Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/03627

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/03627

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Б*** дүүргийн ***дугаар хороо, Ц***** хотхон *** дугаар байрны ** тоотод оршин суух, регистр ********, Монгол овогт Баянжаргалын Мягмарсүрэн,

Хариуцагч:Баянгол дүүргийн *** дугаар хороо, Д*** байрны ** тоотод оршин суух, регистр *****, Х***** З*** овогт Б*** Э*****,

Нэхэмжлэлийн шаардлага:15 480 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ************ холбогдуулан 15 480 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Би Б.Э*******зээлийн гэрээ байгуулан 6 000 000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс нэг жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн.Гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг тохирсон.Зээлийн гэрээг бид бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болно.Хариуцагч Б.Э****** нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаандаа мөнгөө эргүүлэн төлөөгүй өнөөдрийг хүрлээ.Утсаар ярихад өнөө маргаашгүй төлнө гэж амласаар, сүүлийн үед утсаа авахаа больсон.Үндсэн зээл 6 000 000 төгрөг, 12 сарын 6 хувийн хүү 4 320 000 төгрөг, алданги 5 160 000 төгрөг болж байгаа.Иймд Б.Э****** нь одоо хүртэл зээлж авсан мөнгөө эргүүлэн төлөхгүй байгаа учир хариуцагчаас нийт 15 480 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:*******гээс зээл авсан, зээлээ төлөх гээд хөдөө орон нутаг руу ажил хийх гээд явсан байгаа.Ховд аймгийн Булган суманд ажиллаад 5 сар болж байгаа, 6 сар болоод цалингийн зээл авч өгөх гэж байгаа.Сард 1,000,000 төгрөг өгч байгаа гэсэн.Нэхэмжлэгчийн шаардсан 15 480 000 төгрөгөөс үндсэн зээл болох 6 000 000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэхэд төлнө, үлдсэнийг нь төлөхгүй татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчээс-зээлийн гэрээг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Б.Э******* 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг тохирч зээлдүүлсэн, үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүү 4 320 000 төгрөг, алданги 5 160 000 төгрөг нийт 15 480 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчээс 6 000 000 төгрөгийг зээлж авсан, үндсэн зээлийн 6 000 000 төгрөгийг 8 дугаар сарын 25-нд цалингийн зээл аваад төлнө, бусдыг төлөхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн зээлийн гэрээ, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын маргааны зүйл нь зээлийн хүү болон алданги байх бөгөөд зээлийн гэрээ байгуулсан, зээлийн мөнгийг зээлдэгч хүлээн авсан, зээлийн хүүгийн хэмжээний талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ******* зээлийн мөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй ба Б.Э******** нь 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Иргэний хулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т нэг сарын 6 хувийн хүүтэй, 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон байх тул нэхэмжлэгч нь зээлийн хүү болон алданги шаардах эрхтэй байна.

Зээлдэгч Б.Э********* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн зээлийн 6 000 000 төгрөг, зээлийн хүү 4 320 000 төгрөг, алданги 5 160 000 төгрөг нийт 15 480 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх зээлийн мөнгийг зээлдэгчид төлж байгаа гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 235 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Б******* Э****** 15 480 000 /арван таван сая дөрвөн зуун наян мянган/ төгрөг гаргуулж Б*н М********* ***********олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э****** 235 350 төгрөг гаргуулан *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН