Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 0082

 

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

                                            М.Бид холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

            Шүүх хуралдаанд:    

 

               Прокурор                                               Ц.И

                Хохирогч                                               Б.Ш

              Хохирогчийн өмгөөлөгч                   М.Н             

 Шүүгдэгч                                              М.Б

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Я.Э

              Нарийн бичгийн дарга                       Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

   Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаар шийтгэх тогтоолтой М.Бид холбогдох, эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч М.Н-н давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г овогт М-н Б.

 

Шүүгдэгч М.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргаан хэм хэмжээний акт буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчин 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “ГОК гарден” хотхоны урд талын авто зам дээр согтуугаар 70-33 ОРО улсын дугаартай, “КИА-5” маркийн авто машиныг жолоодон эсрэг урсгал сөрж зам чөлөөлж зогссон 36-50 ОРХ дугаартай ачааны машинаас бууж явсан зорчигч Б.Ш-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Г овогт М-н Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1., 7.1 дүгээр з/йлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1.д   зааснаар шүүгдэгч М.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.д  зааснаар М.Бид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5.д  зааснаар шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулан,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 1. д зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүгдэгч М.Бид хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч М.Боос 990.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ш-т олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч М.Бийн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, түүний 70-33 ОРО улсын дугаартай “КИА-5” маркийн авто машиныг битүүмжлэлээс чөлөөлөн,

 

Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжпээгүйг тус тус дурьдан,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Н давж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1.д зааснаар хохирогч Б.Ш-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тул гэм буруутайд тооцож, шүүгдэгч тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилээр хасч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 журамлан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсэн байхад энэ заалтыг биелүүлэхгүй байгаад гомдолтой байна.

 

Хохирогч Б.Ш-с банк түүний зээлийг өдөр бүр нэхээд сэтгэл санааны дарамтанд гэр бүлээрэй орж, маш хэцүү нөхцөл байдал үүсээд байна. Б.Ш-н биеийн байдал муу эмнэлэгт эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч санхүүгийн боломжгүй улмаас Улаанбаатар хот явж мэс засал хийлгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

 

 Иймд шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Ш-н биед хүндэвтэр гэмтэл учруулчихаад эмчилгээнд явуулах зардал мөнгө буюу биеийг нь хурдан эдгэрүүлэхэд анхаарахгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар  заалтыг биелүүлэхгүй байгаад гомдолтой байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.И дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч М.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргаан хэм хэмжээний акт буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчин 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр, “ГОК гарден” хотхоны урд талын авто зам дээр, согтуугаар 70-33 ОРО улсын дугаартай, “КИА-5” маркийн авто машин жолоодон эсрэг урсгал сөрж, зам чөлөөлж зогссон 36-50 ОРХ дугаартай ачааны машинаас бууж явсан зорчигч Б.Ш-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох:

 

          -Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн ...осол гаргаснаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа..,. Би хохирогчид эмчилгээний зардалд 900.000 төгрөг төлсөн.., ажилгүй байсан хугацааны цалин 990.000 төгрөгийг төлнө..., өдөрт эмнэлэгт очиж боолгож боолтын материал авч өгч байгаа.., цаашид гаргах эмчилгээний зардлыг нотлох баримтыг үндэслэн төлнө.., гэсэн мэдүүлэг.,

        

         хохирогч Б.Ш-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... би ажлаа хийж осолд орж одоо байнга эмчилгээ хийлгэж байна.., шүүгдэгч эмчилгээ, эм тариа, боолт гэх мэт бүхий зүйлийг төлж байгаа.., Эм тариа авч өгсөн, эмчилгээний 900 646 төгрөг төлсөн.., 255 800 төгрөг бэлнээр авсан.., гэсэн мэдүүлэг болон гэрч Х.Г, Д нарын мэдүүлэг.,  

 

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 472 дугаар ...Б.Ш-н биед баруун шилбэний шаант ясны дээд хэсгийн үен доторх далд хугарал, баруун тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, өвдөгний үений гадна хажуугийн холбоос болон булчингийн урагдал, үе дотор цус хуралт, баруун шилбэнд язарсан шарх, зүүн өвдөгний гадна тал 2 тооны зулгаралт, дух нуруунд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүссэн.., ясны хугарлууд нь тус бүрдээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.., баруун шилбэний язарч зулгарсан шарх болон гадна хажуугийн холбоос ба булчингийн урагдал, үе дотор цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.., зулгаралт, зөөлөн эдийн цус хуралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.., хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно.., гэсэн дүгнэлт.,

     

          Замын цагдаагийн тасгийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 39 дугаартай ..70-33 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.д Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.2.д Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй.., Б.Ш-г явган зорчигч гэж үзэх үндэслэлгүй, уг осол нь “Киа 5” маркийн 70-33 ОРО улсын дугаартай машин жолоодож явсан жолооч М.Б нь  Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8-р заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй гэсэн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тухай баримт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан ял оногдуулсан нь шүүгдэгч М.Бийн гэм бурууд тохирчээ.

 

          Нотлох баримтаас үзвэл шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардал  900.646 төгрөг төлсөн бөгөөд шийтгэх тогтоолоор түүнээс хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 990.000 төгрөг гаргаж олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч  тогтоол гарсны дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 20 ны өдөр 1.000.000 төгрөг, 27-ны өдөр 500.000 төгрөгийг хохирогч Б.Ш-н ХААН банкин дахь харилцах дансанд шилжүүлж, баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Мөн шүүх шийтгэх тогтоолд хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас цаашид гарах эмчилгээний зардал 7.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар  нэхэмжлэх эрхийг нь дурьджээ.

         

          Шүүгдэгч М.Бид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу бэхжүүлж цуглуулсан, дүгнэлтүүдийг эрх бүхий субеъктүүд гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэсэн байна.

 

        Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Н-н  гаргасан ... шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээ хийлгэх зардал мөнгө буюу биеийг нь хурдан эдгэрүүлэхэд анхаарахгүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар  заалтыг биелүүлэхгүй байгаад гомдолтой байна... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч М.Н-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.           

       

  2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                               Ц.ТУЯА