Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03029 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-т холбогдох,

 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2 дугаар гудамж, 85 а тоот хаягт байрлах газраас 106 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бурмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Н- нь 2013 оны 8 дугаар сард Д.Б- гэгчтэй танилцан түүний хэлснээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Консулын 2 дугаар гудамж 85 тоот хаягт байрлах 436 м.кв түүний өмчлөлийн газраас 120 м.кв газрыг 5 000 000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед Д.Б- нь уг газрын бичиг баримтыг банкны барьцаанд байгаа 2016 оны 02 дугаар сард барьцаанаас чөлөөлөхөөр газраа хэмжүүлээд, газар эзэмших эрхийг нэр дээр минь шилжүүлж өгнө гэсэн. Тэр үед Д.Б-ын охин Б.Бурмаа нь гэр бүлийн хамт Замын-Үүд суманд амьдардаг байсан түүнээс утсаар холбогдон лавлахад “наад газар чинь аавын газар, надад хамаагүй” гэж байсан. Манай хашаа барьсан газарт өмнө нь байшингийн суурь байсан, үүнийг сэргээгээд байшин барьж болно гэж байсан. Газар хэний нэр байдаг талаар хариуцагчаас тодруулахад газрын албанаас лавла гэсэн үүний дагуу асуухад кадастрын зураг ганцхан түүний нэр дээр байсан, хүүхдүүд болох Б.Түмэн-Өлзий, Б.Бурмаа нарын нэр байгаагүй. Д.Б-тай 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тохиролцол гэсэн бичиг хийж, талууд гарын үсэг зурсан бөгөөд ингэхдээ 12 сард барьцаанаас чөлөөлөгдөхөөр нэр дээр чинь шилжүүлж өгнө гэсэн. Дахин 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Тохиролцол гэсэн бичгийг Д.Б- өөрөө бичиж өгсөн бөгөөд уг бичигтээ, газрын гэрчилгээ банкны зээлд /барьцаанд/ байгаа тул 2016 оны 12 дугаар сард банкнаас чөлөөлөгдөхөөр Г.Н-ийн мэдэлд шилжүүлж өгөхөөр дахин тохиролцоо хийлээ гэж бичсэн.

Д.Б- газрын эрхтэй холбоотой бичиг баримтууд 2016 он хүртэл барьцаанд байгаа гэсэн тул түүнийг ахмад настай хүн болохоор нь итгээд хүлээсэн. Гэтэл одоо өөрт хамааралгүй, охин Б.Бурмаа мэднэ гээд газрын эрхийг шилжүүлж өгөхгүй намайг хохироож байна. Хариуцагчид газрын төлбөрийг төлөх үедээ буюу 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Барга-Уул” ХХК-иар хэмжилт хийлгэн эргэлтийн цэгийг нь тогтоолгож авсан. 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д.Б-т 5 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт үйлдэхэд газрын бичиг баримтыг 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд шилжүүлж өгнө гэж байсан. Улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтаас үзэхэд уг газрыг анх Д.Б- ганцаар өмчилдөг байсан, үүний дараа Б.Түмэн-Өлзий, Б.Түмэнцэнгэл, Б.Бурмаа гээд өмчлөгч нэмэгдсэн байдаг. Үүнээс үзэхэд Д.Б- нь газрыг Г.Н-д худалдсан гэдэг нь тогтоогддог. Б.Бурмаа өөрийн байшингийн доод хэсгийн газрыг авна гэж тайлбарладаг боловч шинжээчийн дүгнэлтээр түүний өмчлөлийн байшинтай Г.Н-ийн амьдран сууж байгаа газар давхцаагүй гэдэг нь тогтоогдсон.  Д.Б- гуайн хүүхдүүд түүнийг Г.Н-д өөрийн өмчлөлийн газраа зарсныг мэддэг боловч гагцхүү 120 м.кв газар гэхээр их хэмжээний газар, дээр нь өөрийнх нь өмчлөлийн байшингийн газар орсон гээд маргаан үүсгэдэг юм. Д.Б- газрын бичиг баримтыг барьцаанд байгаа гэхээр нь нөхрөөрөө цалингийн зээл авахуулаад 5 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Түүний согтуу байхад уг мөнгийг өгөөгүй, түүний архины хамааралтай байгаа нь талуудын хооронд 2013 онд байгуулагдсан хэлцэлд хамааралгүй.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дах хэсэгт нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно гэж заасны дагуу талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. 436.11 м.кв газар нь 3 хүний өмчлөлийнх байж болно, гагцхүү Д.Б- нь өөрт ногдох хэсэг буюу 120 м.кв газрыг Г.Н-д худалдсан. Д.Б- нь бусадтай хамтран өмчлөх газрынхаа өөрт ногдох хэсгийг Г.Н-д худалдсан тул гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөгүй, тэдэнд заавал мэдэгдэх, тэднээс зөвшөөрөл авах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг амаар буюу бичгээр хийх талаар зохицуулсан.

Нэхэмжлэгч нь худалдан авсан газраа хашаа барьж байхад хүү Б.Түмэн-Өлзий нь ямар нэгэн зүйл хэлээгүй. 40 м.кв газарт байшингийн суурь байсныг 1 500 000 төгрөгөөр худалдана гэхэд авахгүй гээд гэрээ барьж амьдарсан. Ийм хэмжээтэй газрыг 5 000 000 төгрөгөөр худалдаж авна гэж байхгүй. Мөн хашааг барьж байхад хүүхдүүд буюу бусад эзэмшигч нар нь зөвшөөрөхгүй гэж байсан бол зогсоох боломжтой байсан, Шинжээчийн дүгнэлтээр 436.11 м.кв газраас 106 м.кв газар нь Г.Н-ийн амьдарч байгаа газарт хамаарч байгааг тогтоосон. 52 м.кв газар нь Г.Н-ийн өөрийнх нь сунгаж янзалсан газар юм.

Иймд хариуцагч Д.Б-аас түүний өөрийнх нь өмчлөлийн 18646310474942 нэгж талбарын дугаартай 436.11 м.кв газраас 120 м.кв газрыг худалдан авсан тул Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2 дугаар гудамж, 85 а тоот хаягт байрлах 120 м.кв газрыг худалдаж авсан тул уг газар Г.Н-ийн өмчлөлийн газар болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр 106 м.кв газрыг Г.Н-ийг хашаалсан гэж тогтоосон тул уг 106 м.кв газрыг Г.Н-ийн өмчлөлийнх болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Н- нь нөхөр хүүхдийн хамт Д.Б-ын байшингийн нэг өрөөг 2012 оны 5 сараас 2013 оны 5 сар хүртэл түрээслэн амьдарч байгаад нүүсэн юм. Үүнээс хойш манай хашааны урд талын хэсэгт барьсан байсан 4х6 харьцаатай буюу 24 м.кв талбайтай амбаар орчмын 40 м.кв орчим газрыг худалдаж авахаар амаар тохиролцож амбаарыг буулгуулан, уг газарт нүүж ирж амьдарсан мөртлөө одоо болохоор 120 м.кв гэж бичсэн байна.

Г.Н- нь хожим 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Барга уул ХХК-иар кадастрын зураг гаргуулсан гэх боловч энэ талаар Д.Б-т болон түүний хүүхдүүдэд огт мэдэгдээгүй, анх тохиролцсон хэмжээнээс илүү хэмжээтэй газрын зураглал хийлгэсэн байсан. Ийм хэмжээний газар худалдана гэж хэзээ ч тохиролцоогүй тул кадастрын зураглал дахь газрын хэмжээг бид зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй юм. Уг кадастрын зураглалд заасан хэмжээний газарт тухайн үед баригдсан байсан манай байшин байгаа газраас 2 метр орчим газрыг оруулсан байгаа нь уг зураг буруу, Газрын кадастр ба кадастрын зураглалын тухай хууль зөрчсөн. “Барга Уул” ХХК нь газрын зураглал хийх эрхтэй эсэхийг нотолсон баримт байхгүй юм. Түүнчлэн талуудын хооронд 120 м.кв газар худалдсан гэдгийг үгүйсгэж байгаа баримт бол 2 м орчим газрыг үл хөдлөх хөрөнгийг оролцуулсан болох нь шинжээчийн дүгнэлтээс харагдана. 2005 онд анх тухайн газрыг өмчилж авсан кадастрын зураглалаас харахад Г.Н-ийн хийлгэсэн кадастрын зураг 106 м.кв газартай давхацсан байдаг.

Дээрх байдлаас үзэхэд Д.Б- болон Г.Н- нарын хооронд 120 м.кв газар худалдсан гэдэг хэлцэл хийгдээгүй гэдгийг нотолж байна. 2015 оны 5 сарын 27-ны өдрийн баримтад 120 м.кв гэж байсныг Д.Б- зөвшөөрөхгүй, харин 40 м.кв газрыг зөвшөөрсөн гээд цэнхэр балаар зассан гэх баримтаа гаргаж өгсөн. Ер нь Д.Б-ыг архи уудгийг далимдуулан түүнийг согтуурсан болон хүүхдүүдийг нь эзгүй үед дээрх бүх яриа тохиролцоог хийж гарын үсэг зуруулж байсан гэж тайлбарласан. Дээрх газрыг Г.Н-д шилжүүлж өгөх талаар баримтад гарын үсэг зурахдаа хамтран өмчлөгч Б.Бурмаа, Б.Түмэн-Өлзий нарт хэлээгүй бөгөөд тэд сүүлд мэдээд уг газрыг худалдахыг зөвшөөрөхгүй, наймаагаа буцаа гэж Д.Б-аас шаардсан болно.

Д.Б- нь Б.Бурмаа, Б.Түмэн-Өлзий нараас хамтран өмчилж байгаа газрыг бусдад худалдах талаар зөвшөөрлийг авалгүй, ийнхүү зөвшөөрөл аваагүй байж бусдад худалдах хууль бус хэлцэл хийж байсан гэм буруугаа хүүхдүүдийнхээ болон шүүхийн өмнө хүлээж байгаагаа болон үүний дагуу хүлээж авсан 5.000.000 төгрөгийг буцаан төлөхөд бэлэн байгаагаа тайлбартаа дурдсан. Дээрх газрыг өмчлөх эрхийн гэрчилгээг 2005 оны 04 сарын 13-ны өдөр авсан бөгөөд энэ үед зөвхөн Д.Б- ганцаар өмчилдөг байсан гэдэг үндэслэлгүй юм. Ярианы бичлэгт хийсэн үзлэгээр Г.Н-, Б.Бурмаа нар газрын хэмжээний талаар маргаад байгаа нь нотлогддог. Хэлцэл бол талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хуульд заасан бол хэлбэрийн хувьд шаардлага хангасан байхыг шаарддаг.

Түүнчлэн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, 128.3 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас үзэхэд Д.Б- нь бусад өмчлөгчийн зөвшөөрлийг бичгээр аваагүй байх тул түүний бусадтай хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус юм. Г.Н-ийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл дээр Д.Б-ын хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаагүй байгаа нь хэлбэрийн хувьд ч мөн хүчин төгөлдөр бус, агуулгын хувьд хууль зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэв талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзвэл тоо хэмжээний хувьд 40 м.кв, 120 м.кв, 135 м.кв, 200 м.кв гэх зэрэг маргаантай. Үүнээс үзэхэд 2 тал худалдах худалдан авах зүйлийнхээ тоо хэмжээний хувьд ч тохиролцоогүй болох нь харагдаж байна. Мөн үнийн хувьд маргаантай байдаг. Эхлээд 6 000 000 төгрөгөөр тохирч байснаа хашааны урд талын газрыг авна, өгөхгүй гэдгээс болоод 5 000 000 төгрөг өгсөн бөгөөд 1 000 000 төгрөгийг өгөөгүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө” гэж зааснаар талуудын хоорондох хэлцэл хүчин төгөлдөр бус юм.

Хэдийгээр Г.Н- нь мөнгөө төлсөн учир авах эрхтэй гэдэг боловч газрын үнэ, тоо хэмжээний хувьд тогтоогдохгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн учраас түүний өмчлөгч болох шаардлага хэрэгжих боломжгүй юм.

Өмчлөх эрх хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр үүсэх ёстой. Гэтэл эрхийн зөрчилтэй, биет байдлын доголдолтой, өөрөөр хэлбэл тоо хэмжээний хувьд маргаантай байна. Нэхэмжлэлээр шаардаж буй зүйл бол Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дах хэсэгт зааснаар газар буюу үл хөдлөх эд хөрөнгө байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бурмаа, Б.Түмэн-Өлзий нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газар хамаарах нийт 436.11 м.кв газарт аав Д.Б-ын хамт манай гэр бүл нь 2000 оноос хойш амьдарч байгаа бөгөөд зохих хууль журмын дагуу гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлөх гэрчилгээ авсан. Уг газрыг Б.Түмэн-Өлзий, Б.Бурмаа нар хамтран өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдох бөгөөд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх газар юм. Анх 2005 онд Д.Б-, Б.Түмэн-Өлзий, Б.Түмэнцэнгэл нарын өмчлөлд байсан бөгөөд 2012 онд манай дүү Б.Түмэнцэнгэл нас барж, Б.Бурмаа нэмэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч Г.Н- зөвхөн аав Д.Б-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ байсан гээд байгааг зөвшөөрөхгүй. Д.Б-ын хүүхдүүд бид хэдийгээр нас биед хүрч гэр бүлтэй болж өрх тусгаарласан боловч, гэр бүлийн газрын хамтран өмчлөгч хэвээрээ байдаг бөгөөд Б.Бурмаа нь өөрийн барьсан хувийн байшиндаа амьдарч байгаа болно.

Нэхэмжлэгч Г.Н- нь бидний аав Д.Б-ыг хашааны газраасаа худалдсан тухай тохиролцол гэсэн бичиг хийлгэж авч түүнийг шүүхэд өгсөн байна. Аав Д.Б- нэлээд дээр үед архи уудаг байсан бөгөөд ээжийг нас барснаас хойш байнга архи ууж, уусан үедээ маш муухай зантай болж, хүүхдүүдийнхээ үгийг сонсохгүй, дураараа авирладаг болсон. Энэ үед түүнийг ганц бие амьдардаг, архи уудгийг далимдуулж, нэхэмжлэгч Г.Н- нь ааваас анх 2013 онд худалдаж авахаар тохиролцсон газрынхаа хэмжээг дахин, дахин нэмж бичсэн бичгүүдийг өөрөө үйлдэж, ааваар гарын үсэг зуруулсан, эсхүл аавыг согтуу үед нь бичүүлж авах, өөрөө дураараа кадастрын зураг хийлгэх, зориудаар архи уулгах зэргээр элдэв заль мэх хэрэглэж хүүхдүүд бидэнд мэдэгдэлгүйгээр баримт бүрдүүлсэн байна.

Б.Түмэн-Өлзий, Б.Бурмаа бид өөрсдийн хамтран өмчилдөг газраас худалдах талаар нэхэмжлэгч Г.Н-тэй ямар нэгэн байдлаар уулзаж хэлэлцэж байгаагүй, амаар болон бичгээр ямар нэгэн зөвшөөрөл, гэрээ бичиг огт хийгээгүй. Харин бид аавыг түүнд газар зарсныг мэдсэнээс хойш уг наймаагаа буцаахыг байнга шаардаж ирсэн. Бид газар чөлөөлж, хашаанаас нүү гэж шаардахад Г.Н- аавтай чинь тохиролцсон, аавтай чинь харьцана. Та нарт хамаагүй, би мөнгөө төлсөн болохоор одоо энэ миний газар, нүүхгүй гэж бөөн хэрүүл маргаан болдог.

Г.Н- нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Барга-Уул ХХК-иар кадастрын зураг хийлгэж, эргэлтийн цэгийг тогтоолгохдоо аав Д.Б- болон хамтран өмчлөгч биднээс хэнийг ч байлцуулаагүй өөрөө дур мэдэн, бидэнд мэдэгдэлгүй энэ зургийг хийлгэсэн байна. Бид байсан бол ийм зураг хийлгэхийг зөвшөөрөхгүй байсан бөгөөд Г.Н-тэй газраа ав гэж утсаар ярьж байгаагүй. Б.Бурмаа нь 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Хаан банк” ХХК-аас 20 000 000 төгрөгийн зээл авч, үндсэн зээлдэгчээр, аав Д.Б- хамтран зээлдэгчээр орсон болно. Үүнээс хойш хэд хэдэн зээл авахад аав Д.Б- зөвхөн барьцаалагч хэлбэрээр оролцож ирсэн. Манай аавд өгсөн гэх мөнгийг нь Г.Н-д буцааж өгнө. Иймд Д.Б- нь хамтран өмчлөгч биднээс зөвшөөрөл аваагүй, эдгээр хүмүүсийн хооронд бичгээр гэрээ хэлцэл хийгдээгүй тул Г.Н-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-т холбогдох Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 2 дугаар гудамж, 85 А тоот хаягт байршилтай, 18646310471934 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 436.11 м.кв талбай бүхий газраас 106 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхий шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтууд, ярианы бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч Д.Б-аас 120 м.кв талбай газрыг 5 000 000 төгрөгөөр худалдан авч үнийг төлсөн тул газар өмчлөх эрхтэй гэж үзнэ 2013 оны 8 дугаар сараас өнөөг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон” гэж, мөн шүүхийн шийдвэрт “...талууд шүүхэд ирүүлсэн баримтаар 135 м.кв, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №2219 тоот тогтоол 200 м.кв, 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн баримтад 40 м.кв гэх мэтээр тусгажээ. Эдгээр баримтаас үзэхэд талуудын хооронд хэдэн м.кв талбай бүхий газрыг 5 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон болох нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Худалдах, худалдан авах гэрээ хэрэгт байхгүй” гэж тус тус дүгнэсэн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэлт хийж шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ бүхий агуулгатай байна. Хавтас хэргийн 5, 23 дугаар талд авагдсан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “тохиролцол” авагдсан ба хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг үзгээр баллаж 40 м.кв болгож зассан байгааг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангахгүй, маргаан бүхий газрын хэмжээг дурдсан баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ тодорхой дурдаж дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн нь шийдвэрийн үндэслэл агуулгыг ойлгомжгүй болгосон. Г.Н- нь Д.Б-тай 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан хэлцэл, 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тохиролцол зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж өгсөн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт газар худалдах, худалдан авах гэрээ байхгүй гэж дурдсан нь үндэслэлгүй. Шүүх хуралдаан болохоос өмнө Г.Н- нь хэргийн материалтай бүрэн танилцаагүй, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх ажиллагаанд түүнд хэргийн материал танилцуулаагүйгээс болоод шүүхийн шийдвэр ёсчлон гарсны дараа уншиж танилцахдаа худалдах, худалдан авах гэрээ хэрэгт байхгүй болохыг мэдсэн. Г.Н- нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хэргийн материалтай танилцаагүй, 2 дахь хавтас хэрэгт байгаа гэдгийг ч мэдээгүй. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн яаж үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй, агуулгын зөрүүтэй, нэхэмжлэгчийн хэргийн материалтай танилцах эрхийг хязгаарласан зэргийг хууль ёсны шийдвэр гэж үзэхгүй байгаа тул түүний хууль ёсны эрхээ бүрэн эдлэх боломжийг олгож өгнө үү. Иргэн Д.Б-ын худал, хуурмаг байдлаас болоод өнөөдөр Г.Н-ийн гэр бүл, үр хүүхдүүд нь гудамжинд гарахад хүрч болзошгүй байна. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч Д.Б-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 2 дугаар гудамж, 85 А тоот хаягт байршилтай, 18646310471934 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 436.11 м.кв талбай бүхий газраас 106 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...120 м.кв газрыг 5 000 000 төгрөгөөр хариуцагч Д.Б-аас худалдан авсан, газар өмчлөх эрхийн гэрчилгээ барьцаанаас чөлөөлөгдсөн даруйд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцон 2015 оны 07 дугаар сарын 27, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Тохиролцол” гэх хэлцэл хийгдсэн” гэж, хариуцагч нь 40 м.кв газрыг 5 000 000 төгрөгөөр Г.Н-д худалдахаар амаар тохиролцсон болохоос 120 м.кв гэж тохиролцоогүй, хамтран өмчлөгч Б.Түмэн-Өлзий, Б.Бурмаа нараас бичгээр зөвшөөрөл аваагүй, талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хуульд заасан шаардлага хангасан хэлцэл хийгдээгүй” гэж тус тус тайлбарласан байна.

 

Шүүх маргаан бүхий газрын хаягийг Консулын 2 дугаар гудамж, 85 а тоот болгон өөрчилсөн №000500322 тоот газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Д.Б-, Б.Бурмаа нарт олгогдсон, уг газрын хамтран өмчлөгч нарын шилжилт хөдөлгөөний талаарх үйл баримтыг зөв тогтоожээ. /хх 84-172/

 

Хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тохиролцол гэх баримтад “Д.Б- миний бие 2013 оны 8 сард ...өөрийн мэдлийн ...135 м.кв газрыг охин Б.Бурмаа, хүү Б.Түмэн-Өлзий нартай ярилцан 6 000 000 төгрөгөөр Г.Н-д худалдсан нь үнэн болно. Газрын гэрчилгээ банкны зээлэнд байх тул 2016 оны 12 дугаар сард банкнаас чөлөөлөгдөхөөр Г.Н-ийн мэдэлд шилжүүлж өгөхөөр дахин тохиролцоо хийлээ гэх, мөн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тохиролцол гэх баримтад “...2013 оны 08 сард Г.Н-д өөрийн мэдлийн гэх ...газар болох 40 м.кв газрыг хүүхэд Бурмаа болон Түмэн-Өлзий нартай ярилцан 5 000 000 төгрөгөөр Г.Н-д худалдсан болох нь үнэн. ...газрын эрхийн гэрчилгээ нь банкны зээлэнд байгаа тул 2016 оны 2 сард банкнаас чөлөөлөгдөхөөр Г.Н-ийн мэдэлд шилжүүлж өгөхөөр дахин тохиролцоо хийлээ” гэх агуулгууд тусгагдсан байна. /хх 5, 6, 23/

 

Түүнчлэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №2219 тоот тогтоолоор: Иргэн Г.Н-ээс 2013 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2-85 тоот хашааны 200 м.кв газрыг иргэн Д.Б-аас 5 000 000 төгрөгөөр худалдаж авсан боловч одоог хүртэл газрын гэрчилгээг нэр дээр шилжүүлж өгөхгүй байна гэх гомдлыг шалгасан материалыг хянахад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. /хх70/

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаж буй 436.11 м.кв газраас хэдэн м.кв газрыг Г.Н- эзэмшиж байгаа болох, түүний эзэмшиж буй гэх газар нь Д.Б-, Б.Бурмаа нарын үл хөдлөх эд хөрөнгө байгаа газартай давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилж, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/204 тоот дүгнэлтээр

1. ...иргэн Г.Н- нь 158 м.кв талбайн хэмжээ бүхий газрыг хашаалан эзэмших бөгөөд нэгж талбарын 18646310474942 дугаар бүхий 436 м.кв талбайтай газрын 106 м.кв талбайг хамарч байна.

2. Иргэн Г.Н-ийн хашаалан амьдарч буй 158 м.кв талбайтай газар нь иргэн Д.Б-, Б.Бурмаа нарын үл хөдлөх хөрөнгөтэй давхцалгүй байна гэжээ. /2хх 11-19, 24-41/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан үзэж нэхэмжлэгч Г.Н- нь хариуцагч Д.Б-аас хэдэн м.кв газрыг 5 000 000 төгрөгөөр худалдан авсан эсэх нь тогтоогдсонгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймээс шүүх нэхэмжлэгч нь 106 м.кв талбай бүхий газрыг 5 000 000 төгрөгөөр худалдан авсан, уг хэлцлийг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр байгуулсан, маргаан бүхий газрын хамтран өмчлөгч нараас бичгээр зөвшөөрөл авсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 2 дугаар гудамж, 85 А тоот хаягт байршилтай, 18646310471934 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 436.11 м.кв талбай бүхий газраас 106 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “...Шүүх хэргийн материалтай бүрэн танилцаагүй, нэхэмжлэгч миний хуулиар олгосон эрхийг хязгаарласан” гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Г.Н-ээс Ю.Сэвлэгмаад өөрийгөө төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх бүх эрх, үүргийг эдлэхээр олгосон итгэмжлэл авагджээ. Уг итгэмжлэлийн дагуу Ю.Сэвлэгмаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хэргийн материалтай танилцаж байсан нь нэхэмжлэгч Г.Н-ийн хэргийн оролцогчийн эрхийг шүүхээс хязгаарласан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /хх 225/

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03029 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.         

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

 

                                                                                                    Д.ЦОГТСАЙХАН