| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03785/И |
| Дугаар | 181/ШШ2024/02729 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/02729
2024 07 18 181/ШШ2024/02729
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... байрлах, "М ББСБ" ХХК /РД:МММ/-ийн нэхэмжлэлтэй, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Л /РД:.../-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ... регистрийн дугаартай Н.Л нь өөрийн эзэмшиж байсан... дугаар дээр 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 140000681235 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба өмнө нь зээл авч, төлж байсан учир зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Н.Л нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 09 сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,9% хүүтэй зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
М ББСБ нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон Ховд аймаг, Мөст сум, 1-р баг, Цэцэг гол тоот хаягаар шүүхэд хандсан боловч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 154/ШЗ2024/000... дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт оршин суудаггүй гэх багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
ББСБ нь Н.Л зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотнын хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Н.Лын зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 138,477 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,327 төгрөг, нийт 663,804 төгрөг байх ба оршин суугаа хаяг тодорхойгүйгээс ББСБ нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн.
Иймд ... регистрийн дугаартай Н.Лыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "М ББСБ" ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Лыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.
Н.Лтай байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Зээл, Зээлийн эрх нээх гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.
Н.Л нь Ховд аймгийн Мөст сумын Цэцэггол багийн харьяат иргэн мөн боловч оршин суудаггүй болох нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 154/ШЗ2024/00099 дугаар захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны Н.Л /РД:.../-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Л /РД:.../-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Лыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч "М ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сд // мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА