Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/02527

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/02527

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:******* дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хэсэг, **** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, **** овогт Д*******ийн С*******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:****** дүүргийн ** дугаар хороо, **** гудамж, Романа ресиденс, ** давхарт байрлах, ******* регистрийн дугаартай, Ж******* ХХК-д холбогдох,

 

Үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж******* ХХК-иас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол 6.000.000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Д.С*******о 2020 онд тус компанитай барилгад хөрөнгө оруулах гэрээ байгуулж, П****** хотхоны *** дугаар байр, ** давхар, ** блокны ** тоот хаягт байрлах, 111.78 м.кв талбайтай орон сууцыг 276.096.600 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн төлж худалдан авагчийн үүргээ биелүүлсэн. Уг үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр шилжүүлэхээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газарт очиж хүсэлт өгөхөд хүлээж авдаггүй, татгалзсан хариу ч өгдөггүй байсан. Дахин хүсэлт өгөхөд Ж******* ХХК барилгыг Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьчихсан байгаа учир та улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авах боломжгүй гэх хариу өгсөн байдаг ба хариу өгсөн албан бичгүүдийг хавтас хэрэгт өгсөн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх буюу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх худалдан авагч үнийг төлнө гэж заасан байдаг. Гэвч нэхэмжлэгч 2020 оны 9 дүгэар сард орон сууцны үнэ болох 279.000.000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан байхад хариуцагч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас 3 жилийн хугацаанд өөрийнхөө өмчлөлийн байрыг ямар ч байдлаар захиран зарцуулж болохгүй, улсын бүртгэлд бүртгүүлж болохгүй, зээл авъя гэсэн боловч барьцаанд тавьж болохгүй хохироод явж байгаа. Энэ тал дээр хариуцагч компанийн зүгээс ямар ч арга хэмжээ авахгүй байсан. Иймээс Д.С*******о 2020 онд манай өмгөөллийн Онч нүүдэл компани дээр ирж хоёр жилийн хугацаанд байрны гэрчилгээгээ авч чадсангүй, маш олон иргэд хохирч байна, хандах ёстой газар нь хандаад миний өмнөөс манай гэрчилгээг гаргаад аваад өгөөч гэж хүссэн. Тэгээд манай өмгөөллийн компани нэхэмжлэгчтэй 6.000.000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, урьдчилж 3.000.000 төгрөг, үлдсэн 3.000.000 төгрөгийг улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсны дараа өгөхөөр тохиролцсон. Ийнхүү 2020 оны 10 дугаар сард урьдчилгаа болох 3.000.000 төгрөгийг төлж, сүүлд би нэхэмжлэгчийг төлөөлж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, мөн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газарт улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай хэд хэдэн удаа хандсаны эцэст 2024 оны 1 дүгээр сард буюу орон сууц захиалан бариулах гэрээ байгуулснаас хойш 4 жилийн дараа улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Ингээд гэрчилгээг гаргасны дараагаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл болох 3.000.000 төгрөгийг манайд шилжүүлсэн. Ийм учраас хариуцагч компани өмчлөлд нь шилжүүлэх ёстой байсан орон сууцыг шилжүүлэхгүйгээр гэрээний үүргээ зөрчиж улмаар гэрээний талд мэдэгдэлгүйгээр Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан байсан. Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавихгүйгээр шууд гэрчилгээг нь гаргаад өгсөн бол нэхэмжлэгч өмгөөлөгчийн туслалцаа авахгүйгээр шууд улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авах боломжтой байсан. Хариуцагч компани 4 жилийн хугацаанд хугацаа алдаж захиалагч нарт дарамт чирэгдэл учруулсны үндсэн дээр нэхэмжлэгч мэргэжлийн байгууллагад хандаж өмчлөгчөөр тогтоолгосон. Тэрнээс биш сайн дураараа хийх юмгүй явж байгаад өмгөөлөгч аваад явж байгаа зүйл биш. Тиймээс манай компани үүргээ бүрэн биелүүлсэн гэсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 6.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн Д.С*******ын нэхэмжлэлтэй Ж******* ХХК-д холбогдох иргэний хэрэг хянагдаад 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхээс Д.С*******ыг өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсонд маргаагүй. Нэхэмжлэгч дээрх хэргийг шийдвэрлэхэд хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэж заасан. Уг эрхээ эдэлж өөрийн сайн дураар өмгөөлөгч хөлсөлсөн байна. Өмгөөлөгчид хөлс төлөх, асуудал нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр үүссэн учраас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардалд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Голомт банк ХК-ийн төлбөрийн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 20-ноос 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх депозит дансны хуулга, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх депозит дансны хуулга, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг,

 

Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэмэлт тайлбар, итгэмжлэл зэргийг хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.С*******о хариуцагч Ж******* ХХК-д холбогдуулан үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлсон.Үүнд: Хариуцагч компани нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх ёстой байсан орон сууцыг шилжүүлэхгүйгээр Худалдаа хөгжлийн банкинд зээлийн барьцаанд тавьж гэрээний үүргээ үл биелүүлж нэхэмжлэгчийн эрх ашгийг 4 жил хохироосон. Гэрчилгээг шууд гаргаад өгсөн бол нэхэмжлэгч өмгөөлөгчийн туслалцаа авахгүйгээр шууд улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авах боломжтой байсан. Ингэснээр хариуцагч компани 4 жилийн хугацаанд хугацаа алдаж захиалагч нарт дарамт чирэгдэл учруулсны үндсэн дээр нэхэмжлэгч мэргэжлийн байгууллагад хандаж шүүхэд нэхэмжлэл гаргаж, өмчлөгчөөр тогтоолгосон. Иймд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны төлбөр буюу гарсан зардал 6.000.000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ... Нэхэмжлэгчийн хувьд Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэж заасан дагуу уг эрхээ эдэлж өөрийн сайн дураар өмгөөлөгч хөлсөлсөн байна. Өмгөөлөгчид хөлс төлсөн асуудал нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр үүссэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардалд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

5.Д.С*******о 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Жигүүр гранд ХХК-тай 200807в дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл өргөн чөлөө гудамж, П****  хотхоны ** дугаар байр, ** давхар, ** блокын **** тоот хаягт байрлах, 111.78 м.кв талбай бүхий орон сууцыг 276.096.600 төгрөгөөр худалдан авч төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд бүрэн төлж барагдуулжээ.

 

6.Тэрээр үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт өгөхөд Ж******* ХХК барилгыг Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан учир гэрчилгээг гаргах боломжгүй гэх хариу өгсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байх ба Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11-2537654 мэдүүлгийн дугаартай үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэлтэй гэж улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай баримтаар тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч Д.С*******о хариуцагч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас 3 жилийн хугацаанд өөрийн өмчлөлийн орон сууцыг захиран зарцуулж чадахгүй хохирч, хариуцагч компани ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсны улмаас 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өмгөөллийн Онч нүүдэл компанитай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгч авч, улмаар Д.С*******о Ж******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02081 дүгээр шийдвэрээр Д.С*******ыг өмчлөгчөөр тогтоосон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар хариуцагч маргаагүй, 2024 оны 1 дүгээр сард улсын бүртгэлийн гэрчилгээ гарчээ.

 

8.Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ хариуцагч Жигүүр групп ХХК биелүүлээгүйн улмаас Д.С*******о Онч нүүдэл ХХН-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан тус компанийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх ба тэрээр өмгөөллийн хөлсөнд 6.000.000 төгрөг төлсөн болох нь гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

 

9.Хариуцагч Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэж заасны дагуу эрхээ эдэлж өөрийн сайн дураар өмгөөлөгч хөлсөлсөн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

 

10.Тодруулбал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т ...Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар Д.С*******о өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн зардлаа нэхэмжилсэн нь дээрх хуулийн заалттай нийцнэ гэж үзэв.

 

11.Иймд хариуцагч Ж******* ХХК-иас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол 6.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С*******од олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж******* ХХК-иас 6.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С*******од олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж******* ХХК-иас 111.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С*******од олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН