Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/02376

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12 181/ШШ2024/02376

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Автозамчдын гудамж, * тоот хаягт оршин суух А овогт Б.Н /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, * тоот хаягт оршин суух А овогт П.У /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүрэг, *, 1 давхрын 80.46 м.кв талбай бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А, Э.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Наранмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч П.У-д холбогдуулан Чингэлтэй дүүрэг, *, 1 давхрын 80.46 м.кв талбай бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие Б.Н нь өөрийн төрсөн дүү болох Б.П-тэй 2016 онд түүний өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн *ны 1 давхрын 80.46 м.кв талбай бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаар бүхий орон сууцыг нийт 480,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон.

Улмаар миний бие түүнд бэлэн мөнгө болон Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт байрлах 1 өрөө байр (Ү2), Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт байрлах 42 м.кв талбай бүхий 3 өрөө байр (Ү)-ыг оролцуулан төлбөрийг төлөхөөс гадна түүний Хас банкнаас авсан зээлийг нь төлөх хэлбэрээр дээрх орон сууцны төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

Уг хэлцлийн дагуу миний бие Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, *тоот 1 өрөө байрыг Б.П-н өмчлөлд, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт байрлах 42 м.кв 3 өрөө байрыг Б.П-н эзэмшилд тус тус шилжүүлэн өгсөн бөгөөд Хаан банкны * тоот дансанд 122,400,000 төгрөгийг, Хас банкны * тоот зээлийн дансанд нийт 67,544,700 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Гэвч дүү Б.П нь 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нас барсан тул дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг бичгээр баталгаажуулан, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй. Харин дээрх эд хөрөнгийг Б.П-н төрсөн охин болох П.У, хүү П.Д нар нь 2021 онд Иргэний хуульд заасны дагуу хууль ёсоор өвлөн авсан байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. П.У нь Б.Н, Б.П нарын хооронд дээрх тохиролцоо хийгдсэн болохыг мэдэж байгаа.

Иймд Б.Н, Б.П нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах болон арилжааны гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, *тоот 1 өрөө байрыг Б.П-н өмчлөлд, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт байрлах 42 м.кв 3 өрөө байрыг Б.П-н эзэмшилд тус тус шилжүүлэн өгсөн тул Чингэлтэй дүүргийн *ны 1 давхрын 80.46 м.кв талбай бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр Б.Н-г тогтоож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч П.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний эцэг Б.П нь 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нас барсан бөгөөд нэхэмжлэгч Б.Н нь миний эцгийн төрсөн эгч нь юм.

Миний эцэг Б.П нь 2010 онд О.С гэх эмэгтэйтэй гэр бүл болсон. Улмаар аавыг маань бурхан болоод 49 хоног өнгөрөөгүй байхад О.С-гийн зүгээс эд хөрөнгө булаацалдаж эхэлсэн. Би төрсөн дүү П.Дий хамт хариуцагч О.С-д холбогдуулан хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, талууд эвлэрч асуудал шийдэгдэж байсан.

Гэтэл одоо миний авга эгч Б.Н нь бидэнд өвлөгдөх хөрөнгөд санаатайгаар шунаж, шүүхэд ор үндэсгүй худал тайлбар гарган надаас хөрөнгө нэхэмжилж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаад нь маш их гайхаж байна. Миний аавыг бурхан болсноос хойш аавын маань ах дүү нар дүү бид хоёртой нэг ч удаа харилцаагүй бөгөөд бүр сүүлдээ бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох гэж энэ мэтээр оролдож байгаад харамсаж байна.

Аав маань 2012 оноос эхлэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Бяцхан хөндлөн гэх газар өөрийн эзэмшлийн 1 га газар дээр 4 ширхэг хаусыг хэдэн жилийн турш барьж байгуулсан бөгөөд түүний нэгийг нь Б.Н эгч авсан. Аав маань тухайн хаусыг барихдаа өөрийнхөө хамаг эд хөрөнгийг зарж борлуулан зардлаа гаргасан бөгөөд 3 ширхэг хаусны эздээс /Нэг нь Б.Н юм/ шаардлагатай зардлыг бага, багаар гаргуулж байсан ба заримыг нь хаусаа барьсныхаа дараа үлдэгдлээ авах хэлбэрээр авч байсан болно. Б.Н эгч тэр хаусныхаа төлбөрт өгсөн 122,400,000 төгрөгийг байр худалдаж авсан мэтээр худал тайлбар гаргасан байна.

Түүнчлэн аав маань Б.Н эгчийн А ХХК-д Чингэлтэй дүүрэг, *ны 1 давхар 80.46 м.кв орон сууцыг 2013 оноос нас барах хүртлээ түрээслүүлж ирсэн ба түрээсийн төлбөрт өөрийнхөө Хас банкинд төлбөл зохих төлбөрийг төлүүлж байсныг би мэднэ.

Гэтэл Б.Н эгч аавыг маань нас барснаас хойш түрээсийн төлбөртөө түүний Хас банкны зээлийг үргэлжлүүлэн төлж байгаад 2018 оны 4 сараас хойш төлбөрийг төлөхөө зогсоосон. Түүнийг зээл төлөхгүй байгааг мэдсэнээс хойш миний зүгээс Хас банкны зээлийг үргэлжлүүлж төлөөч гэж Б.Н эгчид удаа, дараа хэлсэн боловч Би одоо төлөхгүй гэсэн учир миний бие аргагүйн эрхэнд аавынхаа зээлийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн төлж хаасан.

Б.Н эгч дүү, бид хоёрыг дээрэлхэж аавтай маань ярьсан хэлснээ зөрчиж 2018 оны 4 сараас хойш өнөөдрийг хүртэл байрны түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байгаа бөгөөд сүүлдээ худалдаж авсан мэтээр үндэслэлгүй тайлбар гарган нэхэмжлэл гаргаж байгаад нь харамсаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан байрны төлбөрт өгсөн гэх 1 өрөө байрыг миний аав аваагүй бөгөөд миний нөхөр С.Г 2017 онд худалдаж авсан. Түүнчлэн, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, * тоот хаягт байрлах 42 м.кв 3 өрөө байр нь өөр хүний өмчлөлд байдаг.

Түүнчлэн, П.У миний бие дүүгийнхээ хамтаар дээрх байрыг өвлөн авч, өвлөх эрхийн гэрчилгээг аваагүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн орон сууцыг Б.Птэй байгуулсан ажлын байр түрээслэх гэрээний дагуу шилжүүлсэн. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг Б.П-н Хас банк дахь зээлийг төлөх байдлаар төлдөг байсан. Гэтэл нэхэмжлэгч нь Б.Пг нас барснаас нь хойш буюу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй зогсоосон. Хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр А ХХК-ийн захирал буюу хувьцаа эзэмшигч нь Б.Н болох нь харагдаж байна.

Нэхэмжлэгч Б.Н, Б.П нар орон сууцыг худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлснээр гэрээ хэлцэл байгуулагдсанд тооцохоор заасан. Энэ үндэслэлээр талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэх үндэслэл байхгүй.

Нэхэмжлэлийн үндэслэл дээр маргаан бүхий орон сууцыг худалдах авах зорилгоор хоёр орон сууцыг Б.П-н өмчлөл, эзэмшилд шилжүүлэн өгсөн гэж тайлбарладаг боловч нэг орон сууц нь нэхэмжлэгч Б.Н-гийн өмчлөлд, нэг орон сууц нь С.Г гэдэг хүний өмчлөлд байгаа нь нотлох баримтаар тогтоогддог. Б.П-н эзэмшилд шилжүүлсэн гэх орон сууцыг Г.Ц гэдэг хүний эзэмшилд шилжүүлсэн гэх боловч энэ нь Б.Птэй хамааралгүй.

Мөн С.Г-д шилжүүлсэн байрыг Б.Н-гаас шилжүүлээгүй. Өөр хүнээс шилжүүлсэн байдаг. Гэрээ нь хавтаст хэрэгт байгаа. С.Г хариуцагч П.У-н нөхөр байсан боловч Б.Н гэдэг хүнтэй эрх зүйн харилцаанд ямар нэгэн байдлаар ороогүй.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар улсын бүртгэл үнэн зөв байх гэдэг зарчим хэрэгжиж байгаа.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйл болон Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу дээрх орон сууцуудыг Б.П-н өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Гэрч О.С, Б.Б нарын мэдүүлгээр Б.П нь Бяцхан хөндлөн гэх газар байшин барьсан болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Б.Н нь дээрх орон сууцны төлбөрт тооцож өгсөн гэх 122,400,000 төгрөг нь Бяцхан хөндлөн дэх байшингаа барихад зориулж шилжүүлсэн мөнгө юм.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 2,557,959 төгрөг төлсөн баримт, Б.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Р.О-д олгосон итгэмжлэл, Б.Нгийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Б.П-н Хаан банк, Хас банкны дансанд шилжүүлсэн төлбөрийн жагсаалт, Хас банкны орлогын маягт, Хаан банкны орлогын мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2022/05732 дугаар захирамж, Ч.Чид олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Э.Ш, М.А нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Ажлын байр түрээслэх гэрээ, Б.П-н хас банкны дансны хуулга, Хас банкны 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 05/731 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00868 дугаар захирамжийг ирүүлсэн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр О.С, Г.Ц, М.А нарыг гэрчээр асуусан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Монголын нотариатчдын танхимаас Чингэлтэй дүүргийн *ны 1 давхрын 80.46 м.кв бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаар бүхий орон сууцыг П.У нь хууль ёсоор өвлөн авсан талаарх лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас Б.Н /РД:/-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн талаарх лавлагаа, Чингэлтэй дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, * тоот 42 м.кв 3 өрөө /Ү/ орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу, 6 дугаар байрны 4 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг, Хаан банк ХХК-иас Б.П-н * тоот дансны хуулгыг гаргуулж, гэрч Б.Быг асуусан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Б.Н нь талийгаач Б.Птэй түүний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн *ны 1 давхрын 80.46 м.кв талбай бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаарт бүртгэлтэй орон сууцыг 480,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, *тоот 1 өрөө байрыг Б.П-н өмчлөлд, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт байрлах 42 м.кв 3 өрөө байрыг Б.П-н эзэмшилд тус тус шилжүүлж, Хаан банкны * тоот дансанд 122,400,000 төгрөг, Хас банкны дансанд 67,544,700 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч миний дүү Б.П нь орон сууцны өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлж амжилгүй нас барсан тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авсан П.У-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн *ны 1 давхрын 80.46 м.кв талбай бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тодорхойлов.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Б.Н нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг миний эцэг Б.Птэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээсэлж, түрээсийн төлбөрт нь Хас банкин дахь зээлийг нь төлдөг байсан. Гэтэл одоо худалдах худалдан авахаар тохиролцсон гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тус орон сууцыг худалдан авах төлбөрт төлсөн гэх 122,400,000 төгрөг нь Б.Нгийн Бяцхан хөндлөн гэх газарт бариулсан хаусны төлбөрт шилжүүлсэн мөнгө. Мөн нэхэмжлэгч Б.Н дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.П-н өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн гэж тайлбарласан боловч нэг үл хөдлөх эд хөрөнгө нь С.Ггэж хүний өмчлөлд, нөгөө үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Нгийн өөрийнх нь өмчлөлд байгаа нь баримтаар тогтоогдсон. Иймд талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар Б.Пд мөнгө болон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн нь тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Б.П, А ХХК-ийг төлөөлж Б.Н нар 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 01 дугаартай Ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, Б.П нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл А ХХК-д түрээслүүлэхээр, түрээслүүлсэн өрөөний талбайн хөлс болон бусад төрлийн хөлсний хэмжээг талууд тохиролцон тогтоохоор харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч Б.Н нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаад талууд маргаагүй. /хх62-64/

 

4.2. Нэхэмжлэгч Б.Н нь А ХХК-ийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон. /хх152/

 

4.3. Нэхэмжлэгч Б.Н нь талийгаач Б.П-н Хаан банкны * тоот дансанд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байрны төлбөр Нямаагаас гэх гүйлгээний утгатай 3 удаагийн шилжүүлгээр 90,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 122,400,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх8-18/

 

4.4. Б.П-н Хас банктай 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан * тоот Барьцаат зээлийн гэрээ-ний зээлийн эргэн төлөлтөд нэхэмжлэгч Б.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 63,888,200 төгрөг төлж, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр П.Д, П.У нар тус зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж, зээлийг хаасан болох нь Хас банкны орлогын маягт, Б.П-н зээлийн дансны хуулга, Хас банкны 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 05/731 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх153-154/

 

4.5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00868 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар:

П.У, П.Д нарын нэхэмжлэлтэй, О.Сд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч П.У, П.Д нарт ....Эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаарт бүртгэлтэй, талийгаач Б.П-н өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 12 дугаар байр 1 дүгээр давхарт байрлах, 80,46 мкв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө ...-ийг хуваарилж, тэдгээрийг өмчлөгчөөр тогтоолгохыг хүлээн зөвшөөрөх...-өөр тус тус тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх202-204/

 

5. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө., 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. гэж тус тус заасан.

Хариуцагч П.У-н эцэг Б.П нь 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нас барж, өв нээгдсэн, өвлүүлэгч Б.П-н өмчлөлийн гэх Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн *ны 1 давхрын 80.46 м.кв талбайтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаар бүхий орон сууцыг П.У, П.Д нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00868 дугаар захирамжийн дагуу өвлөх эрхтэй болох нь тогтоогдож байна.

5.1. Нэхэмжлэгч Б.Н хариуцагч П.У-д холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүрэг, *, 1 давхрын 80.46 м.кв талбай бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн эцэг Б.Птэй уг эд хөрөнгийг худалдах, худалдан авах болон арилжааны холимог гэрээ байгуулан орон сууцны үнийг дансаар 122,400,000 төгрөг шилжүүлж, Хас банкны зээлийн гэрээний үүрэгт 67,544,700 төгрөг төлж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, *тоот 1 өрөө байрыг Б.П-н өмчлөлд, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт байрлах 42 м.кв 3 өрөө байрыг Б.П-н эзэмшилд тус тус шилжүүлсэн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг, 274 дүгээр зүйлийн 274.1.-т зааснаар арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг.

Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэг этгээдээс нөгөө этгээдэд хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргахаар, уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т тус тус заажээ.

5.2. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Б.Н, Б.П нарын хооронд Чингэлтэй дүүрэг, *, 1 давхрын 80.46 м.кв талбай бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаартай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч Б.Нгаас Б.Пд маргаан бүхий орон сууцыг худалдан авах зориулалтаар шилжүүлсэн гэх эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойргийн 6 дугаар байрны 4 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Г 2017 онд Н.Б-тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1698 тоот албан бичиг, улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтуудаар тогтоогдсон.

Мөн нэхэмжлэгч Б.Нгаас талийгаач Б.П-н эзэмшилд шилжүүлсэн гэх эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны *тоот хаягт байрлах 42 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Н, Э.Б нар бүртгэлтэй болох нь Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1493 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд уг байранд оршин сууж байгаа Т.Цэрэндагва шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...Би уг байранд 2010 онд орсон. Б.П манай хүргэн юм. Б.П Хэнтий аймагт газар тариалан, гурилын үйлдвэр эрхэлдэг байсан. Надад цалингийн маань оронд уг орон сууцыг өгсөн. Б.Н эгчтэй гурвуулаа сууж байгаад оруулсан...Талийгаач болохоос хэдхэн хоногийн өмнө гэрчилгээ шилжүүлж өгнө, эгчтэйгээ тохиролцсон гэж байгаад зүрх нь хаагдаад нас барсан... гэж мэдүүлсэн.

Иймд дээрх баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Б.Нгаас эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойргийн 6 дугаар байрны 4 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор Б.Пд эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойргийн 6 дугаар байрны 4 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны *тоот хаягт байрлах 42 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн, арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

5.3. Нэхэмжлэгч Б.Нгаас уг орон сууцыг худалдан авах зорилгоор хариуцагч Б.П-н Хаан банкны дансанд 122,400,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, уг мөнгийг Бяцхан хөндлөн гэх газарт бариулсан хаусны төлбөрт төлсөн гэж маргасан.

Гэрч О.С ...Бяцхан хөндлөнд баригдсан 4 байрны нэг нь Б.Н эгчийнх байсан...Б.Н эгч тэр байшингийн мөнгийг бас өөрөө гаргасан. Яагаад гэвэл би өөрөө мөнгийг гаргаж байсан учраас тэрний данс, санхүүг би өөрөө барьж байсан. 2012 онд эхлээд 2013 онд баригдаж дууссан. Нийт орсон зардал нь нэг байшингийн хувьд 123 сая төгрөг болоод тохижилттойгоо 125 сая төгрөг болсон дандаа цувуулж авсан. Б.Н эгч өөрт ногдох хувиа төлөөд явж байсан. Тэрний өгөө, аваа нь 2013 онд бүрэн дуусаж, тэр байшин баригдсан... гэж мэдүүлсэн боловч зөвхөн гэрчийн мэдүүлгийг дэмжих баримт хэрэгт авагдаагүй.

Мөн хариуцагч талаас гаргасан ...нэхэмжлэгч Б.Н нь Б.П, А ХХК нарын байгуулсан Ажлын байр түрээслэх гэрээ-ний төлбөрт Б.П-н Хас банкин дахь зээлийг төлж байсан... гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй.

Иймд нэхэмжлэгч Б.Н, Б.П нарын хооронд Чингэлтэй дүүрэг, *, 1 давхрын 80.46 м.кв талбай бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаартай орон сууцыг худалдах, худалдан авах болон арилжааны холимог гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Б.Нг тус орон сууцны үнийг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Чингэлтэй дүүрэг, *, 1 давхрын 80.46 м.кв талбай бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,557,959 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлгүй тул П.У-д холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн *ны 1 давхрын 80.46 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү* дугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,557,959 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ