Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* /РД:*******/                                           

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл нарын хооронд үүссэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасандэлгэр, нэхэмжлэгч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 139 350 627 төгрөгөөс 100 800 000 төгрөг олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 38,550,627 төгрөгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 294 дүгээр зарлигаар ******* аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр томилогдож,[2] шүүгчээр 16 жил 9 сар жил ажиллаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар 19-ний өдрийн 69 дугаартай зарлигаар[3] шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан.

2.2. Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Санхүү, хөрөнгө оруулалтын газраас 100 800 000 төгрөгийг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлснийг нэхэмжлэгчид олгосон бөгөөд зөрүү 38,550,627 төгрөгийн зөрүү олгохоор тооцоолжээ.[4]

2.3. Нэхэмжлэгч Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо сарын дундаж цалингаас биш, харин дундаж цалин хөлснөөс тооцож олгох ёстой гэж үзээд Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан байх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 01/1975 тоот албан бичгээр[5] ... нэг удаагийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэх хариуг авсан.

2.4. ******* аймаг дахь Шүүхийн Тамгын газрын нягтлан бодогчийн гаргасан тооцооллоор[6] нэхэмжлэгч ******* 100 800 000 төгрөгийн бус, харин 139 350 627 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор тооцоолол хийсэн байх бөгөөд үүний зөрүү 38 550 627 төгрөгийг нэхэмжлэгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулахаар нэхэмжилж байна.

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс ... Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд цалингийн тооцооллыг буруу гаргаж тэтгэмжийг дутуу олгосон ... гэх агуулгаар маргаж байна.

2.6. Хариуцагчийн зүгээс ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон, сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй ... гэх агуулгаар тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие ******* аймаг дахь дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2013 оноос хойш Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад МУ-ын Ерөнхийлөгчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж гавьяаны амралтыг эдэлж байна. Зарлиг гарснаас хойш ШЕЗ-ийн Санхүү хөрөнгө оруулалтын газраас ******* аймаг дахь шүүхийн тамгын газрын дансанд миний тэтгэмжийн санхүүжилт болох 100 800 000 төгрөг орсныг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр миний дансанд шилжүүлсэн байсан. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасан бөгөөд мөн дээрх хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч миний бие өөрийн тэтгэмжээ тооцож үзэхэд 38 550 627 төгрөг надад дутуу олгогдсон байсан. Тодруулбал, дээрх хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч миний 1 сарын дундаж цалин 3870 850.75 төгрөг бөгөөд 36 сарын хугацаагаар тооцож үзвэл нэхэмжлэгч надад олгогдох нэг удаагийн тэтгэмж нь 139 350 627 төгрөг байхад хариуцагч нь цалингийн тооцооллыг буруу гаргаж дутуу олгосон. Дутуу олгогдсон тэтгэмжийн зөрүү төлбөр болох 38 550 627 төгрөгийг олгож өгнө үү гах агуулгаар ******* аймаг дахь шүүхийн Тамгын газар 2023 оны 8 дугаар сард хандсан боловч ******* аймаг дахь шүүхийн Тамгын газраас санхүү, төсөвтэй холбоотойгоор Шүүхийн Ерөнхий зөвлөл шийдвэр гаргадаг тул тухайн байгууллагад хандаж дутуу олгогдсон Тэтгэмжийн асуудлаа шийдвэрлүүлэх талаар хариу ирүүлсэн. Улмаар хариуцагч Шүүхийн Еренхий зөвлөлд дээрх асуудлаар гомдол гаргасан хэдий ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1975 дугаартай албан бичгээр нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгуулахтай холбоотой асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргана уу гэсэн хариуг ирүүлсэн. Тус хариунаас үзэхэд хариуцагч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч надад олгогдох нэг удаагийн тэтгэмжийг яагаад дутуу олгосныгоо тайлбарлаж чадахгүй, шууд шүүхэд ханд гэж нэхэмжлэгч намайг хохироож байгаа эс үйлдэхүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч миний бие хуульд заасны дагуу төрөөс авах ёстой нэг удаагийн мөнгөн тэтгэмжээ бүрэн авч чадахгүй, хариуцагч болох Шүүхийн Ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйн улмаас хохирч байна. Иймд Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа хариуцагч байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тэтгэмжийн зөрүү 38,550,627 төгрөгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ[MT1] .

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэг. Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан иргэн *******оос тэтгэмжийн зөрүү 38,550,627 төгрөг-ийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул албан тушаалын цалин, нэмэгдэл тэтгэмж гэснийг ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.1.1.Албан тушаалын цалин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. 1.2 Нэмэгдэл, тэтгэмж Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.1.2.1. Нэмэгдэл Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгодог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн0 төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журам-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: -УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл; -Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт; -Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан. 1.2.2. Тэтгэмж Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид нэг удаа олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан цалингаас тооцдог. 2.Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн авч байсан сарын дундаж цалин нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, тарийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй. Хоёр: Нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, ******* аймаг дахь шүүхийн Тамгын газрын дансанд өндөр насны тэтгэвэрт гарах шүүгчийн нэг удаагийн тэтгэмж болох 100,800,000 төгрөгийн санхүүжилтийг суулгаж өгсөн. Уг санхүүжилтийн дагуу ******* аймаг дахь шүүхийн Тамгын газраас бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гарган нэхэмжлэгч *******т нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасан хэмжээгээр олгосон нь хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 139 350 627 төгрөгөөс 100 800 000 төгрөг олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 38,550,627 төгрөгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

1.1. Энэхүү шаардлагын хүрээнд талуудын хооронд маргасан гол эрх зүйн асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ... сарын дундаж цалингийн хэмжээгээр ... гэснийг хэрхэн ойлгох талаарх асуудал байна.

1.2. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно. гэж заасан байх ба Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тус хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

1.3. Нэхэмжлэгчийн зүгээс ... сарын дундаж цалингийн хэмжээгээр ... гэдгийг сарын дундаж цалин хөлснөөс буюу албан тушаалын цалин, нэмэгдэл зэрэг цалин хөлсний бүрдэл хэсгийг хамруулсан хэмжээнээс тооцох ёстой гэж, харин хариуцагчийн зүгээс зөвхөн сарын дундаж цалин буюу албан тушаалын цалингийн дунджаас тооцох ёстой гэж маргасан.

1.4. Шүүх хуулийн дээрх заалтыг тайлбарлан хэрэглэхдээ зөвхөн үг зүйн тайлбарын аргыг хэрэглэх бус, харин системчилсэн тайлбарын аргыг хэрэглэх нь үндэслэлтэй гэж үзлээ. Тодруулахад:

1.5. Зөвхөн үг зүйн тайлбарын аргын хүрээнд авч үзвэл, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалингийн гэх ойлголт нь тухайн шүүгчийн албан тушаалын цалин болох 2 800 000 төгрөгийн дунджаас тооцохоор ойлгогдож байх боловч энэ тохиолдолд шүүх системчилсэн тайлбарын аргыг хэрэглэх нь маргааныг хууль, зарчимд нийцүүлэн үндэслэл бүхий шийдвэрлэх агуулгад нийцнэ гэж үзэв.

1.6. Системчилсэн тайлбарын арга нь хуулийн хэм хэмжээг дангаар нь, эсхүл хуулийн зүйл заалтаас тодорхой ойлголтыг салган авч тайлбарлах бус, харин тухайн заалт, ойлголттой агуулга, хэлбэрийн хувьд шууд холбоо бүхий зохицуулалтуудыг нийтэд нь /цогцоор нь/ авч үзэж тайлбарладаг.

1.7. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д шүүгчийн цалин хөлстэй холбогдон үүсэх эрх зүйн харилцааг зохицуулсан зохицуулалт нь 46 дугаар зүйл байна.

1.8. Тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна., 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. гэж тус тус заажээ.

1.9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс судлан үзэхэд, шүүгчийн цалин хөлс нь цалин хөлсний бүрдлийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заасан байх төдийгүй эдгээр нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байх зарчмын шаардлага тавигджээ.

1.10. Үүгээрээ мөн хуулийн зохицуулалтууд нь дэлхий нийтэд түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд болох Шүүгчийн ёс зүйн Бангалорын зарчмуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээний 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Шүүгчийн цалин хөлс, ажиллах нөхцөл, тэтгэвэр тэтгэмж нь тусгай эрх зүйн байдал, албаных нь өндөр нэр хүнд, үүрэг хариуцлагад нь тохирохуйц хангалттай түвшинд байх ёстой ...[7], Шүүгчийн хараат бус байдал ба түүнийг огцруулахгүй байх стандартад Европын зөвлөлийн сайд нарын хорооны анхаарлыг хандуулах тухай Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн 2001 оны 1 дүгээр зөвлөмжийн Дүгнэлтийн 8-д Шүүгч ... тэтгэвэрт гарсан тохиолдолд хангалттай хэмжээний тэтгэмж, хөлс авах ёстой ...[8] гэсэнд нийцжээ.

1.11. Мөн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна., 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн холбогдох зохицуулалтыг системчилсэн байдлаар тайлбарлана.

1.12. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. гэж цалин хөлсний бүрдэл хэсгийг тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтад зааснаар дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зохицуулжээ.

1.13. Түүний дагуу баталсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын[9] 1.4-д Цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсан утгаар ойлгоно: гээд 1.4.1-1.4.5-д үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал хамаарахаар, 2.1-д Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно: гээд 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж; гэж тус тус журамлажээ.

1.14. Тиймээс хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудыг нийтэд нь системчлэн нэгтгэвэл, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ... сарын дундаж цалингийн хэмжээгээр ... гэснийг тодорхойлохдоо сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр гэж агуулгын хувьд ойлгох нь хууль болон зарчимд нийцэхээр байна.

1.15. Тиймээс шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн болно.

1.16. Түүнчлэн, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна ... гэх мэтчилэн үндсэн цалингийн дунджаас гэж тодорхой байдлаар тодотгож өгчээ.

1.17. Харин Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт ийм байдлаар буюу үндсэн цалингийн дунджаас хэмээн тодотгож өгөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

1.18. Иймд шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж олгохдоо түүний авч байсан сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож олгох нь үндэслэлтэй байна.

1.19. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн, мөн зүйлийн 70.2 дахь хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг тодорхой зааж өгсөн, тухайлбал 70.2.3 дахь заалтад шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийг баталгааг хангах чиг үүрэг нь хариуцагчийн үндсэн чиг үүрэг байгаа энэ тохиолдолд хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 01/1975 тоот албан бичгээр[10] ... нэг удаагийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар харьяалах шатны шүүхэд хандах боломжтой гэх хариуг өгч байгаа нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар ... өргөдөл, гомдлыг ... шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

1.20. Шүүх эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 139 350 627 төгрөгөөс 100 800 000 төгрөг олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 38 550 627 төгрөгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1.21. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нэг удаагийн тэтгэмжийн зөрүүний тооцоолол дээр маргаагүй болохыг тухайлан тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тухайд:

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй /шүүх хуралдааны цагаас хоцорч ирсэн/ болно.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж заасныг баримтлан түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.4, 47 дугаар зүйлийн 47.9, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 12 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол Улсын иргэн *******оос гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 38 550 627.00 /гучин найман сая таван зуун тавин мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг Шүүхийн ерөнхийн зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ