| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03786/И |
| Дугаар | 181/ШШ2024/02733 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/02733
2024 07 18 181/ШШ2024/02733
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:...тоот хаягт оршин суух, Б.Э /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Р.М/РД:.../-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Р.Мд холбогдуулан 18,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Р.Мын оршин суугаа газрыг ... тоот" гэсэн Дээрх хаягаар шүүхийн зарлан дуудах /мэдэгдэх/ хуудас хүргүүлэхэд уг хаягт хариуцагч бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Мөн хариуцагч Р.Мын гэх .. гэх утасны дугаарыг тодорхойлон ирүүлсэн дагуу ... дугаарт залгахад "тийм хүн байхгүй" гэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-"Хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байх ба мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д 65.1.9-д заасан үндэслэл дээр хэрэг үүсгэснээс 2023 оны 06 дугаар сарын 5-ны өдрийн 101/Ш32024/15825 тоот хэрэгсэхгүй болсон захирамж гарсан байна. Иймээс түүний хаана оршин сууж байгаа талаарх мэдээлэл байхгүй тул түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тогтоолгох хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Р.Мыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.
Р.М, Б.Э нарын хооронд байгуулагдсан гэх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.
Р.М нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, алтан өлгий, 26 дугаар гудамж, 28-421а тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2024/... дугаар захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны Р.М /РД:.../-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Р.М /РД:.../-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Р.Мыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Б.Эад /Утасны дугаар: / мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА