Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* /*******/

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын хооронд үүссэн ажилд томилсон шийдвэрийг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч *******аас Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/108 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар *******ын Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ** дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.[1]

2.2.Эрүүгийн 2302004890301 дугаартай хэрэгт *******ыг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/277 дугаар захирамжаар *******т Нийслэлийн ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлыг орлон гүйцэтгэгчийн албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.[2]

2.3. Улмаар дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн Нийслэлийн боловсролын газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/180 дугаар тушаалаар *******ын захирлын албан үүргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.[3]

2.4. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/108 дугаартай тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалын 2, 5, 7 дахь заалтыг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.[4]

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс ... Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг өмнө нь сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд томилох эрх бүхий этгээд байсан боловч Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага буюу нийслэлд боловсролын газар /Нийслэлийн боловсролын газар/-ын дарга томилох чөлөөлөх эрх бүхий этгээд байхаар хуульчлагдсан. Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны сайд үүнийг зөрчиж, тушаал гарган, 2020 оны Б/15 тушаалыг цуцалсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэж зааснаар илт хууль бус захиргааны акт гэж тооцож болохоор байна. Сайдын тушаал батлагдах үед Нийслэлийн Боловсролын газрын дарга ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрхээ нэгэнтээ хэрэгжүүлээд эхэлчихсэн байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4-ийг хэрэглэх боломжгүй ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.6. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилох эрхгүй болсон. Ийнхүү томилох эрхгүй болсон тул Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өмнөх хуулийн хүрээнд томилох бүрэн эрхийн хүрээнд томилсон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн болон тусгай сургуулийн захирлыг томилсон тушаалуудыг Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг үндэслэн цуцалсан. Нэхэмжлэгч *******ыг нийслэлийн лаборатори ** дугаар сургуулийн захирлын үүргийг хэрэгжүүлэхийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ЛШ3/277 дугаартай захирамж гарсан. Иймд манай яамнаас хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны "Захиргааны акт цуцлах тухай" 6/108 дугаар тушаалыг баталсан. Энэхүү тушаалыг баталснаар нэхэмжлэгч *******ын эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй болно гэж тайлбарлав.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******гийн ******* би 1996 оноос хойш боловсролын салбарт тасралтгүй 23 жил ажилласан. Ингэхдээ 1996 оноос хойш багшаар 4 жил, сургалтын менежерээр 4 жил, Улаанбаатар дээд сургуульд захирлын туслахаар 1 жил 3 сар, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнээр 8 жил, нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуульд захирлаар 4 жил, нийслэлийн ерөнхий боловсролын ** дугаар сургуульд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш захирлаар хоёргүй сэтгэлээр ажиллаж, ирсэн. 2008-2016 онд Баянгол дүүргийн Боловсролын хэлтэст 8 жил ажиллаж байгаад нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуульд захирлын албан үүрэгт сонгон шалгаруулалтаар нэгээр шалгарч, захирлын ажлыг нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн. Үүний дараа Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар нийслэлийн ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр намайг томилсон. Уг тушаалын дагуу нийслэлийн ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн захирлаар ажиллахдаа баг, хамт олонтойгоо олон ажлуудыг хариуцлагатайгаар хийж ирсэн. Гэвч Боловсрол, шинжлэх ухааны сайд 2023 оны 09 дүгээр 27-ны өдөр ... 2020 оны *******ыг ажлаас чөлөөлж, *******ыг ажилд томилох тухай 2020 оны Б/15 дугаартай захиргааны актын 2, 5, 7 дахь заалтыг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай" гэх агуулга бүхий Б/108 дугаартай тушаал гаргажээ. Миний бие энэхүү тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг өмнө нь сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд томилох эрх бүхий этгээд байсан боловч Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага буюу нийслэлд боловсролын газар /Нийслэлийн боловсролын газар/-ын дарга томилох чөлөөлөх эрх бүхий этгээд байхаар хуульчлагдсан. Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны сайд үүнийг зөрчиж, тушаал гарган, 2020 оны Б/15 тушаалыг цуцалсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэж зааснаар илт хууль бус захиргааны акт гэж тооцож болохоор байна. Хуулиар түүнд бүрэн эрх олгогдоогүй атал ийнхүү шийдвэр гаргаж буй нь төрийн үйл ажиллагаа "хууль дээдлэх" үндсэн зарчим, "хуульд үндэслэх" тусгай зарчмаа зөрчиж байгааг харуулж байна. Маргаан бүхий Б/108 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4-д "хууль, захиргааны хэм хэмжээний акт өөрчлөгдсөний үндсэн дээр захиргааны байгууллага тухайн захиргааны актыг гаргах эрхгүй болсон бөгөөд уг актаар эрх олгогдсон этгээд эрхээ хэрэгжүүлж эхлээгүй бол" гэж заасанд үндэслэсэн байна. Боловсролын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу хуулийн 3 заалтаас бусад нь төрийн мэдээлэлд хууль хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Сайдын тушаал батлагдах үед Нийслэлийн Боловсролын газрын дарга ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрхээ нэгэнтээ хэрэгжүүлээд эхэлчихсэн байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4-ийг хэрэглэх боломжгүйг дурдаж байна. Үүнээс гадна Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны Б/108 дугаар тушаал гарсныг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр л мэдсэн байдаг. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй ******* нарын 5 иргэний нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэрэгт миний бие гуравдагч этгээдээр татагдсан бөгөөд, хариуцагч талаас тус тушаалыг баримтаар гаргаж, хэргийн материалд хавсаргасан байсан. Улмаар энэхүү маргаан бүхий сайдын тушаалыг хэргийн материалтай танилцах явцдаа мэдлээ. Яамнаас намайг ажлаас чөлөөлөхтэй холбоотой бодит нөхцөл байдлыг тогтоож, шаардлагатай ажиллагааг огт хийгээгүй, шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлын талаар надаас тайлбар, санал аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, тухайн шийдвэртэй холбоотой шаардлагатай баримт бичигтэй танилцах боломж ч олгоогүй, тушаалыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24, 26-27 дугаар зүйлд заасан ажиллагаа, зарчмыг огт хэрэгжүүлээгүйн улмаас Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны Б/108 дугаар тушаал нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж буй хууль бус захиргааны шийдвэр байна. Иймд хууль зөрчиж гаргасан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны Б/108 дугаар тушаалыг хүчингүй болгож, зөрчигдөж буй миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэсэн байна. Нэхэмжлэгч Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээр маргахаас илүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах тухай шаардлага гаргах нь нэхэмжлэгч миний хувьд хангагдах илүү боломжтой гэж үзээд шаардлагаа тодорхойлсон. Ингэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор баталсан хуулийн албан ёсны тайлбарыг эшилж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн эрхийн хүрээнд тодорхойлсон тухайгаа дурдсан. Үүнийг анхаарахыг шүүхээс хүсэж байна. Нэхэмжлэгч ******* миний эсрэг 20 дугаар сургуулийн менежер *******, *******, ******* зэрэг ажилтнууд АТГ-т гомдол гарган эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/Ш3/277 дугаар захирамжаар /надад гардуулж өгөөгүй/ намайг ** дугаар сургуулийн захирлын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн. Ийнхүү түдгэлзүүлсний дагуу өөрийн ажлыг 28 дугаар сургуулийн захирал *******д хүлээлгэн өгсөн. Миний хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгосон, ** дугаар сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гараагүй байхад Сайд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар намайг томилсон шийдвэрээ хүчингүй болгосонд гомдолтой байна. Маргаан бүхий захиргааны акт гарсны дараа аливаа байдлаар ажил хүлээлцээгүй болно гэсэн байна гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Боловсролын ерөнхий хууль тэдгээрийг дагаж бусад холбогдох хуулийг Улсын Их Хурлын чуулганаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн баталж тус хууль 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Боловсролын тухай /хуучин/ хуулиар ерөнхий боловсролын сургуулийг хэв шинжээр нь ердийн, олон улсын хөтөлбөрийн сургалттай, тусгай, лаборатори сургууль гэж ангилдаг байсан. Эдгээр хэв шинж бүхий ерөнхий боловсролын сургуулийн олон улсын хөтөлбөрийн сургалттай болон лаборатори сургуулийн захирлыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилохоор хуульчилсан байсан. Дээрх зохицуулалтыг буюу ерөнхий боловсролын сургуулийн хэв шинж гэх ойлголтыг боловсролын тэгш боломж бүрдүүлэх зорилгод нийцүүлэн шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулиар зохицуулаагүй. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийг хэв шинжээр ангилан төрөлжүүлэхгүй нийт суралцагчдад тэгш боломж олгож хассан юм. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө. гэж заасан. Боловсролын ерөнхий хууль, тэдгээрийг дагаж бусад холбогдох хуулийг Улсын Их Хурлын чуулганаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн баталж тус хууль 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр үйл эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилох эрхгүй болсон. Ийнхүү томилох эрхгүй болсон тул Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өмнөх хуулийн хүрээнд томилох бүрэн эрхийн хүрээнд томилсон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн болон тусгай сургуулийн захирлыг томилсон тушаалуудыг Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг үндэслэн цуцалсан. Нэхэмжлэгч *******ыг нийслэлийн лаборатори ** дугаар сургуулийн захирлын үүргийг хэрэгжүүлэхийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/Ш3/277 дугаартай захирамж гарсан бөгөөд Авлигатай тэмцэх газраас 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06/14140 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар албан бичгийг ирүүлсэн. Хавсаргав. Иймд манай яамнаас хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны "Захиргааны акт цуцлах тухай" 6/108 дугаар тушаалыг баталсан. Энэхүү тушаалыг баталснаар нэхэмжлэгч *******ын эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр *******ын гаргасан нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/108 дугаартай тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч ******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/108 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ захиргааны акт илт хууль бус байх болон хууль бус байх үндэслэлүүдийн аль алиныг нь дурдаж маргасан.

2. Хууль хэрэглээний хувьд захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулсан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг /хуулийг/ зөрчсөн гэх үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулагддаг буюу эдгээр нь хууль зүйн агуулгаараа ялгаатай ойлголтууд гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

3. Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч шүүх нотлох зарчмын үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй захиргааны акт нь илт хууль бус байх шинжийг агуулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг илт хууль бусад тооцож шийдвэрлэсэн болно. Тодруулахад:

4. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 8-д Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн-д хамаарахгүй гэжээ.

5. Тиймээс шүүх нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдан маргасан ... Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг өмнө нь сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд томилох эрх бүхий этгээд байсан боловч Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор эрх хэмжээгүй болсон байхад захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэх үндэслэлд буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтад заасан үндэслэл байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

6. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар *******ын Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ** дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.

7. Эрүүгийн 2302004890301 дугаартай хэрэгт *******ыг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/277 дугаар захирамжаар *******т Нийслэлийн ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлыг орлон гүйцэтгэгчийн албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

8. Улмаар дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн Нийслэлийн боловсролын газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/180 дугаар тушаалаар *******ын захирлын албан үүргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү шийдвэртэй маргаагүй.

9. Нэхэмжлэгчийн зүгээс хүчингүй болгуулахаар маргаж буй Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/108 дугаартай тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалын 2, 5, 7 дахь заалтыг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

10. Гэвч хариуцагч нь дээрх маргаан бүхий Б/108 дугаартай тушаалыг гаргах эрх хэмжээ, чиг үүрэгтэй этгээд биш болох нь дараах эрх зүйн үндэслэлээр тогтоогдож байна.

11. Монгол Улсын Их Хурлаас Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн баталж, тус хууль Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №27 /1275/ дугаарт нийтлэгдэж, улмаар уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгээс бусад заалтууд нь[5] 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

12. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө гэж зааснаар Нийслэлийн Боловсролын газрын дарга өөрийн хамаарах нутаг дэвсгэр дээр ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл бүрджээ.

13. Харин хүчингүй болсон 2002 оны Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтад боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх; гэж заасны дагуу Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх эрх хэмжээтэй байжээ.

14. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалын 2 дахь заалтаар *******ын Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ** дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулахаар, 5 дахь заалтаар *******ын албан тушаалын цалин, холбогдох нэмэгдлийг олгохоор, 7 дахь заалтаар албан үүргийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг *******т үүрэг болгож тус тус шийдвэрлэсэн бөгөөд анх нэхэмжлэгчийг ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн захирлаар томилсон тушаалын үндсэн агуулга нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэсэн захиргааны акт байна.

15. Харин маргаж буй Б/108 дугаартай тушаал нь энэхүү эерэг үйлчлэл бүхий захиргааны актын үйлчлэлийг цуцалж дуусгавар болгосон захиргааны акт болно.

16. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: гээд, мөн зүйлийн 47.1.3 дахь заалтад тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; гэж заасан бөгөөд нэгэнт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хуулиар Боловсрол, шинжлэх ухааны сайдад ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ олгогдоогүй тул ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажилд томилсон тушаалыг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үр дагаврыг үүсгэж буй маргаан бүхий Б/108 дугаартай тушаал нь илт хууль бус болох нь тогтоогдож байна.

17. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайд өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудал буюу Нийслэлийн Боловсролын газрын даргын чиг үүрэгт хамаарах асуудлаар захиргааны акт гаргаж, *******ын хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсэн захиргааны актыг цуцалж, хөдөлмөрлөх эрхэд нь халдсан үр дагавар үүсгэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

18. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт дурдсан ... Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасны дагуу ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилох эрхгүй болсон ... гэх тайлбар үндэслэлтэй боловч Боловсрол, шинжлэх ухааны сайдаас *******ыг ажилд томилсон тушаалыг цуцлах эрхтэй гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй.

19. Ийнхүү *******ыг захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захиргааны актын холбогдох хэсгийг цуцалж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг үндэслэл болгосон байна.

20. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно: гээд цуцалж болох таван үндэслэлийг заасны дотор мөн зүйлийн 49.3.4 дэх заалтад хууль, захиргааны хэм хэмжээний акт өөрчлөгдсөний үндсэн дээр захиргааны байгууллага тухайн захиргааны актыг гаргах эрхгүй болсон бөгөөд уг актаар эрх олгогдсон этгээд эрхээ хэрэгжүүлж эхлээгүй бол; гэж заасан.

21. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, түүнийг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь аливаа этгээдэд тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олгосны дараа холбогдох хуульд өөрчлөлт орж, улмаар зохих эрх бүхий этгээд тухайн эрхийг олгох шийдвэр гаргах эрх хэмжээгүй болсон байхаас гадна тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олж авсан этгээд тухайн эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хэрэглэгдэнэ.[6]

22. Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч ******* нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын лаборатори ** дугаар сургуулийн захирлаар огт ажиллагаагүй бус, харин ажиллаж байсан байх тул хуульд өөрчлөлт орж, Боловсрол, шинжлэх ухааны сайдад түүнийг томилж, чөлөөлөх эрх хэмжээ үгүй болсон хэдий ч энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.

23. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэжээ.

24. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарласан ... ийнхүү томилох эрхгүй болсон тул Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өмнөх хуулийн хүрээнд томилох бүрэн эрхийн хүрээнд томилсон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн болон тусгай сургуулийн захирлыг томилсон тушаалуудыг Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг үндэслэн цуцалсан ... гэх тайлбар нь Боловсролын ерөнхий хуулийн зохицуулалтыг үгүйсгэсэн агуулгатай байгаагаас гадна хуулиар эрхгүй болсон тул урьд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилсон бүх тушаалыг цуцалсан мэтээр логикийн зөрчилтэй тайлбар гаргасан нь үндэслэлгүй тул шүүх хүлээн авах боломжгүй.

25. Түүнчлэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/277 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн боловсролын газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/180 дугаар тушаалаар *******ын захирлын албан үүргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч энэхүү шийдвэртэй маргаагүй байх тул хариуцагчийн татгалзалд дурдаж буй ... шүүгчийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ... гэх үндэслэлд уг захиргааны маргааны хүрээнд дүгнэлт өгөхгүй.

26. Шүүх Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Тушаал цуцлах тухай Б/108 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлд дурдсан бусад үндэслэл болох захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд холбогдох эрх зүйн зөрчилд үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

27. Нэхэмжлэгч *******, хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр , нарт 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд шүүх хуралдаан эхлэхийн өмнө талуудад хурлын товыг сануулахад утсаа аваагүй болох нь шүүхийн захиргааны ажилтны утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5, 91.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдааныг талуудын эзгүйд явуулж, хэргийг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.2 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/108 дугаартай тушаал илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ