Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******  /РД:*******/

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хооронд үүссэн цагдаагийн албанаас халсан, цагдаагийн цол хураасан шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гэрч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч *******оос Цагдаагийн ерөнхий холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд эрхэлж байсан Зөрчлийн хэрэг бүртгэх газрын зөрчлийн хэрэг бүртгэх мэргэжил арга зүйн ахлах байцаагч албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 8 дугаар сараас хойш өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал бол нийгмийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч ******* нь 2012 оны 06 дугаар сараас цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаар Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай тушаалаар Зөрчлийн хэрэг бүртгэх газрын Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах байцаагчийн албанаас халж, цагдаагийн хошууч цолыг хурааж шийдвэрлэжээ.[2]

2.2 Дээрх захиргааны актыг *******ид Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр танилцуулж, тэмдэглэл үйлдсэн[3] байх бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд хандаж ...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн Б/1067 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Зөрчлийн хэрэг бүртгэх газрын Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах байцаагч албан тушаалд эгүүлэн томилуулах, 2022 оны 08 дугаар сараас хойш урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгуулах... шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан.[4]

2.3.Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5304 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.[5]

2.4.Улмаар нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Цагдаагийн ерөнхий холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан үндэслэлийг тогтоолгох гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсан.

2.5.Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хурандаа ******* 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн аас мэдүүлэг авахад ... банканд дугаарын данс эзэмшдэг...хорио цээрийн үед баараа цаг хэтрүүлж ажиллуулж байгаад зөрчлийг дарж аргалуулах гэж шилжүүлж өгсөн... гэж, ******* нь ...*******аас машины ослын улмаас 500.000 төгрөг дансаар зээлж авсан, баарны гадаа бэлнээр буцааж өгсөн... гэх мэдүүлэг өгсөн.[6]

2.6.Улмаар Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газраас бусдаас шан харамж авч, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн 12 алба хаагчид албанаас халах арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр танилцуулсан.[7]

2.7.Тус газрын ахлах байцаагч, цагдаагийн хурандаа ******* 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах гэж байгааг урьдчилан сонсгож, тайлбарыг авахад ******* ...сахилгын шийтгэл өөрчлүүлэх хүсэлтэй байна... гэх санал гаргажээ.[8]

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс ... Шүүхээс хэнийг гэм буруутайг тооцоогүй байхад Цагдаагийн ерөнхий газраас дотоод хяналт шалгалтыг буруу шалгасан, тал бүрээс нухаж үзэлгүйгээр *******ийг бусад албан хаагчидтай дүйцүүлж нийтээр нь 20 хэдэн хүнийг нь хоморголон ажлаас халсан, Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудал нь эцэслэн шүүхээр болон холбогдох эрх бүхий байгууллагаас эцэслэж шийдээгүй байхад урьдчилж энэ хүнийг шан харамж авсан гэдэг үндэслэлээр халж байгаа нь илт хууль бус..., ийг шан харамж авсан, аваагүй гэдгийг өгсөн хүн нь нотоллоо, авсан хүн нь буцаагаад өгснөө хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаж, нотлогдож байгаа ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... Тодорхой тохиолдол үүссэн Цагдаагийн албан хаагчид буруутай сахилга ёс зүйн дүрэм, Цагдаагийн албаны тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт гарсан, гэмт хэрэгтэй холбогдуулж халаагүй,... Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж байна. Ийм утгаар ойлгохгүй. Утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь энэ актад жишээлбэл ийн нэрийг алдаад бичсэн юм уу. Өөр , , гэдэг хүмүүсийн нэрийг солиод бичсэн юм уу. Эсвэл сахилгын шийтгэл оногдуулахыг шагнах ч юм уу ийм утга агуулгын илэрхий алдаатай. 2 дугаарт 47.1.6 дахь заалт нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Нэгэнт зөрчил гарсан энэ хүнд сахилгын хариуцлага тооцох эрх нь Цагдаагийн ерөнхий газрын дарга, томилох, чөлөөлөх эрх, сахилгын шийтгэл оногдуулах, албанаас халах эрх нь Цагдаагийн албаны тухай хуулиар Цагдаагийн ерөнхий газарт олгогдсон эрх юм. Бид нар албаны шалгалтаар Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилсан нөхцөл акт гаргахаас өмнө нөхцөл байдлыг тогтоосон үйл ажиллагааг албаны шалгалт гэдэг зүйлээр тогтоосон байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь хэсэгт заасан эрх нь Цагдаагийн ерөнхий газрын даргад олгогдсон байгаа учраас манай маргаан бүхий захиргааны актын Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу батлан гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй гэж тайлбарлав.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т утга агуулгын илэрхий алдаатай гээд байна. Тушаал дээр утга дээр нь хориглосон үйл ажиллагаа явуулсан, нийгмийн дэг журам алдагдуулсан этгээдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгүй нуун дарагдуулж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй бусдаас шан харамж авсан утга агуулгын илэрхий алдаатай гэж бусдаас зээл авсан байхад хаана би нуун дарагдуулсан юм бэ. Хуулиар хориглосон үйл ажиллагааг би таслан зогсоогүй үйлдэл хаана намайг тогтоосон юм бэ. Би нуун дарагдуулаад үндсэн үүргээ хийгээгүй үйлдэл, эс үйлдэхүйг яг баримтаар тогтоочхоод ийм үзэл гаргаж байгаа юм бэ утга агуулгын алдаатай гэдэгт. Хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь зээл авчхаад байхад зээл аваад буцаагаад төлсөн гэдэг 2 талын мэдүүлэг, тайлбар байгаа. Тухайн тайлбарт яаж тогтоочхоод шан харамж авсан гээд байгаа бэ үндэслэлгүй байна гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдүүлж өмнө эрхэлж байсан Зөрчлийн хэрэг бүртгэх газрын зөрчлийн хэрэг бүртгэх мэргэжил арга зүйн ахлах байцаагч албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 8 дугаар сараас хойш өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал бол нийгмийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Хуульч овогтой Ж*******гийн 2008-2012 онд Дотоод хэргийн их сургуулийг цагдаагийн ажил, эрх зүйч мэргэжлээр суралцаж, бакалавр зэрэгтэй төгссөн байдаг. 2012 оны 6 дугаар сараас 2012 оны 11 дүгээр сар хүртэл Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт эргүүлийн офицер, 2012-2015 онд Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст эргүүлийн офицер, 2015-2019 онд Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст эрүүгийн мөрдөгч, 2019-2021 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст ахлах байцаагч, 2021-2022 онд Нийслэлийн Цагдаагийн удирдах газар шөнийн эргүүлийн хэлтэст ахлах байцаагч, тухайн онд Зөрчлийн хэрэг бүртгэх газрын ахлах байцаагчаар хошууч цолтой. Цагдаагийн байгууллагад сургуулиа төгсөөд тасралтгүй ажилласан. ******* нь Дотоод хэргийн их сургуулийн нэг он жав гэж ярьдаг нэг үеийн элсэн суралцагч тай уулзаж тааралдаад түүнээс хувиараа өөрийн хувийн данс болох банкны дансаар 500 мянган төгрөг, дансыг тодруулбал 56******* дугаартай дансаар хоорондоо харилцан тохиролцож, хувь хүний үүднээс таньдаг байсан учраас амьдралынхаа хувийн хэрэгцээнд зориулж 500 мянган төгрөгийг зээлж аваад тохирсон хугацаандаа *******ад буцааж өгсөн байдаг. Тухайн үед ******* нь ыг баар цэнгээний газар ажиллуулдаг эсэхийг мэддэггүй байсан. Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хүрээнд нийт 20-22 албан хаагчид холбогдуулан гэдэг хүний баар ажиллуулах явцад нь мөнгө төгрөг авсан гэдэг үндэслэлээр шалгалтын ажиллагаа явуулахад *******ийг хамааруулсан. Тушаалын үндэслэл нь *******аас 500 мянган төгрөг авсан, ажил албан үүргээ гүйцэтгээгүй, шан харамж авсан гэдэг үндэслэлээр ажлаас шууд чөлөөлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй илт хууль бус шийдвэр байна гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Өмнө тухайн асуудлаар албан тушаалтай нь холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас *******ийг дуудаж мэдүүлэг авсан. Тухайн үед ******* мэдүүлэгтээ найз нөхөд байсан, сургуульд цуг элсэн, 2-3 жил хамт суралцаж, найз нөхөд байсан учраас мөнгө зээлж, буцаагаад авсан хохирол, гомдол, санал байхгүй гэдгээ хэлсэн байдаг. Тухайн хэрэг Нийслэлийн Прокурорын газраас *******ид холбогдох хэрэг хэрэгсэхгүй болоод явж байна. Цагдаагийн ерөнхий газраас Үндсэн хуульд заасан заалтыг зөрчөөд, Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтыг зөрчөөд, бусдаас шан харамж авсан, албан тушаалын байдалдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь илт хууль бус гэж үзэж байна. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар шалгалтын ажиллагаа тухайн үед явагдаж байсныг Цагдаагийн ерөнхий газар мэдэж байсан. ******* асуудалтай холбогдуулаад мэдүүлгээ дуудсан цагт очоод өгсөн, 1 жил 6-7 сарын өмнө болсон асуудал. Хэрэгсэхгүй болсон хэргийг эцэслэн шийдэгдсэн байдаг. Шүүхээс хэнийг гэм буруутайг тооцоогүй байхад Цагдаагийн ерөнхий газраас дотоод хяналт шалгалтыг буруу шалгасан, тал бүрээс нухаж үзэлгүйгээр *******ийг бусад албан хаагчидтай дүйцүүлж нийтээр нь 20 хэдэн хүнийг нь хоморголон ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна. Тухайн асуудлаар ******* Авлигатай тэмцэх газрын асуудлыг шийдэгдчих болов уу гэж хүлээсээр 1 жил 7-8 сарын нүүр үзэж байна. Гэм буруугүй гэдгээ тооцуулсны дараа ажлынхаа учрыг олдох болов уу гэж бодоод тодорхой хугацаанд ажил хөдөлмөр эрхлэхгүй, ар гэрийнхээ амьдралыг зохицуулахын тулд. Өөрөө бол ажлаасаа түдгэлзүүлсэн гэж ойлгож байсан. Цагдаагийн ерөнхий газраас лавлагаа авах гээд очиход халсан гэсэн лавлагаа өгсөн. Лавлагаанд ******* гэдэг хүнийг ажлаас халсан тухай гэсэн тушаалыг Цагдаагийн ерөнхий газраас ерөөсөө гардуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой заасан байна. Тушаалыг ажил олгогч ажилтанд заавал гардуулна. Дахиж хүсэлт гаргаад тушаалаа хуулбарлаж, тамга тэмдэг даруулж 2022 оны 6 дугаар сард авсан. Халсан тушаалаа мэдээд тушаалд заасны дагуу төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан. Төрийн албаны зөвлөл хуульд заасан хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлээр гомдлыг хүлээж аваагүй. Ийм учраас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шударга шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хууль бус тушаал нь *******ийг албанаас халж байгаа учраас цаашид ажил хөдөлмөр эрхлэх асуудалд маш хүндээр тусч байна. Цагдаагийн ерөнхий газраас *******ид тушаалыг гардуулаагүй, гардуулах үүргээ биелүүлээгүй. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудал нь эцэслэн шүүхээр болон холбогдох эрх бүхий байгууллагаас эцэслэж шийдээгүй байхад урьдчилж энэ хүнийг шан харамж авсан гэдэг үндэслэлээр халж байгаа нь илт хууль бус байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна гэжээ.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай давхцуулахгүйгээр тайлбараа хэлье. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч ******* 2023.11.30-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагч талд гардуулсан байна. Гардуулсан нэхэмжлэл дээрээс авч үзвэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022.07.21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасан. Маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа биш захиргааны ерөнхий хуульд заасан тодорхой тохиолдол дээр илт хууль бус болох нь тодорхой зааж хэрэгсэхгүй болгохоор хандсан байна гэж бичгээр гаргасан нэхэмжлэлээс харагдаж байна. Нэхэмжлэлд юу тодорхой биш байна гэхээр сая итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө дурдсангүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус гэж үзнэ гээд тодорхой 7 тохиолдлыг заасан байна. Нэхэмжлэлийн бичгээр гаргасан шаардлагад маргаан бүхий акт энэ 7 тохиолдлын яг аль заалтаар баримталж маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа нь бичгээр бидэнд гардуулсан нэхэмжлэлд тодорхой биш байгаа учраас бид нар тодорхой тайлбар өгөх боломжгүй байна. Тодорхой тохиолдол үүссэн Цагдаагийн албан хаагчид буруутай сахилга ёс зүйн дүрэм, Цагдаагийн албаны тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт гарсан байна. Захиргааны актыг ид захиргааны байгууллага гардуулсан гэж үзэж байна. Тэр нь юугаар тогтоогддог вэ гэхээр 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн мэдэгдэх хуудас байдаг. Яагаад заавал актаараа байхгүй вэ гэхээр манай цагдаагийн байгууллага олон албан хаагчидтай холбоотой тушаал гардгаас шалтгаалаад бүх албан хаагчдад тухайн тушаалыг үг үсэгтэй нь адилхан байдлаар мэдэгдэх хуудсаар өөрт нь танилцуулдаг. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тухайн үеийн Зөрчлийн хэрэг бүртгэх газрын зөрчил хэрэг бүртгэл, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Алтангадас гэдэг хүн Зөрчлийн хэрэг бүртгэх, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж*******гийн гэдэг хүнд маргаан бүхий захиргааны актыг мэдэгдээд, доор нь ******* гарын үсгээ зурсан, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэсэн баримт хэрэгт авагдсан байна. Маргаан бүхий захиргааны актыг яагаад хууль бус болохыг тогтоолгохоор гомдол гаргаагүй, илт хууль бусаар гаргаж байна вэ гэхээр захиргааны актыг мэдэгдсэнээс хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа учраас шүүх хүлээн авах боломжгүй. Өмнө нь анхан шатны шүүх яг энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан баримтууд байдаг. Яагаад гэвэл өөрөө эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах үүднээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус гэдэг байдлаар гаргаж байна. Эрүүгийн хэрэгт холбогдсон гэдэг байдлаар бид нар маргаан бүхий захиргааны акт гараагүй, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасан өргөсөн тангараг, ёс зүйн дүрмээ ноцтой зөрчсөн гэдэг байдлаас гарсан. Хэрвээ эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлаар гарсан Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу гэм буруу нь нотлогдож, шүүхийн таслан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн үндсэн зарчим бий. Зарчмынхаа дагуу бид албан хаагчийг гэмт хэрэгт шалгагдаж дуусаад, шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон, тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ тохиолдолд актыг гаргасан бол 82 дугаар зүйлийн 82.1.2 дах хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн таслан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэдэг үндэслэлээр албанаас халах байсан. Тийм учраас гэмт хэрэгтэй холбогдуулж халаагүй гэдэг байдлаар тайлбарыг хэлэх гэсэн юм. болон хэргийн бусад оролцогчидтой холбоотойгоор Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам болон ёс зүйн дүрэмд заасны дагуу алба хаагчдад албаны шалгалт хийдэг. Энэ нь захиргааны ерөнхий хуулийн захиргааны акт гаргахаас өмнө нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаа гэж ойлгож болно. Түүний дагуу хангалттай нотлох баримт, тэр үйл ажиллагаагаар тогтоосон гэж үзсэний үндсэн дээр маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас батлан гаргасан гэдгийг хэлэх гэсэн юм. Өнөөдрийн гаргаж байгаа нэхэмжлэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан энэ акт нь илт хууль бус болох нь аль үндэслэлд хамаарах нь тодорхой биш байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх хуралдааны бүхий үе шат, явцыг аваад үзвэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд биш, нэхэмжлэл нь өөрөө маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа юм шиг баримт гаргаж ирж, тал талаас нь манай тал ч гэсэн тийм зүйл ярилаа, нэхэмжлэгч тал ч гэсэн тийм зүйл ярилаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1 дэх заалт болон 47.1.6 дах заалтад холбоотой маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бусд хамаарч байгаа юм бэ гэдэг зүйлийг нэхэмжлэгч тал өөрөө нотлох баримтаар нотолсонгүй, гаргаж ирж тайлбарласангүй гэж үзэж байна. 1-т акттай холбоотой асуудлууд гардуулсан, гардуулаагүй гэдэг нь манай хүний нөөцийн мэдэгдэх хуудсыг хүчинтэй, хүчингүй гэж яриад байна. Тушаалд хошууч генерал Болд гэдэг хүний өмнөөс тушаал гаргаад байгаа асуудал байхгүй. Хошууч генерал Болд гэдэг хүний гаргасан тушаалыг тушаалд холбогдож байгаа хүмүүст танилцуулж байгаа үйл ажиллагаа мөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд яагаад гардуулаагүй, хүчингүй гэж үзээд байгаа юм бэ. Өмнө нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд анхан болон давж заалдах шатны шүүх энэ мэдэгдлийг та танилцсан байна, таны хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гээд энэ асуудлыг шийдвэрлэсэн байхад дахин дахин ингэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 11.4 дэх зүйлд шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж байдаг. Яагаад энийг дурдаж байна гэхээр Хөдөлмөрийн тухай хуулиар тушаал гардуулах ёстой гэж үзээд байх шиг байна. Цагдаагийн алба нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн тусгай алба юм. Төрийн тусгай нь өөрөө хуультай байж болно гэсний үндсэн дээр Цагдаагийн албаны тухай хууль батлагдсан гарсан байдаг. Тийм учраас энэ тохиолдол илүү нарийвчилсан зохицуулсан хууль Цагдаагийн албаны тухай хууль юм. Тийм учраас Цагдаагийн албаны тухай хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд түүний дагуу баталсан дотоод журмынхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг төгсгөлийн үгэн дээр цохон тэмдэглэх гэсэн юм. Төрийн албаны тухай хуулийн 4.4 дэх зүйл дээр энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Энэ үүсээд байгаа маргаан нь Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байгаа учраас энэ маргаан дээр хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөхгүй гэж тайлбарлаад байна. 2022.07.21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалыг яриад байх шиг байна өмнө тайлбарласан бусад хүний мэдээллийг хангах үүднээс зөвхөн ид холбогдох хэсгийг актаар нь гаргаж өгсөн энэ нь яаж нотлогдож байна вэ гэхээр 7, 8, 9 гэхээр 7 дах хэсэгт нь ийг энэ тушаал дээр байна үлдсэн 6 хүний асуудал өмнө нь байжээ гэдэг байдлаар шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ийн нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын 2022.07.21-ний өдрийн Б/1067 дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгохыг гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ захиргааны акт илт хууль бус байх болон хууль бус байх үндэслэлүүдийн аль алиныг нь дурдаж маргасан.

2. Хууль хэрэглээний хувьд захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулсан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг /хуулийг/ зөрчсөн гэх үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулагддаг буюу эдгээр нь хууль зүйн агуулгаараа ялгаатай ойлголтууд гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

3. Нэхэмжлэгч нь захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах, тэр хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дурдаж маргах эрхээ захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үндэслэлээр дараах байдлаар алдсан байна. Тодруулахад:

4. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5304 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор өөрчилж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.[9]

5. Тиймээс шүүх нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдан маргасан ... Шүүхээс хэнийг гэм буруутайг тооцоогүй байхад Цагдаагийн ерөнхий газраас дотоод хяналт шалгалтыг буруу шалгасан, тал бүрээс нухаж үзэлгүйгээр *******ийг бусад албан хаагчидтай дүйцүүлж нийтээр нь 20 хэдэн хүнийг нь хоморголон ажлаас халсан, сонсох ажиллагааг зохих ёсоор хийгээгүй ... гэх зэрэг захиргааны актыг хүчингүй болгуулах агуулга бүхий үндэслэлүүдэд дүгнэлт өгөхгүй.

6. Харин шүүх нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаж буй акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалтуудыг зөрчсөн илт хууль бус акт гэх үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгнө.

7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: гээд, мөн зүйлийн 47.1.1 дэх заалтад утга агуулгын илэрхий алдаатай; гэж, 47.1.6 дахь заалтад захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж тус тус заажээ.

8. Захиргааны эрх зүйн онолд, захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэдгийг захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт нь хэнд хаяглагдсан нь тодорхойгүй, эсхүл тухайн захиргааны актыг хэн батлан гаргасан нь тодорхойгүй, эсхүл тухайн захиргааны актаар шийдвэрлэсэн гол асуудлыг тодорхойлсон заалтыг захиргааны актдаа бичээгүй орхигдуулсан тохиолдлуудыг ойлгодог.

9. Нэхэмжлэгчийн зүгээс ... Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалд ... хориглосон үйл ажиллагаа явуулсан, нийгмийн дэг журам алдагдуулсан этгээдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгүй нуун дарагдуулж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй бусдаас шан харамж авсан гэх үндэслэлээр ажлаас халсан байх боловч энэ нь Дотоод хэргийн их сургуульд нэгэн цагт хамт суралцаж байсан найз /онжав/ н.аас мөнгө зээлж, дараа нь төлж барагдуулсан асуудал байсан, захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатайг нотолж байна гэх агуулгаар тайлбарласан.

10. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/201 тоот тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн[10] 2.3.3-т алба хаагч нь ... хувь хүн, хуулийн этгээдээс шагнал /... зээл үйлчилгээ .../ авахыг хатуу цээрлэж байх, 2.3.8-д ... зээл авахгүй байх ... гэж цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоосон байх бөгөөд түүнийг зөрчсөн буюу хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн шийдвэрийг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх боломжгүй.

11. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа хуулийн үндэслэл /заалт/ огт хэрэглээгүй, хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн боловч нарийвчилсан үндэслэлийг хэрэглээгүй тохиолдлыг ойлгодог.

12. Нэхэмжлэгчийн зүгээс ... Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудал нь эцэслэн шүүхээр болон холбогдох эрх бүхий байгууллагаас эцэслэж шийдээгүй байхад хориглосон үйл ажиллагаа явуулсан, чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр халж байгаа нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүйг харуулж байна гэх агуулгаар тайлбарласан.

13. Хавтаст хэрэгт авагдсан маргаж буй захиргааны актын голлох үндэслэлд Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийг хэрэглэсэн, мөн тус тушаалын 1 дэх заалтад Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 81 дүгээр зүйлийн 81.3, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.3, 2.3.8 дахь заалтуудыг хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

14. Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно., 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална: гээд, мөн зүйлийн 82.1.1 дэх заалтад өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн;, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна. гэж заасан хуулийн ерөнхий болон нарийвчилсан үндэслэлүүдийг маргаж буй захиргааны актад хэрэглэсэн байх тул уг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дүгнэх боломжгүй.

15. Нэгэнт шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэмэгдүүлсэн шаардлага болох урьд эрхэлж байсан Зөрчлийн хэрэг бүртгэх газрын зөрчлийн хэрэг бүртгэх мэргэжил арга зүйн ахлах байцаагч албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 8 дугаар сараас хойш өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал бол нийгмийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэг, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, 82.1.1 дэх заалт, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******оос Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/1067 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Зөрчлийн хэрэг бүртгэх газрын зөрчлийн хэрэг бүртгэх мэргэжил арга зүйн ахлах байцаагч албан тушаалд эгүүлэн томилуулж, 2022 оны 8 дугаар сараас хойш өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал бол нийгмийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ