Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:******* ЗБХН /РД:*******/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хооронд үүссэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн сунгахыг даалгаж шийдвэрлүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч ******* ЗБХН-өөс Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/429 тоот ******* ЗБХН-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/114 дугаар тушаалаар ******* ЗБХН-д ******* аймаг, сумын ******* нуурын байгалийн цогцолбор газар, тусгай хамгаалалттай газар нутгийн нуурын ар нэртэй 2.5 га газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгожээ.[1]

2.2 ******* аймгийн сумын Засаг дарга, *******ийн Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон ******* нөхөрлөлийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээг байгуулжээ.[2]

2.3. Энэхүү гэрээг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр талууд дүгнэж, газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн болон бусад заалтыг дүгнэж акт үйлдсэн байна.[3]

2.4. Мөн ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1 193 750 төгрөгийг төлж, төлбөрийн өргүй талаар тэмдэглэж, тооцооны үлдэгдлийн баталгааг Тамгын газрын нягтлан бодогч гаргажээ.[4]

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж гаргасныг[5] тус яамны 2021 оны 04 дүгээр сарын 09/1553 дугаар албан бичгээр ...цахим систем хэрэглээнд нэвтэрсний дараа цахимаар хүсэлт, материалыг бүрдүүлэн дахин ирүүлэх.. талаар дурдаж, хүсэлтийг буцаасан.[6]

2.6. *******ийн Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 190 дугаартай албан бичгээр ******* нөхөрлөлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг дэмжсэн агуулга бүхий саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлжээ.[7]

2.7. Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дахин хандаж Газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг[8] Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 дугаар албан бичгээр ...хүндэтгэх шалтгаангүй 2 жил ашиглаагүй, Ойн сан бүхий газар ашиглах эрх олгосон байгаа нь хууль зөрчсөн... гэх хариуг хүргүүлсэн байна.[9]

2.8. Нэхэмжлэгч ******* ЗБН-өөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2016/0138 дугаар эрхийн гэрчилгээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан газар ашиглах гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтэд өгсөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээний хугацааг сунгаж, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 160 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.[10]

2.9. Дээрх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана гэж зааснаар газар ашиглуулах эрх олгох асуудал нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарна гэж, 14-д Нэхэмжлэгч хуулийн этгээдээс газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсний үндсэнд тус хариуг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргах эрхийг шүүхийн энэ шийдвэр хязгаарлахгүйг тэмдэглэв гэж дурдсан бөгөөд гэрчилгээний хугацаа сунгах асуудлыг захиргааны байгууллага шийдвэрлээгүй буюу шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэх талаар дүгнэжээ.[11]

2.10. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад удаа дараа гаргасан[12] байх боловч хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэж хариу өгөөгүй байна.

2.11. *******ийн Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаартай албан бичгээр газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр ******* нөхөрлөлийн газар ашиглах эрхийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлжээ.[13]

2.12. Дээрх албан бичгийн хавсралтаар хамгаалалтын захиргааны мэргэжилтэн ******* хээрийн судалгааны хүснэгт бөглөж, 2020-2022 оны газрын төлбөрийн 856 573 төгрөгийн өртэй, хүндэтгэх шалтгаангүй газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тэмдэглэсэн байна.[14]

2.13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* аймгийн сумын Засаг даргаас ирүүлсэн албан бичгээр 2020-2023 онд огт газрын төлбөр төлөөгүй, 1 427 623 төгрөгийн өртэй гэх тооцоог гаргаж ирүүлсэн.[15]

2.14. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/429 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ...газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр Хамгаалалтын захиргааны саналын дагуу хүчингүй болгож шийдвэрлэж, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08/5015 дугаар шийдвэрийг мэдэгджээ.[16]

2.15. Нэхэмжлэгчийн зүгээс ... Газар дээр нэг байшин баригдсан хэн нь үл мэдэгдэх тодорхойгүй байдалтай, газрын гэрчилгээгээ авснаас хойш 3 жилийн хугацаанд зөвхөн бичиг цаасны ажил хөөцөлдөж нааш цааш их явсан. Бичиг цаасаа бүрдүүлээд 2019 оны 8 дугаар сард гэрээгээ албажуулаад очиход нөхцөл байдал ийм болсон байсан. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу тухайн газар дээр болж байгаа зөрчилдөөн, үйл ажиллагааг арилгах эрх бүхий субъектүүд болох сумын засаг дарга, *******ийн тусгай хамгаалалтын захиргаанд хандаад газар чөлөөлүүлэхтэй холбоотой хүсэлтүүдийг гаргаад явж байсан. Энэ хугацаанд 2020 он дуусгавар болж, 2021 оны эхээр ковид гараад аймаг орон нутаг руу явах боломжгүй, газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2021 оны 3 дугаар сараас эхлээд Газрын тухай хуульд гэрээ дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгах хүсэлтээ гаргадаг гэж заасны дагуу хугацаа сунгах хүсэлт, саналыг уламжилж өгөөч гээд ******* нуурын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргасан. Хамгийн сүүлийн байдлаар манай газар ашиглах эрхийг цуцалж байгаа 2 гол үндэслэл бол огт үндэслэл байхгүй, төрийн байгууллага газрын төлбөрөө зохих хугацаанд бүрэн төлөөд баримтууд нь эх хувиараа байдаг. Сумын газрын даамалтайгаа тооцоо нийлсэн акт үйлдээд өргүй. 2021 оны 3 сард газар ашиглах хугацаа дууссан ч 2021 оныг дуустал 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад газрын төлбөрөө зохих хугацаанд бүрэн төлж барагдуулаад, банканд төлсөн баримт нь бидэнд эх хувиараа байна. Тухайн баримтуудаа суманд очиж тулгаад өргүй гээд нягтлан Энхцэцэг албажуулаад бидэнд тооцоо үлдэгдлийн баталгаа гээд хийж өгсөн. Дунд нь 1 жил бид нар дунд нь газар дээр хашаа, нэг жижиг дүнзэн байшин барьчихсан бусдын зөрчлийг арилгуулах гэж явсан. 2 жил хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой дээд шүүхийн тайлбар 15 дугаар тогтоолд бусдын хууль бус үйл ажиллагаанаас, нийтийг хамарсан цар тахал гамшигт үйл явдал нь хүндэтгэн үзэх шалтгаандаа орно гээд заасан байна ... гэх агуулгаар маргаж байна.

2.16. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...Нэхэмжлэгчээс ойн сан бүхий давхцалтай гээд тайлбарлаж байна. Маргаан бүхий тушаал чинь 40.1.5, 40.1.6-г үндэслэж гарсан. 40.1.5-д өөрсдөө төлсөн гээд сүүлд шүүхэд хэрэгт авагдсан баримтаас үзэхээр төлөгдөөгүй өртэй, газрын төлбөр нийлсэн акт дээр огноог нь судлуулаад тайлбарлуулъя гээд шүүхээс асуухад нэхэмжлэгч хэзээ үйлдсэн болохыг тодорхойлж чадахгүй байна. 40.1.6-ийн үндэслэл нь нэхэмжлэгч бусдын хууль бус үйл ажиллагаа гээд тайлбарлаад байдаг гэхдээ хэрэгт авагдсан баримтуудаас үзэхээр газар дээр байшин, хашаа барьсан гэдгийг бусдын хууль бус үйл ажиллагаа гэж үзэх үү гэдэгт захиргааны байгууллагаас ямар нэгэн акт гаргаагүй байна. Хууль бус үйл ажиллагаа гэж үзэх үү тэр бол боломжгүй асуудал. Тодорхой бус хариу өгөөд байгаа учраас эс үйлдэхүй гэж тайлбарлаад байна. Манайхаас тухайн асуудлаар судлаад хариуг нь өгсөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани 40.1.6-тай холбоотой газраа ашиглаагүй гэдгийг тайлбарлахдаа нэг жил нь бусдын хууль бус үйл ажиллагаа, нэг жил нь ковид байсан, нэг жил нь бичиг цаас хөөцөлдөөд явж байсан гэдэг нь газраа зориулалтын дагуу ашигласан гэдэг идэвхтэй үйл ажиллагаанд тогтоогдохгүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал үндэслэлтэй байна. Сонсох ажиллагаа хийгдээгүй тодорхой баримтууд хэрэгт авагдаагүй байна гэдэг боловч яг тодорхой хугацаа заагаагүй ч илтгэх хуудсаар сонсох ажиллагаа хийсэн гэдгээ ******* аймгаас ирүүлсэн. Сонсох ажиллагаатай тайлбарыг ******* нөхөрлөлөөс авъя гэхээр газраа зориулалтын дагуу 2 жил ашигласан гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй ... гэж тайлбарлав.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* байгууллага ******* аймгийн сум ******* нуурын ар гэдэг нэртэй газарт аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхээр газар ашиглах тухай хүсэлт, холбогдох материалуудаа бэлдээд анх 2016 онд ******* нуурын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасан. Нуурын хамгаалалтын захиргааны зүгээс өгсөн санал, зөвлөмж холбогдох бичиг баримтуудыг үндэслээд бид нар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаад 2.5 га газрыг сайдын 2016.04.14-ны өдрийн А/114 дүгээр тушаал гарч, манай компанид ашиглуулахаар шийдвэрлэсэн. 2016.04.14-ний өдөр анх газар ашиглах тухай шийдвэр гарсан. Энэ хугацаанаас хойш газар ашиглах эрхийн гэрчилгээ 1 жилийн дараа 2017 оны 6 дугаар сард олгогдсон. Энэ хугацаанд эрхийн гэрчилгээ хэвлэгдсэн, тэмдэгтийн хураамж төлөгдсөн, манайх гар дээрээ 2017 оны 6 дугаар сард яамнаас эрхийн гэрчилгээг гардаж авсан нь яамны гэрчилгээ хүлээлгэн өгсөн баримтуудаас тодорхой харагдах байх гэж бодож байна. Энэ гэрчилгээг гардаж авснаас хойш бидний үндсэн ажиллагаа бол эхэлдэг. Газар ашиглахтай холбоотой Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Газрын төлөв байдлын үнэлгээ, баазад хэрэгжүүлэх үндсэн эскиз зураг, төсөл гэх мэт бүх тайлан, магадалгаа, бичиг баримтууд бэлтгэгддэг. Ингэж бэлтгэгдсэнээр газар ашиглах тухай гэрээ байгуулагдаж байгаа. 2019.08.28-ны өдөр сайдын газар ашиглах шийдвэр гарснаас хойш 3 жил 4 сарын дараа үндсэн гэрээ байгуулагдаж баталгаажсан. Тухайн гэрээ нь гуравласан гэрээ гэж яригддаг, тусгай хамгаалалттай газарт газар ашиглах тухай гэрээ юм. 2018 оны 2 дугаар сард өмнө нь гэрээ байгуулагдсан тэр гэрээг яамны зүгээс хүчингүй болсон, хуульд өөрчлөлт орсон учраас гэрээгээ шинэчлэх шаардлагатай гэсэн шаардлага тавьсан. 2019 оны 8 дугаар сард эцсийн байдлаар гэрээгээ албажуулж авсан. Гэрээгээ албажуулж аваад Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, судалгааны тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар баталгаажуулаад, яам 2019, 2020 оны үнэлгээг хянаж баталгаажуулсан. Энэ нарийвчилсан үнэлгээтэй хамт газар дээр хийгдэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүд гэж хийгддэг ажлуудаа бүгдийн хийгээд явсан. 2019, 2020 онуудад газар дээр ямар хүндрэлүүд гарсан гэхээр ковид гарсан, үл ойлгогдох байдлаар хашаа баригдсан гэдэг асуудал гарсан, хашаа бол үзлэгээр авсан фото зургуудаар харагдаж байна. Газар дээр нэг байшин баригдсан хэн нь үл мэдэгдэх тодорхойгүй байдалтай, газрын гэрчилгээгээ авснаас хойш 3 жилийн хугацаанд зөвхөн бичиг цаасны ажил хөөцөлдөж нааш цааш их явсан. Бичиг цаасаа бүрдүүлээд 2019 оны 8 дугаар сард гэрээгээ албажуулаад очиход нөхцөл байдал ийм болсон байсан. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу тухайн газар дээр болж байгаа зөрчилдөөн, үйл ажиллагааг арилгах эрх бүхий субъектүүд болох сумын засаг дарга, *******ийн тусгай хамгаалалтын захиргаанд хандаад газар чөлөөлүүлэхтэй холбоотой хүсэлтүүдийг гаргаад явж байсан. Энэ хугацаанд 2020 он дуусгавар болж, 2021 оны эхээр ковид гараад аймаг орон нутаг руу явах боломжгүй, газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2021 оны 3 дугаар сараас эхлээд Газрын тухай хуульд гэрээ дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгах хүсэлтээ гаргадаг гэж заасны дагуу хугацаа сунгах хүсэлт, саналыг уламжилж өгөөч гээд ******* нуурын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргасан. Хүсэлтээ гаргаад сар гаруйн хугацаанд манай хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй тул бид бүхэн яаманд хандаад хугацаа сунгах асуудлыг шийдэж өгөөч гэсэн. 2021 оны 4 дүгээр сард яаманд хандсанаас хойш 2021.04.07-ны өдөр яамнаас нэмж материал бүрдүүлж ирүүл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлт, газрын төлөв байдал чанарын баталгаа, хамгаалалтын захиргааны санал, гэрээ дүгнэсэн акт зэрэг материалуудыг нэмж бүрдүүлж ирүүлээд танай хүсэлтийг хянаж үзэх болохыг анхаарна уу гээд хариу өгсөн. Бид бүхэн 2021 оны 9 дүгээр сард эдгээр бүх материалуудыг батлуулаад, бүрдүүлээд, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, хянан баталгааг бол Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар баталдаг. Батлахдаа бас багагүй хугацаа шаардагддаг. Яамнаас өгсөн тайлбарын дагуу материалаа бүрдүүлээд 2021 оны 9 дүгээр сард хүсэлт гаргасан. Яамнаас огт хариу өгөөгүй. 2021 оны 9 дүгээр сард яамнаас шаардсан бичигт *******ийн хамгаалалтын захиргааны манай хугацааг сунгахыг дэмжсэн санал, Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах тухай гэрээг дүгнэсэн акт, газрын төлбөр тооцоо нийлсэн акт гэсэн гол чухал баримтуудыг мөн Газрын төлөв байдал чанарын хянан баталгааг дахин хянан баталсан 7 дугаар сарын 8-нд, ингээд 2021 оны 9 дүгээр сард Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан шаардагдах баримтууд, яамны шаардсан бичиг баримтуудыг бүгдийн бүрдүүлээд 2021 оны 9 дүгээр сард дахин хүсэлтээ гаргасан. 2022 оны 1 дүгээр сар хүртэл огт хариу өгөөгүй болохоор тухайн оны 1 дүгээр сард гомдол гаргасан. Манай хүсэлтийг шийдвэрлэхгүй удлаа, 9 дүгээр сард гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй 4 сар явсан. Манай газрын асуудлыг судалж байгаа Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэргэжилтэн гэх хүмүүстэй удаа дараалан уулзаад, яваад байсан. Уулзахад бидэнд эхний ээлжид сайд солигдож байна, бид бүхэн зохион байгуулалтын нэгжүүд өөрчлөгдөж, ажлууд хариуцаж буй ажилтнууд өөрчлөгдөж байна гэх мэт тайлбаруудыг өгөөд яваад байсан. Бичгээр 1 дүгээр сард гомдол гаргасан. Энэ гомдол гаргасны дагуу бидэнд 2022 оны 2 дугаар сард газар ашиглах хугацааг сунгах танай хүсэлтийг судалж үзсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021.10.25-ны өдрийн ийм албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Энэ танайд хүргүүлсэн хариу хавсралтаар хүргүүлэв гээд шуудангаар 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай бичгийг манайд хавсралтаар ирүүлсэн. Энэ бичиг нь өмнө нь манайд ирээгүй, ойн сан бүхий газар орсон 2 жил ашиглаагүй гэсэн 2 үндэслэлээр цуцлах үндэслэл бүрдсэн тул сонсох ажиллагааны мэдэгдэл ирсэн. Сонсох ажиллагааны мэдэгдэл дараа оны 2 сард өгсөн хариунд хавсаргаад ирсэн. Ингээд бид бүхэн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасан, шүүхийн шийдвэр гарсан. Сонсох ажиллагааны мэдэгдэл бүхий акт хууль бус болохыг тогтоогоод, хугацаа сунгахыг даалгахтай асуудлыг тухай бүр шийдвэрлээд явсан байна гэж үзээд манай нэхэмжлэлийг хангаад шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гарснаас хойш 2023 оны 6 дугаар сард дахин хүсэлт гаргаж байна. Дахин хүсэлтдээ бид ойн сан бүхий газрыг судалсан, мэргэжилтнүүдээс тодруулсан, ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тодруулсан эдгээр зурган мэдээлэл дээр тулгуурлаад хэрвээ ойн сан бүхий газарт орсон гэж үзэж байгаа бол зөрчлөө арилгая анх олгохдоо тэрийг шалгахгүй яасан юм бэ гэж ярихаас илүү хэрвээ тэр хууль зөрчиж байгаа бол хуульд нийцүүлсэн байдлаар бид бүхэн зурагт өөрчлөлт оруулъя. Кадастрын эргэлтийн цэгүүдэд өөрчлөлт оруулаад ажилласан. Дундах зам, талбай бидэнд олдсон ойн сан бүхий мэдээллийн зургийг тусгаж үзэж байгаад кадастрын зургийг 2 нэгж талбар болгож хувааж байгаад хуучин 2.5 га талбай хэвээр нь аль болох хуульд зөрчилгүй болгож кадастрын зураг мэргэжлийн байгууллагад үйлдүүлсэн. Энэ зургийн дагуу манайд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж өгөөч ээ. Манайх 2 жил газар ашиглаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх ийм учиртай гэж тайлбарлаад хүсэлтээ 2023 оны 6 дугаар сард кадастрын зургийг хавсаргаад бүх материалаа бүрдүүлээд гаргасан. 2023.06.22-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манайд хариу мэдэгдэл 2023.09.20-нд буюу 3 сарын дараа ирүүлсэн. Хариу мэдэгдэлд танайхыг 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй тул *******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 180 дугаар албан бичгээр ирсэн саналын дагуу 2.5 га газрын эрхийг хүчингүй болгосугай гээд 2023.09.01-нд шийдвэр гарсныг 2023.09.20-нд буюу хүсэлт гарснаас хойш 3 сарын дараа мэдэгдэл ирүүлсэн. Бид бүхэн багагүй хөрөнгө, цаг хугацаа зарцуулж төсөл хэрэгжүүлэхээр явж байгаа хүмүүсийн хувьд гомдолтой байгаа учраас шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хамгийн сүүлийн байдлаар манай газар ашиглах эрхийг цуцалж байгаа 2 гол үндэслэл бол огт үндэслэл байхгүй, төрийн байгууллага газрын төлбөрөө зохих хугацаанд бүрэн төлөөд баримтууд нь эх хувиараа байдаг. Сумын газрын даамалтайгаа тооцоо нийлсэн акт үйлдээд өргүй. 2021 оны 3 сард газар ашиглах хугацаа дууссан ч 2021 оныг дуустал 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад газрын төлбөрөө зохих хугацаанд бүрэн төлж барагдуулаад, банканд төлсөн баримт нь бидэнд эх хувиараа байна. Тухайн баримтуудаа суманд очиж тулгаад өргүй гээд нягтлан Энхцэцэг албажуулаад бидэнд тооцоо үлдэгдлийн баталгаа гээд хийж өгсөн. Ийм байхад юуг үндэслэж төлбөр төлөөгүй гэж заасан хугацаа гээд харахаар он гараад хугацаандаа төлдөг. 2 хэсэг 2 хуваагдаж Байгаль хамгаалах сан, сум гээд 2 өөр дансанд боломжоороо хугацаандаа бүрэн төлдөг. 2 жил дараалан ашиглаагүйн тухайд бид нар сүүлийн 1 жил ковид, эхний 3 жил бичиг цаасаа янзлаад явсан бид нараас шууд хамаараагүй ажил байна. Дунд нь 1 жил бид нар дунд нь газар дээр хашаа, нэг жижиг дүнзэн байшин барьчихсан бусдын зөрчлийг арилгуулах гэж явсан. 2 жил хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой дээд шүүхийн тайлбар 15 дугаар тогтоолд бусдын хууль бус үйл ажиллагаанаас, нийтийг хамарсан цар тахал гамшигт үйл явдал нь хүндэтгэн үзэх шалтгаандаа орно гээд заасан байна. Эсвэл бидний бичиг цаас хөөцөлдсөн 3 жилийн хугацааг ярьж байна уу энэ 2 үндэслэлийг яаж гаргаж ирсэн бэ гэдэг дээр гайхаж байна. Сүүлд ойн сан бүхий хэсгийг засаад нэгж талбарын зурагт өөрчлөлт оруулаад манайд газар ашиглах гэрээ координатад өөрчлөлт оруулаад гэрээ сунгах ч юм уу байдлаар бид нарт тушаал шийдвэрийг зохих журмын дагуу гаргаад бид газар ашиглах гэрээгээ сунгаад, төслөө хэрэгжүүлээд явъя гэдэг хүсэлтийг хянаж үзсэнгүй гээд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн захиргааны байгууллага, төрийн эрх мэдэлтэй албан тушаалтан иргэдийн хоорондын асуудлыг зохицуулсан Захиргааны ерөнхий хууль байдаг. Захиргааны ерөнхий хууль зөрчсөн бол төрийн байгууллага болон ажилтнууд иргэн буруутай, буруугүйгээс үл хамаараад тэр гаргасан шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчлагдсан байдаг. Сая ******* ярилаа, манайх буруутай зүйл хийгээгүй, хуульд заасан сонсох ажиллагаа яагаад хийгээгүй бэ. Сонсох ажиллагаа хийхгүйгээр гаргасан бүх шийдвэрийг хүчингүй болгохоор хуульд заасан байна. Сонсох ажиллагаа хийгээгүй төрийн захиргааны байгууллага дур мэдэн буруутай, буруугүйг шалгаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь асуудалтай. Хариуцагч тал сонсох ажиллагаа хийсэн, хийгээгүйг нотол. Сонсох ажиллагаа хийгээгүй л юм бол гаргасан шийдвэр нь хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Доод шатны байгууллага нь манайх сонсох ажиллагаа хийсэн гээд бичиг явуулахад сонсох ажиллагаа хийсэнд тооцдог гэж ярилаа. Захиргааны ерөнхий хууль болон бусад хуульд мэдэгдэл хүргүүлсэн эсэх тал дээр захиргааны байгууллага өөрөө нотлох баримт бүрдүүлэхээр заасан байна. Хавтаст хэрэгт сонсох ажиллагаа *******-д мэдэгдсэн гэсэн ямар баримт байна вэ? Ямар ч баримт байхгүй. Юугаар нотлох вэ гэхээр бичгээр нотлох ёстой. Хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл байх ёстой, нөгөө тал хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Хуульд заасны дагуу байх ёстой. 2 жил ашигласан уу, ашиглаагүй юу гэдгийг миний хувьд яриагүй байна. Төрд нэг эрх байдаг эрх олгодог, эрхийг хүчингүй болгодог. Төр хэт их эрхтэй учраас эрхээ хэтрүүлэн ашиглаж чаддаг учраас Захиргааны ерөнхий хуулийг барьж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрээ гаргана. Хуулийн дагуу шүүх шийдвэрлэнэ. Захиргааны ерөнхий хуульд заасан бичиг шуудангаар хүргүүлсэн, явуулсан гэдэг ч юм уу тэр баримт нь хаана байна вэ? Шуудангаар явуулсан гэхэд нөгөө этгээдэд хүрсэн байхыг шаарддаг тэр баримтыг нотлох үүргийг захиргааны байгууллага хүлээхээр хуульчилсан байна. Тийм учраас *******-д хүргүүлсэн баримт байхгүй юм бол шүүх шийдвэрийг хүчингүй болгох ёстой гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023.09.01-ний өдрийн А/429 дүгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Тус тушаалын үндэслэлд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1, 40.4.1 дэх заалтад үндэслэсэн байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.4.1 дэх заалт Газрын тухай хуулийн заалтыг зөрчсөн бол хүчингүй болгоно гэж тодорхой зохицуулалтаар заасан байдаг. Тухайн нэхэмжлэгч компани газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож цуцалсан. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь *******ийн улсын тусгай хамгаалалттай газрын 2023.07.05-ны өдрийн 180 дугаар газар ашиглах эрхийг цуцлуулах тухай саналыг үндэслээд гарсан. Тус саналд Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулсан, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрөө төлөөгүй, 2 жил ашиглаагүй талаар дурдсан байдаг. Нэхэмжлэгч компанид 2016.04.14-ний 114 дүгээр тушаалаар тус 2.5 га газрыг 5 жилийн хугацаатай олгосон боловч газраа зориулалтын дагуу ашигласан гэдэг нь тогтоогддоггүй. Тушаал гарахаас өмнө ойн сан бүхий газартай давхацсан тул хүсэлтээ өөрчлөөд ирүүлсэн гэж нэхэмжлэгч тал яриад байна. Нэхэмжлэлийн шаардлага Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгоод, хариуцагчийн хариулахгүй шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй маргаад, даалгах гэсэн 3 нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж ойлгож байна. Эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ямар нэгэн эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тус албан бичгүүдэд 2021 онд хандсан хүсэлтүүдэд нь манайх удаа дараа хариулт өгсөн, 2023 онд шүүхийн шийдвэр гараад тогтоогдоод, дахин хүсэлтээ өгөөрэй гээд шийдвэрлэгдсэн асуудал. Тус шүүхийн шийдвэр гарснаар ******* нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлт гаргасны дагуу манайх харгалзан үзээд 2 жил газраа ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй байна гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад яаманд ирүүлсэн *******ийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас ирүүлсэн илтгэх хуудас дээр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу газар ашиглагч бүрд сонсох ажиллагааны мэдэгдлийг утсаар нэг бүрчлэн утсаар холбогдон 23 иргэн аж ахуй нэгжээс 17 иргэн, аж ахуй нэгж байгууллагад сонсох ажиллагааны тухай мэдэгдэж хугацааг товлон, сонсголыг цахимаар хамгаалалтын байранд зохион байгуулсан. Сонсголд 6 иргэн аж ахуй нэгж оролцсон, бусад аж ахуй нэгж хариу тайлбар, мэдээлэл ирүүлээгүй, 4 аж ахуй нэгж сонсох ажиллагааг мэдэгдээгүй гэж тайлбарладаг. Сонсох ажиллагааны мэдэгдэл аваагүй гэж тайлбарласан аж ахуй нэгжийн мэдээллийг хавсаргаж ирүүлсэн бөгөөд тухайн нэхэмжлэгч компани байдаггүй тул сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн аваад хариу тайлбар ирүүлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэгт газар дээр хашаа барьсан нь хууль бус үйлдэл гээд тайлбарлаад байдаг. Мөн бичиг цаасны ажлаа хөөцөлдөөд 1 жил ашиглаж чадаагүй нөгөөх нь ковидын нөхцөл байдлыг тайлбарлаад байдаг. 5 жилийн хугацаанаас 3 жилийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзээд байдаг. Газраа зориулалтын дагуу ашиглана гэдэг нь гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлин 2 жилийн хугацааг тооцдог гэж дээд шүүхийн тайлбар гарсан. Тухайн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч 2019.08.28-ны гэрээ байгуулсан өдрөөсөө хойш ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаа хийгээгүй, сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэлэхдээ нарийвчилсан, ерөнхий байдлын үнэлгээ хийлгэсэн гэдгийг газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал нь үндэслэл бүхий байгаа учраас хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч ******* ЗБХН-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/429 тоот ******* ЗБХН-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагад дурдсан маргаж буй захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж, харин газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн сунгахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/429 тоот ******* ЗБХН-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1. Энэ нэхэмжлэлийн шаардлагын тухайд, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж зааснаар дараах үндэслэлээр хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/429 дугаартай ******* ЗБН-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Тодруулахад:

1.2. Маргаж буй А/429 дугаартай ******* ЗБХН-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалын эрх зүйн голлох үндэслэлүүдээс үзвэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт байх бөгөөд түүнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр; тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор заажээ.

1.3. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: гээд, мөн хэсгийн 1 дэх заалтад Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр; гэжээ.

1.4. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон; бол газар эзэмших эрх дуусгавар болохоор, улмаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулжээ.

1.5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болох, хүчингүй болох аль ч тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд хэрэглэгдэхээр байна.

1.6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/429 дугаартай тушаалд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээс хэрэглээгүй байх боловч тус тушаалын 1 дэх заалтын агуулгаас үзэхэд, нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэж буруутган, газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

1.7. Хариуцагчаас нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгаж байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно., 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж тус тус заасны дагуу хариуцагч нь тухайн зөрчлүүдийг нотлон тогтоох ажиллагааг өөрөө хариуцаж, холбогдох баримтуудаар хөдөлбөргүй тогтоох үүрэгтэй юм.

1.8. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хэлсэн тайлбар зэргээс судлан үзэхэд, хариуцагч хуульд заасан дээрх үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, түүний улмаас нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан зөрчлүүдийг гаргасан гэх үйл баримтад үндэслэл бүхий эргэлзээ дараах байдлаар үүсэж байна. Дурдахад:

1.9. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /анх газар ашиглах эрх олгох цаг мөчид үйлчилж байсан/ Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна., 2 дахь хэсэгт Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана: гэж заасан.

1.10. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олж авсан этгээдийн газрын төлбөр төлөх үүрэг нь газар ашиглах тухай гурван талт гэрээ байгуулагдаж, албан ёсоор баталгаажсанаас хойш үүснэ.

1.11. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч ******* ЗБХН нь анх газар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/114 дугаартай тушаалаар авч, улмаар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2016/0138 дугаартай газар ашиглах гэрчилгээг гаргуулсан байх боловч 2019/016 дугаартай Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ буюу гурван талт гэрээг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулан баталгаажуулжээ.

1.12. Хуулийн хэм хэмжээ болон үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгчийн хувьд газрын төлбөр төлөх үүрэг дээр дурдсан хугацаа болох 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үүснэ гэж үзнэ.

1.13. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгахдаа дээрх зохицуулалтыг анхаараагүйгээс гадна холбогдох нотлох баримтуудыг бүрэн дүүрэн нягтлаагүйгээр шийдвэр гаргасан нь буруу.

1.14. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа[17] гэх баримтад нэхэмжлэгчийг газрын төлбөрийн өргүй хэмээн ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан тодорхойлсон байх боловч энэ баримтад хэзээ үйлдсэн талаарх огноо бичигдээгүй тул шүүх энэ баримтыг үнэлэх боломжгүй хэдий ч энэ үйл баримтыг дэмжих өөр баримт болох Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ дүгнэсэн акт[18]-ын 9-д Газрын төлбөр төлсөн баримт гэсэн хэсэгт Хугацаанд нь төлөгдсөн гэх тайлбар авагдсан.

1.15. Нөгөө талаас, ******* аймгийн сумын Засаг даргаас ирүүлсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт[19]-д 2020, 2021 онуудад төлбөрийн үлдэгдэлтэй гэснээс гадна 2023 он хүртэл нийт 1 427 623 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн нь ойлгомжгүй.

1.16. Өөрөөр хэлбэл, газрын төлбөр төлөөгүй гэх үйл баримтад хамаарах нотлох баримтууд ийнхүү зөрүүтэй байхад хариуцагч нь үүнийг тодруулах үүргээ хэрэгжүүлэлгүй нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж буруутгасан нь үндэслэл муутай болжээ.

1.17. Иймд хариуцагч нь нотлох баримтуудыг нягталж, уг үйл баримтыг эцэслэн тогтоох ажиллагааг хуульд заасны дагуу дахин хийж гүйцэтгэх шаардлагатай гэж шүүх үзлээ.

1.18. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд, энэхүү зөрчлийг тогтоохдоо газар ашиглах тухай гурван талт гэрээг хэзээ байгуулж, баталгаажуулсан талаар болон гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байсан эсэх хууль зүйн факт голлох ач холбогдолтой.[20]

1.19. Тодруулбал, мөн зүйл, хэсэгт заасан " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор гэж тоолох бөгөөд энэ тохиолдолд 2019/016 дугаартай Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ буюу гурван талт гэрээг байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш тоолно.

1.20. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хэлсэн тайлбар зэргээс судлан үзэхэд, нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2016/0138 дугаартай газар ашиглах гэрчилгээг авсны дараа газар ашиглах эрхээ шууд хэрэгжүүлэх боломжгүй байсан буюу гурван талт гэрээ 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл байгуулагдаагүй байсан, түүнээс хойш 2 жилийн хугацааг тоолоход 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тоологдох боловч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хуульд заасан хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болох байсан /өөрөөр хэлбэл, ашиглаагүй гэх 2 жилийн хугацаа хүрээгүй байсныг анхаарах/ тул газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргасныг хариуцагчаас шийдвэрлээгүйн улмаас нэхэмжлэгч компани Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаснаар[21] уг хугацаа зогссон зэрэг нэхэмжлэгчээс шууд шалтгаалахгүй нөхцөл байдлууд байжээ.

1.21. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид явуулсан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичигт тухайн газар нь ойн сан бүхий газартай давхцаж байна гэсний дагуу нэхэмжлэгчээс тухайн зөрчлийг арилгах зорилгоор газраа цааш үргэлжлүүлэн ашиглах талаар идэвхтэй үйлдэл гарган ашиглах талбайн нийт дүнг өөрчлөхгүйгээр давхцалыг арилгах байдлаар нэгж талбарын зургийг өөрчлүүлсэн[22], тухайн газарт хамааралтай 2020 оны ажлын тайлан, 2021 оны ажлын төлөвлөгөө зэргийг хугацаанд нь өгч байсан[23], газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтүүдийг гаргуулж байсан[24], түүнчлэн тухайн газар дээр хэний өмчлөлд хамаарах нь үл мэдэгдэх объектууд болох дүнзэн байшин, модон хашаа, автомашины сэг гэх зэрэг зүйлүүд байгаагийн[25] улмаас нэхэмжлэгч газраа бүрэн дүүрэн ашиглах боломжгүй байсан зэрэг нэхэмжлэгчээс газраа ашиглах талаар идэвхтэй үйлдэл гаргаж байсан төдийгүй нэхэмжлэгчээс шалтгаалахгүй нөхцөл байдлууд мөн байсныг хариуцагч анхаараагүй, эдгээр объектууд хэнийх болохыг тодруулаагүй, цаашид эдгээрийг хэрхэх талаар хуульд заасан хүрээнд ямар арга хэмжээ авах боломжтой талаар сонсох ажиллагааны хүрээнд хэлэлцэж шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэж шууд дүгнэх боломжгүй.

1.22. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг хийгээгүй гэх агуулгаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сонсох ажиллагааг хамгаалалтын захиргаанаас явуулсан гэх агуулгаар тайлбарлаж маргасан.

1.23. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, *******ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтний үйлдсэн гэх Газар ашиглах эрх цуцлах газруудын хээрийн судалгаа, сонсох ажиллагаа явуулсан тухай илтгэх хуудаст[26] 6 иргэн, аж ахуйн нэгж байгууллага сонсох ажиллагаанд оролцсон, бусад нь хариу тайлбар, мэдээлэл ирүүлээгүй гэх боловч ямар этгээдүүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсан талаарх баримт байхгүй, түүн дотроо нэхэмжлэгчид энэ талаарх мэдэгдлийг хэзээ, хэрхэн явуулсан, эсхүл гардуулсан талаарх баримт байхгүй байх тул сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулсан гэж шууд дүгнэх боломжгүй.

1.24. Иймд хариуцагчаас дээр дурдсан эрх зүйн асуудлууд болон бодит нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тогтоох зорилгоор холбогдох ажиллагааг дахин хийж, шинэ акт гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

1.25. Шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд хариуцагч нь шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт дурдсан ажиллагааг хийж, нөхцөл байдлуудыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэ хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох хүрээнд тодорхойлсон.

2.2. Шүүх дараах үндэслэлээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Тодруулахад:

2.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ. гэж, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гээд, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтад газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах; гэж заажээ.

2.4. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хуульд заасан хугацаа нь 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болох байсан тул хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь анх 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 5 тоот албан бичгээр[27] Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан газар ашиглах гэрээний хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргахад хариуцагчаас 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09/1553 тоот албан бичгээр[28] газар ашиглах эрхийн хугацааг сунгахаас татгалзаагүй боловч цахим шилжилтийн үйл ажиллагаа явагдаж байгаа талаар дурдан нэмэлт баримтуудыг ирүүлэх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

2.5. Үүний дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21/16 тоот албан бичгээр[29] нэхэмжлэгч нь дээр дурдсан албан тоотын дагуу нэмэлт материалыг бүрдүүлэн дахин хандахад хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичгээр[30] хариу ирүүлсэн боловч хүсэлтийг шийдвэрлэх агуулгаар бус, харин нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан зөрчил гаргасан, мөн Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтыг зөрчсөн буюу тухайн газар нь ойн сан бүхий газартай давхцалтай тул дээрх зөрчлүүдтэй холбоотой тайлбар, баримт өгөх талаар мэдэгдлийн агуулгатай хариу ирүүлжээ.

2.6. Хариуцагчаас дээрх байдлаар газар ашиглах эрхийн хугацаа сунгах эсэх талаар ямар нэг хариу өгөхгүй байсан тул нэхэмжлэгчээс дахин 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22/24 тоот албан бичгээр хариуцагчид хандахад хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09/661 тоот албан бичгээр өмнө нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичгээр хариу өгсөн гэх агуулгатай хариуг өгсөн тул газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргасан үйл баримт тогтоогдож байна.

2.7. Дээрх маргааныг тус шүүх 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0160 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичгийг хүчингүй болгосон[31] нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.8. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгчээс анх гаргасан 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 5 тоот албан бичиг буюу газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хариуцагчаас татгалзаж шийдвэрлэсэн талаар тодорхой хариуг нэхэмжлэгчид өгөөгүй, түүнчлэн, шүүхээс хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/5037 тоот албан бичгийг хууль бус гэж дүгнэн хүчингүй болгосон байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах талаарх удаа дараагийн хүсэлтүүд нь өөр хоорондоо салшгүй холбоотой үргэлжилсэн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй.

2.9. Тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0160 дугаартай шийдвэр гарсны дараа нэхэмжлэгчээс хариуцагчид хандан гаргасан 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 23/01-003 тоот албан бичгийг[32] мөн адил дээрх хүсэлтүүдийн үргэлжлэл гэж үзнэ.

2.10. Эдгээр хүсэлтүүдэд хариуцагчаас хариу өгөөгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан байх төдийгүй хариуцагчаас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08/5015 тоотоор[33] хариу хүргүүлсэн гэх албан бичиг нь газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэсэн агуулгагүй байх тул тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

2.11. Иймд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг ... шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасны дагуу эс үйлдэхүй гаргасан, энэхүү эс үйлдэхүй нь хууль бус байна гэж шүүх дүгнэлээ.

2.12. Тиймээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гурав. Газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн сунгахыг даалгах шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан ... захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах хүрээнд тодорхойлсон.

3.2. Шүүх дараах үндэслэлээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулахад:

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан заалтын агуулгыг тайлбарлавал, аливаа захиргааны байгууллагын хууль бус татгалзсан шийдвэр, эсхүл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол нэхэмжлэгч этгээд шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах талаар нэхэмжлэлээ тодорхойлох боломжтой байна.

3.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ЗБХН нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах агуулгаар бус, харин газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн сунгахыг даалгах агуулгаар тодорхойлсон нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээргүй байна.

3.5. Түүнчлэн, шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/429 дугаартай ******* ЗБХН-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагад дурдсан маргаж буй захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн энэ тохиолдолд газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн сунгахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.11, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр 01-ний өдрийн А/429 дугаартай тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдэх шаардлага болох газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн сунгахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол маргаж буй А/429 дугаартай тушаал хүчингүй болохыг тогтоосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ