Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/02016

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 16 181/ШШ2024/02016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, эрэгтэй, Г.Г/РД:.../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ... тоотод оршин суух, эмэгтэй, Д.Б /РД .../-д холбогдох,

Хүүхэдтэйгээ уулзах эрхээ хэрэгжүүлэхийг шүүхийн журмаар даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Г

Хариуцагч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1 Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Д.Бд холбогдуулан Хүүхэдтэйгээ уулзах эрхээ хэрэгжүүлэхийг шүүхийн журмаар даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г.Г миний бие нь 2014 онд нэг дор цуг ажилладаг Д.Бтэй дотносож үерхэж явсаар бид нэг гэртээ орж буюу Д.Бийн ээж аавынх нь гэрт хамт амьдарсан.

Бидний дундаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Б.З төрсөн. Д.Бийг төрөхийн өмнөхөн Д.Бийн ах нь согтуу орж ирэн, намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Энэ үйлдэл нь удаа дараа давтагдсан. Гэсэн хэдий ч би эхнэр хүүхдээ бодон тэвчиж байсан. Гэтэл Д.Бэ төрж, би Д.Бийг эмнэлгээс гаргаад охиноо анх удаа тэвэрч эцэг болсондоо баярлаж догдолж байсан. Тэгээд би эхнэр хүүхэддээ хэрэгтэй зүйлийг нь олж ирэхээр гэрээс гарч яван, маргааш нь гэртээ ирэхэд Д.Бэ, охин хоёр маань байхгүй байсан. Би гайхан хаачсаныг нь эцэг эхээс нь асуухад Д.Бийг Шандад байдаг эгч нь аваад явсан байсан. Түүнээс хойш би хүүхэдтэйгээ уулзахыг хүсэж Д.Бэтэй холбогдохоор оролдоход Д.Бэ надтай холбогдож болох бүхий л утас, цахим хаяг зэргээ бүгдийг нь блоклож надад хүүхдээ харах, хүүхэдтэйгээ уулзах боломж олголгүй явсаар, 2023 онд надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан байсан. Би хүүхдийнхээ тэтгэлгийг хуулийн дагуу өгнө, маргах зүйлгүй, харин цаашид хүүхэдтэйгээ уулзах боломжоор хангаж өгөхийг шүүхээс хүсэж, шүүх энэ асуудлыг шийдвэрлэж, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2023/0... дугаар шийдвэр гарсан гэжээ. Шүүхийн шийдвэрт Д.Бийг Г.Г миний эцэг хүний үүргээ зохих ёсоор биелүүлэхэд саад учруулахгүй байх талаар дурдаж, шүүх хурал дээр энэ талаар Д.Бэд сануулж байсан боловч, Д.Бэ нь мөн л охиныг минь надтай уулзуулахгүй, надаас зугтаалгасаар өдий хүрч байна.

Д.Бээс болж, миний охин Золжаргал нь намайг эцгээ гэж танихгүй өсөж өндийж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Түүнчлэн би өдий хүртэл ганц охиноо эцэг хүн шиг харж хандах, ганц охинтойгоо уулзаж чадахгүй, хэрэг хийсэн хүн шиг явж байгаа энэ байдлыг шүүх харж үзэн, шүүхийн журмаар охиныг маань надтай уулзуулж байхаар даалгаж өгнө үү. Жич: Би охинтойгоо уулзах эрхийг хэрэгжүүлэх талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандахад та шүүхийн шийдвэр гаргуулж байж, таныг охинтой чинь уулзуулах ажиллагаа явуулах боломжтой гэсэн тул энэ асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ охин бол миний цорын ган хэнз охин юм. Ээжээрээ овоглодог. Би өөрийнхөө овгоор овогломоор байна. Уулзалтын талаар охин бид хоёрын хохирол 10 жилээр дүгнэгдэж байгаа. Тиймээс хугацаагаар хязгаарлуулмааргүй байна. Энэ хүн хүний ёсноос гаж зүйл яриад байна. Уулзахгүй гэдэг нь байж болшгүй зүйл яриад байна. Би охинтойгоо улзахын тулд надаас шалтгаалах бүх зүйлийг гаргаж чадна. Охиндоо зарцуулах хангалттай мөнгө байгаа охиндоо зориулмаар байна гэв.

2. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагийг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд: Энэ нэхэмжлэлд манай ахыг согтуу ирэн, удаа дараа шалтгаангүйгээр зодсон гэжээ. Энэ талаар тайлбар гаргахад, Гантүшиг нь манайд хамт амьдрах хугацаанд тэр үед хамт ажилладаг байсан Ганбат гэх залуугаас 4 саяар хоорондоо тохирон, хувь лизингээр авсан кролла автомашин авсан ба машиных нь төлбөрийг ажиллаж байхдаа Гантүшигийн гарт ирж байгаа цалин дээр би нэмж хувааж төлдөг байсан ба ажлаас гарснаас нь хойшх бүх төлбөрийг би ганцаараа төлж барагдуулсан. Гантүшиг манайд амьдрах хугацаандаа өдөр бүр архи, согтууруулах ундаа ууж явсаар жолоодох эрхээ хасуулан улмаар хүргэлтийн жолооч хийдэг байсан учраас ажиллах боломжгүй болж, ажлаасаа халагдсан ба таксинд явах нэрээр машинаа аван гардаг байсан боловч олсон мөнгөгүй надаар татах тамхиа авхуулж, бензинээ хийлгэдэг байсан. Би гэрийнхэндээ энэ талаараа хэлдэггүй байсан нь манай гэрийнхэнд илэрч манай ах нар болон аав уурласан. Энэ үед манай гэрийнхэн хөдөө аяллаар явах гэж байсан тул аав, ээжийг авч явахаар манай ах нар манайд ирсэн байсан ба манайхныг явахыг хүлээн гудамжны буланд согтуу зогсож байгаад баригдсан. Ингээд манай аав, ах болон эгч нар маань намайг жирэмсэн байтал тэр хүн ажил хийхгүй, орлого олохгүй, амьдралд нэмэргүй архи уугаад яваад байгаад учирлаж хэлж үзсэн болох байх гэхээс өөр үг хэлдэггүй, сүүлдээ тоохгүй байхаар нь уурлаж хэлсэн боловч ер нь энэ байдал нь олон давтагдсан тул нэг цохисон байсан. Манай гэрийнхнийг явсны дараа намайг гэртээ ганцаараа үлдсэнийг мэдэж байсан болохоор ээжийгээ дагуулж манайд ирсэн. Ээж нь манайд огт ирж байгаагүй мөртлөө хүүхдээ өмөөрч ирсэн нь энэ бөгөөд би тухайн үед архи байнга ууж байгаа, ажилд оръё ч гэхгүй байна гэдгийг нь хэлсэн. Би өөрийн аав, ээж, хүүтэйгээ 4-үүл амьдардаг байсан ба амьдралаа авч явдаг байсан. Ингээд би ч энэ хүн амьдралд хань болохгүй юм байна гэдэг нь харагдаад салахаар шийдсэн. Энэ үед би 5 сартай жирэмсэн байсан. Энэ үед Гантүшиг машинаа авсан ба би машинаа булаацалдаагүй өгөөд явуулсан. Чи машинаа ав харин би хүүхдээ авна гэж Гантүшигт хэлж байсан.

Төрөөд маргааш нь гэртээ ирэхэд охиноо аван зугтсан байсан гэжээ. Энэ талаар тайлбар гаргахад: 2015.11.30-нд яаралтай хэвт гээд нэгдүгээр төрөхөд эмнэлэгт хэвтсэн ба манай эгч ирж, эмнэлэг рүү хоол, цай зөөж байсан. Тэр үед ээж, аав маань настай, хүү маань 13 настай бага байсан. 2015.12.03-нд төрөхөөр өвдөж эхэлсэн үед эгч маань Гантүшигт өвдөж байгаа талаар хэлсэн байсан ба 1 хоноод эмнэлгээс гарахад надаас авч явсан машинаараа гэрт хүргэсэн. Ингээд эгч маань гэр рүүгээ буцсан. Би төрөөд гэртээ 7 хоноод эгчийнхээ араас гэрт нь хамт амьдрахаар Дорноговь аймгийн Сайншанд руу Дорноговь-УБ хооронд таксинд явдаг аавын дүү болох ахтайгаа хамт охиноо аваад явсан. Энэ хугацаанд Гантүшиг манайд огт ирээгүй. Явсан учир нь би өөрийн ажил хийж олсон цалингаараа настай аав, ээж, хүүгээ тэжээн өрх гэрээ авч явдаг байсан ба декритээ аван ажилгүй, хүүхдээ харан суугаа надад цалингаас өөр орлого байгаагүй. Ажилгүй намайг хэн тэжээх вэ, нялх хүүхдийн асаргаанд аав, ээж минь ядарна, хотын утаанаас холдох гэдэг шалтгаануудаар эгч маань өөр дээрээ ирж охиноо асар гэсний дагуу охиноо аваад явсан. Би Сайншандад амьдарч, охиноо 1 ой 6 cap хүргээд хотод ирж, буцаад ажилдаа орсон.

Хүүхэдтэйгээ уулзах гэхэд холбогдох утас, цахим хаяг зэргээ бүгдийг блоколж уулзуулаагүй гэсэн байна. Энэ талаар тайлбар гаргахад: Намайг хотод ирээд буцаж aажилдаа орсны дараагаас эхлээд цахим орчинд: Миний хамт амьдарч байхдаа авхуулсан жирэмсэн үеийн нүцгэн зургийг /өөрийнх нь утсан дээр байсан/ public тохиргоотойгоор хаа сайгүй тавьсан. Bolroo Bolroo нэртэй фейсбүүк хуурамч аккаунт үүсгэж, миний фейсбүүкээс өөрийн минь зургийг татаж оруулан, миний ойр орчмын хүмүүстэй найзалж, энэ аккаунтаараа порно зураг, бичлэг public тохиргоотойгоор удаа дараа цацсан. Дурын пэйж хуудаснууд дээр мөн комментоор энэ зургуудаа байнга тавьсан. Миний өөрийн болон ах дүүсийн минь оруулсан охины зургийг хаа сайгүй, дуртай үедээ цацсан. Үүнийг мэдээд би охиныхоо зургийг огт оруулахаа больсон ба Гантүшигийн утасны дугаар, фейсбүүкийг блоколсон. Мөн хугацаа харгалзахгүй шөнө унтаж байхад залгана, доромжилсон мэссэж байнга бичээд байсан тул дугаарыг нь блоколсон. Дараа нь утсаа солиод тэр мессежүүдыг нь хадгалж аваагүй байна. Гэвч блоколсон учраас надад харагдахгүй сэтгэлд амар байсан боловч хамт ажиллагсад, ойр дотно найз нөхөд, дунд болон их сургуулийн хамт төгсөгчид мөн харилцагч, захиалагч байгууллагын хүмүүсээс миний нүцгэн зураг, мөн хамт ажиллагсадтайгаа авхуулсан зургийг хаа сайгүй коммент, пэйж дээр оруулаад яваад байгаа талаар надад удаа дараа чатаар болон биеэр мэдэгдсэн. Ингээд тэсэлгүй 2020 оны 05 сарын 06-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст энэ талаарх гомдлоо өргөдлөөр гаргаж өгсөн. 2020.05.28-нд мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Зориг яриад энэ хүнтэй уулзаад сануулаад, хэрэг үүсгэлгүй хаалаа гэж мэдэгдсэн. 2023.03.30-нд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандаж, 2023.06.16-нд шийдвэр гарсан боловч 2023 он дуустал нэг ч сарын төлбөр орж ирээгүй. 2023.09.01-нд сургуулийн нээлт болж байх үед Гантүшиг нь охин бид хоёртой ирж уулзсан ба хүүхэлдэй 140,000 төгрөг бэлнээр миний охинд кармад нь хийж егсөн. Би тэр үед уулзахыг хориглоогүй. Гэхдээ миний охин Гантүшигийг эцгээ гэж мэдэхгүй тул гайхаж цочирдсон. Би өөрөө ажлын 6 өдөр өглөөнөөс орой болтол ажилладаг тул настай ээж маань охиныг хичээлээс нь авдаг. Дараа нь гэр, сургуулийн хооронд хичээлд явах, хичээлээс тарах үед нь нэлээн хэдэн удаа таарч дагасан байсан. Охин маань сүүлдээ ээж намайг энэ хүн авах гээд дагаад байна гэж уйлсан. Би сургуулиа сольё эсвэл өөр газар амьдаръя гэж шөнө унтахгүй уйлсан. Нэлээн удаан тайвшруулж байж унтсан. Мөн энэ талаар нь ангийн багшид нь мэдэгдсэн. Удалгүй 1 өдөр багш нь надад хичээл дээр аав нь гээд нэг залуу ирж уулзсан. Чи ээжээс нь зөвшөөрөл авсан юм уу гэж асуусан чинь ээж нь зөвшөөрсөн гэж худлаа хэлээд уулзсан байсныг багш нь мэдэгдсэн. Охин маань ээжээ тэр хүн миний аав бололтой гэж л хэлсэн. Өөр бусдаар яг юун талаар ярилцсаныг мэдээгүй. Мөн Гантүшиг ажил дээр орж ирж, хамт ажиллагсад, захиалагч, харилцагч нарын дунд намайг чангаар чиний мууг үзнээ харж байгаарай гээд харааж, доромжилсон. Энэ үед шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хариуцсан ажилтан дэслэгч Дашням ярьж, Гантүшиг ажилдаа явахаасаа өмнө хүүхэдтэйгээ уулзана гээд байна гэж ярьсан. Над руу өдөр шөнөгүй залгаад байна яах вэ, хэрвээ уулзуулахаар болбол манайх тусгай камертай өрөөнд уулзуулдаг гэж ШШГГ-ийн ажилтан Дашням хэлсэн. Би 09 сарын 01-ний өдөр сургууль дээр нь ирж уулзсан, түүнээс хойш гэр, сургуулийн хооронд эргэлдээд байна. Энэнээс нь болоод манай охин айгаад уйлаад байна гэж дээр болсон үйл явдлыг ярьсан. Тэгвэл уулзсан л юм байна шүү дээ гээд Дашням надтай ахиж холбогдоогүй. 2024.02.06-нд 2024 оны 02 cap хүртэлх хүүхдийн тэтгэмж болох 1,555,336 төгрөг дансанд орж ирсэн. Энэ бүгдээс харахад 2 хүүхдийнх нь нүдэн дээр ээжийнх нь нүцгэн зургийг хаа хамаагүй тавиад, намайг олон нийтийн сүлжээнд таарсан эртэйгээ унтаад явдаг болгож харагдуулах зорилгоор зүй бус зургуудаар доромжилсон хүнийг охинтойгоо уулзуулахаас айж байна. Охиндоо хайртай хүн бол ээжийг нь ингэж олон жил доромжлохгүй байсан байх. Хүүхдийн тэтгэлэг төлөхдөө уулзах ёстой гэж харж байвал одоогоор орж ирсэн 1,555,336 төгрөгийг би тоо ёсоор нь буцаан шилжүүлээд, насаар нь охинтойгоо уулзах эрхийг нь хааж, охиноо тайван өсгөмөөр байна.

Охинтойгоо дуртай үедээ уулзана гэдгийг зөвшөөрөхгүй байна. Хүүхэд хичээл сургуульдаа явна. Миний хувьд хоёр сардаа нэг удаа уулзуулья гэж бодож байна. Бид хоёр нэг машинтай байсан. Би хүүхдээ авья чи машинаа ав гээд ярьсан. Зээлийн ихэнхийг нь би төлсөн. Өөр яриа байхгүй гэж тухайн үед хэлж байсан. Одоо гэнэт гарч ирээд хүүхэдтэйгээ гэнэт санаад байдаг. Хүүхэд сэтгэл зүйн бэлтгэлгүй байгаа. Хүүхэд шууд аав нь гээд хэлбэл цочирдоно. Тийм учраас аав нь гэж шууд хэлэхгүй шүү гэж хэлсэн. Хүүхдийн мөнгө төлөхгүй гэж байна. Энэ хариуцлагаа хүлээх ёстой гэв.

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамжид2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 70200 төгрөг төлсөн баримт, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл, Г.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/0... дугаар шийдвэр,

3.2 Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1151 дугаар прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, Д.Д.Бийн иргэний үнэмлэхний хуулбар, харилцсан цахим шуудангийн хуулбар, гэрэл зургууд,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд: охин Б.Зын Дотны туслагч өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийсэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн тодорхойлолт, Бүртгэлийн 1119003574 дугаар төрсний гэрчилгээний хуулбар,

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэгч Г.Г нь охин Б.Зтай хүссэн үедээ уулзах шаардлагыг хариуцагч Д.Бд холбогдуулан гаргаж, хариуцагч хоёр сард нэг удаа уулзуулах тухай зөвшөөрч тайлбар гаргасан.

5. Шүүх нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан хүссэн үедээ уулзах шаардлагыг хязгаартайгаар буюу хоёр сард нэг удаа уулзуулахаар шийдвэрлэв.

6. Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1 Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Д.Б нар нь 2014 онд танилцан улмаар хамт амьдрах хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Б.З төрсөн болох нь нэхэмжлэл, хариу тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн иргэний үнэмлэх, тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.

6.2 Зохигчид хувийн таарамжгүй харилцааны улмаас 2015 онд, хүүхдийг төрөхөөс өмнө тусдаа амьдарсан.

6.3 Охин Б.З нь эх Д.Бэр овоглодог боловч хүүхдийн эцэг нь нэхэмжлэгч Г.Г мөн болох талаар зохигч маргаангүй.

6.4 Нэхэмжлэгч Г.Г нь охин Б.Зыг төрөх үед нэг удаа уулзаж, хожим 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сургууль дээр нь уулзсан талаар тайлбарлаж, уг үйл баримтад маргаагүй.

6.5 Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Г.Гт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/0... дугаар шийдвэр гарсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

7. Зохигч охин Б.Золзаяатай уулзуулах цаг хугацаа, давтамжид маргаантай.

7.1 Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус зааснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүссэн байна.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь охин Б.Зын өмнө тэгш эрх эдэлж, тэгш үүрэг хүлээнэ.

Хариуцагч Д.Б нь охин Б.Зыг эцэг Г.Гтэй хүссэн үед нь тогтмол уулзуулах боломжгүй, хүүхэд эцгийнхээ талаар мэддэггүй учир сэтгэл зүйн хувьд дасгаж хоёр сард нэг удаа уулзуулах боломжтой талаар тайлбарласан.

Шүүх Гэр бүлийн хуулийн 21, 26 дугаар зүйлд заасан эцэг Г.Гийн хүүхдийн өмнө хүлээх эрх, үүргийг бүхэлд нь хязгаарлах, хүүхдийн эрх ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Д.Д.Бийн зүгээс хүүхдийн эрх ашиг сонирхол хөндөгдөх, хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлын талаар баримт, хүсэлт гаргаагүй, 2 сард нэг удаа уулзуулахыг зөвшөөрсөн зэрэгт үндэслэн хариуцагчийн тайлбар, зөвшөөрлийн хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Монгол Улс 1990 оны 01 дүгээр сарын 26-нд гарын үсэг зурж, 1990 оны 07 сарын 05-ны өдөр соёрхон батласан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ гэж зааснаар эцэг, эх, хүүхдийн харилцаа холбоотой байх эрхийг нэхэмжлэгч, хариуцагч харилцан хүндэтгэх нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ гээд 10.2 дахь хэсэгт Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь охин Б.З эцгийнхээ талаар мэдээлэлгүй өссөн байдлыг харгалзан үзэж түүний эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд тавьж, хүүхдийг эцэгтэй нь уулзуулах сэтгэл зүйн бэлтгэл, аливаа эрсдэл, эрх ашиг хөндөгдөхгүй нөхцөл байдлыг хангаж уулзуулах, эцгийн талаарх мэдээллийг бага багаар ойлгуулж, дасгах, хүүхдийн эрх, ашиг, сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй.

8. Шүүх зохигчийн маргаж буй маргааны онцлог, хүүхдийн онцгой эрх ашиг хөндөгдөж буй уг маргааны талаар хууль зүйн туслалцаа авах эрх болон хуульд заасан бусад эрхийг тайлбарласан боловч хэн аль нь хүсэлт, нотлох баримт гаргаж өгөөгүй болохыг дурдав.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Г.Г нь эрхээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүүхдийн сэтгэл зүй, эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй

Иймд шүүх охин Б.Зын эх Д.Бтэй өссөн, эцэг Г.Гийн царай зүсийг танихгүй өссөн, хүүхдийн нас, хүйс, хүүхдийн ээжтэйгээ хамт өссөн одоогийн орчин нөхцөл зэргийг харгалзан үзэж, нэхэмжлэгчид хүүхэдтэйгээ уулзах хугацаа тогтоож, хугацааг тогтоохдоо хүүхдийн хууль ёсны төлөөлөгч эх Д.Д.Бийн гаргасан саналд үндэслэн шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Бэс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.5 тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Гийг охин Б.Зтай 2/хоёр/ сард 1/нэг/ удаа уулзуулахыг хариуцагч Д.Бд даалгасугай.

2. Нэхэмжлэгч Г.Г нь хүүхэдтэйгээ уулзах эрхээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэйг, нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Д.Б нарт хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд тавьж, хүүхдийг эцэгтэй нь уулзуулах сэтгэл зүйн бэлтгэл, аливаа эрсдэл, эрх ашиг хөндөгдөхгүй нөхцөл байдлыг хангаж уулзуулах, эцгийн талаарх мэдээллийг бага багаар ойлгуулж, дасгах, хүүхдийн эрх, ашиг, сонирхлыг хүндэтгэх үүрэгтэйг тайлбарласугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг хүлээдэг болохыг, хүүхдийн эрх, ашиг сониролд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.

4 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж, 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА