Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/02677

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 03 181/ШШ2024/02677

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .. тоотод оршин суух,И.Б /РД .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. тоотод оршин суух, Я.Ц /РД .../-т холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 138,260,097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С ирээгүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Я.Цт холбогдуулан 138,260,097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ихбаяр овогтой И.Б миний бие 2013 оны 09 сарын 19-ний өдөр Я.Цтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо 1-р гудамж 14 тоот хаягт байрлах 412 м2 хэмжээтэй, үйлчилгээний зориулалттай объектыг түрээслэх Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г байгуулсан. Гэрээ байгуулах үед Я.Ц нь уг эд хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ удахгүй миний нэр дээр гарна, би уг эд хөрөнгийн үнийг бүрэн төлчихсөн байгаа гэж хэлж уг гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсны дараа миний бие уг объектод 39,839,200 төгрөгийн засвар хийсэн, Я.Ц нь И.Б надаас барьцаа болгож 56,000,000/тавин зургаан сая/, цахилгааны төлбөр гэж 700 ам доллар, түрээсийн төлбөр гэж 36,000,000 /гучин зургаан сая/ төгрөг авсан. Засвар хийхийн тулд Бичил Глобус Групп ХХК-иас зээл авсан бөгөөд зээлийн хүүнд 5,047,200 төгрөгийн хүү төлсөн.

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээ байгуулчхаад засвар хийж байтал Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-аас уг объектыг цахилгаанаар хангах гэрээ байгуулаагүй, хулгайгаар цахилгаан хэрэглэсэн гэж цахилгааныг тасалсан, мөн Эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох объект нь өөр хүний өмч болох нь тогтоогдож уг хөрөнгийн хууль ёсны эзэн нь хөрөнгөө шаардан авах болсноор гэрээ биелэгдэх боломжгүй болж, миний бие уг объектыг ашиглаж чадахгүй болсон. Я. Я.Ц гэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, эрхийн болон биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлж гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор барьцаа мөнгө, түрээсийн төлбөр болон бусад хохирлыг гаргуулах хүсэлтэй байна.

Я.Цээс барьцаа мөнгө 56,000,000, түрээсийн төлбөр 36,000,000 төгрөг, засан сайжруулалт, хөрөнгө оруулалтын зардал 39,839,200 төгрөг, бэлнээр өгсөн 700 ам долларыг тухайн үеийн ханшаар төгрөгт шилжүүлж 1,373,967 төгрөг нийт 138,260,097 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Я.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд болон шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргасан: Үүнд:

Нэхэмжлэгч И.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Цт холбогдох 138,260,097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Я.Ц нь И.Бийн хүсэлтээр 2013 оны 09 сард Хан-Уул дүүргийн 11-р хороо, 1-р гудамж, 14 тоот хаягт байрлах авто угаалгын газрыг түүнд хөлслүүлэхээр гэрээ байгуулсан байдаг.

Гэрээ байгуулсны дараа Я.Ц нь хөдөө орон нутагт уурхайн шинэ ажил эхлүүлэхээр явсан бөгөөд тухайн авто угаалгын газар ажиллаж байсан ажилчдаар дамжуулж түрээсийн болон барьцаа төлбөрийг удаа дараа шаардсан боловч мөнгөгүй байна, удахгүй шилжүүлнэ гэж тайлбарладаг байсан. Гэтэл нэхэмжлэлдээ барьцаа мөнгө 56,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 36,000,000 төгрөгийг Я.Цт өгсөн гэж худал тайлбар бичсэн байна.

Мөн тодорхой хугацааны дараа Я.Ц нь хотод ирэхэд түүний зөвшөөрөлгүйгээр объектын даацын ханыг И.Б дур мэдэн нурааж, дээврийг хуулж шууд ус алдахаар болгож өөрчилсөн байсан бөгөөд И.Бтэй уулзахад ...би энэ газрыг ажиллуулахаа болилоо, би чадахгүй байна, маш цөөхөн машин угаалгаж байна, объектыг галерей болгох гэж их засвар хийсэн цаашид хөлслөхгүй болохоор хүлээж авбал ав үгүй бол би ямар ч байсан ажиллуулахгүй гэж хэлээд орхиж явсан.

Тухайн үед объектын дээврийг хуулсан байсан мөн өвлийн жавар орсон байсан тул дахин засвар хийж чадалгүй хавар хүртэл засвар хийлгүй хүлээсэн. Энэ хугацаанд паар хөлдөөхгүйн тулд халаалт өгч дэмий цахилгааны төлбөр төлж байсан. 2014 оны 04 сард өөрөө зээл авч И.Бийн дур мэдэн хуулсан дээвэр болон бусад зүйлсийг янзалж авсан. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн хариуцлагагүй үйлдлээс болж их хэмжээний хохирол хүлээсэн байтал худал гүтгэн их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн ямар ч мөнгө аваагүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй гэж үзэж байна. Ямар ч баримтгүйгээр удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа билээ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамжид 849,300 төгрөг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн баримт, итгэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, Эд хөрөнгө хөлслөх гэрээний хуулбар, гар бичмэл, Ажил гүйцэтгэх гэрээний хуулбарууд, гэрэл зураг, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Япон авто угаалгын барилгын өргөтгөлийн материалын тооцоо 2 хуудас, Г.Бын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тодорхойлолт, Г.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зарлагын баримт, 2023 ны 12 дугаар сарын 04-ний өдрийн зарлагын баримт, 2013 оны 10 дугаар сарын 10-ы өдрийн зарлагын баримт, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт, 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Хан-уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Япон авто угаалгын барилгын өргөтгөл лоунжийн барилгын материалын зардлын тооцоо, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №05/13 дугаартай Барилгын дотор заал чимэглэлийн зураг гүйцэтгэх ажлын гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Бичил глобус ХХК-ийн тодорхойлолт, Бичил глобус ХХК-ийн зээлийн дансны хуулга, 2013 оны 09 дүгээр сарын19-ний өдөр байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний хуулбар, Эд хөрөнгө хөлслөх гэрээ,

 

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: итгэмжлэл, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, 2014/15 дугаартай Монгол улсын байгаль орчин, ногоон хөгжлийн яамн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хуулбар, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 2014/15 тоот гэрчилгээний хавсралт, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Силко Ундрага ХХК-ийн дүрмийн хуулбар, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хуулбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтдаа: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10853 дугаар захирамжтай И.Бийн нэхэмжлэлтэй Я.Цт холбогдох иргэний хэргээс: 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б.Батсүхийн гэрчийн мэдүүлэг, 1020666 дугаартай хэрэглэгчийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар, Я.Цийн ... дугаартай дансны 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх дансны хуулга, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гэрч У.Сувдмаа, Г.Б нарын мэдүүлэг, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2017/13778 дугаартай захирамжийн хуулбар, Оюуны өмчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7/7335 дугаартай албан тоотын хуулбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан Т.Цолмонсүрэнгийн хариу тайлбарын хуулбар,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

5.Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Я.Цт холбогдуулан барьцаа мөнгө 56,000,000, түрээсийн төлбөр 36,000,000 төгрөг, засан сайжруулалт, хөрөнгө оруулалтын зардал 39,839,200 төгрөг, бэлнээр өгсөн 700 ам долларыг тухайн үеийн ханшаар төгрөгт шилжүүлж 1,373,967 төгрөг нийт 138,260,097 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч татгалзсан.

 

6. Я.Ц нь ..тоот хаягт байрлах, 412 м2 хэмжээтэй, авто угаалгын газар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг И.Бийн эзэмшилд шилжүүлж, И.Б нь сар бүр хөлс төлөхөөр тохирч, гэрээ байгуулсанд талууд маргаангүй.

 

6.1 Нэхэмжлэгч нь уг гэрээний харилцааг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй шалтгааныг хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө биш байсан гэж тайлбарлаж, өөрийн засвар хийсэн зардал, барьцаа мөнгийг шаардсан. Хариуцагч өөрийн зөвшөөрөлгүй засвар үйлчилгээ хийсэн, барьцаа, түрээсийн төлбөр аваагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрдөг.

 

7. Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.

 

7.1 Хариуцагч Я.Ц нь ..тоот хаягт байрлах, 412 м2 хэмжээтэй, авто угаалгын газар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч И.Бийн эзэмшилд шилжүүлж, И.Б нь сар бүр хөлс төлөхөөр тохирч гэрээг бичгээр байгуулсанд маргахгүй боловч хариуцагч тал хэрэгт авагдсан гэрээг эс зөвшөөрч өөр бичгэн гэрээ байсан гэх боловч шүүхэд баримтаар гаргаагүй.

 

7.2 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заажээ.

 

7.3 Зохигчийн хоорондын тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй учир хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

 

7.4 Нэхэмжлэгч гэрээний зүйл нь өөр этгээдийн өмчлөл болох нь тогтоогдож хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хөрөнгөө шаардан авах болсноор гэрээ биелэгдэх боломжгүй болж, уг объектийг ашиглаж чадахгүй болсон. Хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан, үр дагавар барьцаа мөнгө, шилжүүлсэн түрээсийн төлбөр болон бусад хохирлыг гаргуулах хүсэлтэй гэж тайлбарладаг.

 

Хариуцагч нь эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээг цуцалсан, нэхэмжлэгч нь объектыг орхиж явсан, хариуцагчид хөлс төлөөгүй, засвар хийх зөвшөөрөл олгоогүй байсан зэргээр татгалзсан.

 

8. Зохигч тодорхой нөхцөлүүдийг тохирч, хэлцлийг хийх үед гэрээний зүйл хариуцагчийн өмчлөлд бүртгэгдээгүй байсан, хуульд зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тохиролцоог хариуцагч биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн гэрээ цуцлагдсан гэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт баримтаар нотлогдсон хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

8.1 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын засан сайжруулалт, хөрөнгө оруулалтын зардал 39,839,200 төгрөг гаргуулах шаардлагатай холбоотойгоор Барилгын дотор засал чимэглэлийн зураг гүйцэтгэх ажлын гэрээ-нд дизайн зургийг 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 03-нд буюу ажлын 14 хоногт гүйцэтгэж дуусахаар тохиролцож, гэрээний үнийг нийт 11,000,000 төгрөгөөр тохирсон байх тул уг 11,000,000 төгрөг, зарлагын баримтаар нотлогдож байгаа 16,606,500 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй. /хх-ийн44-50, 51-54-р тал/

 

8.2 Гэрч Ц.Сгийн ...Барьцааны мөнгийг Я.Цт өгсөн. Сард түрээсийн мөнгийг нь өгдөг байсан. Авто угаалгын газрыг нь ажиллуулж байхдаа тухайн газарт нь нэлээдгүй хэмжээний засвар хийж хөрөнгө оруулалт хийсэн. Тэр засвар өргөтгөлөө хийж байгаад засвараа дуусгаагүй болих болсон. Бүх зүйлийг нь би мэднэ. Яагаад болих болсон бэ гэвэл Я.Ц нь өөрийнхөө хөрөнгийг биш хүний хөрөнгийг түрээсэлж байсан учир больсон...Я.Цт барьцааны мөнгийг 2 удаа өгөхөд би хамт байсан. 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байсан. Улаанбаатар их дэлгүүрийн үүдэнд уулзаж 12,000,000 төгрөг өгсөн. Үүнээс ойрхон хугацаатай Зайсангийн хүүхдийн хорихын хойно Я.Цийн гэрийн гадна очиж 8,000,000 төгрөгийг өгсөн... гэх мэдүүлэг нь нэхэмжлэгч талын тайлбарыг нотолж байгаа үндэслэлээр хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. /хх-ийн 110-111-р тал/

 

8.3 Барьцаа мөнгө 56,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас 34,000,000 төгрөгийг гэрч Баяржаргалын мэдүүлэгт үндэслэн хангав. Г.Бын ...Би И.Бийн жолоочоор ажилладаг байсан. Я.Цийг танихгүй. Нэг удаа мөнгө өгөхөөр очихдоо л харж байсан. 2013 оны 11 сарын 28-ны өдөр Блуе Скай-ын урд талын автомашины зогсоол дээр 34,000,000 төгрөгийг аваачиж өгөхөд Я.Ц өөрөө гарч ирээд машин дотор сууж байгаад өөрөө тоолоод авсан..Энэ мөнгө угаалгын газрын барьцааны мөнгө гээд Я.Ц гэдэг хүнд өгөөрэй. Энэ дугаар руу залгаад аваачиж өгчих гэж хэлсэн. Тэгээд Я.Ц өөрөө миний машинд суугаад мөнгийг тоолоод аваад явсан... гэх мэдүүлгээр нотлогдож байна. /хх-ийн 112-р хуудас/

 

8.4 Иймд шүүх хариуцагчаас нийт 81,606,500 төгрөгийг гаргуулж, үлдэх 56,653,597 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзал, тайлбарыг нотлох баримтыг шүүхэд гарган өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүйг дурдах нь зүйтэй.

 

10. Нэхэмжлэгчээс гаргасан эд хөрөнгө хөлслөх гэрээнүүд, ажил гүйцэтгэх гэрээ, тодорхойлолт зэрэг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир шүүх үнэлэх боломжгүй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 849,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 565,982 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Я.Цээс нийт 81,606,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Бт олгож, үлдэх 56,653,597 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 849,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 565,982 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА