Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж, дуусгавар болгосон шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. ******* ХХК нь тус шүүхэд хандан Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр тогтоол нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ******* ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч ******* ХХК-д Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.[1]

2.2. Дээрх шийдвэрийн дагуу ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 4, 1, 6, 5, 9, 10, 11, 18, 19 дүгээр хороонд байрлах орон сууцанд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйлчилгээг үзүүлж ирсэн байна.

2.3. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04/320 дугаар албан бичгээр ...ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг тус газарт шилжүүлэх, үүссэн өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар хариу ирүүлэх талаар мэдэгджээ.[2]

2.4. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 01/252 дугаартай Тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай албан бичгээр ...******* ХХК нь 448 034 616 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлтэй,... мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай, гэмтэл саатлыг арилгах тоног төхөөрөмж хангалтгүй,...гэрээний үүргийн биелэлт 8 улирал дараалан хангалтгүй тул цаашид хамтран ажиллахад хүндрэлтэй,...дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэх хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлжээ.[3]

2.5. Дээрх хүсэлтийн мөрөөр Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/263 дугаар албан бичгээр ******* ХХК-д Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д төлөх дулааны төлбөр 487,460.4 сая төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах шаардлага хүргүүлсэн байна.[4]

2.6. Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2/771, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1339 дүгээр албан бичгээр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д төлөх дулааны төлбөрийг төлж барагдуулахыг дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт тус тус мэдэгджээ.[5]

2.7. Улмаар тус хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 407 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг Хангалтгүй гэж дүгнэж, гэрээний хэрэгжилтийг хангаж, тайлагнахыг үүрэг болгожээ.[6]

2.8. Мөн хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 452 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, худалдан авсан дулааны эрчим хүчний өр төлбөрийг төлж барагдуулах, хэрэглэгчдийн гомдол маргааныг барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэжээ.[7]

2.9. Энэхүү шийдвэрийн дагуу ******* ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 71 дүгээр Үүрэг даалгаврын биелэлт хүргүүлэх тухай албан бичгээр ...хэрэглэгчдийн гомдол саналыг барагдуулан ажиллаж байгаа, өр төлбөртэй хэрэглэгчдээс авлага барагдуулахаар шүүхэд хандсан,...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч байна... гэх хариуг 8 хуудас нотлох баримтын хамт хүргүүлсэн.[8]

2.10. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 6/712 дугаар Хэрэглэгч шилжүүлэх тухай албан бичгээр ******* ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг сунгахаас татгалзахаар төлөвлөж байгаа тул тус компанийн хариуцан ажиллаж буй хэрэглэгчдийг шилжүүлэн ажиллах боломжтой эсэх талаар тайлбар ирүүлнэ үү гэх хүсэлтийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга *******т хүргүүлсэн байна.[9]

2.11. Дээрх албан бичгийн хариуд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08/973 дугаар албан бичгээр ...ашиглалт үйлчилгээг манай байгууллага хариуцан ажиллахад татгалзах зүйлгүй,...Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар болон манай байгууллагад төлөх өр төлбөрийг төлүүлэх, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай... гэх хариуг өгсөн.[10]

2.12. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 4/711 дүгээр албан бичгээр ******* ХХК-д тусгай зөвшөөрөл дуусгавар болж байх тул сунгах асуудлыг хэлэлцэх хуралд цахимаар оролцох талаар мэдэгдсэн.[11]

2.13. Улмаар хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр тогтоолоор ******* ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан дүгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэжээ.[12]

2.14.Нэхэмжлэгчийн зүгээс ...энэ тусгай зөвшөөрлөөс гадна Улаанбаатар дулааны шугам сүлжээнд үүссэн өр нь 2017-2020 оны тусгай зөвшөөрлөө авахаас өмнө Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифаар баталж өгсөн 70/30 гэсэн тарифаар тооцож явснаас өр үүссэн байдаг. Хуучин Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс 1 кВт дулааныг 9900 төгрөгөөр худалдан авалт хийдэг байсан бол тухайн тогтоол гарч, Улаанбаатар дулааны шугам сүлжээ хэрэгжүүлэхдээ cap бүрийн төлбөр тооцоог харилцан адилгүй тавьж, тухайлбал 16000-60000 төгрөгийн хооронд үнэ тарифаа тавьснаас үүссэн өр ... Гэхдээ бид нар 2020.07.01-ээс тусгай зөвшөөрлөө авснаас хойш энэ үүссэн өр төлбөрийг тодорхой хугацаагаар багасгаж явсан. Жишээлбэл 2022 оны тайлан Эрчим хүчний зохицуулах хороонд гаргаж өгдөг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт дээр 2021 оны төлбөрөөс 35.5%-аар өр төлбөрийг бууруулсан. Гэтэл нөхцөл шаардлагын биелэлт дээр өр төлбөрийг барагдуулаагүй гэж 10 оноо тавихаас 0 оноо тавьсан. Төр хүний өмчийг булаахад цаана нь хэчнээн хүн, ажилчдын маань амь амьдрал явж байна гэдгийг үл тооцож, үйл ажиллагааг хүчээр зогсоож, ингэж авч байгаа нь буруу гэж үзэж байна... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.15. Хариуцагчийн зүгээс ...Тухайн компани 329 сая төгрөгийн өртэй байж байгаад 2022 оны үзлэгээр 259 сая болоод өр төлбөрөө 21%-аар бууруулсан учраас түүнд авбал зохих 5 онооноос 5 оноог нь өгсөн. Эрчим хүчний авлагыг 92 сая төгрөг байж байгаад 48.8 сая төгрөг болгоод 47,4%-аар бууруулсан учраас харгалзах 5 оноогоо авсан байна. Гол оноо алдсан үзүүлэлт нь тусгай зөвшөөрлийн борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ буюу тарифт тусгасан зардалдаа багтаж ажиллах гэдэгт 10 оноо авахаас 1.2 оноо авсан ийм л байна. Тэрнээс биш нэхэмжлэгчийн яриад байгаа шиг өртэй, өрөө бууруулсан байхад бидний оноог 0 оноо өгсөн, бид нар авлагаа бууруулсан байхад 0 оноо өгөөд тэрний үндсэн дээр тусгай зөвшөөрөл цуцлагдлаа гэдэг нь няцаагдаж байна... Тухайн компани 2020, 2021 онд 62.7%, 61.6%-ийн дунд үнэлгээтэй биелүүлж ажилласан. 2022 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг нийт 10 зорилтоор дүгнэж үзэхэд 26.9 буюу хангалтгүй гэдэг үнэлгээгээр дүгнэгдсэн. Тухайн зорилтуудыг тус бүрд нь тайлбарлавал дулаан түгээх үйл ажиллагаанд гарсан аваар осол, гэмтэл мэдээллийг Улаанбаатар ТӨХК, Диспичерийн үндэсний төв, Эрчим хүчний зохицуулах хороонд шуурхай мэдээлж, тайлагнаж ажиллах зорилт байдаг. Мөрдөж ажиллах дүрэмд бас шаардлага, зорилт байдаг. Тухайн компани салаа шугам дээр гарсан гэмтлийн мэдээллийн харгалзах оноог хасаад 10 оноо авахаас 7 оноо аваад 3 оноо хасагдсан байна. Худалдан авагч горимын төлөлтийг нэмэх, хасах 2%-аас хэтрүүлэхгүй ажиллах шаардлагад 2022 онд 15.59 кВт дулаан худалдаж авахаас 16.63 мянган кВт дулаан худалдаж авснаас төлөвлөснөөс 7%-аар хэтрүүлсэн тул холбогдох аргачлалын дагуу дүгнэхэд нийт 10 оноо авахаас 5 оноо авсан..., Тухайн компани хангалтгүй биелүүлсэн учраас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд, түдгэлзүүлсэн хугацаанд үүрэг даалгавар өгөөд, үүрэг даалгаврыг хангалттай биелүүлэх юм бол тусгай зөвшөөрлийг сэргээгээд цааш үйл ажиллагаа үргэлжлэн явах байсан... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дээд шатны компани Эрчим хүчний зохицуулах хорооны 2023.07.05-ны өдрийн 529 дугаар тогтоолын үндэслэлийг эс зөвшөөрч, гомдол гаргасан. Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад эрх тэгш ажиллах ёстой, мөн хоорондын маргааныг зохицуулах үүрэгтэй гэж боддог. Эрчим хүчний салбарын бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, ухаалаг систем нэвтрүүлэх, үйлчилгээний түвшнийг сайжруулах, эрчим хүчний хэмнэлтийн бодлого чиглэлийг барих чиг үүрэгтэй. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо зөвхөн нөхцөл шаардлагын биелэлтийг үндэслээд, адилхан тусгай зөвшөөрөлтэй Улаанбаатар дулааны шугам сүлжээний бичсэн албан бичгийн дагуу нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэхдээ өрөөсгөл хандаж, тусгай зөвшөөрлийг сунгахгүйгээр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан гэж үзэж байна. Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс 2022.03.24-ний өдрийн 11/252 дугаартай албан бичгээр ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, өр төлбөр нь барагдахгүй байна гэсэн хүсэлт илгээж, албан бичиг явуулсан байдаг. Гэтэл энэ тусгай зөвшөөрлөөс гадна Улаанбаатар дулааны шугам сүлжээнд үүссэн өр нь 2017-2020 оны тусгай зөвшөөрлөө авахаас өмнө Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифаар баталж өгсөн 70/30 гэсэн тарифаар тооцож явснаас өр үүссэн байдаг. Хуучин Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс 1 кВт дулааныг 9900 төгрөгөөр худалдан авалт хийдэг байсан бол тухайн тогтоол гарч, Улаанбаатар дулааны шугам сүлжээ хэрэгжүүлэхдээ cap бүрийн төлбөр тооцоог харилцан адилгүй тавьж, тухайлбал 16000-60000 төгрөгийн хооронд үнэ тарифаа тавьснаас үүссэн өр. Тухайн байрныхаа оршин суугчдаас бид нар мкв талбайгаар тооцож, Эрчим хүчний зохицуулах хорооноос тавьсан үнэ тарифаар тооцож авдаг. Гэтэл жишээ татаж ярихад манай бүх байруудын доор халаалтын цогц төхөөрөмж суурилуулсан байдаг. Тэр багалзуур дээр дулааны тоолуур байдаг. Тэр тоолуураар cap бүр бичилт хийгээд, төлбөр тооцоог тооцдог. 70/30 гэсэн үнэ тарифаар одоо 16000-65000 төгрөгийн үнэ тарифаар авснаас өр үүссэн, тухайн байрны мкв талбай иргэдийн төлж байгаа төлбөрөөс давсан төлбөрийг тавьж байсан учраас энэ өр үүссэн байдаг. Гэхдээ бид нар 2020.07.01-ээс тусгай зөвшөөрлөө авснаас хойш энэ үүссэн өр төлбөрийг тодорхой хугацаагаар багасгаж явсан. Жишээлбэл 2022 оны тайлан Эрчим хүчний зохицуулах хороонд гаргаж өгдөг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт дээр 2021 оны төлбөрөөс 35.5%-аар өр төлбөрийг бууруулсан. Гэтэл нөхцөл шаардлагын биелэлт дээр өр төлбөрийг барагдуулаагүй гэж 10 оноо тавихаас 0 оноо тавьсан. Нөхцөл шаардлагын биелэлтийг шалгахдаа үзэгний үзүүрээр гаргасан дүн шинжилгээгээр хангалтгүй гэдэг үнэлгээ өгөөд тэрнээс үүдэж тусгай зөвшөөрлийг сунгахгүй түдгэлзүүлсэн шийдвэр гаргасныг үндсэндээ буруу гэж үзэж маргаан үүсгэж байна. Түүнээс биш тусгай зөвшөөрлөө батлуулж, үнэ тарифаа авснаас хойш өр төлбөр үүсгээгүй, оршин суугчдын хэрэглээгүй илүү төлбөрөөр тооцсоноос болсон өр. Үүнийг харгалзаж үзсэнгүй. Тусгай зөвшөөрөл авснаас хойш яаж ажиллаж байсан гэдгийг хянаж үзэхгүйгээр зөвхөн Улаанбаатар дулааны шугам сүлжээний өр төлбөрийн асуудлаар үзэгний үзүүрээр шийдвэр гаргаад дээгүүрээ Орон сууцны удирдах газарт гэхэд 6 сард тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. ******* ХХК-ийн ашиглалтын байруудыг ав гэх мэт албан бичиг шидэлцэж, тусгай зөвшөөрлийг сунгахгүй шийдвэр гаргасан нь өөрөө буруу гэж үзэж байна. Тухайлбал тогтоолын гарчиг нь хүртэл буруу байсан. Эрчим хүчний тухай хуульд ч тусгай зөвшөөрлийн харилцааны дүрэмд ч тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгоно гэдэг үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл тогтоолынхоо гарчгийг хүртэл буруу тавьж байгаа нь өрөөсгөл юм. Төр хүний өмчийг булаахад цаана нь хэчнээн хүн, ажилчдын маань амь амьдрал явж байна гэдгийг үл тооцож, үйл ажиллагааг хүчээр зогсоож, ингэж авч байгаа нь буруу гэж үзэж байна. Иймээс мэргэн шүүгч таныг үнэн зөв, хуулийн дагуу хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Манай компани 2010 онд үүсгэн байгуулагдсан. Тухайн үед Эрчим хүчний зохицуулах хорооноос хувийн орон сууцны конторуудад тусгай зөвшөөрөл олгодоггүй байсан. , дарга байсан, тусгай зөвшөөрөл олгодоггүй байсан, яагаад олгодоггүй байсныг мэдэхгүй байна. Олгодоггүй байсан учраас хувийн конторууд тухайн үедээ 26 орчим контор байсан, төрийн бус байгууллага байгуулаад тусгай зөвшөөрөл авахдаа Барилга хот байгуулалтын яамнаас Ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжөөр ус, дулаанаа хангаж байгаа бол тусгай зөвшөөрөл эрхэлнэ гээд тэр тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил үйлчилгээгээ явуулж байсан. Түүнээс огт авахгүй явсан юм бол биш, өгөхгүй байсан учраас бид нар Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн салбараараа тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байсан. 2016 онд Тлейхан дарга томилогдож очоод, хувийн орон сууцны конторууд удаа дараа хүсэлт, гомдол гаргаж явснаар тусгай зөвшөөрлийг олгох болсон. Олгохдоо 10.5 кВт-ын хүчин чадалтай байж тусгай зөвшөөрлөө ав гэдэг нөхцөл шаардлагыг тавьсан. Тэр хэмжээнд нь хүрч чадахгүй, яагаад хүрч чадахгүй байсан бэ гэхээр хувийн орон сууцны 90 гаруй жижиг хувийн орон сууцны конторууд байгаа хүчин чадал нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар шиг том хүчин чадлаар ажилладаггүй. Тийм учраас 20 өрхтэй байсан ч байрных нь доор ус, дулаан дамжуулах төв 0.02 кВт-ын хүчин чадалтай гэдэг ч юм уу ийм жижиг оврын бага хүчин чадалтай байраар суурилуулсан орон сууцны байруудыг хувийн компаниуд авч үйл ажиллагаагаа явуулдаг байсан учраас 10.5 кВт хүчин чадал хүрэхгүй тул аваагүй. Авахгүй явсаар хот дээр нэлээн яригдаж байсан. Тэгээд эцэст нь ямар шийдвэр гаргасан бэ гэхээр 3, 4 компани нийлээд тусгай зөвшөөрлөө ав гэдэг шаардлага тавьсан. Хувийн компаниуд нийлсэн, компанийн тухай хуулиа зөрчиж байгаад 2, 3-аараа нийлээд тусгай зөвшөөрлөө авсан. Манайд яагаад өгөөгүй бэ гэхээр өртэй гэдэг шалтгаанаар Улаанбаатар дулааны шугам сүлжээ ерөөсөө ачаалал чинь хүрэхгүй байна, тооцоот ачааллаараа 16 орчим кВт байгаад байдаг, өөрсдийн бодит тооцооллоор 6 кВт байна гэдэг өөрсдөө тоо гаргаж ирээд өгөхгүй яваад байсан. Сая хэллээ өртэй компанийг авъя гэсэн би авах гэсэн юм биш, 70/30 гэсэн тарифаар 2 жижигхэн компани өрөнд ороод манайх 150 орчим сая төгрөг, нөгөө компани 100 хэдэн сая төгрөгийн өртэй болчхоод аргаа бараад тэр хүн татгалзсан би ерөөсөө ажиллуулж чадахгүй юм байна. Та өртэй гэхгүй юм бол аваад ажиллуул. Би тусгай зөвшөөрөл авахын тулд авсан, аваад хүсэлтээ тавьснаас хойш үнэ тарифын баталж өгөхгүй их удсан, үнэхээр хүнд сурталтай, ганцхан надад ийм зүйл тохиолддоггүй хувийн компаниудад бүгдэд нь тохиолддог. Арай гэж тусгай зөвшөөрлөө аваад 70/30 гэсэн өндөр тарифаас мултарлаа даа гэтэл үнэ тариф баталж өгөхгүй зарим компанийг 5, 6 сараар явуулдаг. Манайх бол 2 cap орчим явсан нь үнэн. Үнэ тарифыг баталж өгөхдөө ын хэлдгээр өмнө 70/30 гэсэн тарифаар өрөнд орсныг харгалзаж үзсэн би баярласан, баярласнаа илэрхийлсэн. Яг тэр үед үнэ тарифыг баталж өгсөн, батлаад 2-хон жил болж байна. 2-хон жилийн хугацаанд 486 сая төгрөгийн өр 246 сая төгрөг болтлоо багассан энэ бол боломж гэж бодож байна. Тусгай зөвшөөрөл үнэ тарифаа баталснаас хойш бид нар ажиллах боломж бүрэн байдаг юм байна гэж тооцож байна. Нөгөө талд 20 кВт хүчин чадал болгоорой гэдэг шаардлага тавьдаг, энэ нөхцөл шаардлагын үзүүлэлт дээр явцын дунд яригдах байх. Тэр хүчин чадалд хүрэхгүй, яагаад хүрэхгүй вэ гэхээр Улаанбаатар дулааны шугам сүлжээ байнга нэмж өгдөг, хувийн орон сууцны конторууд дотор яг мэргэжлийн орон сууцаар дагнасан 4, 5 захирал байдаг. Хэзээ ч дэмждэггүй, шударга дуугарчихдаг, шүүмжилчихдэг тэд нарыг, тэгэхээр хурууныхаа үзүүрээр ерөөсөө дэмждэггүй. бол манайхыг мэдэж байгаа, яаж би үйлээ үзэж, хэчнээн явж, аргаа бараад өртэй компанийг аваад өртэй дээрээ аваад тусгай зөвшөөрлийг авсан. Боломж харагдаж байгаа боловч дэмжсэнгүй, дэмжээгүй учраас 20 гаруй хүний хувийн амьдрал, хувь заяа шийдэгдээд, хэдэн cap болж байна, 9 сараас эхлээд авсан нэртэй. Би сая хавтаст хэрэгт нэмэлт материал өглөө, Эрчим хүчний зохицуулах хороо тайлбарлахдаа албан бичигтээ иргэдээ бодлоо, ******* ХХК цааш нь явуулах боломжгүй юм, өртэй учраас үйл ажиллагаа явахгүй байна, үйл ажиллагаа нь доголдож байна гэсэн байна. 9 сараас хойш өнөөдрийг хүртэл халаалт нь байхгүй гэсэн би дүүрэг болгоноос 1, 1 байрныхаа чат хуудаснаас хоорондоо бичсэн бичлэгийг өглөө гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: Өмнө хэлсэн тайлбартай давхардуулахгүйгээр хэлье. Эрчим хүчний тухай хуулийн 9.1.2, 9.1.3 дахь заалтууд нь яг тухайн маргаан бүхий акт болох 529 дүгээр тогтоолын тусгай зөвшөөрлийн харилцааг сунгахаас татгалзах, дуусгавар болгох гэдэг эрхийг зохицуулах хорооны бүрэн эрхэд оруулж зааж өгсөн заалтууд биш байна. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хянах эрх нь 40.1.3-т заасан байна. 407, 452 дугаар тогтоолууд дээр дурдсан гэдэг тайлбар яриад байна. 407 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт Эрчим хүчний тухай хуулийн 9.1.2, 9.1.3 дахь заалтуудыг үндэслээд гаргасан тогтоол байдаг. 1 дэх хэсэгт 2020 оны зорилтын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсүгэй гээд өмнө хүснэгтэд дурдсан тогтоолыг хавсаргасан байдаг. 452 дугаар тогтоолд Эрчим хүчний тухай хуулийн 9.1.2, 9.1.3 дахь заалтууд мөн 24.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 1, 3 дахь хэсэг, 407 дугаар тогтоолыг үндэслээд тусгай зөвшөөрлийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлэх тухай тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолын 1 дэх хэсэгт 1 сарын хугацаатай түдгэлзүүлсэн байдаг. 2 дахь хэсэгт үүрэг даалгаврын биелэлтийг хангахыг үүрэг болгосон 3 үүрэг даалгавар өгсөн. 3 дах хэсэгт ******* ХХК-д олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулах, хангахтай холбоотой зөвшөөрлүүдийг хүчингүй болгох санал боловсруулж хорооны хурлаар хэлэлцүүлэхийг Тусгай зөвшөөрлийн газарт үүрэг болгосугай гээд 4 дүгээр сарын 24-ний өдөр гэж байна. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналаа хорооны хурлаар оруулъя гэдэг шийдвэрийг гаргачихсан ийм тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг ******* ХХК-д хүргүүлжээ. ******* ХХК энэ тогтоолын 1,2 дугаар хэсэг манай үйл ажиллагаатай хамааралтай юм байна гэсэн ойлголт авсан. Яагаад гэвэл 3 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийг цааш нь сэргээх үү, хүчингүй болгох уу гэдэг харилцааг хэн ч мэдээгүй. Энэ тогтоолд зааснаар 1 сарын хугацаанд нь үүрэг даалгаврыг биелүүлсэн тухайгаа албан тоотоор 2023.06.23-ны өдрийн 71 дугаар албан тоотоор үүрэг даалгаврын биелэлт хангах тухай ямар ажил хийсэн тухайгаа хүргүүлсэн байдаг. Үүрэг даалгавар биелүүлсэн тухай албан тоот болон зөвхөн хангалтгүй гэж нөхцөл шаардлагаар хангалтгүй гэж үнэлсэн 2 тогтоолоо үндэслэл болгоод ******* ХХК-д олгосон 09/2020 дугаартай Дулаан түгээх тухай, 10/2020 дугаартай Дулаанаар зохицуулалтаа хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгосон ийм тогтоол гаргасан. Энэ тогтоол нь өөрөө захиргааны актын хувьд хуулийн нөхцөл шаардлагыг хангаагүй, хууль бус захиргааны акт байна гэдэг үүднээс нэхэмжлэгч тал шүүхэд гомдол гаргаж хэлэлцүүлж байна. Тогтоолын хууль зүйн үндэслэлүүд тухайн тогтоолыг хүчин төгөлдөр бус байна гэдгийг илтгэж байна. Хариуцагчаас асууж тодруулахад зөвхөн 529 дугаар тогтоолтой холбоотой мэдэгдэл хүргүүлсэн эсэх асуудлыг тодруулсан. 6 дугаар сарын 29-ний албан тоотоор хүргүүлсэн гэж байгаа боловч тухайн тогтоолд дурдагдсан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, дуусгавар болохтой холбоотой мэдэгдэл гэж нотлох баримт шинжлэн судлахад агуулгын хувьд ч тэр, үг үсгийн хувьд ч тэр харагдахгүй байдал үүссэн. Хууль зүйн талаас асуусан яг ямар хуулийн аль заалт вэ гэхээр 6.1.2 байсан гэдэг энэ заалт нь тогтоолд бол бичигдээгүй байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5-ыг баримталсан гээд байдаг энэ заалтын зөвхөн 11 дэх хэсгийг баримталсан гээд байгаа. Үүнийг дүгнэхэд тухайн захиргааны акт нь хууль бус захиргааны акт болохыг харуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40-д захиргааны актыг бичгээр гаргах, бичгээр ямар шаардлагаар гаргадаг вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Тухайн хуулийн зарим заалтуудыг зөрчиж, илтэд хууль бус акт болсон нь харагдаж байна. Ийм учраас нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. 2023.06.25-ны өдрийн 529 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ******* ХХК-д олгосон тусгай зөвшөөрлүүдийг сунгахыг даалгуулахыг дэмжиж байна. Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой хэд хэдэн баримтуудыг уншиж сонсуулсан байна. 6 дугаар сарын 29-нд Ариутгал татуургын албан тоотод шууд тулгасан, ******* ХХК үйлчлэх хүрээнд бүртгэлтэй хэрэглэгчид ариутгал татуургын ажлыг шилжүүлэх талаар судалж, асуудлыг хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллахыг хүсье гэсэн байна. Манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тогтоол маань 7 дугаар сарын 5-ны өдөр гарсан байдаг. Тогтоол гарахаас өмнө тусгай зөвшөөрлийг цуцалсан мэт төрийн байгууллагад албан бичгүүд өгсөн нь хариуцагчийн хэрэгт авчирч өгсөн нотлох баримтуудаас харагдаж байна. Орон сууц нийтийн аж ахуйн конторт 6 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг дээрээс тодорхой харагдана. Эрчим хүчний яам руу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас явуулсан албан бичиг байгаа бүрэн эхээр шинжлэн судлуулсан. Доод талд цаашид шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэхгүйгээр асуудал үүсвэл хэн хариуцах вэ гэдэг өнөөдрийн хүртэл энэ асуудлыг шийдвэрлээгүй байна. Манай улсын бүртгэлийн гэрчилгээний актаар бүртгэгдсэн, Бүртгэлийн тухай хуулиараа бүртгэгдэж байгаа 1 тэрбум 500 сая төгрөгийн үндсэн хөрөнгө нь нэхэмжлэгчийн тайлбарласан шугам, сүлжээ байрны доор байдаг дулаан дамжуулах жижиг төхөөрөмж нь тухайн ******* ХХК-ийн үндсэн хөрөнгө юм. Эрчим хүчний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулиар зөвлөмж хүргүүлсэн үү гэж асуусан өөрсдийнх нь хэлээд байгаа 9-д заасан бүрэн эрх гэдэг дотор нь зөвлөгөө, тусламж үзүүлэх үүрэгтэй гэж заасан. Харилцагч байгууллагын хэлснээр тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болох ёстой гэдэг юм уу нэг талаас огт харж болохгүй. Үйл ажиллагааныхаа цар хүрээнд бүрэн эрхээ тал бүрээс нь хэрэгжүүлэх ёстой байсан. 6.2-т заасан зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг тогтоолдоо дурдаагүй байна гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь Эрчим хүчний тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу эрчим хүчийг дулаанаар хангах, түгээх, дулаанаа зохицуулах үйл ажиллагааг заавал тусгай зөвшөөрөлтэй эрхлэх ёстой гэж заасан байдаг. Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороонд олгогдсон эрхийн дагуу ******* ХХК 2020 оны 7 дугаар сард Дулаан түгээх, дулаанаа зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Тэрнээс өмнө тухайн компани ямар нэгэн дулаан түгээх, дулаанаа зохицуулалтаар хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж, явуулж байсан. Тусгай зөвшөөрөл 2020 оны 7 дугаар сард олгосноос хойш бид нар Эрчим хүчний тухай хуулийн 9.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хоорондын тариф болон хэрэглэгчдэд худалдах үнээ тогтоодог. Тухайн компани 2020 оны 7 дугаар сард тусгай зөвшөөрлөө авснаар өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч болсноор гэрээгээ батлуулах ёстой байтал эрх зүйн нөхцөл байдал үүссэн. Үүний дагуу компаниас 2020.09.11-ний өдрийн 142 дугаар албан бичгээр, тусгай зөвшөөрлөө авснаас хойш 2 сарын дараа тарифаа баталж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байдаг. Тэр тарифыг бид нар үндсэндээ хянаж үзээд 2020 оны 10 дугаар сарын 511 дүгээр тогтоолоор 1 сарын дараа ******* ХХК-ийн тарифыг баталсан байдаг. 2020 оны 7 дугаар сараас хойш ******* ХХК нь тарифын тусгай зөвшөөрөл авснаас хойш Эрчим хүчний зохицуулах хороонд нийтдээ 4 удаа тарифын саналаа хүргүүлсэн байдаг. Хамгийн эхнийх нь 2020 оны 9 дүгээр сард 142 дугаар албан бичгээр, дараагийнх нь 2021 оны тарифыг 2020 оны 12 сард 192 дугаар албан бичгээр, 2022 онд мөрдөх тарифын саналыг 2022.01,14-ний өдрийн 7 дугаар албан бичгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 367 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн. 2023 онд мөрдөх тарифыг 2023.04.12-ны өдрийн 37 дугаар албан бичгээр ирүүлснийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023.04.27-ны өдрийн 366 дугаар тогтоолоор тус тус хангаж шийдвэрлэсэн. Тарифын саналыг өгөх болгонд нь тарифын зохицуулалтаар дараах нэр бүхий тогтоолын дугаараар асуудлыг шийдвэрлээд явж байсан. Анх 2020 оны 511 дүгээр тогтоол гарахаас өмнө үндсэндээ 70/30 гэсэн тарифаар явж байна гэж яриад байна. Бид нар 2020 оны 10 дугаар сард тарифын батлахдаа 2022 онд үүссэн 70/30-ын зөрүүг нөхөөд 11, 12 дугаар сард худалдаж авах үнээ тодруулаад, тооцоод явсан байдаг. Анх тусгай зөвшөөрөл авснаас хойш компаниуд тарифаа батлуулдаггүй. Тарифаа батлуулахгүй байгаа нөхцөлд тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тусгай зөвшөөрлөө аваад тариф батлуулах хүртэл нь 70/30 гэсэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2017.12.21-ний өдрийн 377 дугаар тогтоол үйлчлээд явсан байдаг. Тухайн компани 2020 оны 7 дугаар сард 70/30 гэсэн тусгай зөвшөөрлийг аваад 9 дүгээр сард батлуулсан байдаг. Тэгэхээр 2 сарын хугацаанд 70/30-ийн нөхцөл байдал үүссэн байдаг. Тэгэхдээ бид нар тооцохдоо 2020 оны тусгай зөвшөөрөлгүй байх хугацааны үеийнх нь 70/30-аас үүссэн алдагдал гээд байгаа 2020 оны 511 дүгээр тогтоол дээр нөхөөд тооцсон байдаг. Энэ тухайн үеийн хурлын тэмдэглэл болон компанийг төлөөлж явж байсан эрх бүхий албан тушаалтанд танилцуулсан тооцоо байдаг. Одоо ч гэсэн манайд байгаа, хэрвээ шаардлагатай гэвэл гаргаж өгч болно. Бид нар 2020 онд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэсэн, 2020 оны 7 дугаар сард анх тусгай зөвшөөрөл авахаасаа өмнө 200 сая гаруй төгрөгийн өртэй байсан газар. Сая тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ярилаа. Олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг жил бүр дүгнээд явдаг хуультай, Тусгай зөвшөөрлийн тухай хуулиар явна. Гэхдээ бид нар өр төлбөртэй байсан 2020 оны тусгай зөвшөөрлөө хангалтгүй биелүүлчхээд, бид нар сунгахаас татгалзсан байгаа тэрний нэг бүрэлдэхүүн хэсэг болох эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байх гэдэг дээр 5 оноогоор дүгнэхээс тухайн компани бууруулаад ажилласан учраас 5 оноог нь категорид тааруулаад бүрэн өгөөд явсан. Тухайн компани 329 сая төгрөгийн өртэй байж байгаад 2022 оны үзлэгээр 259 сая болоод өр төлбөрөө 21%-аар бууруулсан учраас түүнд авбал зохих 5 онооноос 5 оноог нь өгсөн. Эрчим хүчний авлагыг 92 сая төгрөг байж байгаад 48.8 сая төгрөг болгоод 47,4%-аар бууруулсан учраас харгалзах 5 оноогоо авсан байна. Гол оноо алдсан үзүүлэлт нь тусгай зөвшөөрлийн борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ буюу тарифт тусгасан зардалдаа багтаж ажиллах гэдэгт 10 оноо авахаас 1.2 оноо авсан ийм л байна. Тэрнээс биш нэхэмжлэгчийн яриад байгаа шиг өртэй, өрөө бууруулсан байхад бидний оноог 0 оноо өгсөн, бид нар авлагаа бууруулсан байхад 0 оноо өгөөд тэрний үндсэн дээр тусгай зөвшөөрөл цуцлагдлаа гэдэг нь няцаагдаж байна. Бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг манай мэргэжилтэн тайлбарлана. Хэрэглэгчдийг шилжүүлснээр Орон сууц нийтийн аж ахуй удирдах газарт, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газарт шилжээд одоо 1320-1216 хэрэглэгч албан ёсоор гэрээ байгуулаад дулааны эрчим хүчний төлбөрийг Орон сууц нийтийн аж ахуй удирдах газарт төлөөд үйл ажиллагаа нь жигдрээд хэвийн явж байна. Тухайн компани Улаанбаатар дулааны сүлжээнээс дулаан худалдаж аваад иргэдэд өгч байсан тусгай зөвшөөрөл дуусгавар болсонтой холбоотойгоор байгуулсан гэрээнүүд нь цуцлагдаад, Орон сууц нийтийн аж ахуй удирдах газартай Улаанбаатар дулааны сүлжээ гэрээгээ шинэчилж байгуулаад, дулаанаа өгөөд хэрэглэгчдээ эрчим хүчээр хангаад ажиллаж байна гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний зохицуулах хорооноос тухайн компанид олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоож өгсөн нөхцөл шаардлагын хүрээнд тухайн компанийн нөхцөл шаардлагыг дүгнэж ажилладаг. Тухайн компани 2020, 2021 онд 62.7%, 61.6%-ийн дунд үнэлгээтэй биелүүлж ажилласан. 2022 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг нийт 10 зорилтоор дүгнэж үзэхэд 26.9 буюу хангалтгүй гэдэг үнэлгээгээр дүгнэгдсэн. Тухайн зорилтуудыг тус бүрд нь тайлбарлавал дулаан түгээх үйл ажиллагаанд гарсан аваар осол, гэмтэл мэдээллийг Улаанбаатар ТӨХК, Диспичерийн үндэсний төв, Эрчим хүчний зохицуулах хороонд шуурхай мэдээлж, тайлагнаж ажиллах зорилт байдаг. Мөрдөж ажиллах дүрэмд бас шаардлага, зорилт байдаг. Тухайн компани салаа шугам дээр гарсан гэмтлийн мэдээллийн харгалзах оноог хасаад 10 оноо авахаас 7 оноо аваад 3 оноо хасагдсан байна. Худалдан авагч горимын төлөлтийг нэмэх, хасах 2%-аас хэтрүүлэхгүй ажиллах шаардлагад 2022 онд 15.59 кВт дулаан худалдаж авахаас 16.63 мянган кВт дулаан худалдаж авснаас төлөвлөснөөс 7%-аар хэтрүүлсэн тул холбогдох аргачлалын дагуу дүгнэхэд нийт 10 оноо авахаас 5 оноо авсан. Хуримтлагдсан өр төлбөртэй асуудлыг сая тайлбарлалаа. Тухайн компани хангалтгүй биелүүлсэн учраас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд, түдгэлзүүлсэн хугацаанд үүрэг даалгавар өгөөд, үүрэг даалгаврыг хангалттай биелүүлэх юм бол тусгай зөвшөөрлийг сэргээгээд цааш үйл ажиллагаа үргэлжлэн явах байсан Тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу. Гэтэл тухайн компанийн ирүүлсэн тайлан мэдээ хангалтгүй, дундаж биелэлт 27%-тай байгаа нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлснээс 2023.07.01-ний өдөр тухайн компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад, хугацааг сунгахаас татгалзсан тогтоол гарсан. ******* ХХК-д хамаарч байсан хэрэглэгчдийг Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Орон сууц нийтийн аж ахуй удирдах газарт шилжүүлсэн тогтоол гарсан ******* ХХК-д Эрчим хүчний зохицуулах хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд нөхцөл шаардлагыг хангуулж тусгай зөвшөөрөл олгож байсан. Нөхцөл шаардлагын зорилтыг биелүүлж, хангуулж ажиллуулахаар жил болгон бүрэн эрхийнхээ хүрээнд нөхцөл шаардлагын зорилтыг хянаж шалгадаг. Нөхцөл шаардлагын зорилтыг хангалттай биелүүлж ажиллаагүй учраас тухайн компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, сунгахаас татгалзсан энэ бүх процесс нь Зөвшөөрлийн тухай хууль, холбогдох хуулийн хүрээнд явагдсан. Хүргүүлэх ёстой мэдэгдлийг цаг хугацаанд нь хүргүүлж ажилласан. Нөхцөл шаардлагын биелэлтийг хангалтгүй биелүүлсэн учраас тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсаныг зөвөөр ойлгоорой. Эрчим хүчний зохицуулах хороо нийт дулаан түгээх, хангах одоогоор 59 компани үйл ажиллагаа явуулж бүгдэд нь тусгай зөвшөөрөл олгохдоо нэг л шалгуураар олгодог, ямар нэгэн байдлаар ялгаварладаггүй. Орон сууц нийтийн удирдах газар ч гэсэн нэг үнэлгээгээр дүгнэгддэг. Орон сууц нийтийн удирдах газар нь дээрх бүх хэрэглэгчдийг авна, дулаан түгээх хангах үйл ажиллагаагаа явуулна. Нийт 1320 айл өрхөд үйлчилгээ үзүүлэн дуудлага, мэдээллийг барагдуулан ажилладаг. Тухайн компани хүчингүй болгох шийдвэрийг өмнө гаргасан гэж байгаа манай тогтоол үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэдгийг албан бичигт, тогтоолд хүчингүй болгох асуудлыг дурдсан байна. Тухайн компани үүрэг даалгаврын биелэлтийг 6 дугаар сарын 23-ний өдөрт үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй, эрх зүйн тодорхой баримт бичиг биш байсан учраас тухайн компанийн ирүүлсэн баримтад үндэслэн холбогдох байгууллагаас авсан тодруулгынхаа хүрээнд тухайн компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, түдгэлзүүлснийхээ дараа сунгахаас татгалзах процесс бүгд Зөвшөөрлийн тухай хуульд заасан хоногийн хүрээнд явагдсан. Өмч хөрөнгөтэй асуудалд Эрчим хүчний тухай хуулийн 30.1.13-т заасны дагуу дулаан түгээх, дулаанаар зохицуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх ёстой гэж заасан тухайн орон сууц барилгын элэгдэл хорогдлыг тооцож, тухай компани ус дулааныг хэрхэн тооцож цаашид найдвартай ажиллах уу, урт удаан хугацаанд ажиллах уу, хэрэглэгчид найдвартай дулаан түгээх гэх мэт үйл ажиллагааг цаашид найдвартай явуулахын тулд тухайн компаниудаас ашиглагч байгууллага буюу Орон сууцны конторуудад шилжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудаараа засвар үйлчилгээг хариуцуулан ажиллуулахыг Эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулж ажилладаг. Энэ компаниуд бидний өмч хөрөнгө мэтээр тайлбарладаг. Тэр орон сууцанд амьдарч байгаа та бидний м.кв тутамд төлж орсон, багтсан зүйлс байдаг. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлд дурдсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай 529 дүгээр тогтоолыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар нэхэмжлэгч ******* ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгож, 2 дахь заалтаар тусгай зөвшөөрлийн харилцаа дуусгавар болсон тул дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд бүртгэлтэй хэрэглэгчдийн дулаан түгээх, хангах үйл ажиллагааг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т 2023 оны 09 дүгээр сарын 01-ний дотор шилжүүлж дуусгахыг нэхэмжлэгчид даалгаж, тогтоолын бусад заалтуудаар зохих асуудлуудыг шийдвэрлэжээ.

2. Дээрх тогтоолд баримталсан эрх зүйн голлох үндэслэлүүдийг харвал, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 5.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг байна.

3. Захиргааны хэргийн шүүх маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх зарчимтай.

4. Маргаж буй акт болох Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр тогтоол нь дараах хууль зүйн агуулгаар хууль ёсны гэж үзэх боломжгүй, гэвч нөгөө талаас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх бүрэн дүүрэн үндэслэл тогтоогдоогүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад заасны дагуу шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна. Тодруулахад:

5. Хууль хэрэглээний хувьд үзэхэд, маргаж буй 529 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчид олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдээр үүссэн эрх зүйн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн атлаа Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3 дахь заалтуудыг үндэслэсэн нь ойлгомжгүй.

6. Учир нь, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд, мөн зүйлийн 9.1.2 дахь заалтад энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;, 9.1.3 дахь заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах; гэснээс үзвэл эдгээр зохицуулалтууд нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж дуусгавар болгоход чиглэсэн эрх хэмжээг зохицуулаагүй, харин тусгай зөвшөөрөл олгох, олгосон тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, түүнчлэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянахад чиглэсэн хариуцагчийн эрх хэмжээг зохицуулжээ.

7. Хариуцагчаас маргаж буй 529 дүгээр тогтоолыг гаргахдаа дээр дурдсан тогтоолоор шийдвэрлэж буй асуудалд хамааралгүй хуулийн үндэслэлийг хэрэглэснийг хариуцагч өөрөө залруулах шаардлагатай гэж шүүх үзлээ.

8. Харин Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгахтай холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 22.3 дахь хэсэгт Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана. гэж Зөвшөөрлийн тухай хуулийг эш татан заасан байна.

9. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэхэд ... зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна. гэж заасны дагуу дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангахтай холбоотой тусгай зөвшөөрлийн харилцааг Эрчим хүчний тухай хуулиар нарийвчлан зохицуулсан боловч дээр дурдсан Эрчим хүчний хуулийн зохицуулалтаар энэ харилцаанд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийг хэрэглэхээр шилжүүлсэн байна.

10. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах тухай мэдэгдлийг зөвшөөрөл эзэмшигчид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ., 2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана. гэж тус тус заажээ.

11. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь зөвшөөрөл эзэмшигч этгээдэд зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах тухай мэдэгдлийг явуулах, харин зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргахаар зохицуулсан.

12. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргийг судлан үзэхэд, хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь хуулийн дээр дурдсан хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдэл явуулсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь мөн хуулийн дээр дурдсан хугацаанд тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдлоо.

13. Харин хавтаст хэрэгт авагдсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4/711 тоот албан бичгээс[13] үзвэл, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж байгаа талаар дурдсан байх бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх болсныг мэдэгдсэн байгаагаас үзэхэд хариуцагчийн зүгээс мэдэгдлийг хуульд заасан хугацааны дотор /зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө/ өгсөн эсэх нь эргэлзээтэй байх боловч нөгөө талаас нэхэмжлэгчийн зүгээс мөн хуульд заасан хугацааны дотор /зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө/ сунгуулах хүсэлтээ гаргасан эсэх нь эргэлзээтэй байна.

14. Иймд хариуцагч нь дээрх асуудлуудыг дахин нягталж, хуульд заасан хугацааг хэргийн оролцогч талуудын хэн аль нь баримталсан эсэхийг тодруулан тогтоох ажиллагааг хийх шаардлагатай.

15. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана:, 9 дэх хэсэгт Магадлан шалгах ажиллагаанд төрийн болон мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, тодорхойлолт гаргуулах шаардлагатай гэж үзсэн бол энэ зүйлийн 7-д заасан хугацааг нэг удаа ажлын гурван өдрөөр сунгаж болно., 10 дахь хэсэгт Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын хоёр өдөрт багтаан зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх шийдвэрийг гаргана., 11 дэх хэсэгт Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана. гэж тус тус заажээ.

16. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, хариуцагч нь зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг ажлын 5 өдрийн дотор магадлах, магадлан шалгах ажиллагаанд төрийн болон мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, тодорхойлолт гаргуулах шаардлагатай гэж үзсэн бол энэ хугацааг нэг удаа ажлын 3 өдрөөр сунгах, магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын хоёр өдөрт багтаан зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх шийдвэрийг гаргах, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах зэрэг шийдвэр гаргах ажиллагааны журмыг хууль тогтоогч нарийвчлан зохицуулсан байна.

17. Гэвч хариуцагч нь дээрх хуульд заасан магадлах ажиллагааг зохих журмын дагуу явуулсан эсэх нь эргэлзээтэй, тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 6/712 тоот албан бичгийн[14] агуулгаас харахад, хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг гаргасан атлаа түүнээс өмнө буюу 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дурдсан албан бичгээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх асуудлыг ... урьдчилсан хурлаар хэлэлцүүлээд байна ... гэж уг асуудлаар урьдчилан шийдвэр гаргасан байж болохуйц агуулгыг дурджээ.

18. Өөрөөр хэлбэл, магадлах ажиллагааны дараа тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх талаар эцсийн шийдвэр гаргах хуулийн зохицуулалт, зарчимтай байхад шийдвэр гаргах ажиллагааны явцад тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах асуудлыг урьдчилсан байдлаар шийдвэрлэсэн мэт ойлгогдож байх тул шүүх хариуцагчийг уг асуудлаар дахин хуралдаж, шинэ акт гаргах нь хууль болон зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

19. Мөн магадлах ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 71 тоот албан бичгээр[15] хариуцагчид Үүрэг даалгаврын биелэлт хүргүүлэх тухай албан бичгийг явуулсан нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогдож байх бөгөөд уг албан бичигт дурдсан хариуцагчаас өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлсэн талаарх нэхэмжлэгчийн тавьсан асуудлуудыг хариуцагч магадлах ажиллагааны явцад хэрхэн нэг бүрчлэн үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүй.

20. Түүнчлэн, хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 407 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэх-дээ[16] зорилтуудын биелэлтийг бодитой, зөв дүгнэсэн эсэхийг магадлах ажиллагаагаар тодруулсан эсэх нь эргэлзээтэй, энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талууд зөрүүтэй тайлбарууд өгсөн.

21. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 452 дугаартай тогтоолын[17] 2 дахь заалтаар хариуцагчаас нэхэмжлэгчид үүрэг болгосон ажлуудыг нэхэмжлэгч биелүүлсэн эсэхийг магадлах ажиллагаагаар тодруулсан эсэх нь мөн эргэлзээтэй.

22. Дээрх байдлаар хариуцагч нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзах шийдвэр гаргахаас өмнө магадлах ажиллагааг бүрэн дүүрэн явуулсан эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүх хариуцагчийг дээр дурдсан ажиллагааг дахин хийж, шинэ акт гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

23. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасны дагуу хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт дурдсан ажиллагаануудыг хийж, хуульд заасан журмын дагуу дахин хуралдан шийдвэр гаргах үүрэгтэй болно.

24. Шүүхээс тогтоосон 3 сарын хугацааг уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолохыг дурдах нь зүйтэй.

25. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй 529 дүгээр тогтоолыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул түүний салшгүй хэсэг болсон бусад шаардлага болох ******* ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах тухай шаардлага нь хариуцагчаас ажиллагаа хийж, дахин шинэ акт гаргаснаар шийдвэрлэгдэх боломжтой гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

26. Хариуцагчаас гаргасан шинэ акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл нэхэмжлэгч дахин маргах эрхтэй бөгөөд тэрхүү эрхийг энэ шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5.5 дугаар зүйлийн 1, 2, 7, 9, 10, 11, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай 529 дүгээр тогтоолыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй 529 дугаартай тогтоол хүчингүй болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ