Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 0060

 

                                                                       

                                                                        Г.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

                                                   

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч  С.Уранчимэг,  Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

    Шүүх хуралдаанд:

 

       Прокурор                                       Ц.М

       Хохирогч                                              Б.П                                    

       Нарийн бичгийн дарга                         Ч.Б нарыг оролцуулан

 

   Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолтой Г.Г-д холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Б.Пийн давж заалдах гомдлыг  үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол улсын иргэн,  Б овогтой Г-н Г.

 

 Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Дөмөгийн задгай” гэх газарт Б.Пийн өмчлөлийн эд зүйлс хадгалах зориулалт бүхий цоожтой контейнерийн цоожийг эвдэн орж 90 кг үхрийн мах хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Гансүхийн Гончигсумыг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Г.Гыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэн,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар Г.Гд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гыг цагдан хорьж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

    Хохирогч Б.П давж заалдах гомдолдоо:

 

Шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч заалдах гомдол гаргаж байна. Хохирогч Б.П надад 3 тооны нас гүйцсэн шарын нийт 720 кг мах алдагдаж 1.380.000 төгрөгийн хохирол учирсан болохоос 90 кг мах алдагдаж /1 кг нь 4.000 төгрөг /360.000 тегрөгийн хохирол учраагүй юм.

 

Прокурор миний хууль ёсны эрх ашгийг хохироосон шийдвэрийг 2018-03-21-ний өдөр гаргачихаад надад ямар нэгэн байдлаар огт мэдэгдээгүй учир би прокурорын 2018-03-21-ний өдрийн Г.Гд холбогдох зарим хэрэг болох 630 кг махны үнийг  хэрэгсэхгүй болгосон тогтоолыг үйлдсэн байна.

 

Шүүх 2017-12-18-ны өдөр Г.Г Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Дөмөгийн задгай" гэх газарт хашаанд байсан Б.Пийн эд зүйлс хадгалах зориулалт бүхий цоожтой контейнерийн цоожийг нь эвдлэн орж 90 кг үхрийн мах авч гараад хүнсний зах дээр аваачиж 360.000 төгрөгөөр зарсан болох нь тогтоогдсон,хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон байна гэжээ.

 

 Шүүхийн хийсэн дээрх дүгнэлтээс харахад шүүгдэгч Г.Г 2017-12-18-ны өдөр хулгай хийсэн.., Эрүүгийн хуулий 16-р зүйлийн 16.1.1.д гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ,хаана,яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг нотлоно гэсэн байхад 2017 оны хэддүгээр сарын хэдний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг тогтоолгүй хохирогчийн мах алга болсон болохыг мэдсэн өдрөөр түүний хулгай хийсэн өдрийг тогтоосон байна.

 

 Би эхнэрийн хамт 2017-12-10-ны өдөр хашаандаа очиж хоёр жижиг үхрийн мах зарчихаад 7 хоногийн дараа буюу 2017-12-18-ны өдрийн бага үдийн үед очход махыг маань хулгайлсан байсан бөгөөд контейнерын хаалга онгорхой байсан. 2017 он 12 дугаар сарын хэдний өдөр Г.Г махыг хулгайлан авсан болохыг тогтоогоогүй байж намайг 720 кг мах алдаагүй 90 кг мах алдсан байна гэж шийдвэрлэсэн. Би байхгүй байсан махаа байсан гэж худал хэлэх хүн биш юм шүү. Хэрэг хянасан прокурор 2018-03-21-ний өдрийн 630 кг махны үнийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоо надад өгсөн болон танилцуулсан бол би зөвшөөрөхгүй гомдол гаргах байсан.

 

Намайг очход мах хадгалаж байсан контейнерын хаалга онгорхой байсан бөгөөд 630 кг махыг Г.Г аваагүй юм бол өөр хэн нэгэн авсан болохыг цагдаагийн газар шалган тогтоох үүрэгтэй. Харж хандаж байсан газраасаа мах хулгайлсан хүний үгэнт итгэж 630 кг махыг аваагүй байна гэсэн дүгнэлтийг хийж хохирогч миний хууль ёсны эрх ашгийг хохироосонд маш их гомдолтой байна. Иймд дээрх шийтгэх тогтоолтой хэргийг хянан үзэж мөрдөн байцаалтанд дахин шалгуулахаар буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ :

 

Шйитгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна..., Хохирогчийн гомдолд дурьдсан асуудлыг хэрэг шалгах явцад хуулийн дагуу шалгасан.., үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоолтой хохирогч танилцсан гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Дөмөгийн задгай хэсгийн хашаанд байдаг  Б.Пийн өмчлөлийн эд зүйлс хадгалах зориулалт бүхий контейнерийн цоожийг эвдэж дотор нь байсан 90 кг үхрийн махыг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан байна.  

 

Энэ  үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :

 

-шүүгдэгч Г.Гын  яллагдагчаар өгсөн ...тэр өдөр би  дахиж архи уумаар санагдаад  “Хүлэг” зах ороод мах зарж байсан хүнээс мах авах уу гэхэд авна, аваад ир гэхээр нь би эргээд гэртээ хариад хашаанд байсан махтай контейнерийн хаалганы түгжээг гэрийнхээ хүрзээр хөшиж байгаад онгойлгож дотроос нь үхрийн 2 хаа, 1 өвчүү, үхрийн ууц, нуруу зэргийг өргөөд гэртээ оруулж тавьчихаад эргэж гараад  захын хажуугаас такси бариад гэрэсээ нөгөө махаа ачаад “Хүлэг” зах дээр очиж нэг кг махыг 2000 төгрөгөөр зарсан.., Нийт 90 кг махыг 180.000 төгрөгөөр зараад архи уусгаад тэр оройдоо вагоноор Улаанбаатар хот руу яваад Чингэлтэй дүүргийн 7 буудалд байр түрээсэлж байсан найз дээрээ очиод архи уусан. Би ганцаараа мах хулгай хийсэн...,  Миний авсан мах 90 кг болсон.., өөр мах аваагүй..,  гэсэн  мэдүүлэг,

 

-гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын дундуур намайг ажил дээр байхад нэг залуу би Өмнөговь аймагт уурхайд ажилладаг юм ажил руугаа явах гэсэн чинь зардлын мөнгөгүй болчлоо үхрийн мах хямд хямдхан зарна гэхээр нь ченж Эрдэнэцэцэг эгчид хэлэхэд тэр махаа аваад ир гэхэд хэсэг хуцгацааны дараа  цагаан өнгийн суудлын жижиг машины багажинд нэг  сээртэй хаа, сээргүй 1 хаа, нуруу, өвчүү зэрэг мах авчирсаныг Эрдэнэцэцэг эгч 1 кг махыг 2000 төгрөгөөр авсан. Нийт 90 кг махыг 180.000 төгрөгөөр худалдаад авсан... гэсэн мэдүүлэг, 

 

 гэрч Г.Э-н мөрдөн байцаалтад өгсөн    ..Миний худалдаж авсан гэх мах нь жижигхэн сээртэй хаа, дан хаанууд нь жижигхэн ястай, харин нурууных нь мах нь том үхрийнх байсан.., Өвчүү бас нилээд том үхрийнх шиг харагдаж байсан. Гэхдээ өвчүүг нь машинаас гаргаж ирээгүй. Надад мах зарсан залуу машинтай жолоочтой хамт явж байсан..., гэсэн  мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх  шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан байна.  

 

            Хохирогч Б.П нь мөрдөн байцаалтын шатанд  контейнераас 5 том ,шар үхрийн мах  байснаас 3  нь алга болсон ...,720 кг мах алдагдсан гэж мэдүүлснийг үндэслэн энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн боловч энэ нь тогтоогдоогүй учраас Прокурор 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Г.Гд холбогдох хэргээс 630 кг мах хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

  Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.Гд холбогдох  эрүүгийн хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, үйл баримтанд үндэслэн  шийдвэрлэсэн байх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн үндэслэл бүхий байна.

 

         Мөн  хохирогч Б.П нь шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч ...5 том үхрийн мах  байснаас 3 үхрийн мах алга болсон..., прокурор зарим  үйлдлийг хэрэгсэхгүй болгосоныг би мэдээгүй... хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө  үү... гэсэн давж заалдах гомдол гаргаж байгаа боловч түүний энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан  нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа, түүнчлэн хохирогч өөрөө шүүгдэгчид холбогдох хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тухай Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5/06 дугаар тогтоолтой танилцаж, гарын үсгээ зурсан байгаа нь / х.хийн 74.р хуудас /хохирогчийг хавтаст хэрэгтэй танилцуулаагүй, түүнд зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдэгдээгүй эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

          Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Пийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Пийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                   

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                                Ц.ТУЯА