Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2024/02730

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 18 181/ШШ2024/02730

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...тоот хаягт байрлах, "ЖТК ББСБ ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.С/РД:.../ болон Б.М /РД:.../ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "ЖТК ББСБ ХХК нь иргэн Г.С /РД:.../ болон Б.М /РД:.../ нартай 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ16/94 тоот Зээлийн гэрээ (цаашид "Зээлийн гэрээ" гэх) байгуулж, сарын 4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 55,000,000.00 төгрөгийг зээлүүлсэн.

Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг эхний төлөлтөөс зөрчиж ирсэн бөгөөд зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлснээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 2831 хоног зөрчөөд зогсохгүй 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг огт төлөлгүй, зээлийн гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргасан.

Улмаар, нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Иргэн Г.Сын зээлийн гэрээ байгуулах үеийн албан ёсны хаяг буюу "Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Холбоо толгой 3 гудамж 22 тоот" хаяг, Хамтран зээлдэгч Б.Мын зээлийн гэрээ байгуулах үеийн албан ёсны хаяг буюу "Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Сөүлийн гудамж е байр 33 тоот" хаягийн дагуу "Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх"-д иргэн Г.С, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 231,342,471.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, 2023 оны 12 дугаар сарын 14-ны 101/Ш32023/... тоот захирамжаар Хариуцагч Г.С нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Хамтран хариуцагч Б.М нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, Мөн Монгол шуудан ХК-ийн "хаягт ийм хүн байхгүй" гэсэн магадлагаагаар тус тус тогтоогдож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 хэсэгт заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн гэрээний оршин суугаа хаягт бичигдсэн ".. тоот" хаягт хариуцагч нарыг оршин суудаг эсэх тухай тодорхойлолт хүсч Баянгол дүүрэг 30 дугаар хороонд албан бичгээр хандсан. Уг хүсэлтийн хариуд хариуцагч нарыг тухайн хаягт оршин суудаггүй тухай тус дүүргийн Засаг даргын тодорхойлолт гарсан.

Нэхэмжлэгчийн зүгээс хууль ёсны эрх, ашгаа хамгаалуулах зорилгоор дахин шүүхэд хандах шаардлагатай байна. Иймд, "Хариуцагч Г.С" болон "Хамтран хариуцагч Б.М" нарын оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул хариуцагч нарыг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "ЖТК ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.С, Б.М нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

Г.С, Б.М нартай байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар ЗГ16/94 Зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний хавсралт зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримт хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.

 

Г.С нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Холбоо тогойн 3 дугаар гудамж, 22 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Б.М нь.. тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2023/.. дугаар захирамж, Г.С, Б.М нарын иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдийн тодорхойлолтуудын хуулбараар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны Г.С /РД:.../ болон Б.М /РД:.../ нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Орхон аймгийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.С /РД:.../ болон Б.М /РД:.../ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.С, Б.М нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч "ЖТК ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О/утас:/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА