| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/00194/И |
| Дугаар | 181/ШШ2024/02734 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/02734
2024 07 18 181/ШШ2024/02734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, ... регистрийн дугаартай, Б.У,
Хариуцагч:... тоот хаягт оршин суух/./ Б.Тд холбогдох,
Гэрээний үүрэг, зардалд нийт 7,005,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Б.У нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн.
Хариуцагч Б.Т нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б.Тд холбогдуулан 7,005,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.У би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн ...УБИ /тухайн үеийн улсын дугаар одоо ...УЕН дугаартай байгаа/ Mercedes-Benz 3400 маркийн автомашинаа хөдөлгүүрийн гэмтэл засуулахаар ... дугаараар Б.Ттэй холбогдон ...тоот хаягт очиж уулзсан. Тухайн үед Б.Т нь би Бенз засварт ажиллаж байсан чи сэлбэгээ аваад ир ажлын хөлс 2,250,000 төгрөг болно. 7 хоногт гарна гэж худал хэлсэн. Урьдчилгаа 600,000 төгрөг шаардагдах сэлбэгийн хамт авсан.
Засвар 10 дугаар сарын 7-ны өдөр эхэлж 10 дугаар сарын 14-нд хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэвч одоог хүртэл миний машиныг засварлаагүй нэмж бусад эд ангиуд эвдэж намайг нэмж 6,080,000/зөвхөн хөдөлгүүр/, бусад эд ангиуд эвдэж хохироон утсаа авахгүй алга болоод байна. Иймд миний хохирол болох 7,005,125 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн мөнгөн дүнгийн задаргаа: 1. 6,080,000 хохирлыг засвар хөлс/зөвхөн хөдөлгүүр/ баримт 1 хуудас 1, 1.1, 1.2. 2. 180,000 төгрөг хойд гуфер гэмтэл /зөөвөрлөх үед гэмтээсэн байх/ 3. 150,000 төгрөг копудны түгжээ, 4. 100,000 төгрөг Масло түвшин хэмжигч 5. 180,000 төгрөг урд гуферний гэмтэл 6. 250,000 төгрөг засварын буруугаас эвдсэн хавхалга, 7.50,000 засварын буруугаас өөр газар оношлуулсан зардал, 8. 450,000 засварын буруугаас гарсан тээврийн зардал /ачуулсан/. Ажлын хөлсний үлдэгдэл 1,150,000 төгрөгийг хасаад нийт 7,005,125 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь автомашинаа засварлуулахаар хариуцагчид хандсан. Хариуцагч засварлаж өгнө гэсэн учир машинаа үлдээсэн байдаг. Гэтэл гэмтлийг буруу оношилж, буруу тос хийснээс шинэ гэмтэл үүсч машин асахаа больсон. Б.У нь дахиад өөр засварт засвар хийлгэсэн. Шүүхэд хариуцагчид шилжүүлсэн 4,500,000 төгрөг, мөн буруу оношилсонтой холбоотой өөр засварын газарт засварлуулсан зардал нийт 7,005,125 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагч Б.Т нь хариу тайлбар ирүүлээгүй.
3.Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын тэмдэгтийн хураамжид 128,000 төгрөг төлсөн баримт, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б.Уын жолоочийн лавлагаа, мэдээлэл, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /иргэн одоо эзэмшиж байгаа/, Авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, 2023 оны 01 дугаар сарын 04-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх дансны хуулга, гар бичмэл, гэрэл зургууд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн авто машины оношилгооны хуудас зэрэг баримтыг гаргасан.
3.2 Хариуцагч Б.Т нь шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй.
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт байхгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б.Тд холбогдуулан гэрээний үүрэг болон зардалд нийт 7,005,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
6. Хариуцагч Б.Т хариу тайлбар гаргаагүй.
7. Шүүх 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг шүүхэд ирүүлэх ажиллагааг хуульд зааснаар хийхэд хариуцагч шүүхийн дуудсан цагт ирэх үүргээ биелүүлээгүй. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07636 дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан.
7.1 Шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан, хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
7.2 Түүнчлэн хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдэх хуудас хүргүүлж, түүний гар утасны дугаараар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй./хх-ийн 62, 70, 73-р тал/
Шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарласан, уг хуралдааны товыг хариуцагч мэдсэн болох нь хэрэгт авагдсан утсаар ярьсан За ойлголоо. Шүүх хурлаас өмнө хариу тайлбараа өгнө гэх тэмдэглэлээр нотлогдсон хэдий ч шүүх түүний хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэх, нөгөө талаас хариуцагчийн шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн боловч 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд мөн адил ирээгүй. /хх-ийн 62-р тал/
8. Нэхэмжлэгч Б.У хариуцагч Б.Т нар нь автомашин засварлуулах үйлчилгээ авахаар, хариуцагч засварын үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж, шүүхэд уг гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн хөлс, зардлаа буцаан шаардсан, нэмэлтээр буруу оношилгооны улмаас шинээр үүссэн гэмтлийг засварлахад гарсан зардлыг шаарджээ.
8.1 Б.У нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн өмчлөлийн ...УБИ /одоо ...УЕН улсын дугаартай/ Mercedes-Benz 3400 маркийн автомашиныг засварлуулахаар, хувиараа засварын үйлчилгээ үзүүлдэг гэх Б.Ттэй уулзаж автомашинаа засварлуулахаар эзэмшилд нь үлдээсэн болох нь хэрэгт авагдсан Авто машины оношилгооны хуудас гэх баримтын эх хувь, нэхэмжлэгчийн талын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 64-р тал/
8.2 Хариуцагч Б.Т нь Хөдөлгүүрийн ажилд механикийн буруутай үйлдлээс үүдэлтэй эвдрэлийн дүн 4,500,000 төгрөг болно. Үүнийг Мицибуши сервисийн механик Төгс-Эрдэнэ нь 11 сарын 5-ны дотор барагдуулна гэсэн бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн байх ба нэхэмжлэгч тал уг баримтыг хариуцагчаас автомашинаа хүлээж авах үед хариуцагчийг үйлдсэн гэж тайлбарлажээ. /хх-ийн 64-р талын арын нүүр/
8.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан харилцаа үүссэн, хариуцагч гэмтлийг засварлаж автомашины нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэв.
9.1 Шүүх нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 4,500,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан Авто машины оношилгооны хуудас баримт, түүний арын нүүрт бичигдсэн хариуцагчийн гар бичмэл, нэхэмжлэгч талын тайлбар зэрэгт үндэслэсэн ба нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн бусад баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир үнэлэх боломжгүй юм./хх-ийн 8-38-р тал/
Түүнчлэн хариуцагч хуульд заасан тайлбар, нотлох баримт гарган өгөх үүргээ биелүүлээгүйг дурдах нь зүйтэй.
9.2 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 2,505,125 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, нэхэмжлэгч тохиролцсон ёсоор автомашиныг засварлаагүйн улмаас бусад засварын газарт засварлуулсаны зардалд нэхэмжилж байх боловч хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
10. Иймд хариуцагч Б.Тэс гэрээний үүрэгт 4,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,505,125 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тэс улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тэс гэрээний үүрэгт 4,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,505,125 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тэс улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосуга.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА