Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 147

 

А.О, Д.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар магадлалтай, А.О, Д.О нарт холбогдох 1818005490388 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.О-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт А-ийн О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Д-ийн О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч А.Ө нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 8 дахь заалтуудыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж,

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-оос 7,500,000 төгрөг гаргаж хохирогч А.Ө-д олгож, шүүгдэгч Д.О төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч А.Ө нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч А.Ө, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.О гаргасан гомдолдоо “...Хохирогч А.Ө нь 3 ширхэг имплант шүд хийлгэх зардал нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн. Анхан шатны шүүх уг мөнгийг надаас гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь зөв шийдвэр болсон. Түүнчлэн А.Ө-ны буруутай үйлдлээс болж хэрэг үйлдэгдсэн юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч А.Ө-ны өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүү хугарсан. Шууд 3 шүд нь хугараад унаагүй ч гэсэн эрүүний мэс засал хийлгэх шаардлагатай болсон бөгөөд мэс засал хийлгэхэд 3 шүдийг нь авсан юм. Энэ талаар холбогдох нотлох баримтууд хэргийн материалд авагдсан байдаг. Давж заалдах шатны шүүх 7,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол, хор уршиг учирсан нь тогтоогдсон. Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.О-ын гаргасан гомдлыг үндэслэн А.О, Д.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.О нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр, Үйлчилгээний төвд байрлах “Сатурн” цэнгээний газрын хажууд А.Ө-ыг найз Д.О-тай маргалдан зодлоо хэмээн нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь доод эрүүний зүүн хэсгийн битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Д.О нь дээрх газар болон цаг хугацаанд Б.М-тай маргалдан улмаар хавсарч унаган цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын тохой, шуу, зүүн мөр, дал, чих орчмын зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.О, Д.О нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн А.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр, Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр тус тус зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч А.О, Д.О нарт оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбогдуулж гаргасан хохирогч А.Ө-ны нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч А.О-оос гурван ширхэг хиймэл /имплант/ шүдний үнэ болох 7,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн, нотлох баримтад тулгуурлан гаргасан шийдвэр болжээ.

Иймд шүүгдэгч А.О-ын гаргасан “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН