| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/04517/И |
| Дугаар | 181/ШШ2024/01918 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2024/01918
2024 05 09 181/ШШ2024/01918
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: НК ББСБ ХХК ... оршин байрлах, РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...тоотод оршин суух, Э.Г /РД:.../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,920,904.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч НК ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Г нь 2021 оны 10-р сарын 26-ны өдөр Volkswagen Toureg /2005-2013/ маркийн, WVGZZZ7LZ6D029723 арлын дугаартай, 59-98 УБХ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалан 7,000,000 /долоон сая/-н төгрөгийн зээлийг 12 /арван хоёр/ сарын хугацаатай, сарын 2,99% /хоёр зууны ерэн ес/ хувийн хүүтэйгээр, 211201053 тоот зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээг тус тус байгуулан зээлж авсан байна. Зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 594 хоногийн хугацаа хэтэрсэн, NT-211201053 тоот зээлийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасан, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: NT-2112010532 тоот зээлийн гэрээний Үндсэн зээл 5,518,211.62 /таван сая таван зуун арван найман мянга хоёр зуун арван нэгэн төгрөг жаран хоёр мөнгө /, үндсэн хүү 3,114,374.97 /гурван сая нэг зуун арван дөрвөн мянга гурван зуун далан дөрвөн төгрөг ерэн долоон мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 1,288,318.39 /нэг сая хоёр зуун наян найман мянга гурван зуун арван найман төгрөг найман мөнгө/ Нийт 9,920,904.98 /есөн сая есөн зуун хорин мянга есөн зуун дөрвөн төгрөг ерэн найман мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Нэткапитал Авто" ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Гад холбогдох "NT-21112010532" тоот зээлийн гэрээний Үндсэн зээл 5.518.211.62/ таван сая таван зуун арван найман мянга хоёр зуун арван нэгэн төгрөг жаран хоёр мөнгө/, үндсэн зээл 3.114.374.97 /гурван сая нэг зуун арван дөрвөн мянга гурван зуун далан дөрвөн төгрөг ерэн долоон мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 1.288.318.39 /нэг сая хоёр зуун наян найман мянга гурван зуун арван найман төгрөг найман мөнгө, нийт 9.920.904.98 /есөн сая есөн зуун хорин мянга есөн зуун дөрвөн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч талууд харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр хэний ч дарамт, шахалтгүйгээр эвлэрэв.
Хариуцагч Э.Г нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж гарсан өдөр нэхэмжлэгч тал болох НК ББСБ ХХК -ийн тоот дансанд 7.000.000 долоон сая төгрөгийг хоёр хувааж төлнө.2 Шүүхээс албан ёсны шүүхийн захирамж хүчин төгөлдөр болж гарсны дараа эхний ээлжид 3.500.000 төгрөгийг шилжүүлнэ, 3.2024 оны 6 дугаар сарын 30 нды өдөр үлдэгдэл 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлнэ. 2.Зээлийн барьцаанд тавьсан OLKSWAGEN OUARFG /2005.2013/ Улсын дугаар 59-98 УБХ мөнгөлөг саарал автомат машиныг НЭТКАПИТАЛ АВТО ХХК-ны дансанд эхний төлбөр 3.500.000 төгрөг шилжиж орсны дараа машинаа миний өмчлөлд шилжүүлж хүлээлгэн өгөхөөр тохиролцов. Гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М гэжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч НК ББСБ ХХК нь хариуцагч Э.Гад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,920,904.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигч шүүх хуралдааны явцад эвлэрч, нэхэмжлэгч 9,920,904.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,920,904.98 төгрөгнөөс татгалзаж, 7,000,000 төгрөгийг авах, үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч Э.Г нь эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан өдөр 3,500,000 төгрөг, үлдэх 3,500,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна, 106.6. дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус заасан.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Зохигчийн эвлэрлийн гэрээнд дурдсан автомашин шилжүүлэн өгөх тухай тохиролцоо нь уг хэлэлцэж буй иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй/мөнгөн дүнгийн шаардлага гаргасан/ байгааг шүүх хуралдаанд тайлбарлан өгсөн болохыг дурдав.
Шүүх хуралдааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдсоны дараа зохигч шүүхэд эвлэрлийн гэрээ ирүүлж, эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч НК ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь 9,920,904.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,920,904.98 төгрөгнөөс татгалзаж, 7,000,000 төгрөгийг авах, үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч Э.Г нь эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан өдөр 3,500,000 төгрөгийг төлөх, үлдэх 3,500,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус тус нэхэмжлэгч НК ББСБ ХХК-д төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НК ББСБ ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА