| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03672/И |
| Дугаар | 181/ШШ2024/02847 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/02847
2024 07 26 181/ШШ2024/02847
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: АК ББСБ ХК / ...байрлах РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Т/РД:../-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жанбота оролцов.
Нэхэмжлэгч: АК ББСБ ХК-ийн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч АК ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөлөгч Э.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 1,039,187 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Т.Т хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй нь Баянзүрх дүүргийн 5-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Т.Т нь 2022 оны 08 сарын 12 ний өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээ байгуулахдаа ... тоотод оршин суудаг байсан нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдсон. Гэтэл шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шалтгаанаар нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна.
2024 оны 02 дугаар сарын 15-ны 101/Ш32024/0... дугаар бүхий шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдож байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Т.Т /.../ эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч АК ББСБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Тыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ...шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс ...хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй нь Баянзүрх дүүргийн 5-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ...гэрээ байгуулахдаа Баянзүрх дүүргийн 4-р хороо, 9 дүгээр байр, 18 тоотод оршин суудаг байсан нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдсон. Гэтэл шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шалтгаанаар нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. 2024 оны 02 сарын 15-ны 101/Ш32024/0... дугаар бүхий шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдож байна. Иймд ...эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Т.Тын зээлийн дансны хуулга баримт, шүүгчийн захирамж зэргээс үзэхэд түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Тын оршин суух хаяг тодорхойгүй байгаа талаар/шүүгчийн захирамж, засаг даргын тодорхойлолт гэх мэт/ болон түүний хаяг, хувь хүний дахин давтагдашгүй мэдээллийн/иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар, зээлийн гэрээ байгуулах үедээ бичсэн өргөдөл, маягт, мэдээлэл гэх мэт/ талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал...шүүхэд хүсэлт гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Нэхэмжлэлд Т.Тыг Баянзүрх дүүргийн 4-р хороо жанжин 09 дүгээр байр 18 тоотод оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийн захирамжаар нотлогдсон гэсэн байх боловч хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2024/0... дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан буюу харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба үндэслэлд өөр давхар баримталсан үндэслэл, хаягийн талаар хийсэн дүгнэлтгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд Т.Тын эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч АК ББСБ ХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Тыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА