Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/02636

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 01 181/ШШ2024/02636

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, эрэгтэй, О.С /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОТ ХХК /... оршин байх, РД .../-д холбогдох,

Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч О.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчГ.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ө, Б.Б

Гэрч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 О.С миний бие 2011 оноос эхлэн ОТ ХХК-нд Уурхайн үйл ажиллагааны хэлтсийн хөдөлгөөнт хүнд машин механизмын оператораар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж ирсэн юм. Ингээд би ээлжийн 14 хоногийн амралтаа эдлээд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа явах гэтэл манай ажлын газраас та битгий ирээрэй танд цалинтай амралт олгож байгаа дуудахаар ирээрэй гэсэн юм. Би тухайн үед гайхсан урьд нь ийм асуудал гарч байгаагүй болохоор яагаад надад цалинтай амралт олгож байгаа юм бол хэзээ дуудах бол гээд хүлээж байтал 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай компанийн төв оффис дээр хүний нөөцийн ажилтан бололтой нэг эмэгтэй яриад ирж уулз гэсний дагуу тухайн өдөр очиход намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг өгсөн юм. Миний хувьд тус компанид энэ олон жил ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд гэрээнийхээ дагуу хоёргүй сэтгэлээр сайн ажиллаж хөдөлмөрлөж байсныг минь компанийн зүгээс үнэлж төрийн дээд шагнал Алтан гадас одонд тодорхойлж би сая 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Алтан гадас одонгоор шагнагдсан юм.

Намайг ажлаас халсан тушаалтай танилцахад: О.С нь 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 06-ны хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр удаа дараа хамтран ажиллагчдаа бэлгийн сэдлээ үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдэд хүрэх зэрэг үйлдлээр хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон тул О.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн утга, агуулга нь ойлгомжгүй тушаалыг надад гардуулж өгсөн юм. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ямар шалгалт хийсэн талаар би мэдээгүй надаас нэг ч удаа асууж тайлбар аваагүй юм. Харин намайг ажилд гаргахгүй хориод цалинтай чөлөө олгоод байсныг гайхаж байсан одоо энэ байдлыг хараад байхад ямар нэгэн шалтаг гаргаж ажлаас чөлөөлж өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүсийг миний оронд авах гэсэн санаа зорилго байсан юм биш биз гэсэн хардлага төрж байна.

Манай ээлжид 30-аад ажилчин байдаг намайг хамтран ажиллаж байдаг хүмүүсийнхээ хэн хэнд ямар үйлдлээр бэлгийн дарамт удаа дараа үзүүлж байсныг тушаалдаа тодорхой заагаагүй хамтран ажиллагчдаа гэж олон тоон дээр дүгнээд байгааг би ойлгохгүй, гайхаж байна. Би нас тогтсон өвгөн хүн энэ хавар тэтгэвэртээ гарах байсан би маш их гомдож байна. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй шийдвэр байх тул хүлээн зөвшөөрөхгүй юм. Иймд ОТ ХХК-ийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/424 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ажилгүй байсан хугацааны цалин нийт 176,397,921 төгрөгийг ОТ ХХК-иас гаргуулж өгнө үүӨнөөдрийн шүүх хуралдаан орох өдрийг хүртэл тооцож үзэхэд цалинтай тэнцэх олговор 272,615,000 төгрөг болж байгаа. Уг дүнгээр гаргуулж өгнө үү. 2023 оны 12 дугаар сард ажлаас халагдсан.  Өөрийгөө гэм буруугүй гэж үзээд нэхэмжлэл гаргасан... Манай үйлчлүүлэгч О.С нь 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ОТ ХХК-ийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Энэ чөлөөлөгдсөн асуудлыг өмгөөлөгчийн зүгээс хууль зөрчиж, үндэслэлгүй шийдвэр гэж үүн дээр гомдол гаргаж, ажилд нь эгүүлэн тогтоолгох, мөн өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан дундаж цалин болох 272,615,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

2. Хариуцагч ОТ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд дараах тайлбарыг гаргасан: Үүнд:

2.1 Тус шүүхэд иргэн О.С нь ОТ ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 15.000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь ОТ ХХК-ийн Уурхайн үйл ажиллагааны хэлтсийн Хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд ажиллаж байсан О.С нь 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 06-ны хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр эмэгтэй хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт учруулсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Иймд нэхэмжлэгч О.Сын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.2. Хариуцагч нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.С нь ОТ ХХК-д холбогдуулан ...хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө миний бие 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж, гаргасан тайлбартай холбоотой тушаалын үндэслэлийг нотлох баримтуудыг гарган өгч, зарим нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүхэд гаргасан хариу тайлбараа тодруулан тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч О.С нь 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 6-ны хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр удаа дараа хамтран ажиллагчдаа бэлгийн сэдлээр үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдэд хүрэх зэрэг үйлдлээр тус тус илэрхийлж хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчлийг гаргасан болох нь хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Хариуцагч ОТ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/424 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь дараах үндэслэлээр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдсан О.Стай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ. Уг гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и-д ...компанийн бодлого, дүрэм, журам, стандарт (үүнд: ..Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Ажлын гүйцэтгэл болон хариуцлагын журам ...гэх мэт)-д Ноцтой зөрчил" гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар заасан зөрчил гаргасан гэж заасны дагуу бусдад аливаа хэлбэрээр бэлгийн дарамт учруулах нь Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдоно

Хавтаст хэрэгт авагдсан компанийн Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм. Уг дүрмийн 9.1.13-д ...9.1.13.2. Шүлэнгэтэн ширтэн харах, биед нь хүрэх, шалтгаангүйгээр танимхайрах байдал гаргах зэрэг бие махбодын зохисгүй үйлдлүүд гаргах, 9.1.13.3. Хүсээгүй байхад бэлгийн харилцаанд орохыг санал болгох, хүсэлт тавих, 9.1.13.8. Өөр бусад бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд гэж заасан зөрчлийг гаргасан нь мөн журмын 19.3, 19.4-д заасны дагуу ноцтой зөрчилд тооцож, тухайн зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.

Хавтаст хэрэгт авагдсан компанийн Сахилгын шийтгэл ногдуулах журам. Уг журмын 17.2, 17.2.9.2-д ...бусдад аливаа хэлбэрээр бэлгийн дарамт учруулах" үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан.

Хавтаст хэрэгт авагдсан компанийн Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого. Уг бодлогын 5.1 дэх заалтад ...бэлгийн дарамт гэдэг бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдэлтэй үйлдэл, дайралт хийх, бэлгийн сэдэл бүхий хүсэлт тавих, эсвэл бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, дээрх үндэслэл бүхий шалтгаанаар хүнийг доромжилсон, гутаасан, айлгасан сүрдүүлсэн нөхцөл байдалд оруулах зэрэг үйлдлийг хамааруулж ойлгоно гэж, 5.7 дах заалтад "...нөхцөл байдлаас хамааран дараах зан хандлага, үйлдлүүд нь бэлгийн дарамтад тооцогдох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй: ...в. Зориудаар болон шаардлагагүй үед биед нь хүрэх, мөрийг нь алгадах, чимхэх, зориудаар шүргэх, үнсэх гэж оролцох, д. Бүдүүлэг буюу секс агуулга бүхий үг хэллэг, наргиа, онигоо ярих, нэр хоч өгөх, и. Бэлгийн дур сонирхлын үүднээс хүсэлт, шаардлага тавих, секс эсвэл сүрдүүлсэн шинж чанартай дохио зангаа, биеийн хөдөлгөөн хийх гэж заасан.

Хавтаст хэрэгт авагдсан Хянан шалгах ажиллагааны тайлан. Уг тайланд ...О.С нь 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 6-ны хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр удаа дараа гомдол гаргагч Ж.Бд бэлгийн сэдлээ үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдэд хүрэх зэрэг үйлдлээр тус тус илэрхийлж хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан болох нь хянан шалгалтын ажиллагааны явцад тогтоогдсон" гэж хянан шалгах ажиллагаагаар илэрсэн зүйл, холбогдох баримтуудыг хянан шалгах ажиллагааны тайланд тусган бичсэн байна.

Хэрэгт авагдсан Ж.Быг гэрчээр асуусан тэмдэглэл. Уг тэмдэглэлээр гэрч нь ...Тийм зүйл болсон. Бэлгийн дарамттай холбоотой ёс суртахуунгүй үг, үйлдэл, удаа дараа гаргасан. Жишээлбэл, миний дүүгийн утасны дугаар хэд вэ, хуучин дугаараа барихаа больсон юм уу, ямар дугаартай болсон бэ, дугаараа өгчих гэсэн. Миний дугаараар яах гэсэн юм бэ гэхэд хот орох уу хамт оръё, Сүхбаатарын талбайгаар хөтлөлцөөд хамт алхъя, буудалд оръё гэдэг зүйлсийг хэлсэн. Хамгийн дарамттай зүйл нь би чамайг бавмаар байна гэж хэлсэн. Миний хувьд шууд айсан. Айдас түгшүүртэй байсан. Шоконд орсон. Удаа дараа хөхөнд хүрсэн, хөхнөөс базсан. Миний цээж, бэлхүүс хэсгээр маш олон удаа зөвшөөрөлгүй тэвэрсэн. Хайртай шүү, сайхан амьтан шүү гэх мэтээр хацар дээр үнссэн. ...олон хоног орон гэрээсээ хол ростероор ажилдаг эмэгтэй хүний хувьд ажлын байрны бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал маш хүнд байсан. Миний хувьд хүнд цохилтод орсон гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан С.Мыг гэрчээр асуусан тэмдэглэл. Уг тэмдэглэлээр гэрч нь ...Н.Бын нүүр царай түнтийж улайсан, айсан сандарсан байсан. ...араас тэвэрсэн, үнссэн, хоёр мөөмнөөс барьсан. ...би хурлын өрөөнд байж байгаад наряд аваад ажилд томилогдоод гарсан. Баруун эргэхэд 2 цонх байдаг. Эхний цонхоор харахад Н.Быг араас нь элдээд байсан. Н.Б зугтаагаад байсан. Тэгээд би цааш явсан. ...шууд хэлж чадахгүй байсан. Хоолой нь зангираад тэгээд уйлсан. ..танай ээлжийн О.С намайг оролдоод байна. Өмнө нь намайг тэвэрсэн, үнссэн, миний хоёр хөхнөөс барьсан. Тоглоод байгаа юм болов уу гэж бодсон чинь одоо бүр намайг сайхан амьтан шүү, нэг бавчих юмсан гэж хэлсэн. Одоо арай хэтэрлээ гэж надад хэлээд уйлаад байсан гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Б.Мийг гэрчээр асуусан тэмдэглэл. Уг тэмдэглэлээр гэрч нь ...Ж.Бтай уулзсан. Тэр үед надад Ж.Б нь О.С намайг өөрийг нь оролдсон талаар хэлсэн. Н.Б нь О.С гуай намайг оролдсон гэж хэлсэн. ...харин ярьж байх үедээ уйлж байсан. гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан Хянан шалгах ажиллагааны явцад О.Стай хийсэн 2022 оны 12-р сарын 26-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл. Уг тэмдэглэлд О.С нь ...энд нь хүрсэн, одоо тэр хацар дээр нь. ...өөр юм байна уу одоо? Яахав гар хөл гээд бид нар явж л байдаг ш дээ. Бөгс хаанд нь бол хүрээгүй шүү. ...Н.Бын хөхөнд хэдэн удаа хүрсэн бэ гэж асуухад -1 юм уу 2 л байгаа байхдаа. 2 л байхдаа. ...бэлхүүс ээ хүрсэн хүрсэн 2 л байгаа байх. ...Сайхан амьтан шүү гэж хэлж байсан тохиолдол байгаа юу гэж асуухад -Хэлж л байсан байна даа. 1 л удаа хэлсэн байх. Та ямар дүрэм журам зөрчсөн гэж бодож байна гэж асуухад Түрүүний яриад байсан, эмэгтэйчүүд рүү ширтэх, хөх. биед нь хүрэхгүй байх зэрэг журмуудаа бүгдийг зөрчсөн" гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч О.С нь ажилтан Ж.Бд хэд хэдэн удаагийн үйлдлээр удаа дараа бэлгийн сэдлээр үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдэд хүрэх зэрэг үйлдлээр тус тус илэрхийлж бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил бүхий үйлдлийг гаргаж Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 .и дэх заалт, Кэмпийн дотоод журам ёс зүйн дүрмийн 9.1.13.2, 9.1.13.3, 9.1.13.8, 19.3, 19.4, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.9.2 дах заалтад заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь нотлогдож байгаа болно. Иймд нэхэмжлэгч О.Сын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

О.С гуай нь ОТ ХХК-д 2011 онд анх ажилд орсон байдаг. Ингээд маргаан бүхий хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тушаал гарахаас өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн тухайд ОТ ХХК-ийн уурхайн үйл ажиллагааны хэлтсийн хөдөлгөөнт хүнд хөгжлийн үндэсний оператороор ажиллаж байсан байдаг.  Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 369 дүгээр зүйл, тухайн үед  мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, шинэ хуульд заасны дагуу холбогдох ажил олгогчийн зүгээс түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажилтны хувьд тухайн ажилтныг ажлын байраар хангах.  Ажилтан харин хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ОТ ХХК буюу ажил олгогчид мөрдөгдөж байгаа холбогдох дүрэм журмыг биелүүлж ажиллах, харилцан тус тусын үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд ОТ ХХК-д мөрдөгдөж байгаа хэд хэдэн журмуудыг  зөрчсөнөөс үүдэлтэйгээр 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б424 тоот тушаалууд гарсан. Энэ тушаалтай холбогдуулан нэхэмжлэгчийн тухайд 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар холбогдох хамт ажиллагсдадаа хэд хэдэн удаагийн үйлдлээр ОТ ХХК-д мөрдөгдөж байгаа дүрэм журмуудыг зөрчсөн үйл баримт тогтоогдсон.

ОТ ХХК туслан гүйцэтгэгч компаниудтайгаа нийлээд ОТ сайт дээр өдөр шөнийн ээлжээр тасралтгүй уурхайн үйл ажиллагаа явуулдаг.  Энэ хүн ОТ компанид нийтдээ арван хэдэн жил ажилласан. ОТ ХХК-д  мөрдөгдөж байгаа дүрэм журмыг мэдэхгүй байна гэсэн ойлголт байхгүй.  Хянан шалгалтын тайлан болон хянан шалгах багийн сахилгын шийтгэл ногдуулсны дагуу тухайн зөрчлийг ОТ ХХК-ийн хянан шалгах нэг хүн, өөрийнх нь хэлтсээс нэг хүн, ингээд холбогдох хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр ОТ компанид мөрдөгдөж байгаа журмын дагуу хянан шалгалт хийсэн. Энэ хянан шалгалтын явцад буюу О.С гуайгаас тухайн гомдлын дагуу ярилцлага авсан байгаа. Энэ ярилцлагын дагуу энэ хүн бүх үнэнээ өрөө хэлсэн. Энэ нь бэлгийн дарамт хэрхэн яаж учруулсан, энэ хүнтэй холбоотой ямар үйлдлүүд гаргасан гэдэг зүйлүүдээ энэ хүн хамгийн сүүлд уучлаарай гэдэг байдлаар хэлсэн. Бэлгийн дарамттай холбоотой асуудал дээр ямар үйлдэл хийж болохгүй талаар ч гэсэн энэ хүн тухайн ярилцлагын тэмдэглэл дээр өөрөө хэлсэн. Энэ зүйлүүд нь тухайн хянан шалгалтын тайланд байгаа. Тайлантай холбоотой өөрийнх нь ярилцлагын тэмдэглэл байгаа. Энэ зүйлүүд дээр өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ийм үйл баримт байгаа.

Мөн нэмж хэлэхэд өнөөдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хуулиар ажлын байран дээр бэлгийн дарамт учирдаг ийм нөхцөл байдлууд байсан учраас  хуульд зохицуулалт орж ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл дээр ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт учруулахыг хориглох гэдэг ийм заалт байгаа. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан ОТ ХХК-ийн тайлбарт Одсүрэнгийн О.С 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүний нөөцийн бодлого, журам гэсэн хичээлд хамрагдаж суусан тухай бүртгэлийн мэдээллийг хүргүүлсэн байгаа. Энэ нь юугаар нотлогдох вэ? гэхээр зөрчлийг хянан шалгах үйл ажиллагааны явцад  О.Стай өөртэй нь хийсэн ярилцлага дээр та Эй Би Эй дээр хичээлд суусан уу? гэхэд суусан. Тэгээд бэлгийн дарамтын талаар тодорхой ойлголттой болсон уу? гэхэд бололгүй яах вэ. Үүнийг 2022 оны 10 дугаар сарын холбогдох сургалтад суусан. Бэлгийн дарамт гэж юуг хэлэх, юуг хориглох, сахилгын шийтгэлийн журам, хянан шийдвэрлэх тухай журам,  хүний нөөцийн бусад бодлого, журмуудтайгаа танилцсан гэдэг нь нотлогдож байгаа гэв.

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/424 дугаар тушаалын хуулбар, ОТ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолтын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, О.Сын Иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

3.2. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 7/21 дугаартай тушаал, түүний хавсралтаар батлагдсан Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого, ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15/21 дугаартай тушаал, түүний хавсралтаар батлагдсан Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 54/21 дугаартай тушаал, түүний хавсралтаар батлагдсан Сахилгын шийтгэл ногдуулах журам, ОТ ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр О.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолтын хуулбар, ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/424 дугаар Одсүрэнгийн О.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, О.Сын гаргасан зөрчил бүхий үйлдлийн талаар гаргасан Хянан шалгах ажлын тайлангийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр О.Стай хийсэн ярилцлагын тэмдэглэл, Өмгөөлөгч О.Батсүхээс татгалзаж өмгөөлөгч Д.Баттулгыг оролцуулах тухай хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ж.Бтай хийсэн ярилцлагын тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр С.Мтай хийсэн ярилцлагын тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Мтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлийн хуулбар,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Ажлын байрны тодорхойлолт, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тушаал, О.Сэмшавадын ажлын байрны тодорхойлолт, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн гэрч Ж.Бын мэдүүлэг, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэрч С.Мын мэдүүлэг, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гэрч Б.Мийн мэдүүлэг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн гэрч Э.Э, Ц.П, С.Б нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд асуусан гэрч Б.Дгийн мэдүүлэг,

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

5.1 Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлд дурдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж 176,397,921 төгрөгийг гэж, шүүх хуралдаанд мөн өдөр хүртэл тооцоолж 272,615,000 төгрөг гаргуулах тухай гэж тодруулсан.

6. Хариуцагч нь ОТ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн О.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 06-ны хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр удаа дараа хамтран ажиллагчдаа бэлгийн сэдлээ үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдэд хүрэх зэрэг үйлдлээр тус тус илэрхийлж хамтран ажилллагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 Нэхэмжлэгч О.Сыг ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1033/11 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалаар мөн өдрөөс Компанийн Баяжуулалт-Хаягдал хадгалах байгууламж болон усан хангамжийн хэлтсийн Оператороор/Тоног төхөөрөмжийн оператор/ ажиллуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 102-107-р тал/

7.2 Улмаар ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/424 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Уурхайн үйл ажиллагааны хэлтсийн хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /1-р хх-ийн 3-р тал/

7.3 ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/424 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх заалт, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, г, 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 10.2.1.и заалтууд, ОТ ХХК-ийн Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ын 3.1, 3.3.а, 5.7.в, 5.7.и, 5.7.д, 10.3.3.д заалтууд, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9.1.13.2, 9.1.13.3, 9.1.13.8, 19.3, 19.4, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 9.1, 13.1.4, 17.1, 17.2.9.2, 17.3, 18.7.1, 18.7.3 заалтуудыг тус тус үндэслэжээ.

8. Нэхэмжлэгч нь маргаан бүхий 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/424 тоот тушаалыг хүлээн аваад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, нэхэмжлэлд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Иргэний хэрэг үүсгэсэн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ: 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасанд нийцсэн, шүүхэд нэхэмжлэлээ гаргасанд нэхэмжлэгчийн буруутгах үндэслэлгүй гэж үзэв./1-р хх-ийн 1-2, 18-р тал/

9. Ажил олгогч ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна: 123.2.5 дахь хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж заасанд тус тус үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

9.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.1 дэх хэсэгт ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох тухай заасан бөгөөд мөн зүйлийн 7.2 дахь хэсэгт Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үгээр, биеэр, цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх, бэлгийн харилцаанд орох эсэхээс шалтгаалж ажил, албан тушаал, цалин хөлс зэрэг эдийн засгийн болон бусад байдлаар урамшуулах, эсхүл хохироохоор айлган сүрдүүлэх, тулган шаардах, болзол тавих /quid pro quo/ байдлаар бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно гэжээ.

10. Шүүх зохигчийн маргаж буй үйл баримт болох 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 06-ны хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр удаа дараа хамтран ажиллагчдаа бэлгийн сэдлээ үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдэд хүрэх зэрэг үйлдлээр тус тус илэрхийлж хамтран ажилллагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан эсэх үйл баримтыг, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэх шаардлагатай.

10.1 Ажил олгогч ОТ ХХК, ажилтан О.С нарын хоорондын хөдөлмөрийн харилцааг зохицуулсан дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээнд Бэлгийн дарамт-ыг хориглох талаар хэрхэн зохицуулсан талаар шалгавал:

10.1.1 Ажил олгогч маргаан бүхий тушаалд 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, г, 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 10.2.1.и заалтуудыг үндэслэсэн ба 8 дугаар зүйлийн б-д Компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, 8-ийн в-д Компанийн дотоод бодлого журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаарх стандартыг ханган ажиллах, 8-ийн г-д Компанийн бодлого, журам, стандарт болон холбогдох бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцах зэрэг нь ажилтны үүрэг байхаар,

10 дугаар зүйлийн 10.2.1-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн талаар зохицуулаад 10.2.1.и-д Компанийн аливаа бодлого, дүрэм, журам(үүнд: Компанийн Дотоод журам, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм)-д Ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар, эсхүл зөрчил гаргасан даруй ажлын талбай, төслийн талбар болон тэдгээрт хамаарах нутаг дэвсгэрээс явуулахаар заасан зөрчил гаргасан гэж заажээ. /1-р хх-ийн 77-82-р тал/

10.1.2 Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-ийн 9-д Ёс зүйн зохисгүй хэм хэмжээг зохицуулсан, түүний 9.1.13.2-д Бусдад аливаа хэлбэрээр бэлгийн дарамт үзүүлэх болон бэлгийн дарамтын шинжтэй дараах үйлдлүүдийг гаргах: Шүлэнгэтэн ширтэн харах, биед нь хүрэх, шалтгаангүйгээр танимхайрах байдал гаргах зэрэг бие махбодын зохисгүй үйлдлүүд гаргах, 9.1.13.3-д Хүсээгүй байхад бэлгийн харилцаанд орохыг санал болгох, хүсэлт тавих, 9.1.13.8-д өөр бусад бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд хамаарахаар зохицуулсан байна.

Түүнчлэн мөн журам, дүрмийн 19 буюу хариуцлага хэсгийн 19.3-т Журмын 9.1.1-9.1.15-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно, 19.4-т Журмын 9.1.1-9.1.15-д заасан ноцтой зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. /1-р хх-ийн 50-62-р тал/

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд Хөдөлмөрийн гэрээний 10.2.1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийг Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм-д тусгайлан нэрлэн зааж зохицуулсан гэж үзнэ.

10.1.3 ОТ ХХК-ийн Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ын 3.1-д ажилтан бүр ажлын байран дээр ямагт ёс зүйн зохистой хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй..., 3.3.а-д Ажлын байран дээр бусадтай хүндэтгэлтэй харьцах, энэхүү бодлого болон бусад холбогдох бодлого, журмуудыг дагаж мөрдөх нь бүх ажилтнуудын үүрэг байхаар, 5.7-д Нөхцөл байдлаас хамааран дараах зан хандлага, үйлдлүүд нь бэлгийн дарамтад тооцогдох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй гэсний 5.7.в-д Зориудаар болон шаардлагагүй үед биед нь хүрэх мөрийг нь алгадах, чимхэх, зориудаар шүргэх, үнсэх гэж оролдох, 5.7.и-д Бэлгийн дур сонирхлын үүднээс хүсэлт, шаардлага тавих, секс эсвэл сүрдүүлсэн шинж чанартай дохио зангаа, биеийн хөдөлгөөн хийх, 5.7.д-д Бүдүүлэг буюу секс агуулга бүхий үг хэллэг, наргиа, онигоо ярих, нэр хоч өгөх үйлдлүүд нь бэлгийн дарамтад тооцогдохоор зохицуулсан байна./1-р хх-ийн 35-49-р тал/

10.1.4 Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 17.1-т Хууль тогтоомж, компанийн бодлого, дүрэм, журам ...хөдөлмөрийн гэрээг зөрчсөн болон энэхүү журамд заасан зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна, 17.2.9.2-т Бусдад аливаа хэлбэрээр бэлгийн дарамт учруулах, 17.3-т Журмын 17.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халах буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулна, 18.7.1-д журмыг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх, 18.7.3-д журамд заасан сахилгын зөрчлийг ямар ч үед гаргахгүй байхыг эрмэлзэн ажиллах үүргийг ажилтан хүлээхээр тус тус заажээ./1-р хх-ийн 63-76-р тал/

Хариуцагч ОТ ХХК-ийн дүрэм, журам, ажилтан О.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт зэрэгт ...бие биедээ хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үгээр, биеэр, цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх-ийг хөдөлмөрийн харилцаанд хориглосон байна.

Дээрх журмуудыг ажилтан О.Ст танилцуулсан талаар хариуцагчаас бичгээр тайлбар гаргаж, тайлбартаа тушаал, заавар, дүрэм, журамтай танилцуулсан сургалтад нэхэмжлэгчийг хамруулсан талаарх системийн бүртгэлийн баримт-ыг баримтаар гаргасан, уг үйл баримтад нэхэмжлэгч маргаж, няцаах баримт гарган өгөөгүй.

10.2 Ажилтан О.Сын гаргасан ноцтой зөрчил гэх Бэлгийн дарамт үзүүлсэн гэх үйлдлийг хэрхэн шалган тогтоосон, хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон эсэхийг шалгавал:

О.Сыг 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 06-ны хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр удаа дараа хамтран ажиллагчдаа бэлгийн сэдлээ үгээр, мөн хүсээгүй байхад нь биеийн тодорхой хэсгүүдэд хүрэх зэрэг үйлдлээр тус тус илэрхийлж хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэж буруутгасан.

10.2.1 Зөрчлийг хянан шалгасан талаарх ажлын тайланд бэлгийн дарамт учруулсан гэх үйл баримтууд нь хэрэгт авагдсан ажилчидтай хийсэн ярилцлагын тэмдэглэл, хуульд заасан журмын дагуу асууж авсан гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон байна. Үүнд:

Хянан шалгах ажлын тайланд гомдол гаргагчтай хийсэн ярилцлагад 12 сарын 05-ны өдөр би ажилдаа гарч чадаагүй, аймаар стресстэй байсанахын дүү утасны дугаараа өгчих. Чиний дугаар өөрчлөгдчихсөн үү. Шинэ дугаараа ахдаа өгчих, шинэ жилээр хотод очихоор чинь уулзья гээд бүр улаан цайм чичрээд дайрна гэдэг шиг дайраад байсан....Чамайг хотод ирэхээр чинь Сүхбаатарын талбайгаар хамтдаа алхья, буудал орьё гэсэн12 сарын 06-ны өдөр өргөдлөө бичээд сууж байсан чинь шөнийн 15:15 минутын алдад хурлын зааланд орж ирээд тэвэрч аваад зүүн талын хацар дээр үнсчихээд яваад өгсөн2022 оны 10 сараас хойш хөөрхөн шүү, сайхан амьтан шүү. Харахаар аазгай хөдлөөд байна гэх үгнүүд хэлдэг байсангэх тайлбар, О.Стай хийсэн уулзалтын тэмдэглэл, ажилтан Ж.Б, С.М, Б.М нартай ярилцсан ярилцлагын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан. /1-р хх-ийн 114-133-р тал,158-169-р тал/

Түүнчлэн гэрч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн гэрч Ж.Бын мэдүүлэг, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэрч С.Мын мэдүүлэг, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гэрч Б.Мийн мэдүүлэг, шүүх хуралдаанд асуусан гэрч Б.Дгийн мэдүүлэг зэргээр нотлогдсон, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр асуусан гэрч Э.Э, Ц.П, С.Б нар нь бэлгийн дарамт учруулсан гэх цаг хугацаа, орчин нөхцөлд хамт байгаагүй байх тул уг гэрчүүдийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн бэлгийн дарамт учруулаагүй гэх үндэслэлийг батлах баримт гэж үзэх үндэслэлгүй. /1-р хх-ийн 205-212, 228-239/

10.3 Нэхэмжлэгч О.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон, маргаан бүхий тушаалын үндэслэлийг няцаах нотлох баримт шүүхэд гарган өгөөгүй, өөрийн шаардлага, үндэслэлийг өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Иймд ОТ ХХК-д холбогдох тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч О.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ОТ ХХК-д холбогдох тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч О.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА