Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 13

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШИЙДВЭР 

 

2016 оны 08 сарын 15-ны өдөр             Дугаар 13                                       Баруун-Урт

           

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

           Нэхэмжлэгч:Сүхбаатар аймгийн МАН-ын хороо, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн иргэн Д.Болдбаатар нарын нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

 

           Нэхэмжлэлийн шаардлага: “Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19, “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолуудыг тус тус  хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”-ыг   хүссэн захиргааны хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Болдбаатар түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, нэхэмжлэгч аймгийн МАН-ын хорооны дарга З.Энхтөр, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Болдбаатар, аймгийн МАН-ын хорооны дарга З.Энхтөр нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

          1.Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд сонгуулийн байгууллага хууль дээдэлж, ил тод байдлыг ханган, шударга ёсыг сахих зарчмыг хэрэгжүүлж ажиллах, 32 дугаар зүйлийн 32.1.11-т “шинээр сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, шийдвэрийн төсөл боловсруулан аймаг, нийслэлийн хуралд өргөн мэдүүлэх”, 161 дүгээр зүйлийн 161.4-т “аймгийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг 5 хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймгийн хуралд өргөн мэдүүлэхийг үүрэг” болгосон бөгөөд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-т “сонгуульд оролцож байгаа аль нэг нам нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулахыг хориглохоор зохицуулсан.

          Гэтэл аймгийн Сонгуулийн хороо хуулийг орон нутагт нэг мөр хэрэгжүүлэх үүргээ биелүүлэн ажиллахын оронд хэт улс төржсөн, нэг намд үйлчилсэн үйлдэл, үйл ажиллагаа явуулж удаа дараа хууль бус шийдвэр гаргасны улмаас 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр явагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр сонгогчдын олонхийн санал авч 17 төлөөлөгчтэй болсон МАН орон нутагт бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учирч, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчим алдагдахад хүрээд байна.

          Улмаар төрийн байгууллагын тогтворгүй байдал бий болгох, бусдыг үндэслэлгүйгээр гүтгэн доромжилсон мэдээ, мэдээлэл тараагдах, иргэдийн сэтгэл санааг үймүүлэн талцуулан маргалдуулах нөхцлийг үүсгэж байна.

           Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 10 тоот захирамж гарснаар Д.Болдбаатар надад төлөөлөгчийн түр үнэмлэх олгох ёстой боловч аймгийн Сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3 дахь заалтыг зөрчиж, миний сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлаж, надад итгэлээ өгч сонгосон 835 сонгогчийн эрхийг зөрчсөн.

            2.Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагт хийхээр товлож, тогтоолыг намуудад хүргүүлж, ажлын алба тухайн өдрийн хуралдааны бэлтгэлийг хангасан байсан ба манай намын төлөөлөгч нар цагтаа очсон боловч АН-ын төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй. Ингээд тодорхой хугацаагаар хүлээсний эцэст ажлын албаны дарга Жаргалсайхан хуралдааныг нээж 51.5 хувийн ирцтэй байгааг танилцуулснаар хурлын үйл ажиллагаа эхэлж, шүүгчийн 10 тоот захирамжийг уншиж танилцуулан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу 01 тоот тогтоолоор нэр бүхий 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, зохион байгуулалтын асуудал хэлэлцэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд холбогдох шийдвэрийг гаргасан.

          3.Анхдугаар хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, огцруулах эсэх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

         Гэтэл аймгийн Сонгуулийн хороо хуулиар олгогдоогүй эрх эдэлж 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19 дүгээр тогтоолоор “... 3-р тойрогт нэр дэвшигч Дондовын Болдбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс Д.Болдбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгох”-оор шийдвэрлээд мөн өдрийн “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолоор 3-р тойрогт дахин сонгууль зарлахаар шийдвэрлэжээ.

          Хэдийгээр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 тоот магадлал гарсан, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар Сонгуулийн хороонд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгох эрх олгогдсон боловч шүүхийн магадлалд төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгох, төлөөлөгчөөс огцруулах тухай заагаагүй, төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгох, огцруулах эрхийг Сонгуулийн хороонд олгоогүй байна.

         Нэгэнт эрх бүхий байгууллагаас Д.Болдбаатарын иргэдийн Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүчингүй болгосон, огцруулсан тухай шийдвэр гараагүй байхад аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолыг гаргасан нь хууль бус бөгөөд дээрх гаргаж буй тогтоолууд, явуулж буй үйл ажиллагаагаараа МАН-аас сонгогдсон аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг алдагдуулж, тэдний төлөө саналаа өгсөн иргэд сонгогчдын төлөөлөгчөөрөө дамжуулан төрийг удирдах үйл ажиллагаанд оролцох эрхэд бүдүүлгээр халдаж байна.

          Түүнчлэн энэ тогтоолууд гарснаар Д.Болдбаатар миний сэтгэл санаанд асар их дарамт үүсч, цаашид төрийн алба хаах, улстөрийн үйл ажиллагаа явуулах зэрэг эрх хязгаарлагдаж, санхүү эдийн засгийн хохирол амсах нөхцөл бүрдээд зогсохгүй дахин сонгууль явуулснаар төрийн алба, иргэдэд чирэгдэл учруулж нийтийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй байна.

           Иймд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19, “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолуудыг тус тус  хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

          Хариуцагч аймгийн Сонгуулийн хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

           1.Аймгийн сонгуулийн хороо хэт улс төржсөн, нэг намд үйлчилсэн үйл ажиллагаа явуулсан, МАН орон нутагт бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчим алдагдахад хүрээд байна гэжээ. 

          Тайлбар: Бид аль болох улс төржихгүй байх, цөөнхийн саналыг хүндэтгэж, олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж байсан. Харамсалтай нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр МАН-ын төлөөлөгчийн түр үнэмлэхтэй 16, төлөөлөгчийн түр үнэмлэхгүй 1 бүгд 17 гишүүн цугларч сонгуулийн хороонд хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж, хурал зарлаж зохих шийдвэрүүд гаргасан байдаг. Энэ цаг мөчөөс хойш хорооны гишүүдийн дотор үл ойлголцол, тодорхойгүй шалтгаанаар хурал хаях, зохисгүй үйлдэл гарах болсон. Үүнд намын нөлөөлөл орсон байхыг үгүйсгэхгүй.

           2.Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоот захирамжийг хэрэгжүүлээгүй, анхдугаар хуралдааныг санаатайгаар гацаах оролдлого хийсэн тухайд:

           Тайлбар: Нарийн бичгийн дарга Ж.Түвшинжаргал захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2016-07-19-ний өглөө авсан боловч өдөр 12 цагийн үед сонгуулийн хорооны бичиг хэрэгт өгсөн гэдэг. Уг 10 тоот захирамжийг хүлээн авсанаас хойш хорооны гишүүдийн дунд маргаан үүсэж, Ж.Түвшинжаргалын эвлэрлийг илт буруутгаж маргасан. Энэ маргаан нилээд хугацаанд үргэлжилж байх үед өдрийн 14 цагаас МАН-ын түр үнэмлэхтэй гишүүд цугларч асуудлаа шийдээд тарсан.Тухайн үед миний бие санал гаргаж МАН-ын төлөөлөгчдийг орж ирээч гэхэд 10 гаруй төлөөлөгч орж ирээд “Бид асуудлаа шийдсэн” одоо танай хорооны шийдвэр бидэнд хамаагүй гэж ойлгогдохоор үгийг намын дарга З.Энхтөр хэлээд гарсан 16 цаг өнгөрч байсан байх, зарим нь залхсан, заримынх нь бие тавгүйрхсэн тал бий.

          Мөн энэ үед 16 цаг 30 минутын орчимд аймгийн АН-ын дарга Ж.Батсуурь орж ирээд эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн өмнөх шийдвэрээ баталгаажуулсан магадлал гарсан талаар амаар танилцуулсан. Шийдвэрийг ажил тарахаас өмнө авч ирнэ гэж хэлээд гарсан. Энэ үеэс хойш сонгуулийн хороо шийдвэр гаргах чадамжгүй боллоо “мэргэжлийн туслалцаа авъя” гэдэг санал хүртэл гаргаж байсан. Ингээд 20 цаг болоход гишүүд янз бүрийн шалтгаан тоочиж явсаар байгаад бид тарцгаасан. Энд санаатайгаар хурлыг гацаах гэсэн зүйл байгаагүй. 20 цаг болоход 3 гишүүн үлдсэн бусад нь харьцгаасан болно.

         3.Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, хуралдааныг тасалдуулах оролдлого хийсэн талаар:

        Тайлбар: Энд санаатай үйлдэл байгаагүй тухай өмнө тэмдэглэсэн. Бидний түр үнэмлэх олгосон төлөөлөгчдийн олонх бүрдээгүй хуралд бид тогтоолын төсөл өргөн барихгүй гэдгийг 2016-04-19-ний өдөр хуралдсан МАН, 2016-07-20-ны өдөр хуралдсан АН-ын төлөөлөгчдийн аль алинд хэлж ирц бүрдээгүй хуралд тогтоолын төсөл танилцуулаагүй.

       4.Сонгуулийн хороо олгогдоогүй эрхээ эдэлж 2016-07-20-ны өдрийн 19, 20 дугаар тогтоолууд гаргасан тухайд:

       Тайлбар: Харин ч Сонгуулийн тухай хуулинд сонгуулийн дүн гарсны дараа нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах заалт 159.3-т, дахин сонгууль зарлах тухай 19.3-т заасан нь зөвхөн сонгуулийн хороонд олгогдсон эрх юм.

       Нэмэлт тайлбар:Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс сонгуулийн хороонд даалгасан заалтыг МАН өөртөө хамааруулж, сонгуулийн хорооны эрх хэмжээнд халдаж, хүчээр асуудлыг шийдэх гэсэн оролдлогоос үүдэлтэй бүх маргаан өрнөж байна.Гэвч сонгуулийн хороо хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан 2016-07-20-ны өдрийн 19, 20 дугаар тогтоолуудаа хамгаалж шүүхэд зохих тайлбарыг гаргалаа.

19, 20 дугаар тогтоолуудыг Дарьганга сумын Сонгуулийн хороогоор дамжуулан Д.Болдбаатарт хүргүүлсэн, мөн аймгийн МАН-д хүргүүлсэн.

Сонгуулийн хорооны гаргасан шийдвэрийг хүргүүлэх асуудлыг Сонгуулын хорооны нарийн бичгийн дарга хариуцдаг албан ёсоор хүрсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. 19,20 дугаар тогтоолын талаар орон нутгийн хоёр телевизээр цацаж мэдээлсэн. 

          Иймд МАН-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа:Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4, 46 дугаар зүйлүүдийг Сонгуулийн хороо зөрчсөн. Б.Болдбаатарт Сонгуулийн хороо гаргасан шийдвэрээ мэдэгдээгүй, албан ёсоор мэдэгдээгүй болохоор хүчин төгөлдөр болоогүй.Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарвал захиргааны актыг гаргасан байгууллага мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй боловч Сонгуулийн хороо мэдэгдсэнээ нотлож чадахгүй байгаа. Иймд 19, 20 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа:

           Б.Болдбаатар нь үнэмлэхүй олонхийн санал авч төлөөлөгчөөр сонгогдсон.Сонгуулийн хороонд аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхэд халдаж шийдвэр гаргах эрх байхгүй.Төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын хуулиар аймгийн ИТХ-ын эрх хэмжээний асуудал юм. Сонгуулийн хороо хуулиар олгоогүй эрх эдлэж хурлын  төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, огцруулах шийдвэр гаргасан учир Аймгийн Сонгуулийн хорооны 19, 20 дугаар тогтоолууд хууль зөрчсөн, хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргаж байгаа  аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19, “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолуудын хууль зүйн үндэслэл, шийдвэрлэсэн асуудалд дүгнэлт хийж шийдвэрээ гаргалаа.   

        Нэхэмжлэгч талын  аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19, “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолуудыг тус тус  хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         1.Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

         Сүхбаатар аймгийн сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 10  дугаар магадлалтай холбоотой үүссэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь заалт,  Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 10  дугаар магадлалыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойрогт нэр дэвшигч Дондов овогтой Болдбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс Д.Болдбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон 19 дүгээр тогтоол гаргажээ.

          Нэхэмжлэгч Д.Болдбаатар нь МАН-аас 2016 оны Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшин, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтад Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар тойрогт бүртгүүлжээ.

           Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө  өгсөн саналын нэгтгэлээс харахад нэр дэвшигч Д.Болдбаатар нь хамгийн олон  835 сонгогчийн буюу 48.8 хувийн санал авсан байна.

          Харин нэр дэвшигч Д.Болдбаатарыг сонгуулийн дүн гарсны дараа нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах сонгуулийн хуулинд заасан үндэслэл тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан  хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн  шийдвэр /Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр шийтгэвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар магадлал/-үүдээр нотлогдож байна.Тодруулвал:

            Сүхбаатар аймгийн Дарьганга сумын АН-ын дарга М.Батжаргалын гаргасан нэр дэвшигч Д.Болдбаатарыг Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх гомдлыг Цагдаагийн байгууллага шалгажээ. 

            Дээрх гомдлыг Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаараа хянан шийдвэрлээд, шүүгчийн 44 тоот шийтгэврээр Д.Болдбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэн, тухайн зөрчилд нь Сонгуулийн тухай хуулийн 70.15.1-т зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 192000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. 

            Уг шийтгэвэрт Д.Болдбаатар нь давж заалдах гомдол гаргасан ба уг гомдлыг Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хянан шийдвэрлэж, Д.Болдбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т заасан зөрчил гаргасанд тооцож шийтгэврийн заалтад өөрчлөлт оруулан, шийтгэврийг хэвээр баталсан байна.

            Ийнхүү Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44 тоот шийтгэвэр, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар магадлалаар нэр дэвшигч Д.Болдбаатарыг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоож, тухайн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

             Эндээс нэр дэвшигч  Д.Болдбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т заасан зөрчил гаргасан нь  тогтоогдсон нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д заасан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл тогтоогдсон гэж үзлээ.

             Мөн  Сонгуулийн тухай хуулийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах” 159 дүгээр зүйлийн зохицуулалтаас дүгнэхэд сонгуулийн дүн гарсны дараа нэр дэвшигчийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдвол сонгуулийн үр дүнгээр тухайн нэр дэвшигч ямар эрх зүйн байдалд байгаагаас үл хамааран нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах эрх нэр дэвшигчээр бүртгэсэн сонгуулийн хороонд олгогдсон байна.

             Иймд Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн  тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8-д заасан “Аймгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх” эрх хэмжээнийхээ хүрээнд, “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19 дүгээр тогтоол гаргасныг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.  

              2. Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагын  тухайд:

             Сүхбаатар аймгийн сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан хуралдаанаараа “Дахин сонгууль зарлах тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд, Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 160 дугаар зүйлийн 160.3, 163 дугаар зүйлүүдийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойрог/Дарьганга сум/-т дахин сонгууль зарлаж, дахин сонгуулийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ням гарагт зохион байгуулж явуулахаар 20 дугаар тогтоол гаргажээ. 

          Аймгийн Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч Д.Болдбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргасны дараа түүнээс үүссэн эрх зүйн үр дагавартай холбоотойгоор хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дахин сонгуулийг товлон зарласан нь Сонгуулийн тухай хуулийн 19.3, 160.3, 163- д заасантай нийцэж байна.  

            Уг тогтоол нь зорилгодоо нийцсэн, тогтоолыг гаргах шаардлага бүхий нөхцөл байдал дээрх үндэслэлээр тогтоогдсон байх тул хүчингүй болгох боломжгүй байна.

            3.Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан аймгийн сонгуулийн хорооны 19, 20 дугаар тогтоолуудыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдээгүй, албан ёсоор гардуулаагүй гардуулж өгснөөр мэдэгдсэнд тооцно, мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох ёстой гэсэн тайлбарын тухайд:

            Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ.Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заажээ.

             Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан шийдвэрийг мэдэгдэх журмыг Сонгуулийн тухай хуульд тусгайлан зааж өгсөн байна.Тухайлвал: Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-д “нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52,67.3,70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэжээ.

            Үүний дагуу аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19, “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолуудыг 2016 оны 07 дугаар сарын 20-ны орой орон нутгийн 2 телевизийн сувгаар мэдээлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогддог.

           Нөгөө талаар аймгийн МАН-ын хороо, Д.Болдбаатар нар эрх, ашиг сонирхлыг нь хөндлөө гэж үзэн аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19, “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа нь тэднийг энэ захиргааны актыг мэдээгүй, мэдэгдээгүй гэсэн тайлбарыг нь үгүйсгэх нөхцөл болж байна.

          Түүнчлэн аймгийн МАН-ын хороо нь дахин сонгуульд оролцохоо аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор илэрхийлээд холбогдох бичиг, баримтаа хүргүүлээд байгааг дурдах нь зүйтэй байна.

           Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан шийдвэрийг мэдэгдэх журмыг Сонгуулийн тухай хуульд зааж өгсөн байх тул нэхэмжлэгч талыг аймгийн Сонгуулийн хорооны 19, 20 дугаар тогтоолуудыг мэдээгүй, мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй байна.

            Иймд   аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19, “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолуудыг тус тус  хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 32 дугаар зүйлийн 32.1.8, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 160 дугаар зүйлийн 160.3 –т заасныг баримтлан аймгийн МАН-ын хороо, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн иргэн Д.Болдбаатар нарын гаргасан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” 19, “Дахин сонгууль зарлах тухай” 20 дугаар тогтоолуудыг тус тус  хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          Шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ШҮҮГЧ                              Б.БАЯРЦОГТ