| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00267/И |
| Дугаар | 136/ШШ2024/00308 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 136/ШШ2024/00308
2024 07 31 136/ШШ2024/00308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух А.Б,
Хариуцагч: ***оршин суух, Ч.З, Б.Б нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 14,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Б,
Хариуцагч: Б.Б, Ч.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нар
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.Б,Ч.Ж нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Ч.Ж нь эхлээд 1,500,000 төгрөгийг бичгээр гэрээ хийж авсан. Тэгээд хүү болон зээлийг суутгаад дахиад 8,000,000 болгон зээлийн гэрээг бичгээр хийж гарын үсэг зурсан.
1.2.Гэрээнд: Үндсэн зээл 8,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 2,500,000 төгрөгийн хүүтэй, бэлэн бусаар ХАС банкны 5005192106 тоот дансанд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ч.Ж- д шилжүүлсэн.
1.3.Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 3 хувийн хүү төлнө гэж тохиролцон, гарын үсэг зурсан.
1.4. Хугацаа хэтэрсэн хоногийг 91 хоногоор тооцсон, 0,5 хувь нь 40,000 төгрөг нийт 3,680,000 төгрөг болсон. Одоо үндсэн зээл 8,000,000 төгрөг, 1 сарын хүү 2,500,000 төгрөг, алданги 3,680,000 төгрөг, нийт 14,180,000 төгрөг нэхэмжилнэ.
1.5.Ж нь надад хэлэхдээ эгч ингээд найдвартай ямар ч байсан ингээд өгье өө би одоо танд өөрийн нэр дээр байгаа машиныг барьцаа болгоод өгье. Надад мөнгө яаралтай хэрэг болчхоод байгаа юм аа. Ээжийн зээлийг хаагаад ээж бид 2 зээлж нэмж аваад төлнө гэсэн. Би ээж Б-т нь танай охин зээл авсан найдваргүй санагдаад байна гэхэд бид хоёр хоёулаа зээл нэмж авах гэж байгаа найдвартай өгнө гэсэн.
1.6. Алдангийг тооцохдоо өдрийн 40,000 төгрөгийг 91 хоногоор нийт 3,640,000 болсон гэв.
2.Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн заримыг зөвшөөрч зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Үндсэн зээл 8,000,000 төгрөгийг төлнө, хүүг нь 5 хувиар тооцоход 400,000 төгрөг болж байна.Алдангийг 1,500,000 төгрөгөөр бодож өгмөөр байна гэв.
3.Хариуцагч Ч.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн заримыг зөвшөөрч зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Миний хувьд үндсэн мөнгө 8,000,000 төгрөг төлөхөө зөвшөөрч байна. Хүүгээ 5 хувиар тооцоод 400,000 төгрөг, алдангийг 1,500,000 төгрөгөөр тооцож төлье. Бидний бодлоор хүү хэт өндөр гэв.
4.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Хаан банкны дансны хуулга /хх 5-6/, Иргэний үнэмлэхийн лавлагаа,хуулбар/хх 6/,зээлийн гэрээ/хх 7/, Эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл/хх 8/,
Хариуцагч нараас: Хариу тайлбар /хх 21-22/, шүүх хуралдаанд оролцохгүй хүсэлт/хх 26/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1.Ч.Ж нь ирж намайг гуйсаар байгаад зээлийн гэрээ хийсэн.
2.2.Гэрээнд үндсэн зээл 8,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 2,500,000 төгрөгийн хүүтэй, бэлэн бусаар ХАС банкны 5005192106 тоот дансанд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ч.Жд шилжүүлсэн.
2.3.Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 3 хувийн хүү төлнө гэж тохиролцон, гарын үсэг зурсан.
2.4.Одоо үндсэн зээл 8,000,000 төгрөг, 1 сарын хүү 2,500,000 төгрөг, алданги 3,680,000 төгрөг нийт 14,180,000 төгрөг нэхэмжилнэ.
3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг зөвшөөрч, зарим хэсгээс татгалзсан. Үүнд: ...Үндсэн зээл 8,000,000 төгрөгийг төлнө, хүүг нь 5 хувиар тооцоход 400,000 төгрөг болж байна.Алдангийг 1,500,000 төгрөгөөр бодож өгмөөр байна гэв. Үүнийг зөвшөөрч байна. Хүү хэт өндөр болохоор бид 5 хувиас хэтрүүлж төлж чадахгүй гэжээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбараар дараах үйл баримт нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
4.1.А.Б, Ч.Ж нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 3401 дугаартай зээлийн гэрээ/хх 7/ байгуулжээ. Гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн байна.
4.2.Гэрээний гол нөхцөлийн талаар талууд гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр буюу 1 сарын хугацаатай. Зээлийн хэмжээг 8,000,000 төгрөг, зээлийн хүү 2,500,000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 3 хувийн хүү төлнө гэж гэрээний гуравдугаар зүйлд харилцан тохиролцжээ/хх 7/.
4.3.Нэхэмжлэгч тал хугацаа хэтэрсэн талаар хариуцагч талд мэдэгдэн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан байна.
5.Талууд үндсэн зээл 8,000,000 төгрөгийн талаар маргаагүй. Харин нь хүү болон алдангийн талаар маргаж байгаа болно.
5.1.Нэхэмжлэгч тал: Хариуцагч тал өөрөө хүсч гуйж хүүг тогтоосон. 8 сая төгрөгийг ямар ч барьцаагүйгээр хэн ч зээлүүлэхгүй. Гэрээнд зааснаар шаардана гэж,
5.2.Хариуцагч тал: Хүү хэт өндөр байна банк болон банк бус санхүүгийн байгууллагын хүүгийн жишгээр тооцож 5 хувиар хүүг төлнө. Алданги хэт өндөр байна. 1,500,000 төгрөгөөр төлнө гэж маргажээ.
6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т...зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу үндсэн зээл 8,000,000 төгрөгийг хариуцагч нар нь төлөх үүрэгтэй байна.
7.Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зээлдэгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийг хүүг багасгаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчээс зээлийн хүүг 2,500,000 төгрөг гэж нэхэмжилснийг хариуцагч талын хүсэлтээр үндсэн зээл 8,000,000 төгрөгийн 5 хувь буюу 400,000 төгрөг болгон даруй 2,100,000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу хоног тутамд 0.5 хувиар буюу 40,000 төгрөг, хугацааг 91 хоногоор хэтрүүлсэн гэж 3,640,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
9.Иймд үндсэн зээл 8,000,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, алданги 3,640,000 төгрөг нийт 12,040,000 төгрөгийг хариуцагч Б.Б, Ч.Ж нараас гаргуулж нэхэмжлэгч А.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,140,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ч.Ж нараас 207,590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Б, Ч.Ж нараас 12,040,000 гаргуулж нэхэмжлэгч А.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,140,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ч.Ж нараас 207,590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б-т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ