| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03539/И |
| Дугаар | 181/ШШ2024/02639 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/02639
2024 07 01 181/ШШ2024/02639
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ХМИ ББСБ ХХК ... тоотод оршин байх РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ө.З-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
Нэхэмжлэгч: ХМИ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХМИ ББСБ ХХКомпани нь зээлдэгч Ө.Зтай 2022.01.31-ны өдөр №1126130115002988 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулан үнэт эдлэл худалдан авах зориулалтаар 4,380,000 /Дөрвөн сая гурван зуун наян мянга/ төгрөгийн зээлийг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 6-н сарын хугацаатайгаар зээлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2022.07.20-ны өдөр дууссан боловч зээлдэгч Ө.З нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироосоор байна. Иймд зээлдэгч Ө.Заас: Үндсэн зээлийн үлдэгдэл 4,380,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 4,038,952 төгрөг нэмэгдүүлсэн хүү - 681,243.69 төгрөг, нийт 9,100,195.69 төгрөгийг 2024.04.10-ны байдлаар үлдэгдэлтэй байна.
Компанийн зүгээс зээлдэгч Ө.Зын оршин суух хаягийн дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №102/11132024/09300 тоот шүүгчийн захирамжаар ...хариуцагчийн хаяг тодорхойгүй... гэх үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байдаг.
Иймд зээлдэгч Ноён хунц ургийн овогтой Ө.З-ийг эрэн сурвалжлах тухай шийдвэрийг гарган өгнө үү гэжээ
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХМИ ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ө.Зыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.
Ө.З нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр №1126130115002988 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулсан байх ба гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, маягт зэрэг баримт нь хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.
Ө.З нь ....тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 102/Ш32024/09300 дугаартай захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Ө.З-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ө.З-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ө.Зыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ХМИ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аутас:/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА