Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/02634

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 01 181/ШШ2024/02634

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух хаягтай, РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХБ ХК /... байрт байрлах, РД .../-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.Бийн өмчлөлийн .. тоот, ... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлэх, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 1,012,607 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э., Т., Я.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Ч нь хариуцагч ХБ ХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.Бийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байрны 227 тоот, ... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлэх болон зээлийн үүрэгт илүү төлөгдсөн 1,012,607 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1 Миний бие Н.Ч нь /РД:.../ 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ХБтай жижиг, бичил бизнесийн зориулалттай 50 сая төгрөгийн зээлийн гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан. Тус зээлийн гэрээг байгуулахдаа өөрийн танил С.Бийн өмчлөлийн /РД:../... дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүрэг, 14 хороо 1 дүгээр хороолол 13 дугаар байрны 227 тоотод байрлах 18 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээл авснаас хойш дэлхий нийтээр болон Монгол улсад ковид цар тахал гарч хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагаа тогтвортой явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, зээлийн эргэн төлөх хуваарь алдах тохиолдол гарсан тул ХБнаас зээлийн гэрээний хүүг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэх хуудсыг ирүүлсэн. Иймд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээний хүүг нэмүүлэхгүйн тулд гэрээний үүргийг хугацаанаас өмнө бүрэн төлж гэрээний үүрэг дуусгавар болсон. ХБ нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс зээлийн гэрээг 2 хувь болгон өөрчилсөн, хүүг нэмэгдүүлэх тухай мэдэгдэл өгсөн гэж үндэслэлгүйгээр 1,012,607 төгрөгийг илүү төлүүлсэн.

Иймд С.Бийн өмчлөлийн /РД:../ ... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүрэг, 14 хороо 1 дүгээр хороолол 13 дугаар байрны 227 тоот 18 м.кв 1 өрөө орон сууцыг ХБны барьцаанаас чөлөөлж, илүү төлөгдсөн 1,012,607 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн агуулгын хувьд  Н.Ч нь ХБ ХХК-тай 50,000,000 төгрөгийн жижиг бичил бизнес зээлийн гэрээг байгуулж зээл авсан. Тус зээлийн гэрээний үндсэн хүү нь 0.83 хувь, жилийн 20%, 36 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тухайн зээлийн гэрээг байгуулах цаг үед дэлхий нийтээр болон  Монгол Улсад Ковид цар тахал гарч хил хорио тавигдсан. Бизнесийн үйл ажиллагаа тогтвортой явагдах боломжгүй болсон. Нэхэмжлэгч нь Нарантуулын жижигхэн лангуун дээр үйл ажиллагаа явуулж байсан. Ковидын цар тахал гарснаар бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, бизнес хийх үйл ажиллагаа тогтворгүй болж эхэлсэн.

Бизнесийн үйл ажиллагаа тогтворгүй болсонтой холбогдуулаад зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлэх тохиолдол гарсан. Хугацаа хэтэрсэнтэй холбогдуулаад ХБ ХХК-аас залгаж зээлийн гэрээний үүргийг цаг тухайд нь биелүүлээгүй, эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн, зээлийн хэвийн ангиллыг бууруулах, мөн зээлийн гэрээний хүүг нэмэгдүүлнэ гэсэн мэдэгдлийг утсаар мэдэгдсэн. Мөн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бичгээр мэдэгдсэн байдаг. Ингээд тухайн зээлийн хүү өндөр болохыг мэдээд тус зээлийг хаах болсон. Тус зээлийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийг бүрэн төлсөн. 2023 оны 5 дугаар сарын 27-ноос хойших хүүг 2%-аар бодож 1,012,000 төгрөгийг илүү  төлж,  зээлийн үлдэгдэл тэг болсон байгаа.

Гэвч  ХБ ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш авсан зээл, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, зээл хаасан өдөр болох 6 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаагаар зээлийн жилийн хүүг 24%-аар бодож 6,100,000 төгрөг нэмж төлөхийг шаардсан. Энэ төлбөрийг төлөөгүй учраас үүргийн гүйцэтгэлээс барьцааны хөрөнгийг чөлөөлөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Зээлдэгч Н.Ч зээлийн гэрээний үүргийг бүрэн дуусгавар болгосон тул өөрийн танил С.Бийн өмчлөлийн 22012921 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байрны 227 тоот 18 метр квадрат нэг өрөө орон сууцыг ХБ ХХК-ийн  барьцаанаас чөлөөлж, илүү төлөгдсөн 1,012,607 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ...Зээлийн хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт орсон гэж хариуцагч талаас тайлбарлаж байгаа боловч хувь хэмжээнд өөрчлөлт орсонтой холбоотой нэмэлт гэрээ байгуулсан баримт энэ хэрэгт байхгүй байна. Анх гэрээ байгуулахад  10%-аар байгуулагдсан, түүгээрээ л тухайн гэрээ явж байгаа. Зээлийн гэрээний  үүргийн гүйцэтгэл 2024 оны0 4 дүгээр сарын 25-нд хуваариараа дуусах ёстой. Тухайн хуваариараа биш,  банкнаас хугацаа хэтэрсэн байна, зээлээ төл гэсэн шаардлага тавьсан учраас тухайн үед боломж нөхцөл нь байсан учраас хугацаанаасаа өмнө зээлээ хүүгийн хамт төлж дуусгасан байгаа....Үндсэн зээлийн гэрээ  цуцлагдсан, төлбөрөө төлчихсөн, үүргийн гүйцэтгэл хангагдсан, нөгөө талаасаа  гэрээ цуцлах мэдэгдэл  ирчихсэн байгаа. Тийм учраас ипотекийн гэрээг цуцлахгүй байх үндэслэл  байхгүй байна. Тийм учраас  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдэж өгнө үү гэв.

2. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд дараах тайлбар гаргасан: Үүнд:

2.1 Н.Чтой байгуулсан зээлийн гэрээний тухай: Нэхэмжлэгч Н.Ч нь ХБтай 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1030040696 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээлийг 365 хоногт тогтмол 10 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1030040696-01 дугаартай Ипотекийн гэрээгээр С.Б, Д.Д нар /барьцаалуулагч нар нь зээлдэгч биш болно/-ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, үл хөдлөх хөрөнгийн 000157316 дугаар гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 байр, 227 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай нийтийн орон сууцыг барьцаалсан.

Түүнчлэн энэ зээлийн гэрээний дагуу талуудын хооронд үүссэн харилцаа нь Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан Ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд үндэслэсэн бөгөөд тус зээлийн гэрээнд заасан зээлийн хугацаа, хүү нь банкны нийтэд санал болгож буй зээлийн нөхцөлөөс хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл болно. Тодруулбал тус зээл нь жилийн 10 хувийн хүүтэй бөгөөд үүнээс 7 хувийг нь Засгийн газраас санхүүжүүлж, 3 хувийг зээлдэгч өөрөө хариуцан төлөх нөхцөлтэй юм. Үүнтэй холбоотойгоор зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Засгийн газраас үзүүлсэн зээлийн хүүгийн дэмжлэг цуцлагдаж, зээлийн хүү Банкны нийтэд зарласан Бизнесийн зээлийн хүү болох 21.6 хувьд шилжих талаар талууд Зээлийн гэрээ болон зээлийн гэрээний нэмэлт нөхцөлд тусган, харилцан тохиролцсон байдаг.

Зээлийн хүүд өөрчлөлт орсон тухай: Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлэлгүй 2023 оны 5 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийт 112 хоног хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор зээлийн гэрээний 3.1, 3.2 болон тус зээлийн гэрээний нэмэлт нөхцөл /2021.5.11/-ийн 2.1.2, 2.3.3, 2.3.3.1-тус тус заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс Засгийн газраас үзүүлж байсан зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, зээлийн хүүг 21.6 хувь болгон банкны системд автоматаар өөрчлөлт оруулсан. Мөн зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийг зориулалт бусаар ашигласан нөхцөл байдал тогтоогдсонтой холбоотойгоор Зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 2.2.2-т Зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд зээлийг зориулалт бусаар ашигласан тохиолдолд энэхүү гэрээний 1.4-т заасан Сангийн яамнаас төлсөн зээлийн хүүгийн дэмжлэгийг нөхөн төлөх үүрэгтэй." гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан өдрөөс буюу 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зээлдэгч 3 хувиар бус 10 хувиар тооцож зээлийн хүүг төлөх үр дагавар үүссэн байна.

Үүнээс хойш зээлийн төлбөрийг дээрх нөхцөлөөр төлөхийг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэлгүй 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 95 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг зээлдэгчээс гаргуулахаар Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар эхлээд зээлийн хүүгийн төлбөрийг, дараа нь зээлийн үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч банкны зүгээс зээлдэгчид ашигтай байдлаар эхлээд зээлийн үндсэн төлбөрийг төлүүлэхээр зээлдэгчтэй харилцан тохиролцож, зээлдэгч нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн үндсэн төлбөрийг төлж барагдуулсан болно. Ийнхүү зээлийн үндсэн төлбөрийг төлсөн боловч зээлийн хүүгийн төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй хэвээр байна. Зээлийн гэрээний 6.2.8-д Зээлийг хугацаанаас өмнө хэсэгчлэн болон бүхэлд нь төлсөн ч ашигласан хугацааны болон зээлийн үлдэгдлээс тооцогдох хүүгийн төлбөрийг Хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө." гэж заасны дагуу зээлдэгч нь зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд үүнтэй холбоотойгоор банк шаардах хуудсыг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгч Н.Чт хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зээлийн үндсэн төлбөрөө төлж дуусгасан ч гэсэн, ашигласан хугацааны зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл зээлийн гэрээний харилцаа дуусгавар болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн ....зээлийн төлбөрийг бүрэн төлж гэрээний үүрэг дуусгавар болсон.... гэх тайлбар бодит байдалд нийцэхгүй байна. Ийнхүү зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй буюу банкны барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 168 дугаар зүйлийн 168.1, Ипотекийн гэрээний 5.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч /өмчлөгч бус этгээд/-ийн хүсэлтийн дагуу орон сууцыг барьцаанаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэл гаргах эрхгүй асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тухай: Түүнчлэн нэхэмжлэгч Н.Ч нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1030040696-01 дугаартай Ипотекийн гэрээний оролцогч этгээд биш байх тул тус гэрээнд заасан барьцаалуулагч буюу өмчлөгч нарын эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхгүй этгээд байна. Энэ утгаараа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа тухай: Мөн нэхэмжлэгч нь 1,012,607 төгрөгийг банкнаас гаргуулахаар шаардсан байх боловч ямар үндэслэлээр болон ямар баримтад үндэслэж ийнхүү шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгийн төлбөр-3,459,412.12 төгрөг төлөх байснаас 2,446,496.99 төгрөгийг төлсөн бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үлдэгдэл нь 1,012,915.13 төгрөг байсан. Үүн дээр нэмээд зээлдэгч нь зээлийг зориулалт бусаар ашигласантай холбоотойгоор зээлийн гэрээнд заасны дагуу Сангийн яамнаас төлсөн зээлийн хүүгийн дэмжлэг болох 7 хувийн хүү нийт 6,197,199.18 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй болсон. Үүнтэй холбоотойгоор 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт нийт 7,210,114.51 төгрөг төлөх талаар Гэрээ цуцлах тухай мэдэгдэлдээ тусгаж зээлдэгчид хүргүүлсэн. Зээлдэгч нь үүнээс 974,843.5 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 6,235,271.01 төгрөгийг төлөөгүй хэвээр байна.

Иймд нэхэмжлэгчийн"....үндэслэлгүйгээр 1,012,607 төгрөгийг илүү төлүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна. Банкны хувьд хууль тогтоомж болон зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг зээлдэгчээс гаргуулахаар шаардаж, төлүүлж байгаа болох нь дээрх тайлбар болон шүүхэд гаргасан баримтуудаас тодорхой харагдаж байна. Харин нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хувьд эрхгүй этгээд атлаа нэхэмжлэл гаргасан, зарим нь гаргасан шаардлагаа нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.2 Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ зээл нь банкны ердийн зээлээс ялгаатай. Засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлж, мөн зээлийн хувь, хүүгийн хувьд хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл байгаа. Банкны ердийн бизнесийн зээл ойролцоогоор жилийн 24%-ийн хүүтэй байдаг бол энэ зээл нь жилийн 10%-ийн хүүтэй. Энэхүү 10%-ийн хүүгээс нь 7%-ийн хүүг нь Засгийн газраас санхүүжүүлж, 3%-ийг нь зээлдэгч өөрөө хариуцаж төлөх ийм хөнгөлөлттэй, нөхцөлтэй зээл байгаа. Энэ хөнгөлөлттэй зээлийг харилцагчид олгохын тулд Банк, Сангийн яам болон Монгол банктай санхүүжилтийн ерөнхий гэрээ гэсэн гэрээг байгуулдаг. Ерөнхийдөө зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээ энэ санхүүжилтийн гэрээг үндэслэж, мөн банк зээлийн харилцааг тус гэрээнд заасныг зохицуулах үүрэгтэй байдаг.

Өөрөөр хэлбэл  Монгол банк болон Сангийн яамнаас энэ зээлийн гэрээ, зээлийн харилцааг зохицуулж өгч байдаг. Зээлдэгчийг энэ гэрээнд юу гэж заасан байдаг вэ?  гэхээр зээлдэгч нь  зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд Засгийн газраас үзүүлсэн зээлийн хүүгийн дэмжлэг цуцлагдаж, зээлийн хүү банкны нийтэд зарласан бизнесийн зээлийн хүүд шилжинэ. Нийтэд зарласан хүүд шилжих талаар банк зээлдэгчтэй байгуулах зээлийн гэрээндээ тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр энэ шаардлагатай холбогуулан нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ дараах байдлаар зөрчсөн учраас зээлийн хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, нэгдүгээрт нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг бусдад дамжуулан зээлдүүлсэн, зориулалтын бусаар ашигласан болох нь тогтоогдсон. Энэ нь Н.Чоос банканд бичгээр гаргасан хүсэлт хэрэгт авагдсан байгаа.

Нэхэмжлэгч нь зээлийг зориулалтын бусаар ашигласантай холбоотойгоор зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 2.2-т зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд энэхүү гэрээний 1.4-д заасан Сангийн яамнаас төлсөн зээлийн хүүгийн дэмжлэгийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байгаа. Уг заалтын дагуу зээлийн гэрээ байгуулсан өдрөөс буюу 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлээд нэхэмжлэгч нь Засгийн газрын хариуцан төлсөн 7%-ийн хүүгийн дэмжлэгийг нөхөн төлөх үр дагавар үүссэн байгаа. Мөн хэрэгт сүүлд нотлох баримтаар гаргаж өгсөн санхүүжилтийн ерөнхий гэрээ гэж байгаа. Энэ санхүүжилтийн ерөнхий гэрээг Банк, Монгол банк, сангийн яамны 3 талд байгуулсан ийм гэрээ байгаа. Энэ гэрээнд зааснаар зээлдэгч зээлийг зориулалтын бусаар ашиглачихсан бол Банк Монгол банкнаас авсан санхүүжилтээ буцаагаад Монгол банканд төлөх ёстой байдаг. Тэгэхээр зээлдэгчийн авсан 7 хувийн хүүг Монгол банканд банк буцааж төлөх нөхцөл байдал үүсэж байгаа. Эргээд 7%-ийн татаасыг зээлдэгчээр нөхөн төлүүлэх ийм үүрэгтэй байгаа. Энэ нь санхүүжилтийн ерөнхий гэрээний 7.2.12,  7.2.13, 7.7.3-д зааснаар энэ үүргүүд нь тодорхой харагдаж байгаа. Энэ үүргийнхээ дагуу ХБанд Засгийн газрын хариуцан төлсөн зээлийн хүүгийн дэмжлэгийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр  Монгол банк руу буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дотоодын дансны хуулга, меморелийн ордер гэсэн баримтуудаас харагдаж байгаа.

Хоёрдугаарт нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй. 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 112 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор  зээлийн гэрээний 3.1, 3.2 болон  зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 2.1.2,  2.3.3, 2.3.3.1-д заасны дагуу Засгийн газраас үзүүлж байсан зээлийн хүүгийн дэмжлэг цуцлагдсан. Хоёрдугаарт 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн  зээлийн хүүг 24% болгон өөрчлөлт оруулсан байгаа. Энэхүү нөхцөл байдлыг зээлдэгчид мэдэгдсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.6-д зааснаар эхлээд зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Дараа нь зээлийн үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж 4.6-д заасан байгаа. Гэхдээ банкны зүгээс зээлдэгчид ашигтай байдлаар эхлээд зээлийн үндсэн төлбөрийг төлүүлэхээр зээлдэгчидтэй харилцан тохиролцсон. Зээлдэгч нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Зээлийн үндсэн төлбөрийг төлсөн боловч зээлийн хүүгийн төлбөр нь өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй хэвээр байгаа. Үүнтэй холбоотойгоор банк шаардах хуудсыг  2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгч Н.Чт хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зээлийн үндсэн төлбөрөө төлж дуусгасан ч гэсэн ашигласан хугацааныхаа зээлийн хүүгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа учраас зээлийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй гэж үзнэ.

Барьцаа хөрөнгийн хувьд зээлийн хүүгийн төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байгаа учраас банк нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу орон сууцыг барьцаанаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа. Яагаад гэхээр банк ипотекийн гэрээг зээлдэгч Н.Чтой байгуулаагүй, харин тус хөрөнгийн өмчлөгч  Н.Бтэй байгуулсан. Тэгэхээр нэхэмжлэгч Н.Ч нь ипотекийн гэрээний оролцогч тал биш,  мөн тус хөрөнгийн өмчлөгч биш.  Иймд барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь 1,012,607 төгрөгийг банкнаас гаргуулахаар шаардсан. Гэхдээ үүнийг ямар үндэслэлээр шаардаж байгаагаа тодорхойлоогүй, тодорхой дурдаагүй.  Үүн дээр тайлбар өгөхөд зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 6 дугаар сарын 30-ны байдлаар зээлийн хүүгийн төлбөрт 3,459,412 төгрөг төлөхөөс 2,446,496 төгрөгийг төлсөн. 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үлдэгдэл нь 1,012,915 төгрөг байсан байгаа. Үүн дээр нэмээд зээлдэгч нь  зээлийг зориулалтын бусаар ашигласантай холбоотойгоор зээлийн гэрээнд заасны дагуу Сангийн яамнаас төлсөн зээлийн хүүгийн дэмжлэг болох 7%-ийг буцааж төлөх ёстой, үүн дээр хүүг нэмээд  6,197,199 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй болсон. Ингээд нэмээд үзэхээр 7,210,114 төгрөгийг төлөх талаар банкнаас гэрээ цуцлах мэдэгдэлдээ тодорхой дурдаж хүргүүлж байсан. 7,210,110 төгрөгөөс зээлдэгч нь 974,843 төгрөгийг төлсөн. Үүнээс төлөгдөөгүй үлдэгдэл нь 6,235,271 төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн хүү төлөөгүй хэвээр байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн 1,012,000 төгрөг илүү төлсөн гэж байгаа тайлбар нь үндэслэлгүй болох нь үүнээс харагдаж байна. Зээлийн хүүгийн хөнгөлөлттэй холбоотой хэсгийг Сангийн яам биш Монгол банк хариуцдаг байгаа. Банкны хувьд хууль тогтоомж, зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг зээлдэгчээс гаргуулахаар шаардаж байгаа.

Нэмэлт нөхцөлийн 2.1.2 дээр зээлдэгч зээлийг зориулалтын бусаар ашигласан, эсвэл зээлийн төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэг цуцлагдана. Хоёрдугаарт банкны олон нийтэд зарласан бизнесийн зээлийн хүү шилжихийг хүүгээр хүлээн зөвшөөрөв гээд зээлдэгч Н.Ч өөрөө гарын үсэг зурчихсан. Ийм үйл баримт байгаа. Тэгэхээр зээлийн хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг талууд харилцан тохиролцоогүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй болох нь нотлогдож байна...Нэхэмжлэгч талын сая гаргаж өгсөн дансны хуулга дээрээс харвал зээлийн ангилал гэдэг дээр эргэлзээтэй байгаа. Яагаад эргэлзээтэй байна вэ гэхээр Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.9-д зааснаар зээлдэгч барьцаат зээлээ төлсөн, эсвэл хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд зээлдүүлэгчийн зээлийн дансыг хааж, зээлийн барьцааны хөрөнгийг чөлөөлж, энэ тухай улсын бүртгэлд мэдээлнэ гэсэн заалт байдаг. Үүнээс харвал энэ дансны хуулгыг өнөөдөр авах боломжтой мөн эргэлзээтэй гэсэн зээлийн ангилал байгаагаас харвал энэ зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байна. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн 2 дахь тал дээр нь эргэлзээтэй гэсэн байна. Хугацаа гэдэг дээр нь 2022 оны 9 сарын 9-нөөс 2024 оны 6 дугаар сарын 15, зээлийн ангилал гэдэг дээр нь эргэлзээтэй. Үүн дээр яагаад зээлийн үлдэгдэл нь харагдахгүй байгаа вэ гэхээр саяны хэлсэнчлэн үндсэн төлбөрөө төлчихсөн. Одоо зээлийн хүү буюу Монгол банкны дааж авсан 7%-ийн хүүгийн дэмжлэг үлдсэн  байгаа учраас энэ зээлийн хүүгийн үлдэгдэл дээр 6 сая төгрөг  харагдахгүй байгаа гэв.

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 28,853 төгрөг, 70,200 төгрөг төлсөн баримтууд, Нэхэмжлэгчээс гаргасан хуулбар баримтууд/2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №1030040696 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №1030040696-01 дугаартай ипотекийн гэрээ, түүний хавсралтын хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №1030040696 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, С.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №1030040696-02 дугаартай Барьцааны гэрээ, хавсралтын хуулбар/, Н.Чийн 1030040696 дугаартай дансны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх дансны хуулга, Н.Чийн 1030040696 дугаартай дансны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дансны хуулга, Н.Чийн 5002540394 дугаартай дансны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх дансны хуулга, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын хуулбар, ХБ ХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Н.Чт илгээсэн мэдэгдэх хуудасны хуулбар, ХБ ХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Н.Чт илгээсэн шаардах хуудасны хуулбар, итгэмжлэл, Н.Чийн 1030040696 дугаартай дансны 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх дансны хуулга,

3.2. Хариуцагч нь шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №1030040696 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №1030040696 дугаартай 1030040696 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №1030040696-01 дугаартай Ипотекийн гэрээний хуулбар, хавсралт, Барьцаа хөрөнгийн жагсаалтын хуулбар, Дараачийн барьцааны гэрээний нөхцөлийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №1030040696-02 дугаартай Барьцааны гэрээний хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №1030040696-02 дугаартай Барьцааны гэрээний барьцаа хөрөнгийн жагсаалтын хуулбар, Н.Чийн 1030040696 дугаартай дансны 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх дансны хуулга, Н.Чийн 1030040696 дугаартай дансны 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх дансны хуулга, Н.Чийн 5002540394 дугаартай дансны 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх дансны хуулга, Н.Чийн 5002540394 дугаартай дансны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх дансны хуулга, 2023 оны 05 дугаар сарын 30-ны мэдэгдэх хуудасны хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 30-ны шаардах хуудас, Н.Чийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ХБ ХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, Зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 7/210305/09-144/0521/87/12/21-006 дугаартай Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээний хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 13/210315/09-153/0521/87-01/12/21-006-01 дугаартай Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнй хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 74/210511/05-295/0521/87-02/12/21-006-02 дугаартай Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнй хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Мемориалын ордерийн хуулбар, дотоодын нэрийн дансны хуулга,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтдаа: Монгол Улсын сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/3295 дугаартай албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч Н.Ч нь хариуцагч ХБ ХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.Бийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байрны 227 тоот, ... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлэх, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 1,012,607 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

6. Хариуцагч ХБ ХК нь зээлийн жилийн 10 хувийн хүүтэй бөгөөд 7 хувийг Засгийн газраас санхүүжүүлж, 3 хувийг зээлдэгч өөрөө хариуцан төлөх хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгосон, зээлдэгч үүргээ зөрчсөн тул нийтэд зарласан Бизнесийн зээлийн хүү 21.6 хувьд шилжсэн, зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 6,235,271.01 төгрөгийг төлөөгүй, Ипотекийн гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өмч бус Ипотекийн гэрээний талууд болох С.Б, Д.Д нарын өмчлөл учир гэрээний тал бус этгээд нь шаардах эрхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, мэтгэлцсэн.

7.Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт нотлогдсон. Үүнд:

7.1 Нэхэмжлэгч Н.Ч, хариуцагч ХБ ХК нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Жижиг, бичил бизнесийн зориулалттай 50,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 10 хувийн/сарын 0.83/ хүүтэй, зээл, хүүгийн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хүү(үндсэн болон хэтэрсэн хугацааны)-гийн 20 хувь байхаар гэрээ байгуулсан, уг зээлийн гэрээ байгуулсан талаар зохигч маргаангүй. /хх-ийн 40-13-р тал/

7.2 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 1030040696-02 дугаартай Барьцааны гэрээ, 1030040696-01 дугаартай Ипотекийн гэрээг тус тус байгуулжээ. /Зээлийн гэрээний 2.9 дэх заалт/

7.3 ХБ ХК, С.Б нар нь зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ипотекийн гэрээ байгуулж, С.Б, Д.Д нарын өмчлөлийн ... дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, 14 хороо 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 227 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Ипотекийн гэрээ, түүний хавсралт, Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 45-47-р тал/

7.4 Хэрэгт нэхэмжлэгч Н.Ч, хариуцагч ХБ ХК нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Барьцааны гэрээ авагдсан, гэрээний зүйл суудлын автомашин байх ба уг гэрээний талаар нэхэмжлэлд дурдаагүй, зохигч маргаагүй. /хх-ийн 48-49-р тал/

7.5 Нэхэмжлэгч Н.Чад Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ-ний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч ХБ ХК нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Мэдэгдэх хуудас, Гэрээ цуцлах тухай, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Шаардах хуудас зэрэг албан бичгийг тус тус хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон./хх-ийн 58-60-р тал/

8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал нь талуудын хооронд байгуулагдсан Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ-ний үүргийг зээлдэгч биелүүлсэн эсэхтэй холбоотой байна.

8.1 Тодруулбал, Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, гэрээний талууд хүүгийн өөрчлөлтийн талаар гэрээнд тусгаж тохиролцсон эсэх, нэхэмжлэгч илүү төлөлт буюу нэхэмжлэлийн шаардлага 1,012,607 төгрөгийг илүү төлсөн эсэх, Ипотекийн гэрээний зүйлийг чөлөөлөх үндэслэлтэй эсэх зэрэгт шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.

9. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

9.1 Тус гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргийг бүрэн биелүүлж улмаар 1,012,607 төгрөгийг илүү төлсөн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж тус тус маргасан.

9.2 Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ-ний 2.2-т Зээлийг нийт 36 сарын хугацаатай олгох ба эргэн төлөлтийн хуваар(хавсралт 1)-ийн дагуу хэсэгчлэн төлнө гэж заагаад гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохиролцсон байна./хх-ийн 40, 43-р тал/

9.3 Хариуцагч ХБ ХК нь нэхэмжлэгч Н.Чыг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 112 хоног хугацаа хэтрүүлсэн, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөрт 3,459,412 төгрөг төлөхөөс 2,446,496 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,012,915 төгрөг, түүнчлэн зээлдэгчийг  зээлийг зориулалтын бусаар ашигласантай холбоотойгоор зээлийн гэрээнд заасны дагуу Сангийн яамнаас төлсөн зээлийн хүүгийн дэмжлэг 7 хувийн хүүг нэмж нийт 7,210,114 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 974,843.5 төгрөгийг төлсөн, одоо 6,197,199 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэжээ.

Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ-ний 2.1.2-т заасан 90 болон түүнээс дээш хоногоор төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэг цуцлагдаж, Банкны олон нийтэд зарласан Бизнесийн зээлийн хүү болох 21.6 хувьд шилжих зохицуулалтын дагуу зээлийн хүү өөрчлөгдсөн гэж хүүгийн 1,012,915 төгрөгийг, харин Сангийн яамнаас төлсөн зээлийн хүүгийн дэмжлэг 7 хувийн хүү 6,197,199 төгрөгийг Зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 2.2.2-т Зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд зээлийг зориулалт бусаар ашигласан тохиолдолд энэхүү гэрээний 1.4-т заасан Сангийн яамнаас төлсөн зээлийн хүүгийн дэмжлэгийг нөхөн төлөх үүрэгтэй" гэж тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэгчийг хүүгийн үлдэгдэлтэй гэж маргадаг.

9.4. Нэхэмжлэгч тал Зээлийн гэрээний үүргийг төлбөл зохих, гэрээний хавралтад заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүйд маргаагүй, харин ковид цар тахал өвчний улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй. Харин гэрээний үүргийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүрэн биелүүлсэн гэжээ.

9.5 Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ-ний 3.1-д гэрээний хавсралт нэмэлт нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг зөрчил үүссэн өдрөөс эхлэн 2.3-т заасан хүүгийн хэмжээ хувь болохоор талууд тохиролцсон болно, 3.2-т Гэрээний нөхцөл өөрчлөгдөх тухай уг нөхцөлтэй зээлдэгчтанилцаж, харилцан зөвшилцсөн бөгөөд тухайн нөхцөл байдал үүссэн тохиолдолд бичгээр нэмэлт гэрээ байгуулахгүйгээр гол нөхцөл өөрчлөгдөх болохыг талууд зөвшөөрч байна гэж, Зээлийн гэрээний нэмэлт нөхцөл-ийн 2.1.2-т Зээлдэгч зээлийг зориулалтын бусаар ашигласан, зээлийн төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэг цуцлагдаж, Банкны олон нийтэд зарласан Бизнесийн зээлийн хүү болох 21.6 хувьд шилжүүлэхийг үүгээр хүлээн зөвшөөрөв, 2.3.3.1-д зээлийн үндсэн төлбөр эсхүл хүүгийн төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэг цуцлагдах талаар тус тус тусгажээ. /хх-ийн 40-44-р тал /

Дээрх тохиролцооноос үзэхэд зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа нь зээлдүүлэгч хөнгөлөлттэй зээл олгох, зээлдэгч буюу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хэрэв 90 болон түүнээс дээш хугацаагаар хоног хэтрүүлбэл хүүгийн дэмжлэгч цуцлагдаж, зээлийн гэрээний хүүгийн хэмжээ өөрчлөгдөх агуулгатай байна.

Иймд дээрх тохиролцооны дагуу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс Засгийн газраас үзүүлж байсан зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, зээлийн хүүг 21.6 хувь болгон банкны системд автоматаар өөрчлөлт оруулсан хариуцагч талыг буруутгах үндэслэлгүй.

9.6 Зээлийн гэрээний нэмэлт нөхцөлийн 2.2.2-т Зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд зээлийг зориулалт бусаар ашигласан тохиолдолд энэхүү гэрээний 1.4-т заасан Сангийн яамнаас төлсөн зээлийн хүүгийн дэмжлэгийг нөхөн төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан өдрөөс буюу 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зээлдэгч 3 хувиар бус 10 хувиар тооцож зээлийн хүүг төлөх үр дагавар үүссэн байна.

9.7 Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээг Монгол банк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан, Арилжааны банкууд хооронд байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан тус гэрээнүүдээр нотлогдож байна. /хх-ийн 81-113-р тал/

9.8 Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тохиолцсон төлбөр төлөх хуваарь-ийг зөрчсөн байх тул мөн гэрээнд зааснаар хүүгийн төлбөрт өөрчлөлт оруулж, хариуцагч ХБ ХК-иас Монгол банк руу буцаан шилжүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгчээс шаардсан болох нь хэрэгт авагдсан зээлийн хүүгийн тооцоолол, мемориалын ордер, шаардах хуудас, дотоодын нэрийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 25, 58-61, 66-67,114-116-р тал/

10. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргээ давуулан биелүүлж, илүү 1,012,607 төгрөгийг төлсөн гэх шаардлагыг нотлох үүргээ биелүүлж, энэ талаар эргэлзээгүй, бүрэн нотлох баримтаар нотлож чадаагүй гэж үзэв.

10.1 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.Бийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байрны 227 тоот, ... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагын тухайд тус гэрээний тал нь нэхэмжлэгч Н.Ч биш байх тул уг гэрээний үүргийг шаардах үндэслэлгүй.

11. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Энэхүү шийдвэр нь уг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гэрээний бусад талууд шаардлага гаргах болон Ипотекийн гэрээний талууд шаардлага гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

13.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 99,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХБ ХХК-иас зээлийн гэрээний илүү төлсөн үүрэг 1,012,607 төгрөг гаргуулж, С.Б, Д.Д нарын өмчлөлийн ... дугаар бүхий, Сонгинохайрхан дүүрэг, 14 хороо 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 227 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 99,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА