Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2024/02391

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2024/02391

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, **** овогт Н*******н М*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:****** дүүргийн ** дугаар хороо, **********, У******* ******* ******* *******д холбогдох,

 

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн авлага хэсэгчлэн барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 4.574.577 төгрөгийн өр төлбөргүйд тооцож, хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс 1.000.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш хэрэглэсэн цахилгааны төлбөрт хасаж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цахилгааны хэрэглээг хууль бусаар өөр хүн ашиглаж, хэрэглээд байгаа тухай 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр У******* ******* дүүргийн *******д өөрийн биеэр очиж, хэрэглэгчийн гэрээг өөрийн нэр дээр болгох, цахилгааны хэрэглээг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг бичгээр өгч, улмаар 70047004 дугаарын утсанд удаа дараа баталгаажуулж мэдэгдэж байсан. Учир нь миний өмчлөлийн **** дүүргийн ** дүгээр хороо, **** гудамж, ** тоот орон сууцанд Д.О******* гэгч хууль бусаар амьдарч, орон сууцыг чөлөөлж өгөхгүй, дотор нь амьдарч цахилгаан хэрэглэж байсан тул уг хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн дагуу хэрэглэгчийн гэрээг миний нэр дээр хийсэн боловч хамгийн гол цахилгааны хэрэглээг түр түдгэлзүүлэх ажиллагааг мэргэжлийн байгууллагын хувьд хийгээгүйгээс өнөөдөр өөрөө хэрэглээгүй, ашиглаагүй, цахилгааны өр 4.574.577 төгрөгийн төлбөрт орж хохирч байна. Энэ хугацаанд төлбөрийн мэдээлэл миний утсанд огт ирээгүй. Гэтэл 2022 оны 8 сарын эхээр 3.800.000 төгрөгийн өр төлбөртэй, алданги тооцогдож байгаа тухай авлагын хэлтсээс анх удаа мэдэгдсэн ба тэр даруй 70047004 дугаарын утсанд цахилгааны хэрэглээг түдгэлзүүлэх тухай дахин мэдэгдэж, өөрөө удаа дараа хандсаны үр дүнд 8 дугаар сарын 23-ны өдөр түдгэлзүүлэх ажил хийгдсэн. Энэ хүртэл надад мессежээр нэг ч мэдээлэл ирж байгаагүй бөгөөд танил талын харилцаагаараа цахилгааныг түдгэлзүүлээгүй байсан. Энэ ажиллагааг түгээх станцын дарга болон бүх хэлтэс, тасагт очиж шаталсан арга хэмжээ авахуулж байж түдгэлзүүлэх ажиллагаа хийлгэсэн. Иймд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр цахилгааны төлбөр 4.500.000 төгрөг болж нэмэгдсэн. Тухайн маргаантай асуудлыг иргэн хүний хувьд хууль бусаар нэвтэрсэн гэх агуулгаар 2022 онд Цагдаагийн байггуллагад гомдол гаргасан байдаг. Энэ хандалтын хугацаанд хугацаа алдсан асуудал байсан. Н.У гэх хүнээс миний нэр рүү цахилгаан хангамжийн гэрээ шилжсэн. Би 2022 оны 8 дугаар сард энэ тухай авлагын хэлтэст хүсэлт өгсөн. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр авлага хэсэгчлэн барагдуулах гэрээг хариуцагч тал албадан тулган хийлгэж, 1.000.000 төгрөгийг бэлнээр төл, төлөхгүй бол цахилгааныг буцааж залгахгүй гэж сүрдүүлэн албадсаны улмаас У******* Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ******* дүүргийн баруун түгээхийн авлагын хэлтэстэй уг гэрээг хүйтний улиралд аргагүйн эрхэнд цахилгаанаар халаалт хэрэглэх хэрэгцээ шаардлагатай болсон учраас хийсэн. Тухайн үед холболт хийлгэчихье гэж хэлэхэд за гэж хэлээд уг гэрээ байгуулагдсан. Албан шаардлага, шахалтын дагуу гэрээ байгуулагдсан учраас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн авлага хэсэгчлэн барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 4.574.577 төгрөгийн өр төлбөргүйд тооцож, миний төлсөн байгаа 1.000.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш хэрэглэсэн цахилгааны төлбөрт хасаж тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний хуульд зааснаар хашаа, байшинг эзэмшиж байгаа эзэнтэй эрчим хүчний гэрээг байгуулдаг. Үүний дагуу үндсэн эзэмшигч болох Н.М*******тэй гэрээ байгуулсан. Н.М******* манай байгууллагыг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүйгээс дээрх өр төлбөр гарсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Цар тахалын үе буюу 2020 оноос 2022 оны 4 дүгээр сарыг дуустал орон даяар нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн төлбөрийг дүйцүүлэн хөнгөлж өгч байсан ба 2022 оны 5 дугаар сараас эхэлж энгийн горимд шилжиж, шөнийн хөнгөлөлтийг үзүүлж байсан. Өмнөх үеэс илүү хэрэглэсэн бол үлдэгдэл болоод үлдэнэ, илүү төлбөр болоод үлдэж байсан. Энэ хугацаанд энэ айл ямар ч өр төлбөргүй явах бүрэн боломж байсан. Хэрэглэгч өөрөө төлөөд явах боломж байсан. Хэрэглэгч, хангагч хоёр гэрээ байгуулж, хэрэглэгч заасан хугацаанд төлбөрөө төлөх ёстой. Энэ нь тодорхой хугацаатай. Сар бүрийн 15-наас 20-ны хоооронд цахилгааны төлбөрийг тооцож 30-нд төлбөрөө төлсөн байх ёстой. Тийм учраас иргэн хүн хариуцлагатайгаар барагдуулсан байх ёстой гэж үзэж байна. Мөн манайх сард хоёр удаа зурвас бичдэг. 10-нд бичлээ гэхэд 11-ний өдөр зурвас очдог. Энэ бол эхний сануулга, хоёрдахь сануулах зурвас 30-ны дотор төлөхгүй бол цахилгаан хязгаарлана, танай нийт төлбөр тэд байна гэж хэлнэ. Үлдэгдэл байх юм бол нэмэгдсэн дүн дараагийн сард очдог. Түдгэлзүүлэхийг алданги тооцох өдрөөс хийж эхэлдэг. Манайхыг огт түдгэлүүлж байгаагүй гэж байна. Цар тахлын үе байсан учраас түдгэлзүүлэх асуудлыг шийдэхгүй байсан. Цар тахал хэдий суларсан ч гэсэн хүмүүсийн эрчим хүчний төлбөрийг сануулах мессеж явуулах үүрэг өгч байсан. Мөн нэхэмжлэгчийн хувьд ******* дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 2 кодтой, нийт 6 кодтой байсан, энэ нь тийм хэмжээний орон сууц өмчилж, ашигладаг гэсэн үг. Нэг код дээр нэг зурвас очдог тохиолдол гарч байсан. Нэг утасны дугаар дээр 6 код бүртгэлтэй байдаг учраас алдана ононо. Талуудын хооронд байгуулсан эрчим хүч ашиглалтын гэрээний дэвтрийн 6.6-т хэрэглэгчийн утас, сүлжээгүй тохиолдолд манай мессеж очоогүй бол хохирлыг хангах тал хариуцахгүй гэсэн заалт бий. Нэхэмжлэгч авлага хэсэгчлэн барагдуулах гэрээг албадан хүчээр хийлгэсэн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй, тийм асуудал болоогүй. Харин хэрэглэгч талаа бодсон үйл ажиллагаа юм. Хэрэглэгч нэгэнт цахилгааны төлбөрөө төлж чадаагүй хуримтлагдсан тул хөнгөлөлт үзүүлэн бага багаар төлүүлэх замаар барагдуулж, тухайн хэрэглэгчийн төлбөрийн үлдэгдлийг бүр мөсөн зогсоож өгдөг ашигтай тал юм. Нэгэнт төлбөрөө төлж чадахгүй байгаа, төлбөр өндөр байгаа тохиолдолд алданги зогсоох утгатай уг гэрээг санал болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ, авлага хэсэгчлэн барагдуулах хуваарь, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9/1043 дугаар Эрчим хүчний зохицуулах хорооны хариу хүргүүлэх тухай албан бичиг, 1.000.000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл, 1.000.000 төгрөг төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/275 дугаар У******* ******* ******* *******өөс Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02-01/4342 дугаар Н.М*******т хүргүүлсэн албан бичиг,

 

Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/275 дугаар У******* ******* ******* *******өөс Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн У******* *******-ийн 3/2055 дугаар албан бичиг, шинээр баригдсан дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, нэгдүгээр хавсралт, хоёрдугаар хавсралт, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр У******* *******-д Н.М*******ийн гаргасан хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбарууд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, хавсралтууд, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг ирүүлсэн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн захирамжийн дагуу 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр У******* *******-ийн ******* *******д Д.Оын гаргасан хүсэлт, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжийн дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн холбогдогчийн мэдүүлэг, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтууд ирснийг хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Н.М*******ийн нэхэмжлэлтэй У******* ******* ******* *******д холбогдох 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн авлага хэсэгчлэн барагдуулах гэрээг хүчингүй болгож, 4.574.577 төгрөгийн өр төлбөргүйд тооцож, хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс 1.000.000 төгрөгийг хасаж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний өмчлөлийн ****** дүүргийн ** дүгээр хороо, **** гудамж, ** тоот орон сууцанд Д.О******* гэгч хууль бусаар амьдарч, орон сууцыг чөлөөлж өгөхгүй, дотор нь амьдарч цахилгаан хэрэглэж байсан тул 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр У******* ******* дүүргийн *******д өөрийн биеэр очиж, хэрэглэгчийн гэрээг өөрийн нэр дээр болгох, цахилгааны хэрэглээг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг бичгээр өгсөн. Хүсэлтийн дагуу хэрэглэгчийн гэрээг миний нэр дээр хийсэн боловч хамгийн гол цахилгааны хэрэглээг түр түдгэлзүүлэх ажиллагааг мэргэжлийн байгууллагын хувьд хийгээгүйгээс өнөөдөр өөрөө хэрэглээгүй, ашиглаагүй, цахилгааны өр болох 4.574.577 төгрөгийн төлбөрт орж хохирч байна. Уг төлбөрийг хариуцагч У******* Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ******* дүүргийн баруун түгээхийн авлагын хэлтэс нь дахин дахин нэхэмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуул, 1.000.000 төгрөгийг бэлнээр төл, төлөхгүй бол цахилгааныг буцааж залгахгүй гэж сүрдүүлэн албадаж, хүйтний улиралд аргагүйн эрхэнд цахилгаанаар халаалт хэрэглэх хэрэгцээ шаардлагатай болсон учраас тус хэлтэстэй гэрээг байгуулсан. Албан шаардлага, шахалтын дагуу гэрээ байгуулагдсан учраас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн авлага хэсэгчлэн барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 4.574.577 төгрөгийн өр төлбөргүйд тооцож, төлсөн 1.000.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш хэрэглэсэн цахилгааны төлбөрт хасаж тооцуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Эрчим хүчний хуульд зааснаар хашаа, байшин, орон сууцыг эзэмшиж байгаа эзэнтэй эрчим хүчний гэрээг байгуулдаг. Үүний дагуу үндсэн эзэмшигч болох Н.М*******тэй гэрээ байгуулсан. Н.М******* манай байгууллагыг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүйгээс дээрх өр төлбөр гарсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Цар тахалын үе буюу 2020 оноос 2022 оны 4 дүгээр сарыг дуустал орон даяар нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн төлбөрийг дүйцүүлэн хөнгөлж байсан ба 2022 оны 5 дугаар сараас эхэлж энгийн горимд шилжиж, шөнийн хөнгөлөлтийг үзүүлж байсан. Хариуцагч компанийг түдгэлүүлэх хүсэлтийг огт хүлээж аваагүй, шийдвэрлээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, түдгэлзүүлж байсан, гэтэл хэрэглэгч нь буцаагаад залгачихдаг байсан байна. Мөн цар тахлын үе байсан учраас түдгэлзүүлэх асуудлыг шийдэхгүй байсан. Цар тахал хэдий суларсан ч гэсэн хүмүүсийн эрчим хүчний төлбөрийг сануулах мессеж явуулах үүрэг өгч байсан ба нэхэмжлэгчид мессеж явуулж байсан байдаг. Н.М******* авлага хэсэгчлэн барагдуулах гэрээг албадан хүчээр хийлгэсэн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй, тийм асуудал болоогүй. Харин хэрэглэгч талаа бодож нэгэнт хэрэглэсэн цахилгааны төлбөрөө төлж чадаагүй хуримтлагдсан тул хөнгөлөлт үзүүлэн бага багаар төлүүлэх, мөн тухайн хэрэглэгчийн төлбөрийн үлдэгдлийг бүр мөсөн зогсоож өгдөг ашигтай юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбар мэдүүлгээр дараахь үйл баримт тогтоогдов.

 

5.У******* ******* ******* ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Н.М*******тэй авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Н.М******* цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг төлөх, гэрээний хавсралт 1-т авлага хэсэгчлэн барагдуулах хуваарь баталж, хэрэглэгч Н.М******* төлвөл зохих 4.574.577 төгрөгнөөс урьдчилгаа болгож, 1.000.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлж, үлдэгдэл төлбөр 3.574.577 төгрөгийг 2022 оны 12 дугаар сараас эхлэн сар болгоны 05-ны өдрийн дотор 201.038 төгрөгөөр 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл төлж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 201.041 төгрөг нийт 2.211.421 төгрөг төлж, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор алданги 1.363.156 төгрөгийг хэсэгчлэн барагдуулахаар тохирч гэрээ байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ, авлага хэсэгчлэн барагдуулах хуваарь болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

6.Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т ...Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасны дагуу хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог гэрээ байгуулсан орон сууцны өмчлөгч хариуцах үүргийг хүлээсэн байна.

 

7.Н.М******* ****** дүүргийн ** дүгээр хороо, ***** гудамж, ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тоот гэрчилгээгээр тогтоогдож байх ба тэрээр хэрэглэгчийн гэрээг өөрийн нэр дээр болгох хүсэлт гаргаснаар У******* ******* ******* *******, Н.М******* нарын хооронд гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээр тогтоогдож байна.

 

8.Н.М******* 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр төлөөгүйгээс өр үүсэж, хангагч байгууллага төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан байх ба улмаар талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулагдаж, Н.М*******т 4.574.577 төгрөгийн өр үүссэнээс 1.000.000 төгрөг төлж, үлдэх 3.574.577 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр хуваарь гаргажээ.

 

9.Нэхэмжлэгч Н.М******* дээрх гэрээг албан шаардлагаар хүчээр хийсэн 1.000.000 төгрөгийг бэлнээр төл, төлөхгүй бол цахилгааныг буцааж залгахгүй гэж сүрдүүлсэн, хүйтний улиралд аргагүйн эрхэнд цахилгаанаар халаалт хэрэглэх хэрэгцээ шаардлага гарсан учраас гэрээг байгуулсан гэж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч түүнийгээ баримтаар нотлоогүй, гэрээ байгуулсан мөн өдөр 1.000.000 төгрөгийг төлсөн, хэрэглэгч хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төлөх үүрэгтэй тул авлага хэсэгчлэн барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 4.574.577 төгрөгийн өр төлбөргүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10.Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т Эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан бол эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ гэж заасан байна.

 

11.Нэхэмжлэгч Н.М******* өөрийн өмчлөлийн орон сууцанд өөр этгээд амьдарч тог цахилгаан хэрэглэж байгаа гэж өмлөгчийн хувьд цахилгааныг тасалж, түдгэлзүүлэх хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан боловч 2021 оны 5 дугаар сард түдгэлзүүлсэн, гэвч хэрэглэгч дахин хулгайгаар залгаснаас төлбөр тооцоо гарсан гэж, хууль бусаар амьдарч байсан этгээд тогийг дахин залгаж байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

12.Тодруулбал Н.М*******ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн түдгэлзүүлэх хүсэлтийг хангагч байгууллага 2021 оны 5 дугаар сард шийдвэрлэсэн, дахин тогийг залгаж байхад холбогдох арга хэмжээг аваагүй болох нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/275 тоот албан бичигт Хангагч нь цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэхэд буцааж залгаж байгаа зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаагүй байна. Цаашид үүссэн өр төлбөр дээр Эрчим хүчний тухай хууль, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээний дагуу арга хэмжээ авч, зөрчлийг тухай бүрд нь арилгаж ажиллахыг У******* *******-д үүрэг болгож байна гэжээ.

 

13.Иймд хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээний үнийн дүн болох 3.574.577 төгрөгийн 50 хувь буюу 1.787.288 төгрөг төлөхөөс чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

14.Нэхэмжлэгч авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулсан өдөр 1.000.000 төгрөг төлснийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш хэрэглэсэн цахилгааны төлбөрт тооцож суутгуулна гэж шаардлага гаргаж байх боловч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулсан өдөр өөрөө хүлээн зөвшөөрч 1.000.000 төгрөгийг төлсөн байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар авлага хэсэгчлэн барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 4.574.577 төгрөгийн өр төлбөргүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Н.М******* 1.787.288 төгрөг төлөх үүрэгтэй болохыг тогтоож, төлсөн 1.000.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш хэрэглэсэн цахилгааны төлбөрт тооцож суутгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Н.М******* өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 158.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У******* ******* ******* *******өөс 43.547 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.М*******т олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН