Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 103/ШШ2019/00458 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК, С.Б-нарт холбогдох,

 

“Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-д холбогдох Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Батбаяраас хураан авч Н.Ө-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот орон сууцны С.Батбаярын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот орон сууцыг Н.Ө-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Ө-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс,

Хариуцагч С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонпүрэв,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-д 2006 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд удаан жил үр бүтээлтэй ажилласан байдал болон бусад нөхцлийг харгалзан үзэж тус компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зориулалтаар ашиглаж байсан Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг 2013 онд миний өмчлөлд шилжүүлэн өгөх талаар захирлын зөвлөлийн шийдвэр гарч улмаар ТУЗ-ын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолоор шийдвэрийг баталсан. Үүний дагуу холбогдох материал бүрдүүлэлт, судалгаа тооцоо хийгдэж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 192 дугаар Засгийн газрын тогтоол гарч эцэслэн шийдвэрлэгдсэн.

Тухайн орон сууцыг байгууллага анх хувь хүнээс худалдаж авах үед байгууллагыг төлөөлөн түр хугацаагаар өөрийн нэр дээр худалдах худалдан авах гэрээ хийсэн С.Б-нь хувь иргэнтэй хийсэн худалдах худалдан авах гэрээг ашиглан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан. Тэр даруй байгууллагын удирдлагад хандаж орон сууцыг өмчлөх эрх бүхий этгээд болох Н.Ө- миний нэр дээр шилжүүлэн өгөх арга хэмжээ авч өгөхийг хүссэн боловч тодорхой арга хэмжээ авч өгөхгүй байсан учир 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр компанийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхэд өргөдөл гаргасан боловч 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өмчлөлтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Анх шүүхэд гаргасан иргэн Х.Төмөрбаатар, Б.Лхагвацэдэн, С.Б-нарын хооронд байгуулагдсан 2000 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Би маргаан бүхий орон сууцанд 2012 оны 10 дугаар сараас эхлэн амьдарч байна. Иймд Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Батбаяраас хураан авч Н.Ө- миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-д даалгах, С.Батбаярын нэр дээр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, Н.Ө-ийг өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус Компани нь 2000 онд Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 39 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зориулалтаар иргэн Ц.Лхагвацэдэнгээс худалдаж авсан. Дээрх байрыг худалдаж авахдаа тухайн үед борлуулалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан С.Батбаярын нэр дээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан компанийн санхүүгийн тайлан блансад тусгасан бөгөөд тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн аваагүй юм.

Тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /хүчингүй болсон/ хуульд төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэж заасан байсан. 2013 онд хэрэглэгчдэд үйлчлэх байр ашиглалтанд орсноор албаны зориулалтаар ашиглаж байсан дээрх 3 өрөө орон сууцыг компаний ажилтан Н.Ө-т орон сууцыг хувьчлах эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл хугацаанд эзэмшүүлэхээр батламж олгосон. Засгийн газрын 2016.04.04-ний өдрийн орон сууц хувьчлах тухай 192 дугаар тогтоолоор хувьчлах тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот орон сууцыг хувьчлах шийдвэр гарсантай холбогдуулан тухайн орон сууцыг эзэмшиж байсан Н.Ө- нь өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар материалаа бүрдүүлэх явцад Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус байр нь Ц.Лхагвацэдэн нарын 3 иргэний өмч болохыг тодорхойлсон. Тухайн үеийн компаний удирдлагууд Ц.Лхагвацэдэнтэй холбогдож орон сууц худалдах худалдан авах гэрээг дахин шинэчлэн байгуулах талаар хүсэлт гаргасан боловч хамтран өмчлөгч нар гадаад улсад удаан хугацаагаар амьдарч байгаа тул дахин гэрээг шинэчлэн хийхэд хүндрэл учирсан. Иймээс анх гэрээ хийсэн С.Батбаярын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гарган авч, дараа нь С.Батбаяраас Н.Ө-т уг орон сууцыг шилжүүлэхээр С.Батбаяр, Н.Ө- нартай харилцан тохиролцож гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр С.Батбаярын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл гэрчилгээ гарсны дараа С.Б-нь орон сууцны өмчлөгч гэж үзэж Н.Ө-т шилжүүлэхээс татгалзсанаар маргаан үүссэн. 2000 онд уг байрыг авснаасаа хойш компаний үндсэн хөрөнгөд бүртгэн санхүүгийн тайлан блансад тусгаж ирсэн бөгөөд Засгийн газрын 2016 оны 192 дугаар тогтооыг үндэслан 2016 оны жилийн эцсийн тайлан блансаас уг орон сууцыг хассан. Иймд шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Батбаярын шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонпүрэв нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан түгээх” ТӨХК-ийн гаргасан тайлбарт уг байрыг С.Батбаярын нэр дээр худалдах худалдан авах гэрээг байгуулан авч компанийн санхүүгийн тайланд тусгасан бөгөөд уг худалдах худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн аваагүй болно гэснээр өмчлөх эрх нь хэзээ ч компанид байгаагүйг нотолно. “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан түгээх” ТӨХК-ийн өмчлөлд Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрнаас орон сууцны нэг байр байсныг нотолсон улсын бүртгэлийн байгууллагын өмнө дурдагдсан 212 тоот албан бичиг нотлох бөгөөд тэр байр нь 35 дугаар байрны 01 тоот байр бөгөөд нэхэмжлэгчийн компанийн мэдэлд байсан одоо миний эзэмших эрхтэй гээд байгаа байр нь 35 дугаар байрны 02 тоот байр юм. Уг орон сууц нь иргэн С.Б-миний хууль ёсны өмч мөн болно. Иргэн С.Б-нь дээрх орон сууцыг хууль ёсны өмчлөгч. Х.Төмөрбаатараас бэлэн 1 800 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, өөрийн нэр дээр худалдаж авсан. С.Б-нь “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан түгээх” ТӨХК-ийн борлуулалтын цехэд ажиллаж байгаад 2009 онд Дорноговь аймаг руу шилжсэн. Гэтэл Н.Ө- 2013 оноос эхлэн түүний өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдарч эхэлсэн бөгөөд орон сууц чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч гараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонпүрэв шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: С.Б-нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 2 тоот орон сууцыг Х.Төмөрбаатараас 2000 оны 6 дугаар сарын 06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч хууль ёсны өмчлөгч болж улмаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр өмчлөх эрхээ баталгаажуулсан. 2013 онд иргэн Н.Ө- түүний өмчлөлийн орон сууцанд хууль бусаар нүүн орж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд удаа дараа шаардахад суллаж өгөхгүй түүний өмчлөх эрхэнд халдсаар байна. 

Иймд маргаан бүхий орон сууцыг Н.Ө-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Өлзийлэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: С.Б-нь өөрийгөө 2000 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэн Х.Төмөрбаатараас Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авсан бөгөөд байрны гэрчилгээг авсан хууль ёсны өмчлөгч гэжээ. Энэ хүн тухайн орон сууцыг худалдан аваагүй бөгөөд байгууллага худалдан авч төлбөрийг төлсөн, зөвхөн тухайн үеийн хууль тогтоомж, нөхцөл байдлаас болж С.Батбаярын нэр дээр худалдан авах гэрээг байгуулж сүүлд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр гаргуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ө-ийг Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож,

хариуцагч “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-д холбогдох Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Батбаяраас хураан авч Н.Ө-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонпүрэвийн гаргасан Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.Ө-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх ажиллагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулж өгөх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ө- нь С.Батбаяр, иргэн Х.Төмөрбаатар, Б.Лхагвацэрэн нарын 2000 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 819 төгрөг, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 245 819 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батбаяраас 245 819 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ө-т олгож шийдвэрлэжээ.

           

            Хариуцагч С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлж дүгнээгүй нэг талыг хэт барьж шийдвэрлэсэн. Хариуцагч С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхийн шийдвэр одоог хүртэл ирээгүй ба шийдвэрийг гардан авахаар очих үед хэргийг архивласан байсан.

            С.Б-нь Улаанбаатар хот, Багануур дүүрэг, Наран хороолол 35 дугаар байрны 1 дүгээр орцны 02 тоот 3 өрөө байрыг иргэн Х.Төмөрбаатараас 2000 оны 6 дугаар сарын 06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, хууль ёсны өмчлөгч болж, улмаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан. Тэрээр “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК нь борлуулалтын цэгт ажиллаж байсан. С.Б-нь уг байрыг түрээсийн эзэн гэдэг утгаар худалдан авч, үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл 2013 онд Н.Ө- нь түүний байранд хууль бусаар нүүн орж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд удаа дараа суллаж өгөхийг шаардсан боловч суллаж өгөхгүй иргэн С.Батбаярын эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсаар байдаг.

            “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох Н.Ө- нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэж үзнэ. Иргэн С.Б-нь Х.Төмөрбаатараас 2000 оны 6 дугаар сарын 06-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан байдаг. Мөн С.Б-нь иргэн Х.Төмөрбаатарт 1 800 000 төгрөг бэлнээр төлсөн ба Х.Төмөрбаатарын зүгээс ямар нэгэн маргаан үүсгээгүй. С.Б-нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Багануур дүүргийн Татварын хэлтэст орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 2 хувийн татвар төлсөн. Улсын бүртгэлийн газраас 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 000474363 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр Улаанбаатар хот Багануур дүүрэг Наран хороолол 35 дугаар байрны 1 дүгээр орцны 02 тоот 3 өрөө байр иргэн С.Батбаярын нэр дээр гарсан учраас тэрээр хууль ёсны өмчлөгч мөн.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК болон тус байгууллагыг С.Б-төлөөлж иргэн Х.Төмөрбаатартай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй юм. Улаанбаатар хот Багануур дүүрэг Наран хороолол 35 дугаар байрны 1 дүгээр орцны 02 тоот 3 өрөө байр нь “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-ийн өмчлөлд хэзээ ч бүртгэгдээгүй ба энэ нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогддог.

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц өмчлөх тухай 192 дугаартай тогтоолын 9 дэх хэсэгт 35 дугаар байр гэснээс биш 35 дугаар байрны 02 тоот гэж тусгайлан заагаагүй. “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-ийн 2000 оны хөрөнгийн бүртгэлд 35 дугаар байрны 02 тоот гэж байхгүй бөгөөд хаана байгаа нь тодорхойгүй 3 өрөө байр гэж заасан байдаг. Орон сууц хувьчлах тухай жагсаалтад Н.Ө- гэсэн нэрний ард нийт үнэ 26 479 800 төгрөг, хорогдол элэгдэлд 8 905 000 төгрөг, үлдэгдэл өртөг 17 573 800 төгрөг гэж бичигджээ. Энэ нь өөр байрны талаар яригдаж байгаа ба 35 дугаар байрны 02 тоот гэж бичигдээгүй. “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ТУЗ-ийн тогтоол, түүний хавсралтад мөн 35 дугаар байрны 02 тоот гэж байдаггүй. Эдгээрээс дүгнэхэд Улаанбаатар хот Багануур дүүрэг Наран хороолол 35 дугаар байрны 1 дүгээр орцны 02 тоот 3 өрөө байр нь “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-ийн өмчлөлд байгаагүй, “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-ийн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц өмчлөх тухай 192 дугаартай тогтоолоор хувьчилсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Харин тус байрыг Х.Төмөрбаатар С.Б-нар нь орон сууц худалдах-худалдан авах гэрээг 2000 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан нь хуульд заасан хэлбэрийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба энэ талаар хэн нэгэн этгээд маргаан үүсгээгүй. С.Б-нь хуульд заасан журмын дагуу Улсын бүртгэлийн газраас 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хууль ёсны өмчлөх эрхээ баталгаажуулан өмчлөгч болж улмаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан.

            Шүүх С.Батбаярын гаргасан тайлбар болон бусад нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт “...С.Батбаяраас Н.Өлийбилэгийн нэр дээр гэрчилгээ гаргуулахаар “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-ийн удирдлагууд, нэхэмжлэгч Н.Ө-, хариуцагч С.Б-нар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна гэсэн боловч энд хэргийн товъёог авагдсан. Энэ мэтээр нотлох баримтуудыг дутуу үнэлж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Ө- нь хариуцагч “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-д холбогдуулан Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Батбаяраас хураан авч Н.Ө-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-д даалгах, хариуцагч С.Батбаярт холбогдуулан 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Х.Төмөрбаатар, Б.Лхагвацэрэн нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, С.Батбаярын нэр дээр дээрх 000474363 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.Ө-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Ө- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааы явцад С.Батбаяр, иргэн Х.Төмөрбаатар, Б.Лхагвацэрэн нарын 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

“Б З Ө Б Ц Т С “  ТӨХК нь өөрийн өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 01 тоот орон сууцтай зэргэлдээ хэрэглэгчдэд үйлчлэх төв болгож ашиглах зорилгоор Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг 1 836 000 төгрөгөөр худалдан авч үндсэн хөрөнгөнд бүртгэж авахыг орлогч дарга Г.Ганболд, санхүүгийн хэлтсийн дарга Б.Дүгэржав нарт даалгаж, уг байрыг түрээсийн эзэн С.Батбаярт баримт бичгийг бүрдүүлэн хүлээлгэж өгөх, байр худалдан авахад гаргах 1 836 000 төгрөгийг гаргаж зарцуулахыг үүрэг болгосон, улмаар уг байрыг 2000 оны үндсэн хөрөнгөнд бүртгэж авсан болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний удирдах газрын Багануурын цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2000 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/75 дугаар байр худалдан авах тухай тушаал, Багануурын Цахилгаан Шугам Сүлжээний газрын 2000 оны нэмэгдсэн үндсэн хөрөнгийн жагсаалт зэргээр тогтоогдож байна. /хх 10-12/

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбар зэргээс үзэхэд Монгол улсын засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц өмчлөх тухай 192 дугаар тогтоолоор хавсралтад заасан төрийн өмчийн 204 орон сууцыг одоо эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлахаар шийдвэрлэсэн бөгөөд 192 дугаар тогтоолын хавсралтад Улаанбаатар хотын Багануур дүүргийн 35 дугаар байрны, “Б З Ө Б Ц Т С “  ХК-ийн 2 байр /35 дугаар байрны 01 тоот болон 02 тоот байрууд/ тус тус хувьчлагдахаар заагдсан байна. /хх6-9/

 

Улмаар “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК нь үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, ажилчдад түрээсээр эзэмшүүлж байсан 11 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлах асуудлыг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр захирлын зөвлөлийн ээлжит бус хурлаар хэлэлцэж 35 дугаар байрны 02 тоот байрыг Н.Ө-т хувьчлахаар шийдвэрлэж саналыг компанийн ТУЗ-д хүргүүлснээр 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай тогтоол гарч дээрх 11 орон сууцыг хувьчлахыг зөвшөөрсөн байна. Уг 11 орон сууцны 10 дугаарт нэхэмжлэгч Н.Ө-ийн эзэмшиж байсан Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө сууц багтсан талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх13, 14, 15, 53-59/

 

Хэргийн 29-30 дугаар талд авагдсан хариуцагч “Б З Ө Б Ц Т С “  ХК-ийн шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд Н.Ө- нь уг байрыг хувьчилж авахаар материал бүрдүүлэх явцад 35 дугаар байрны 2 тоот 3 өрөө байр нь Х.Төмөрбаатар, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Лхагвацэрэн нарын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд Б.Лхагвацэрэнтэй холбогдож дахин худалдах, худалдан авах гэрээг байгуулах талаар ярилцахад бусад өмчлөгч нар нь гадаад улсад амьдарч байгаа үндэслэлээр гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй болсон тул 2000 онд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хариуцагч С.Батбаярын нэр дээр уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан дараа нь С.Батбаяраас Н.Ө-ийн нэр дээр гэрчилгээг гаргуулахаар Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд, нэхэмжлэгч Н.Ө-, хариуцагч С.Б-нар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтаас үзвэл талууд хэн аль нь орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориггүй, худалдагч нь худалдсан орон сууцны бодит эзэмшлийг худалдан авагчид шилжүүлээгүй, худалдан авагч үнийг төлөөгүй зэргийг харьцуулан үзэж анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Ө-ийг Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны шударга эзэмшигч гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд шүүх нэхэмжлэгч Н.Ө- нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт энэ хуулийн 106.2, 106.3 дахь заалт нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж заасны дагуу тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж заасны дагуу хариуцагч Б.Батбаярын нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож Н.Ө-ийн нэр дээр гэрчилгээ гаргахыг даалгах “Б З Ө Б Ц Т С “  ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагчийнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Одонпүрэв нь 35 дугаар байрны 02 тоот байрыг хариуцагч С.Б-1 800 000 төгрөгөөр худалдаж авч үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээгээр хууль ёсны өмчлөх эрхээ баталгаажуулсан тул уг байрыг нэхэмжлэгч Н.Ө-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагын тухайд уг байрыг С.Б-өөрөөсөө 1 800 000 төгрөг гаргаж худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Хэргийн 10 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд Эрчим хүчний удирдах газрын Багануурын цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2000 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/75 дугаар “Байр худалдан авах тухай” тушаалаар маргаан бүхий орон сууцыг 1 836 000 төгрөгөөр худалдан авч, үндсэн хөрөнгөнд бүртгэж авахыг орлогч дарга Г.Ганболд, хэлтсийн дарга Б.Дүгэржав нарт даалгаж шийдвэрлэсэн байх ба мөн гэрч Г.Ганболдын “...35 дугаар байрны 1 тоотод манай байгууллагын тоолуурын лабортори байсан бөгөөд энэ байрны хажууд 3 өрөө байр авах гэж нилээн хөөцөлдсөн. ...Би даргын хувьд энэ байрыг худалдаж авах ажиллагааг зохион байгуулж тэр үедээ 1 800 000 орчим төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлгээр хариуцагчийн тайлбар няцаагдаж байна. /хх 74/

 

Иймд шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Ө- мөн болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч Н.Ө- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Батбаяр, иргэн Х.Төмөрбаатар, Б.Лхагвацэрэн нарын 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүх татгалзлалыг баталж шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг 106 дугаар зүйлийн 106.5” гэж техникийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 103/ШШ2019/00458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Батбаяраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН