдвэрийг бүртгэдэг. Шийтгэл оногдуулсан шийдвэрт харьяалах шүүхэд нь гомдол гаргана. Прокурор гомдлыг хүлээн авахгүй байх зохицуулалт байдаг. Иймд хэрэгсэхгүй болгосон хэрэгт гаргасан оролцогчийн гомдлыг дээд шатны прокурор хүлээн авч хянасан. Дээд шатны прокурор хүлээн авч хянахад Г.*******ын хянасан буюу шалган шийдвэрлэсэн хэрэг нь процессын алдаатай байсан. Процессын алдаа гаргасан эсэхтэй холбоотой оролцогч нар гомдол гаргаагүй гэж тайлбарладаг. Тухайн процессын алдаа гарсан эсэхийг прокурор хянадаг. Харин оролцогч тал хянахгүй юм. Мөн оролцогч нар процессын алдаатай байна гэдгийг мэдэхгүй. Оролцогч тал гомдол гаргаагүй бол эрх бүхий албан тушаалтан процессын алдаа гаргах эрхийг хуулиар зөвшөөрч, тэрхүү эрхийг олгоогүй юм. Үүнийг хуулийн хүрээнд байгаа эсэхийг прокурор хуулиар олгосон эрх, хэмжээний хүрээнд хянаж үзнэ. Зөрчлийн шинжгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх бүхий албан тушаалтны эрх юм. Хяналтын прокурорын хариуд хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан талаар дурдсан байдаг. Оролцогчийн гаргасан гомдлыг прокурор хуульд зааснаар хянана. Эрүүгийн хуулиас зөрчлийн хууль хэрхэн ялгаатай вэ? гэхээр оролцогч гомдол гаргасан тохиолдолд, эсхүл зөрчлийн хэргийн хугацааг сунгах тохиолдолд прокурор тухайн хэрэгт эрх, хэмжээний хүрээнд оролцдог. Харин Эрүүгийн хэрэг шиг өөрийн эрх нь үүсээгүй байхад ажиллагаанд оролцож, эрх бүхий албан тушаалтны шийдвэрт нөлөөлөх зүйлийг Зөрчлийн тухай хуульд тусгаж өгөөгүй юм. Зөрчлийн тухай хуульд заасан хуулийн хүрээнд шийдвэрээ гаргана. Хэргийн хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой асуудлыг шаардлагад тусгаагүй. Нэхэмжлэгчийн гаргаж буй тайлбар болон 7 ажиллагаа хийсэн, 57 хоног дууссантай холбоотой асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа юм. 7 ажиллагаа хийгдээд дууссан тохиолдолд ямар зорилгоор өөр дээрээ хадгалдсан бэ? гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Хохирогч талын гаргасан гомдолтой холбогдуулан ажиллагааг нэмэлтээр хийлгэх зорилгоор ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг тодруулах гэхэд хэрэгт ажиллагаа хийх боломжгүй хэргийн хугацаа өнгөрсөн бөгөөд прокуророос хэргийн хугацаа дууссан талаар хариу тайлбарлаж өгсөн байдаг. Дээд шатны прокурор оролцогчийн гомдлоор хэргийг хүлээж авахад 57 хоног ажиллагаа явуулаад 58 хоног буюу 1 хоног дууссан байсан. 58 хоногийн 1 хоног дээр нь дээд шатны прокурор өөрийн эрх, хэмжээний хүрээнд шалгаж 1 хоног үлдсэн байна, хохирогч тал болон холбогдогч талын нотлох баримтууд авагдсан байх бөгөөд үүнд шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэн тухайн 1 хоногт эргэлзээтэй асуудал дээр шийтгэл оногдуулж, хэрвээ маргаан байх тохиолдолд нээлттэй шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна гэж дүгнэсэн. Учир нь үргэлжлүүлэн хийх ажиллагаа байхгүй. Прокурор болон эрх бүхий албан тушаалтны хуулиар тогтоосон хугацаа дууссан үндэслэлээр гомдлыг шийдвэрлэж буцаасан юм. Гомдлыг буцаахдаа эрх бүхий албан тушаалтан процессын алдаа гаргасан байна. Тухайлбал туршилт хийгээгүй гэж тайлбар гаргасан. Туршилт хийсэн талаар холбогдох баримт хэрэгт авагдсан талаар мөн тайлбартаа дурдаж өгсөн. Эрх бүхий албан тушаалтан ямар үндэслэлээр үзлэг гэж тодорхойлж байгаа нь эргэлзээтэй юм. Үзлэг гэдэг нь тэмдэглэл, орон байр, бичиг баримт зэрэгт үзлэг хийгээд тэмдэглэл хөтлөхийг Зөрчлийн шалган шийдвэрлэх хуульд тусгаж өгсөн байгаа. Туршилт хийхийг Зөрчлийн хуулиар хориглоогүй. Харин хуулийн 9.1 дэх хэсэгт заасан тусгай журмын хэрэгт туршилт хийхийг зөвшөөрсөн байдаг. Харин 9.1 дэх хэсэгт заагдаагүй ердийн журмаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах хэрэг дээр хийх ёсгүй ажиллагааг хийсэн байна. Холбогдох баримтаас дүгнэхэд энэ нь үзлэг бус туршилт байна. Туршилт хийх тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хуулийн 4.11 дэх хэсэгт заасан магадалгаа гаргах эрхтэй. Үүнийг дүгнэлт дээрээ дурдаж, албан ёсны нотлох баримт болгон үнэлсэн бол шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил үнэлэх боломжтой. Мөн тусгай мэдлэгтэй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан магадалгаа гаргах эрх нь хуулиар олгогдсон юм. Мэргэжлийн шинжээч оролцуулж болохоор байна гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргадаг. 7 удаагийн ажиллагаа хийгээд бусад ажиллагаа хийхгүй байх хугацаанд мэргэжлийн шинжээч оролцуулах мөн гэрчийн мэдүүлэг авах боломжтой байсан. Хохирогч талаас холбогдох нотлох баримтууд авагдсан байна. Албан ёсны гомдлын дагуу хэрэгт татах тогтоол явуулсан. Гомдол гаргаагүй тохиолдолд тухайн хэргийг татаж авах эрх нь хуулиар олгогдоогүй. Гомдол гаргасны хүрээнд шийдсэн. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж гүтгэж байгаа нь хүний нэр төрд халдаж байна. Хэрэгт цугларсан нотлох баримын хүрээнд прокурор хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шаардлагыг хүргүүлсэн. Шаардлага гарснаар гомдлоор шийдвэрлэсэн. Тухайн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.3 дэх хэсэгт зааснаас үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зүйлчлэлд огт хамаарахгүй юм. Прокурор хуулийн хүрээнд эрх бүхий албан тушаалтны хууль бус ажиллагааг таслан зогсоохын тулд прокурорын шаардлагыг хүргүүлдэг. Прокурорын шаардлага үнэн, зөв эсэхийг тогтоохгүйгээр тухайн байгууллага арга хэмжээ авсан талаарх тайлбар гаргасан. Энэ нь прокурорын эрхэд халдаж байна. Эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн бол тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, гаргасан алдааг нь залруулахаар шаардлага бичих эрх нь прокурорын тухай хуулиар олгогдсон юм. Хуулиар олгогдсон эрх, хэмжээнийхээ хүрээнд шаардлага бичихэд тухайн байгууллага прокурорын шаардлагад дүгнэлт хийх эрх нь хуулиар олгогдоогүй. Удаа дараа, олон хоног ажлаа хийхгүй дарагдуулж байгаа нь оролцогч нарын зөрчсөн зөрчлийг тодорхойлж, мөн процессын алдааг тодорхойлж хууль зөрчсөн үйлдлээ арилгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй үйлдэлд хариуцлага тооцох зэрэг прокурорын хуульд заасан эрх, хэмжээнд эрх бүхий албан тушаалтан, эрх бүхий байгууллага халдах эрхгүй.[16]” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн талаар:
4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно”, 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж хуульчилсан байгаагаас үзвэл Зөрчлийн хэргийн хэрэг бүртгэлтийн боломжит хугацаа нь нийт 58 хоногт явагдаж дуусахаар байна.
4.3.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Г.******* нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дугаар зөрчлийн хэргийг нээж, Улсын бүртгэлийн ******* дугаар ашигтай загвар улсын бүртгэлийн 10-0005078 дугаартай шинэ бүтээлийн патентын эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан байж болзошгүй үйлдэлд холбогдуулан хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч *******аас мэдүүлэг авах[17] ажиллагааг хийж явуулснаас хойш огт ажиллагаа хийлгүйгээр хэргийг дээр дурдсан Зөрчлийн хэргийн хэрэг бүртгэлтийн боломжит хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдлоо.
4.4.Үүнээс үзвэл нэхэмжлэгч Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Г.*******ыг ... хэргийг 57 хоног дарагдуулсан... хэмээн буруутгах үндэслэлгүй юм.
4.5.Харин түүнийг зөрчлийн хэргийг нээснээс хойш 47 хоногт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж явуулсан атлаа үлдэх 13 хоногт ямарваа нэг ажиллагаа огт хийлгүйгээр хэргийг шалтгаангүйгээр хэргийг дарагдуулан Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг ханг.ах”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д “...ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах...” нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэлээ.
4.6.Өөрөөр хэлбэл тэрээр ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүргээ биелүүлээгүй, бусад байдлаар зөрчлийн шинж байдлыг үүсгэсэн байна.
4.7.Иймд Прокурорын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Прокурор зөрчил шалган шийдвэрлэх, ...ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар шаардлага бичнэ” гэж заасны дагуу Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор оос “...нэхэмжлэгч Г.*******ыг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлж хэргийн шийдвэрлэлтийн байдалд тавих хяналтыг сайжруулах,...албаны сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг өндөржүүлэх, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авхуулахаар бичсэн 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн дугаар ‘’ хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай” прокурорын шаардлага нь Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудад нийцэж байх тул түүнийг хүчингүй болгох боломжгүй юм.
4.8.Дээрх “Прокурорын шаардлага”-ыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээг авч, Прокурорын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснаар 15 хоногийн дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй ажээ.
4.9.Маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн дугаар ‘’ Хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай” прокурорын шаардлагыг хүлээн авсан Оюуны өмчийн газрын даргын хувьд маргааны үйл баримтад дурдсан асуудлыг тодруулахаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Эрх зүй, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн гээс Прокурорын газраас ирүүлсэн шаардлагын талаар эрх бүхий албан тушаалтан Г.*******д мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулан[18] 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр түүнээс хариу тайлбар авч,[19] улмаар нэхэмжлэгч Г.*******ыг зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан зөрчлийн дугаартай хэрэгт “...57 хоног хэрэг дарагдуулсан,...2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нотлох баримт цуглуулах туршилт явуулсан боловч энэ талаар үзлэг хийсэн тухай гэх тэмдэглэл үйлдсэн, ... нь ХХК-д ажил гүйцэтгэж байхдаа өөр уусмал ашиглаж байсан тухай мэдүүлж, хохирогч, гэрч нараас тэр уусмалаас авсан дээжийг шинжилгээнд өгөхөд шингэн шил илэрсэн тухай Геоаналитик лабораторийн шинжилгээний хариу хэргийн материалд хавсаргасан байхад түүнийг тогтоох, нотлох ажиллагаа хийгээгүй зөрчил үйлдсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон зөрчлүүд илэрсэн гэж үзэн түүнд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн хэмээн Төрийн албаны тухай хуулийн 48.1.1-д заасан ‘’өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах’’ сахилгын шийтгэл ногдуулах саналыг Оюуны өмчийн газрын даргад хүргүүлсэн байна.[20]
4.10.Хариуцагч Оюуны өмчийн газрын дарга дээрх саналыг хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тоот тушаалаар Г.*******ыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.1 “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” заасан заалтыг хууль зүйн үндэслэн болгон сахилгын шийтгэлийг оногдуулж[21], 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр прокурорын шаардлагын хүрээнд сонсох ажиллагаа явуулан, холбогдох сахилгын шийтгэл оногдуулсан талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх од албан бичиг хүргүүлсэн байна.
4.11.Захиргааны байгууллагын энэ үйл ажиллагааг нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасан захиргаанаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах, ялангуяа сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах тохиолдолд уг этгээдэд захиргааны холбогдох үйл ажиллагааны талаар урьдчилан мэдэгдэж, шалтгаан нөхцөлийг тодруулж, нөхцөл байдлыг тогтоосны эцэст шийдвэр гаргах ёстой талаарх шаардлагыг хангасан гэж үзлээ.
4.12.Мөн энэ тохиолдолд шүүхээс зөвхөн нэхэмжлэгч Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Г.*******ыг ...зөрчлийн хэргийг нээж холбогдох ажиллагааг хангалттай хийж явуулсан атлаа 13 хоног ямарваа нэг ажиллагаа огт хийлгүйгээр хэргийг шалтгаангүйгээр дарагдуулсан үйлдэлд хариуцагчаас ногдуулсан сахилгын шийтгэл ногдуулах хангалттай үндэслэл гэж үзсэн болохыг дурдах зүйтэй.
4.13.Иймээс дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлээр хариуцагч Оюуны өмчийн газрын дарга ы 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Сахилгын шийтгэлийн ногдуулах тухай тоот тушаалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
4.14.Эцэст нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ”, 38.1.2-т “энэ хуульд заасны дагуу үйл ажиллагааны үр дүнг үнэлэхийг харьяалах дээд шатны удирдах ажилтнаас шаардах, үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх’’, 51 дүгээр зүйлийн 51.1.4-т “улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох”-оор заасан ба харин нарийвчилсан зохицуулалтыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар “Журам батлах тухай” тогтоолоор[22] журамласан байна.
4.15.Хэргийн материалаас үзвэл Оюуны өмчийн газрын дарга ы 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/31 тушаалаар нэхэмжлэгч Г.*******д 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд цалинтай чөлөөтэй байжээ[23].
4.16.Гэвч тэрээр энэ хугацаанд тэрээр дээрх хуульд заасан 2023 оны хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгээ дүгнүүлэхдээ холбоотой албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй болох гүйцэтгэлийн үнэлгээний тайланг батлагдсан маягтын дагуу гаргаж өгч ирүүлээгүй[24].
4.17.Өөрөөр хэлбэл дээрх Засгийн газрын тогтоолоор баталсан журмын хавсралтын 3.1-д “Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг өөрийн гарын үсгээр баталгаажуулан хагас, бүтэн жилээр батлагдсан загварын дагуу тайлагнана”, 3.2-т “Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг хагас жилээр 6 дугаар сарын 15-ны дотор..., заасны дагуу өөрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй аж.
4.18.Тиймээс холбогдох нэгжийн дарга нараас Г.*******ын ажлын гүйцэтгэл, мэргэжлийн үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлээгүй[25] ба 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ‘’Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээний санал хүргүүлэх тухай албан бичигт нэхэмжлэгч Г.******* болон нэр бүхий албан хаагчдын үр дүнгийн урамшуулал олгохгүй байх саналыг Оюуны өмчийн газрын дарга д хүргүүлсэн байна.[26]
4.19.Иймд нэхэмжлэгч Г.*******ын гаргасан 2023 оны эхний хагас жилийн тайлан дүгнүүлж, үр дүнгийн урамшуулал тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.16, 38 дугаар зүйлийн 38.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.*******оос Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх од холбогдуулан гаргасан ‘’2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Прокурорын шаардлагын Г.Бат-Огилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Оюуны өмчийн газрын дарга д холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэлийн ногдуулах тухай” тоот тушаалыг хүчингүй болгуулах”, “Г.*******ын 2023 оны эхний хагас жилийн тайлан дүгнүүлж, үр дүнгийн урамшуулал тооцуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтас хэргийн 12-15 хуудас
[2] Хавтаст хэрэг 10 хуудас
[3] Хавтаст хэрэг 16-27 хуудас
[4] Хавтаст хэрэг 30-31 хуудас
[5] Хавтаст хэрэг 46-47 хуудас
[6] Хавтас хэргийн 48-49 хуудас
[8] Хавтас хэргийн 99-100 хуудас
[9] Хавтас хэргийн 50-51 хуудас
[10] Хавтас хэргийн 61-63 хуудас
[11] Хавтаст хэрэг 1 хуудас
[12] Хавтаст хэрэг 2 хуудас
[13] хавтаст хэрэг 3 хуудас
[14] Хавтаст хэрэг 69 хуудас
[15] Хавтаст хэрэг 97-98 хуудас
[16] Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзнэ үү.
[17] Зөрчлийн хэргийн материалын 45-47 хуудас
[18] Хавтаст хэрэг 77 хуудас
[19] Хавтаст хэрэг 81-82 хуудас
[20] Хавтаст хэрэг 84 хуудас
[21] Хавтаст хэрэг 8 дэх тал
[23] Хавтаст хэрэг 9 хуудас
[24] Хавтаст хэрэг 91 хуудас
[25] Хавтаст хэрэг 93 хуудас
[26] Хавтаст хэрэг 94 хуудас