Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/02011

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 16 181/ШШ2024/02011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: МВК ББСБ ХХК ... тоот хаягт оршин байх РД:.../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...тоотод оршин суух С.Д /РД:.../-д холбогдох,

Daewoo маркийн ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авахыг даалгах болон тээврийн хэрэгслийн албан татвар 2,237,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жанбота нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь Daewoo маркийн ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авахыг даалгах болон тээврийн хэрэгслийн албан татвар 2,237,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: МВК ББСБ ХХК нь хариуцагч С.Дтай 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 45,000,000 төгрөгийн зээлийг олгохдоо 062 тоот Барьцааны гэрээний дагуу 36,21 мкв 1 өрөө орон сууц болон ... УНӨ улсын дугаартай Daewoo маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан. Харин хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлээ бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь тус тээврийн хэрэгслийг хадгалахаар хүлээн аваагүй. Ийнхүү хариуцагч С.Д нь 062 дугаартай барьцааны гэрээний 2.2 дахь хэсэгт Барьцаалуулагч нь зээлийн гэрээгээр хулээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн тохиолдолд ББСБ-д шилжүүлсэн эд хөрөнгө, баримт бичгийг эргүүлэн авах эрхтэй гэж, 3.1 дахь хэсэгт ...зээлдэгч зээлийн гэрээгээр хулээсэн үүргээ бурэн биелүүлсэн нөхцөлд барьцааны гэрээ болон барьцаалбарт заасан эд зүйлийг Зээлдэгчид эргүүлэн өгөх үүрэгтэй... гэж зааснаар өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авах үүрэгтэй байна. Ингээд Авто тээврийн үндэсний төвд С.Дын нэр дээр шилжүүлж өгөх хүсэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 07-ны 15/34 дугаартай албан бичгээр дээрх тээврийн хэрэгслийг зээлдэгч С.Дад зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул барьцааны зүйл болох 0397 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлж өгөх хүсэлтийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч хариуцагч С.Д нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байна. Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар манай компани 2016 оноос 2023 он хүртэл 8 жилийн хугацаанд Автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автын агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр гэх гурван төрлийн татварт 2,237,625 төгрөгийн татварын өр манай компанид үүсээд байна. Иймд 062 дугаартай барьцааны гэрээний 4.3 дахь хэсэгт Гэрээний үүрэгтэй холбоотой маргаан гарвал талууд харилцан тохиролцон шийдвэрлэх ба тохиролцоонд хүрэхгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нь 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээл авч 2014 оны 12 дугаар сард бүрэн төлсөн. Ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ гэж үзэж байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн байдаг, үүнд машины эрх хамаарна гэж үзэж байна. Бид бичгийг нь хийгээд өгсөн шилжүүлж авсан гэж бодоод явж байсан. Дараа нь аваагүйг мэдэж мэдэгдэл 4 удаа өгсөн гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүрэн дууссан. Шүүхэд 2024 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргасан тул даруй 10 жилийн хугацаа өнгөрсөн нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байх гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. 2014 оны зүйлийг 2024 онд ярьж байна. Гэрээний үүргээр шаардаад байна. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа. Барьцаалсан байрыг чөлөөлөөд авчихсан. 10 жилийн өмнөх, хэний нэр дээр байсан нь тодорхойгүй автомашиныг гэрээний үүргийн дагуу шаардаж байгаа нь үндэслэлгүй гэв.

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамжид 50,752, 70200 төгрөг төлсөн баримтууд, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 1/284 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №062 дугаар Бизнесийн зээлийн гэрээний хуулбар, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №062 дугаар Зээл, түүний буцаан төлөх хуваарь, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №062 дугаар Зээлийн барьцааны гэрээний хуулбар, 1210122822459 дугаар татварын нэхэмжлэл,1210129432393 дугаар татварын нэхэмжлэл, 1210134372261 дугаар татварын нэхэмжлэл,1220110229500 дугаар татварын нэхэмжлэл,1220111453778 дугаар татварын нэхэмжлэл,1220110831677 дугаар татварын нэхэмжлэл,1230110450337 дугаар татварын нэхэмжлэл,1230123099964 дугаар татварын нэхэмжлэл, 1230117731820 дугаар татварын нэхэмжлэл, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дансны хуулга, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дансны хуулга,

3.2 Хариуцагчаас гаргасан нотлох баримт: Итгэмжлэл, хүсэлт шийдвэрлэхтэй холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт байхгүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Нэхэмжлэгч МВК ББСБ ХХК нь хариуцагч С.Дад холбогдуулан Daewoo маркийн ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авахыг даалгах болон тээврийн хэрэгслийн албан татвар 2,237,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг 2014 онд байгуулагдсан зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээнд үндэслэн хариуцагч гэрээнд заасан барьцааны зүйл автомашиныг өөрийн нэр дээр буцаан шижлүүлж авах үүргээ биелүүлээгүйгээс, нэхэмжлэгчид үр дагавар үүсч татварын нэхэмжлэх үүсч байгаа гэж тодорхойлдог.

7. Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тухайн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй, гэрээний үүргийн дагуу шаардах эрхгүй, тухайн автомашин хэний өмчлөлийн өмч байсан эсэх талаар мэдэхгүй, одоо тээврийн хэрэгсэл бодитой байхгүй талаар тайлбарлаж, эс зөвшөөрч байна.

8. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1 Нэхэмжлэгч МВК ББСБ ХХК болон С.Д, М.А нар нь 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ нэртэй гэрээнүүдийг бичгээр байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 8-11-р тал/

8.2 Зээлийн гэрээний үүргийг хариуцагч С.Д нь бүрэн биелүүлсэн талаар нэхэмжлэгч тайлбарлаж байх тул уг гэрээний маргаагүй үйл баримтад шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.

8.3 Харин уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр Зээлийн барьцааны гэрээг талууд байгуулж Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Рапид харш /17011/, 2-р байрны 123 тоот хаягт байрлах, 36.21 м.кв хэмжээтэй, Ү-2206015608 дугаартай орон сууц, 03-97 УНӨ улсын дугаартай, 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ачааны автомашин-ыг тус тус барьцаалжээ.

Барьцааны зүйл орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн, маргаангүй, харин тээврийн хэрэгсэл барьцааны гэрээний дагуу нэхэмжлэгч МВК ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн гэж тайлбарлаж байх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй.

8.4 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй гэрээний харилцаанд зохигчоос гадна М.А оролцож, гэрээнд гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгч, хариуцагч тал хэн аль нь одоо тухайн тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарсан эсэх, хэний эзэмшилд байгаа талаар шүүх хуралдаанд тодруулж асуухад мэдээлэлгүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч дээрх үндэслэл болгосон гэрээ байгуулах тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслийг хэний өмчлөлөөс шилжүүлэн авсан, гэрээний оролцогч нар болон С.Д, М.А нарын хэний өмчлөлийн автомашиныг барьцааны гэрээний дагуу шилжүүлэн авсан, одоо ямар үндэслэлээр гэрээний нэг талыг оролцуулаагүй зөвхөн С.Даас шаардаж байгаа, одоо автомашин нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа талаар баримт хэрэгт авагдаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан өөрийн шаардлага, үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж үзнэ.

8.5 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний үүрэг шаардаж 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

8.6 Нэхэмжлэгч нь маргааны зүйл Daewoo маркийн ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд бүртгэлтэй үндэслэлээр авто тээврийн хуульд заасан холбогдох албан татваруудын нэхэмжлэх нэхэмжлэгчийн нэр дээр ирж, зарим онуудын татварыг төлсөн талаараа шүүхэд баримт гаргасан.

Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт зааснаар 2016-2023 он хүртэл 8 жилийн хугацаанд Автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автын агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны гэх гурван төрлийн татварт 2,237,625 төгрөгийн татварын өр үүссэн үндэслэлээр 2,237,625 төгрөг гаргуулахаар шаардсан.

9. Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна, 2 дахь хэсэгт Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл ашиглалтаас хасагдсан тохиолдолд улсын бүртгэлээс хассан тухай албан ёсны баримт бичгийг үндэслэн түүнд ногдох албан татварыг дараа улирлаас эхлэн зогсооно. Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болно, 3 дахь хэсэгт Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, бүртгэлээс хасах журмыг санхүү, төсвийн болон зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж тус тус заасан.

 

9.1 Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар батлагдсан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ыг баталсан байна.

 

Нэхэмжлэгч нь өмчлөгчөөр бүртгэлтэй бол Авто тээврийн үндэсний төвд хандан, хүсэлтээ/нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар тухайн тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарсан гэх, хэрэгт баримтгүй/ гаргаж, хууль, журам, дүрэмд заасан журмын дагуу тухайн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасан талаар баримтгүй, тухайн үйлдлийг хийхэд саад болж буй шалтгаан тодорхойгүй байна.

10. Иймд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 зааснаар хариуцагчаас Daewoo маркийн ... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авахыг даалгах болон тээврийн хэрэгслийн албан татвар 2,237,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Монголжин венчур капиатл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА