Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 11

 

                                                                                             

 

Ж Д Ү Х С-гийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02188 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХААХҮЯ-Ж Д Ү Х С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б”- ХХК, Э.О-нарт холбогдох  

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 116 942 169 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч “Б”- ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Халиун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “Б”- ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2016/3-33 тоот зээлийн гэрээ болон 2016/Б-ЗЗ тоот барьцааны гэрээ байгуулан 114 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Хуурай сүү боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Э.Оюунсүрэнгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021836 дугаартай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт гудамж 26/2 тоот хаягт байршилтай 146.68 м.кв аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 5 339 070 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 785 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд Сан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2016/3-33 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 114 000 000 төгрөг, зээлийн хүү 2 685 673 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 235 496 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 116 942 169 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Э.Оюунсүрэнгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021836 дугаартай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт гудамж 26/2 тоот хаягт байршилтай 146.68 м.кв аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

  • Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Б”- ХХК, Э.О-нараас 116 942 169 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХААХҮЯ-Ж Д Ү Х С-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021836 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000532001 дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт гудамж, 26/2 тоот хаягт байршилтай, 146.68 м.кв талбай бүхий, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар хариуцагч “Б”- ХХК, Э.О-нараас улсын тэмдэгтийн хураамжид 812 760 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Б”- ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхболд давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг “Б”- ХХК нь Ж Д Ү Х С-тай 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулж, 60 сарын хугацаатайгаар, нийт 114 000 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн зориулалтыг хэрэгжүүлэх төсөл удаашралтай байсан боловч бид зээлийн хүүнд тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг төлж байсан, мөн гэрээний хугацаа нь 2021 оны 12 дугаар сард дуусах ёстой байсан бөгөөд энэ хугацаанд зээлдэгч нь мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэх, зээлийн эргэн төлөлтийг хэвийн болгох боломжтой байсаар байтал зээлдүүлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ХХААХҮЯ-Ж Д Ү Х С- нь хариуцагч “Б”- ХХК, Э.О-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 116 942 169 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2016/3-33 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 114 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 1 жилийн 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө 2016/Б-33 дугаартай барьцааны гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021836 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000532001 дугаартай гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт гудамж, 26/2 тоот хаягт байршилтай, 146.68 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нар нь зээлийн хүүд 5 339 070 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийгээгүй, зээлийн хүүгийн төлбөрт 5 339 070 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 114 000 000 төгрөг, зээлийн хүү 2 685 673 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 235 496 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 116 942 169 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна” гэжээ.

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281.1 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэрээний харилцаа үүссэн, мөн зээлийн хүү шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т “Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Ж Д Ү Х С-гийн Төрийн сан дахь 900037019 тоот дансанд сар бүрийн 20-нд үл маргах журмаар төлнө гэж заасан байх тул хариуцагч нар нь сар бүр зээл, зээлийн хүүг төлөх” үүрэг хүлээжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг нэхэмжлэгчид сар бүр төлөх үүргээ зөрчсөн, нэхэмжлэгчээс үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсэн талаарх үйл баримтыг шүүх зөв тогтоож, нэхэмжлэгч Ж Д Ү Х С- нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцалсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарт үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг олгосон байна гэж үзэн түүний гэрээнээс татгалзах эрхтэй талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Шүүх зээлийн гэрээний үүрэг болон зээлийн хүүгийн тооцооллыг зөв тооцож, хариуцагчийн зээлийн хүүд төлсөн төлбөрийг хасч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нийт 116 922 169 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ж Д Ү Х С- болон хариуцагч “Б”- ХХК, Э.О-нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2016/Б-33 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204005968 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 9 дүгээр байрны 35 тоот байршилтай, 28 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Мөн шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал болох 20 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн баримтад нийцсэн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Б”- ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Б”- ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б”- ХХК-иас төлсөн 743 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН