Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00091/И |
Дугаар | 134/шш2024/00171 |
Огноо | 2024-07-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 134/шш2024/00171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** тоотод байрлах ***** /РД:****, утас:***, ****/
Хариуцагч:******, *** тоотод оршин суух, **** /ИБД:****, утас: ****/
Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,407,988 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,424,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч ***, хариуцагч **, гэрч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Иргэн **** нь 2019 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд ****-д төлбөл зохих нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,407,988 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд, хариуцагч ****өөс нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,407,988 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,424,488 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч **** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр жишээ нь: хурлын тэмдэглэл 62 дугаар хуудасны эхний нүүр дээр 440 оршин суугчаас 240 иргэн орсон 54,5 хувийн ирцтэй гэж байна. Тэгэнгүүтээ 62 дугаар хуудсан дээр болохоор **** удирдах зөвлөл сонгох, сонгогдох нь их ач холбогдолтой оршин суугчдын тав тухтай, засвар үйлчилгээний талаар шийдвэр гаргахад оролцох учраас идэвхтэй байх хэрэгтэй. Дээрх хүмүүс дээр санал гаргаж тооллогын комиссын дүнг танилцууллаа. Үүнд гээд баахан дүн танилцуулсан байгаа. Тэгээд энэ хүмүүсийн нийт санал авсан дүнг нь нэмээд байхаар нийтдээ 170 иргэн оролцсон юм шиг хурлын тэмдэглэл байгаа юм. Тэгээд 63 дугаар хуудсан дээр СӨХ-ны бүтцийг баталсан байна. Бүтцийг батлахдаа ажил албан тушаалаар нь санал аваад шийдвэрлэе гээд заалнаас хуралд орж ирсэн саналыг авч танилцуулав. Үүнд сантехникч 2 гэсэн саналыг 18 хүн, сантехникч 3 гэсэн саналыг 77 хүн дэмжсэн байна. Сантехникч 4 гэсэн саналаа **** татсан байна. Ингээд сантехникч 3 байхаар тогтлоо гэсэн байна. Нийт оролцсон хүмүүсийн саналын дүнг харахаар 95 хүн оролцоод энэ бүтцийг баталчихсан байна. Миний харж байгаагаар хурлын нийт ирц гэж хараад байгаа юм. Яагаад гэвэл 77 хүн зөвшөөрөөд 18 хүн өөр санал өгөөд ингээд 77 хүнээр баталчихсан. Энэ нь бол нийт 440 иргэнээс гэж бодох юм бол 39 хувиар баталсан байна. Дараагийн мөр дээр нь дахиад үйлчлэгч 6 санал, 7 гэсэн санал 73 хүний санал, 4 гэсэн санал 22 хүний санал ингээд мөн 95 хүн санал өгөөд дахиад баталчихсан. Дараагийн мөрөнд **** байцаагчийн орон тоон дээр 75 хүн санал өгсөн тул байцаагч орохоор боллоо. Бүтцийг танилцуулъя, захирал 1, нягтлан бодогч 1, сантехникч 3, цахилгаанчин 3 гэсэн 10 орон тоо батлах уу гэж байгаа юм. Тэгээд 95 хүн оролцоод хурлын бүтэц, орон тоо бүх юмыг шийдсэн байна. Тэгтэл 240 өрхөөс бодохоор 30 хэдэн хувийн саналаар, 440 өрхөөс харьцуулбал бүүр бага хувийн саналаар бүтэц орон тоо батлаад яваад байгаа хурлын тэмдэглэл байгаад байна. Энэ хурлын тэмдэглэл нь өөрөө ач холбогдолгүй. Тэгээд түдгэлзэж байгаа нь тодорхойгүй. Тэгсэн хэрнээ ирцийн саналаа баталгаажуулсан ямар нэг юм байхгүй. СӨХ байгуулах журмынхаа дагуу 14 хоногийн өмнө цахимаар болон бичгээр мэдэгдэнэ гэсэн хууль, дүрэм журмаа бүгдийг нь зөрччихсөн. Уурхайн хэдэн ажилчдыг цуглуулж суулгаж байгаад хийгээд явчихсан хурлын тэмдэглэл байгаад байна. Хамгийн гол зөвшөөрөхгүй шалтгаан ерөөсөө энэ юм. СӨХ-г хууль бус гэж үзэж байгаа учраас зөвшөөрөхгүй байгаа. Түрүүн **** эгч хэлж байх шиг байна. Өөрөө орлогч дарга байсан гээд. Орлогч дарга ямар нэгэн Засаг даргын захирамж ч юм уу, шийдвэр гаргахад тодорхой хэмжээний хяналтаар оролцдог. Тэгэхдээ энэ СӨХ-ны асуудал дээр ямар нэгэн байдлаар оролцоогүй. Засаг дарга захирамжаа өөрөө мэдээд гаргадаг асуудал байгаа. Тэр дээр ямар нэгэн хамтын шийдвэр гэсэн зүйл байдаггүй. Тэгээд уул нь үүнийг шүүх шинжилгээ ч юм уу, албан ёсны байгууллагаар батлуулъя гэхээр харамсалтай нь хүсэлт дэмжигдсэнгүй. Миний мэтгэлцэх, маргах боломжийг шүүх хангаагүй учраас энэ шүүх хуралдаанаар ялагдаж байх шиг байна. Ямар нэгэн нотлох баримт миний зүгээс гаргаж өгөх юм алга. Хурлын тэмдэглэлийг нь харахаар нэг ийм л тэмдэглэлтэй байгаад байгаа юм гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Хэргийн материал харахаар 2019 онд байгуулсан үйл явц тэрэнтэй холбоотой маргаан өрнөөд огт хаягдаагүй. Гэнэт одоо яригдаж байгаа зүйл биш юм байна. Тэрэнтэй холбоотой 3 шатны шүүхээр шийдсэн шийдвэр байна. Улсын дээд шүүхийн тогтоолоор ийм байгууллага бол байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага. Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь тухайн нэгжийн засаг захиргааны нэгжээс нь, Тамгын газраас нь хүлээн зөвшөөрөөд гэрчилгээ олгодог. Энэ ямар зорилго зориулалттай байгууллага вэ гэхээр орчны тохижилт, цэвэр цэмцгэр байдалд ач холбогдол өгч ажилладаг байгууллага юм. Тэрнээс биш энэ хүмүүс хуулийн этгээд ашиг орлого олох гээд яваад байгаа асуудал байхгүй. Тэгэхээр 2019 оноос хойш сууц өмчлөгч бол хог тарих уу, тарина. Тэгээд орц цэвэрлэхээс авахуулаад гадаа хог хурааж авах гэх мэт энэнтэй холбоотой 5-аас 6 жилийн хугацаанд ямар хэмжээний үйл явц өрнөх вэ гэдэг чинь энгийнээр төсөөлөх боломжтой зүйл байна. Тэр байгууллагыг хүлээн зөвшөөрч байна уу, зөвшөөрөхгүй байна уу гэдэг чинь манай хогийг цэвэрлэсэн, цэвэрлээгүйг хүлээн зөвшөөрнө гэдэг ойлголт болж байна. Манайх өдөр болгон өөрийнхөө хогийг энэ хогийн цэг дээр аваачдаг юм уу, машинаараа тэр хогийг шатаадаг бид нар өөрсдөө хийчихдэг гэдэг маргаанаар явах гээд байна. Тэгэхээр энэ хогийг цэвэрлээд цэвэр цэмцгэр орчин үүсгээд байж байхад тэр орон тоо, бүтцийн асуудлууд би слесарьд нь ажиллах байсан чинь ингээд баталчихлаа гэдэг маргаан биш. Тэр үйлчлэгч нь тэд байхыг зөвшөөрөхгүй гэдэг юм уу, яагаад зөвшөөрөхгүй байна вэ? гэвэл би өөр хүн ажиллуулмааргүй байна гэсэн маргаан бол биш байна. Тэгэхээр орон тоо, бүтэцтэй холбоотой гэхээсээ илүү тэр орон тоо, бүтэц өнөөдрийг хүртэл ажилласан эсэх энэнтэй холбоотой та нар ажиллаагүй байж яагаад төлбөр авах гээд байгаа юм бэ гэвэл арай шударга байх. Ажилласантай холбоотой маргахгүй гэсэн, мөнгө өгөхгүй гэж маргаагүй гэж сая албан ёсоор хэллээ. Юу гэж маргаад байгаа юм гэхээр хууль ёсны биш байгууллага манай гадаа орчныг цэвэрлээд байгаа хүмүүс хууль бусаар цэвэрлээд байна. Энэ чинь хулгай хийгээд байгаа гэсэн үг. Манай хогийг хулгайлчихсан хаях гээгүй байсан хогийг аваад явчихсан. Би энийг өөр юманд ашиглах гэж байсан, энэ чинь хулгай гэж хэлэх гээд байна. Хэрвээ тэгж хэлэх гээд байгаа юм бол тэр хогуудаа бид нар өөрсдөө цэвэрлэсэн гэж нотлох ёстой. Тэгэхээр тэр тэмдэглэлд дурдсан эсэх хууль ёсных биш гэж одоо маргаж болохгүй. 6 жил гэдэг чинь өөрөө том ач холбогдолтой хугацаа юм. 6 жилд чинь хүүхэд төрлөө гэхэд 6 нас хүрчихнэ, энэ чинь одоо төрөх ёсгүй байсан хүүхэд гэх боломжгүй. Тэр хооронд энэ байгууллага татвараа төлдөг амьд гэдгийг нь тодорхойлчихоод байна. 25,000 төгрөг гэдэгтэй маргах гээд байгаа юм уу, мөнгөн дүнгийн их бага гэдэгтэй маргах гээд байгаа бол тэд нар чинь тус тусдаа өөр өөрөөр яригдана. Тийм учраас энэ гарч байгаа дүнг төлөх ёстой. Энэ чинь 6 жилийн хугацаанд хэчнээн удаа хогоо зөөлгөсөн, гаднах орчны цэвэрлэгээгээ хийсэн юм бэ? Энэ чинь шударга ёсны асуудал. Энэ 6 жилийн хугацаанд л хураагдаж байгаа төлбөрийн хэмжээ байгаа. Тэгэхээр энэ ойлголтыг эргүүлээд өөр зүйл дээр маргаад байвал савандаа биш юм шиг ойлголттой болчих гээд байна. Дээрээс нь хариуцагчийн зүгээс хариуцлагатай ажил албан тушаал хийж явсан хүний хувьд энэ хүсэл зоригоо илэрхийлэх ач холбогдолтой хугацаануудаа алдсан гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрөөд Монголд улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг л хууль тогтоомж адил үйлчилнэ. Би хүсэхгүй байна гэдгээр энийг үгүйсгэж болохгүй. Нэгэнт тэр гомдлоо гаргаад ирлээ. Гомдол гарсантай холбоотой баримт байхгүй, гаргаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс төлбөрийн агуулгынхаа хүрээнд маргамаар байна гэв.
4. Нэхэмжлэгчээс: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хураамжийн үлдэгдлийн товчоо, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн СӨХ байгуулах тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолууд, ****-ын гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, ***-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 15/22 дугаар албан бичиг, ****-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний хураамжийн нэхэмжлэхүүд /59 ширхэг/, ****-ны дүрэм, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 216/МА2020/00020 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01054 дүгээр тогтоол, ****-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хүснэгт,*******-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/22 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03/140 дүгээр албан бичгиг, Шивээ Овоо ХК-ийн захирлын зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийг,
5. Хариуцагчаас: 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн СӨХ байгуулах тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, фото зураг зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэл, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** холбогдуулан нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,407,988 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,424,488 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч *** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
****ны харьяа байранд хариуцагч **** оршин суудаг бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт хамгаалалтын зардлын хураамж сар бүрийн 25,000 төгрөг төлөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан. Үүсгэн байгуулагдсанаас хойш төлөгдөөгүй нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,407,988 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,424,488 төлөгдөөгүй тул гаргуулна гэжээ.
4. Хариуцагч **** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
*****-г байгуулахдаа 14 хоногийн өмнө цахимаар болон бичгээр мэдэгдэнэ гэсэн хууль, дүрэм журмаа зөрччихсөн, уурхайн хэдэн ажилчдыг суулгаж хуралдаад байгуулагдсан хууль бусаар байгуулагдсан СӨХ тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлана.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хураамжийн үлдэгдлийн товчоо, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн СӨХ байгуулах тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолууд, *****-ын гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, ****-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 15/22 дугаар албан бичиг,*****-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний хураамжийн нэхэмжлэхүүд /59 ширхэг/, ****-ны дүрэм, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 216/МА2020/00020 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01054 дүгээр тогтоол, ***-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хүснэгт, *****-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/22 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03/140 дүгээр албан бичгиг, Шивээ Овоо захирлын зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
****** дугаар байрны оршин суугчдын хурлын шийдвэрээр *****-г 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулжээ.
Тус холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *****-ны гүйцэтгэх захирал томилох тухай 07 дугаар тогтоолоор холбооны гүйцэтгэх захирлаар **** томилж, уг холбоог сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрчилгээ олгогдсон байна.
6. ***** нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар хуулийн этгээдийн эрхгүй, холбоо байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
7. Талуудын маргааны зүйл нь өмнө нь уг маргааныг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэг нийтэд илэрхий нотлох баримтуудаар уг СӨХ нь хууль ёсны байгуулагдсан гэж үзсэн баримтууд байгаа, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүхэд нотлоогүй гэж,
***** анх байгуулагдахдаа оршин суугч нарт СӨХ байгуулах гэж байгаа талаар ямар нэгэн мэдээлэл хүргээгүй, мөн хурлын ирц 50 дээр нэмэх нэг хувь хүрээгүй байхад СӨХ байгуулсан учраас хууль бус СӨХ гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргана.
8. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.,
мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох; гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч **** нь өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, мөн бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон гаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг гаргаж ирүүлээгүй, улмаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг тухайн цаг хугацаанд нь эрх бүхий этгээдэд гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2, 38 дугаар зүйлийн 38.1-дэх хэсгүүдэд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг хэргийн оролцогч нь өөрөө нотлох, гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.
9. Нэхэмжлэгч **** нь дундын өмчлөлийн зүйлийн үйлчилгээний хураамжаас гадна нотариатын зардал 16,500 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хохирол нэхэмжилсэн гэж үзэж энэ үндэслэлээр дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
10. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,742 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,742 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1., 148 дугаар зүйлийн 148.2.3., 219 дүгээр зүйлийн 219.1., Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч ***** нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,407,988 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,424,488 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,742 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****өөс 37,742 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА