Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 0059

 

П.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдаанд: Прокурор Ц.М Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолтой П-н Б-д холбогдох, 1825002040123 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  О овогт П-н Б.

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өшилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хороолол 11г- байрны 10а тоотод оршин суух Б.Б-н гэрт зэвсэг буюу хутга хэрэглэж “Mi Note-4” загварын гар утас, иргэний үнэмлэх, бэлэн 20 000 төгрөг зэргийг дээрэмдэж 409.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч О овогт П-н Б-йг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2.д зааснаар шүүгдэгч П.Батсүхийг 4 /дөрөв/ жил хорих ялаар шийтгэн, .

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 4 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч П.Б-н цагдан хоригдсон 61 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцон, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурор эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1.д заасан ...Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ... гэснийг зөрчсөн. Шүүгдэгч П.Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл, хэсэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2.д таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байхад шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ дангаар шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатнь шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.д заасан ...Шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан ... байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна..., Шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл : Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч П-н Б-г 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хороолол 11-г байрны 10а тоотод оршин суух Б.Б-н гэрт орж, хутга хэрэглэн айлган сүрдүүлж, “Mi Note-4” загварын гар утас, бор өнгийн иштэй хутга, бэлэн 20.000 төгрөгийг авч, бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн дээрэмдэж 409.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх П.Б-д холбогдох хэргийг хүлээж аваад тус шүүхийн ерөнхий шүүгч 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 202 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэх тухай захирмаж гаргасан байхад / х.хийн 108-р хуудас/, шүүгч 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ шүүх хуралдааныг шүүгч дангаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, /х.хийн 109-р хуудас/ мөн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хэргийг хэлэлцэхдээ шүүгч дангаар хэлэлцжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1.д заасан ...Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ... гэснийг зөрчиж хэргийг хэлэлцсэн байх бөгөөд мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1.д заасан хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд дээрх үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцэл хуулийн үндэслэлтэй байх тул хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3., 39.8 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О овогт П-н Б-д холбогдох, 1825002040123 дугаартай, 1 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Б-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Ц.ТУЯА