Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/00704

 

 

 

 

 

 

Х.Уранчимэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн

2016 оны 01 сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэртэй,                                                 

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 201/МА2016/00012 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Х.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Уранчимэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн төлөөлөгч А.Буянжаргал, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дотуур байрны багшаар томилогдон ажиллаж байхад Бор-Өндөр цогцолбор сургуулийн захирал 2015.11.16-ны өдөр 175 тоот тушаал гаргаж  ажлаас халсан. Би 2015 оны 9 дүгээр сард Баянмөнх сумын ЕБС-ийн дотуур байрны багш болон тогоочийн ажлын байрны тодорхойлолтыг авч ирч ажил үүргээ гүйцэтгэж байсан. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул  тушаалыг хүчингүйд тооцож, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1.093.200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Уранчимэгийг Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3, Сургуулийн дотоод журмын 6.2.1 /а,в,е/-д заасан үндэслэлүүдээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Үндэслэл нь дотуур байрны багш Х.Уранчимэг нь ажиллах хугацаандаа ажил таслах, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлэхгүй байх, ажлын байранд архидан согтуурах, ажилчид болон сурагчидтай харилцахдаа ёс зүйгүй ханддаг, харилцааны доголдол гаргадаг, ажлын байрыг дур мэдэн орхих, ажилдаа хариуцлагагүй хандах, сургалт явуулах хэвийн нөхцөл бүрдүүлэхгүй байх, сургалтын хөтөлбөр төлөвлөөгүй сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах зэргээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан. Иймд ажлаас нь халах шийдвэр гаргасан. Сургуулийн дотоод журмын 6.2-д Багш, ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлд 6.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйл, журамд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Зөрчлийн хувьд: Сургуулийн захиргаанаас өгсөн үүргийг чанартай биелүүлээгүй, даалгасан ажлыг удаа дараа хагас дутуу гүйцэтгэдэг, ажлын хариуцлага алдах сургалт хүмүүжлийг удаа дараа тасалдуулах, сургалт явуулах хэвийн нөхцөл бүрдүүлж чадаагүй, удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг дур мэдэн 2-оос дээш удаа орхиж явсан. 2015.11.16-ны өдөр ажлын байран дээр архидан согтуурч, бусадтай бүлэглэн үйлчлэгч Баяржаргалыг зодсон. Ажлын байран дээр архидан согтуурах, согтуу ирэх зэрэг нь удаа дараагийн үйлдэл болсныг цуг ажилладаг ажилчид нь нотолж байна. 2015.11.07-ны өдөр ажлын байранд гадны хүн орж охидын тасагт орж унтаж байсныг сантехникч Ш.Ганбат харж шаардлага тавьсан. Энэ нь дотуур байран хариуцлагагүй байдал хэвийн үзэгдэл мэт болсныг харуулж байна.2015.11.06-ны өдөр сургалтын менежер Ц.Норжмааг дотуур байранд ажиллах үед ажлын байран дээр ажлын цагаар согтуу байсан. 2014.9.04-ний өдөр ажлын цагаар архидан согтуурсан, сурагчдын дунд үлгэргүй байдал үзүүлсэн шалтгаанаар сахилгын шийтгэл авагдсан /2014.9.04-ний өдрийн №247 Б.Шинэцогт захирлын тушаал/. 2015.11.13-ны өдөр сургуулийн удирдлагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн Улаанбаатар хот явж ажил тасалсан.2015.11.12-ноос 13-ны шөнө дотуур байрны сурагч Э, дотуур байрны 207 тоот тасагт сурагч С-г хүчиндсэн. 2015.9.18-ны өдөр, 9.30-ны өдөр, 10.13-ны өдрүүдэд сургуулийн дотоод хяналтын зүгээс хийсэн 3 удаагийн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах тал дээрсанаачлага гаргаагүй, зөрчлийг арилгаагүй.2014, 2015 онуудад дотуур байрны сурагч бүрээс 25.000 төгрөг хураасан бөгөөд энэ талаар санхүүгийн тайлан гаргаж өгөөгүй ба ямар зүйл авсан нь тодорхойгүй. 2015-2016 оны хичээлийн жилийн багшийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулаагүй зэргээр удаа дараа зөрчил гаргаж байсан нь нотлогдсон болно. Тус сургуулийн дотуур байр 2012 оны 12 сард ашиглалтад орсон ба Х.Уранчимэгийг 2012.09.24-ний өдрийн 73 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 21.1, 23.2.3, 24.1, Засгийн газрын  2007 оны 354 тогтоолын 4 дүгээр хавсралт, 2012 оны 78 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт-г баримтлан дотуур байрны багшаар  томилсон байдаг. Энэ үеэс эхлэн дотуур байрны багшийн орон тоо нь сургуулийн албан ёсны батлагдсан орон тоонд багтан байнгын ажлын байр болсон /2012, 2013, 2014, 2015 оны батлагдсан орон тооны жагсаалт/ бөгөөд энэ үеэс ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн. Тиймээс ч Х.Уранчимэг дотуур байрны багшаар ажиллаж, сар бүр цалин хөлс, нэмэгдэл авч, байгууллагын зүгээс ч гэсэн удирдлага чиг үүргээр хангаж, хэн хэнийхээ өмнө үүрэг хүлээж, эрх эдлэж ажиллаж ирснийг үгүйсгэхгүй гэж бодож байна. Байгууллагын удирдлага өөрчлөгдөж солигдох бүрт ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчилнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Тиймээс намайг захирлаар томилогдсоноосоо хойш өөртэй нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр 2015.11.16-ны өдрийн 175 тоот тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй тул миний зүгээс тухайн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Бор-Өндөр цогцолбор сургуулийн захирлын 2015.11.16-ны өдрийн 175 тоот тушаалыг хүчингүй болгож, H.Уранчимэгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 1.093.200 төгрөг гаргуулж Х.Уранчимэгт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуульд даалгаж шийдвэрлэсэн байна.

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 201/МА2016/00012 дугаартай магадлал гаргаж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сургуулийн дотуур байр нь 2012 оны 12 сард ашиглалтад орсон ба дотуур байрны багш Х.Уранчимэгийг 2012.9.24-ний өдрийн 73 тоот тушаалаар дотуур байрны багшаар томилсон байна. Энэ үеэс эхлэн дотуур байрны багшийн орон тоо нь сургуулийн албан ёсны батлагдсан орон тоонд багтан байнгын ажлын байр бий болсон./2012-2015 оны батлагдсан орон тооны жагсаалт/, 2012.9.24-ний өдрийн 73 тоот захирлын тушаалаар Х.Уранчимэгийг дотуур байрны багшаар томилохдоо Хөдөлмөрийн хуулийн 21.1, 23.2.3, 24.1, Засгийн газрын 2007 оны 354 тогтоолын 4 дүгээр хавсралт, 2012 оны 78 дугаар тогтоолын 6-р хавсралт гэсэн заалтуудыг баримталсан нь Х.Уранчимэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн хуулинд байнгын ажлын байрны хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй байх ба шинээр томилогдсон захирал нь хөдөлмөрийн гэрээг шинэчилнэ гэсэн хуулийн заалт байхгүй болно. Хэдийгээр анх томилогдохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн ч 2012.9.24-нөөс хойш цалин хөлс нэмэгдэл зэргийг авч байгаа нь тодорхой хэмжээнд ажил олгогч ажилтан нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Хөдөлмөрийн хуулийн 3.1.15, 23.2.1, 23.3 заалтад тодорхой заасан байна/. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн талд орж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Х.Уранчимэг нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын, “Бор өндөр” цогцолбор сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, ажил олгогчийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 175 дугаар тушаалыг үндэслэсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэнтий аймгийн Бор-өндөр сумын “Бор өндөр” цогцолбор сургуулийн захирал 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 175 дугаар тушаал гаргаж, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 6.2.1/ а,в,е/-г баримтлан ”...зөвшөөрөлгүй ажлын байр орхиж ажил тасалсан, өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, сургалт явуулах хэвийн нөхцлийг бүрдүүлээгүй...” гэж Х.Уранчимэгийг дотуур байрны багшийн ажлаас чөлөөлсөн боловч  тушаалд заасан эдгээр гурван үндэслэл тогтоогдоогүй байна.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заажээ. 

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан аль үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь халсан нь тодорхойгүй, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь нотлогдоогүй  тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.     

а/. “...хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгээгүй...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг  хариуцагч үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэгч “Бор өндөр” цогцолбор сургуульд дотуур байрны багшийн ажил хийж цалин авч байсан нь тогтоогдсон тул зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэн гэж үзнэ. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн тул зохигчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгчтэй бичгээр гэрээ байгуулагдаагүй тул ямар зөрчлийг “...ноцтой...”-д тооцох талаар ажил олгогч ажилтантай тохиролцоогүй гэж үзнэ. Ажил олгогч өөрийн санаачлагаар ажилтантай байгуулсан гэрээг цуцлах нөхцлийг нэхэмжлэгчтэй тусгайлан тохиролцоогүй тул Х.Уранчимэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх боломж ажил олгогчид байхгүй юм.

б/. 2015 оны 175 дугаар тушаалын “...зөвшөөрөлгүй ажлын байр орхиж ажил тасалсан, өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, сургалт явуулах хэвийн нөхцлийг бүрдүүлээгүй...” гэх зөрчил тогтоогдоогүй тул Х.Уранчимэг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Зохигчид нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүйгээс “дотуур байрны багш”-н ажлын чиг үүрэг тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт хэрэгт байхгүй тул хариуцагчийн тайлбарт дурдсан зөрчлүүд болон тушаалд заасан “...өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, сургалт явуулах хэвийн нөхцлийг бүрдүүлээгүй...” гэх нөхцөл байдал нэхэмжлэлийг үгүйсгэж чадахгүй. Ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын  байрны тодорхойлолтод заасан ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрт зааснаас өөр ажил үүрэг биелүүлэхийг ажил олгогч шаардах эрхгүй юм. Дотуур байрны багшийн ажлын чиг үүрэг тодорхойгүй байгаа тул хариуцагчийн тайлбарт дурдсан ажлыг нэхэмжлэгч биелүүлэх үүрэгтэй байсан эсэхийг тогтоогдоогүй гэж үзнэ

Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа ирээгүй болохыг хүлээн зөвшөөрч байгаа ч энэ нь давтан зөрчил болохгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Харин “Бор өндөр” цогцолбор сургуулийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 175 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэх нөхцөл нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул  уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 201/МА2016/00012 дугаар магадлал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...Бор-Өндөр цогцолбор сургуулийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 175 тоот тушаалыг хүчингүй болгож...” гэснийг хасаж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж,  хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 30.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                   Б.УНДРАХ