| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03006/И |
| Дугаар | 181/ШШ2024/02374 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/02374
2024 06 12 181/ШШ2024/02374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, ** тоот хаягт оршин суух, Т овогт Н.Ц /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Наранмандах оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ц нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Н.Ц нь Б.Б-д холбогдуулан гэрээ цуцалсны хохирол төлбөрт 80,510,00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус дүүргийн шүүхэд хандан гаргасан бөгөөд хариуцагчийн оршин суух хаягийг Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, * тоот хаягаар тодорхойлсон боловч тус хорооны засаг даргын тодорхойлолтоор дээрх хаяг нь хороонд бүртгэлгүй гэж мэдэгдсэн. Уг тодорхойлолтыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/Ш32024/06242 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Шүүхээс хариуцагчийн эзэмшлийн дугаар болох * дугаар руу холбогдохоор залгасан боловч орох ярианы эрх нь хаагдсан байсан. Нэхэмжлэгч талаас 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нийгмийн ажилтанд хандан * тоот хаягт Б.Б нь бүртгэлтэй эсэхийг лавлахад мэдээллийн санд бүртгэлгүй байна гэх хариу өгсөн болно.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд зайлшгүй оролцох этгээд болох Б.Бийн хаягийг мэдэх боломжгүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна.
Иймд Х овогт Б.Б /РД:-/-ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Б.Э-д олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/06242 дугаар захирамжийн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Хамтын тохиролцооны гэрээ-ний хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Н.Ц нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч Н.Ц нь Б.Б-дэй 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хамтын тохиролцооны гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б.Б-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, * тоот хаягт оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/06242 дугаар захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Х овогт Б.Б /РД:-/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Х овогт Б.Б /РД:-/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Х овогт Б.Б /РД:-/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Х овогт Б.Б /РД:-/-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Н.Ц /утас:-/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ