Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0538

 

                                    Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э нарын нэхэмжлэлтэй

                                                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0376 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э  нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0376 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.4 /2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөгдөж байсан/, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э  нараас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Тэтгэмж олгох тухай Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт албан тушаалын орон тоо хасагдсаны тэтгэлгийг 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгох шийдвэр гаргаж, тэтгэлэг олгохыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Тэтгэмж олгох тухай Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/626 дугаар захирамж гарсан өдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу нэхэмжлэгч Э.А, Ё.Э, Р.Б, Г.У, Д.Н нарын ажиллаж байсан орон тоо хасагдсаны 6 сарын цалин хөлс /үндсэн цалин, удаан жилийн, зэрэг дэвийн нэмэгдэл/-тэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгохыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.О давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

  1. Нэхэмжлэгч Э.А, Ё.Э, Р.Б, Г.У, Д.Н нарыг үүрэгт ажлаас нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/127 дугаар тушаалаар чөлөөлсөн. Үүний дагуу тухайн үед 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дагаж мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу нэхэмжлэгч нарт 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэгийг олгосон болно. Уг хуулийн заалт нь батлагдсан өдрөөсөө буюу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөсөө шууд дагаж мөрдөхөөр заасан. Иймд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаал нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг мөрдөж баримлан тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
  2. Шийдвэрт дурьдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу ... нэг сар, түүнээс дээш хугацааны тэтгэмж олгоно ... гэж заасныг тооцвол 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосныг буруутгах үндэслэлгүй байна.
  3. Нэхэмжлэгч нарыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн учир энэ үед л үйлчилж байсан хууль тогтоомжийг баримтлах үндэслэлтэй бөгөөд урьд үйлчилж байсан хүчингүй болсон хуулийн эргүүлэн хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүйд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч төрийн захиргааны албан хаагчдыг мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудаар нэхэмжлэгч Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э  нарт байгууллагын чиг үүрэг, бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажлаас чөлөөлөгдсөн тул 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нар “...Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэрэглэх байтал цалин хөлсөд хамаарах нэмэгдлүүдийг оруулалгүйгээр зөвхөн үндсэн цалинг олгосон нь хууль бус” хэмээн маргажээ.

Хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу албан хаагчдад нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэхдээ зөвхөн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгож, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т  төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заажээ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.” гэж тус тус заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохыг хуулиар зохицуулсныг хариуцагч зөрчин, хуульд заасан үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

Хариуцагчийн “...тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу ... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй” гэх гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр/ хуулийн 3 дугаар зүйлээр “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, ... “6 сарын” гэснийг “3 сарын” гэж өөрчилж, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Гэтэл анхан шатны шүүхийн “... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдол нь ... Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч нарын ажиллаж байсан хуулийн хэлтсийн орон тоог хассан шийдвэр гаргасан өдрөөс эхлэн үүссэн гэж үзэхээр байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага ...өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан баталгаагаар нэхэмжлэгч нар нь хангагдах эрхтэй” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

Нийслэлийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”  А/626 дугаар захирамж, 08 дугаар сарын 31-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” А/635 дугаар захирамж гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгч нарын ажиллаж байсан орон тоо хасагдсан тул 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн хуулийн өөрчлөлт хамаарахгүй гэж үзэх үндэсгүй.

Энэхүү бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн шийдвэр гарснаас хойш 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэгч Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э  нар ажил албан тушаалаа эрхэлж байсан нь холбогдох баримтаар нотлогдсон, өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг даргын захирамж гарсанаар нэг удаагийн тэтгэлэг олгуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө хариуцагчид хандаж байгаагүй тул хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  Б/438, Б/439, Б/440, Б/441 Б/442 дугаар тушаалууд гаргах үед үйлчилж байсан хуулийн дагуу “6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгох шийдвэр гаргаж, тэтгэлэг олгохыг даалгуулах” шаардлагаас зарим хэсгийг хангаж, “3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгуулахаар” шийдвэрлэх үндэслэлтэй юм.     

Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0356 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э  нараас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/438, Б/439, Б/440, Б/441, Б/442 дугаар тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч Э.А, Р.Б, Д.Н, Г.У, Ё.Э  нарт 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох шийдвэр гаргаж, тэтгэлэг олгохыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн “ ...3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тэтгэлэг олгохыг даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                           ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

                           ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА