Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/03647

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/03647

Улаанбаатар хот

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:,,,,,, дүүргийн ,, дугаар хороо, ,,,,,,,,,,,өргөн чөлөө-**, *******, УБ*******, ********  давхарт байрлах, регистр *********, Д******,

Хариуцагч:Баянгол дүүргийн ** дугаар хороо, *********** бүс, /******/ ***** хүчний гудамж, *** тоотод байрлах, регистр ******, ********,

Нэхэмжлэлийн шаардлага:55 812 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, П.Чулуунчимэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*****, Н.Б****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *************нь ***********-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 53 812 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

*************болон *********** нь 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ********* тоот Агуулах түрээсийн гэрээ байгуулж, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу түрээслүүлэгчийн өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, Эрчим хүчний гудамж, ** тоот хаягт байрлах, ******** гэрчилгээний дугаартай, ********** үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай, үйлдвэрийн зориулалттай, нийт 3888 м.кв талбайтай барилгын ** блок агуулахын 1548 м.кв, оффисын ****м.кв, нийт 1836 м.кв, цаашид нэмж тус блокийн урд хэсэг *** м.кв-г нэмж түрээслэн нийт **** м.кв талбайтай, агуулахын ажилтнуудын байрлаж ажиллах албан тасалгаа болон бараа бүтээгдэхүүн хадгалах зориулалттай агуулахыг түрээслэгчид энэхүү гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу түрээслүүлж, түрээслэгч нь түрээсийн байрны төлбөрийг төлөх үндсэн үүргийг тус тус хүлээж гэрээ байгуулсан.

Мөн гэрээний 2 дугаар зүйлд түрээсийн байрны зориулалт хэсэгт түрээсийн байрны зориулалтыг тусгасан бөгөөд 2.1-т түрээслэгч нь түрээсийн байрыг зөвхөн албан контор, бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд, ундаа жимс, жимсгэнэ, жигнэмэг, хүнсний нэмэлт, бүтээгдэхүүнүүд, бусад ижил төстэй зүйлсийн бараа бүтээгдэхүүний агуулахын байрны зориулалтаар ашиглана гэж тусгайлан заасан. Түрээсийн гэрээний хууль зүйн агуулга нь Иргэний хуулийн 318.1-т зааснаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх байдаг бөгөөд тус үндсэн нөхцөл нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тодорхой тусгагдсан байна.

Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1-т түрээслүүлэгч нь түрээсийн байрыг энэхүү Гэрээний нөхцөлийн дагуу саадгүй ашиглах боломжоор хангана, 8.1.4-т байрны чанаргүй байдал, барилгын хийцийн улмаас үүсэх хохирлыг хариуцна, 8.1.13-т Ашиглалтын явцад түрээсийн байрны үндсэн бүтэц, хийц, тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээнд чанарын доголдол, эвдрэл гэмтэл үүсэж, түрээсийн байрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь гэрээний зориулалтын дагуу хэвийн жигд ашиглах боломжгүй болсон буюу боломжийг хязгаарласан тохиолдолд түрээслүүлэгч уул дутагдлыг өөрийн зардлаар нэн даруй засаж арилгах бөгөөд тухайн хугацаанд түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс хэсэгчлэн болон бүрэн чөлөөлөх үүргүүдийг тус тус хүлээсэн байна.

Мөн гэрээний 1.2-т Түрээсийн байр нь түрээслэгч түрээсийн байрыг энэхүү гэрээний 1.1-д заасан зорилгоор ашиглах түрээслүүлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, түрээсийн байрыг зориулалтаар ашиглахад шаардагдах техник тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, сантехник, ус, бохир, цахилгаан холбооны сүлжээнүүд, түрээсийн байрны техникийн нөхцөл, барилгын зураг, зохих актууд, барилгыг ашиглалтад оруулахтай холбогдсон зөвшөөрөл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гэх зэрэг дагалдах баримт бичгийг бүхэлд нь хамааруулан ойлгоно.Эдгээр нөхцөлийн аль нэг нь хангагдаагүй байвал түрээсийн байрыг зориулалтаар ашиглаж болох байр гэж тооцохгүй бөгөөд түрээслэгч нь түрээсийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж талууд тохиролцон тусгасан байдаг. 

Ийнхүү гэрээнд заасан зориулалтаар ашиглах явцад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын байцаагчийн баталсан Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 08-00-02/06 дугаартай удирдамжийн хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 67/08-13-02/069 тоот Стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан шаардлагыг манай Компанид ирүүлсэн.

Тус хяналт шалгалтаар хүнсний агуулах нь агуулахын шалыг зориулалтын бус материалаар өнгөлсөн, хүнд даацын өргөгч машин ажиллахад шалны цемент бутарч, тоос шороо их үүссэн байгаа нь Худалдааны агуулах.Ерөнхий шаардлага *****стандартын 5.5 дахь заалтыг зөрчсөн болохыг дүгнэсэн байдаг.

Ийнхүү түрээсийн зүйл нь түрээслэгчийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах, гэрээнд заасан зорилгоор ашиглах боломжгүй болох нь мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдсоноор Улсын ахлах байцаагчийн стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай 67/08-13-02/069 тоот албан шаардлагыг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр түрээслүүлэгчид хүргүүлж шалыг стандартад нийцүүлэн түрээслүүлэгч өөрийн засаж өгөх талаар мэдэгдсэн ч засварлаагүй бөгөөд удаа дараа шаардсанаар шалны засварын ажлыг хийсэн боловч мөн л засварын ажил шаардлага хангаагүй буюу стандартыг зөрчсөн, тоосжилт ихтэй хэвээр байсан.Анх тус түрээсийн гэрээг байгуулахдаа шалыг агуулахын стандартад нийцүүлэн засаж өгөх ба их засварын зардалд нэлээд хөрөнгө оруулалт шаардагдах тул түрээсийн төлбөрийг 6 сараар урьдчилан авах хүсэлт гаргаж, тус хүсэлтийн дагуу түрээслэгч манай компанийн зүгээс түрээсийн зардлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан 6 сарын түрээсийн төлбөрийг урьдчилан шилжүүлсэн.

Ийнхүү тохиролцсон ч агуулахын барилгыг холбогдох бүхий л стандарт, шаардлагад нийцүүлсэн байх үндсэн үүргээ түрээслүүлэгч зохих ёсоор биелүүлээгүй тул агуулахын үйл ажиллагааг зогсоож, ********ийн зүгээс гэрээний 1.2-т заасны дагуу гэрээг цуцлах хүсэлт гаргаж, гэрээ цуцлагдсан.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлд барьцаа хэсгийн 5.2-т заасны дагуу түрээслэгчийн зүгээс барьцаа төлбөрийг шилжүүлсэн байдаг.Мөн зүйлийн 5.3-т Энэхүү барьцаа нь түрээслүүлэгчид хүүгүй хадгалагдах бөгөөд Түрээсийн төлбөрт зориулагдахгүй болно.Барьцааны зориулалт нь гэрээний хугацаа эсхүл сунгасан хугацаа дуусаж эсхүл Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад түрээсийн байрыг хүлээлгэн өгөх явцад түрээсийн байранд түрээслэгчийн буруугаас учирсан эд хөрөнгийн хохирол, түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсний улмаас гарсан бусад хохирлыг хөндлөнгийн хяналтаар нотлогдсон тохиолдолд уг барьцаанаас барагдуулна гэж, 5.4-т түрээслэгч нь гэрээний хугацаа дуусгавар болох болон хугацаанаас нь эрт гэрээг дуусгавар болгоход түрээсийн байрыг бүрэн бүтэн анх хүлээн авсан байдлаар (ердийн элэгдэл болон гэрээний дагуу хийсэн сайжруулалт нь хамаарахгүй) хүлээлгэн өгсөн, түрээсийн төлбөрийг бүрэн хийсэн нөхцөлд барьцааг ажлын 5 өдрийн дотор түрээслэгчид бүрэн буцаан олгоно гэж тус тус заасны дагуу барьцаа төлбөрийг түрээслүүлэгчээс шаардсан боловч тус шаардлагыг биелүүлээгүй юм.

Ийнхүү доголдолгүй түрээсийн зүйл шилжүүлэх, түрээсийн байранд доголдол үүссэн тохиолдолд засварлах түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ түрээслүүлэгч нь биелүүлээгүйгээс үүдэн тэгш, цардсан зам дээр явах зориулалттай сэрээт өргөгчийн дугуй нь бутарсан цементэн зам дээр ашиглагдсанаас үүдэн эвдэрсэн бөгөөд тус хохирлыг мөн гэрээний 8.1.4 дахь заалт болон 10 дугаар зүйлийн 10.2-т Гэрээний аль нэг тал гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаа нөгөө талд хохирол учруулсан тохиолдолд буруутай тал нь хохирлыг нөхөн төлж, бүрэн барагдуулна гэж заасны дагуу нэхэмжилж байгаа болно.

Гэрээг цуцлах болсон үндэслэл, тус үндэслэлээр гэрээ цуцлах эсэх асуудал дээр талууд маргадаггүй бөгөөд түрээслүүлэгчийн зүгээс сэрээт өргөгч төхөөрөмжийн дугуйны эвдрэлд холбогдох төлбөрийг төлөхөө ч илэрхийлдэг боловч үүргээ гүйцэтгээгүй, нэмэлт хугацаа ч мөн л биелүүлээгүй өдийг хүрсэн тул гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:Уг компанид анх 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс түрээслэх боломжтой гэж санал тавьсан, энэ хугацаанд шалны хагарал, урсгал болон бусад жижиг засваруудыг хийх, 6 сараар урьдчилгаа төлбөр авахаар тохиролцсон.Шалны хагарлыг нөхөж резинэн будгаар будсан.Гэвч засварыг маш богино хугацаанд буюу арван хоёр хоногт яарч хийж дуусгасан.Учир нь яаралтай АПУ зам 09.18 хаахаас өмнө нүүж ирэх хүсэлтээ гаргасан.Уг хүсэлтийг хүлээж авсан.Засварын зардал болон агуулах түрээслэх гэрээний хавсралт /актаар/ бүрэн хүлээлгэн өгсөн.Погрушек дугуй нь хатуу пивор дугуйтай сонголт буруу байгаа нь шаланд эвдрэл гаргаж байгааг хэлж мэдэгдэж байсан.

Мөн түрээслэх явцдаа эвдрэл гэмтлийг засахаар 240 м.кв орчим шал цутгах 78,000,000 орчим төгрөгийн үнийн санал гаргаад ирүүлсэн.Манайх хүлээн зөвшөөрөөгүй, нэг мөсөн их засвар хийж, та бүхний ажилд садаа болохгүйгээр хэсэгчлэн засварлах буюу гадаа түр агуулах барих төлөвлөгөөг гаргаж манай зүгээс санхүүжилтийг хийж засах санал удаа дараа тавьсан.

Мөн компанийн шийдвэр гаргах удирдлагуудын түвшинд уулзалт зохион байгуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй.Эхний 6 сар уг агуулахад тогтсон үйлчлэгч ажилтан байхгүй оффис, агуулах, ариун цэврийн өрөөнүүд болон гадна талбайн цэвэрлэгээг огт хийдэггүй байсан.Шаардлага тавихаар заал цэвэрлэж угаадаг машин аваад цэвэрлэнэ гэж тайлбарладаг.Дотоод зохион байгуулалт байхгүй, агуулахын ачаалал даац хэтэрсэн, сантехник руу бараа материал хурааж ус алдуулах, агуулахын хаалга эвдэх, гадна ногоон байгууламж сүйтгэх, цэвэрлэгээ хийдэггүй хүндрэлтэй харилцагч байсан.Агуулахын менежер гурван хүн солигдон ажилласан.Сүүлд и-мэйлээр асуудал шийдэгдэхгүй байсан учир өөр хүнтэй уулзах хүсэлт гаргаж менежер Б*** төлөөлөл болж асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болсон.

Бодит байдлыг үзэж хамтран ажиллаж танилцсан, гэрээний 5.3 дах заалтын дагуу хүлээж авна, анх оруулахад гарсан зардлыг буюу 53,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэдгээ хэлсэн.Баярмаатай ярьж 50 хувь болгохоор тохирч, 7 хоногийн түрээс 10,000,000 төгрөг, эвдэрч гэмтсэн хаалга, бусад засварын зардал болох 16,000,000 төгрөг, их цэвэрлэгээний зардлыг авч, ********д по-ны дугуйны төлбөрийг төлөхөөр ярилцаж тохиролцон, ***********-д зөрүү төлбөр болох 2,500,000 төгрөгийг төлөхөөр болж менежер Баярмаа танилцуулахаар болсон.Манай компани нь уг зөрүү төлбөр 2,500,000 төгрөг нийт 28,500,000 төгрөг нэхэмжилж асуудлаа шийдвэрлүүлэх, мөн харилцан тохиролцож асуудлыг уян хатан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн агуулах түрээсийн гэрээ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 67/08-13-2/069 дугаартай албан шаардлага, ***********-д хаягласан 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэл, ***********-ийн хариу, Юнитра ХХК-ийн нэхэмжлэхийг шүүхэд өгсөн./хх 6-7, 8-18, 20-21, 22, 23, 24/

Хариуцагчаас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, нэхэмжлэгч байгууллагатай харилцаж байсан цахим зурвасууд, зураг, Агуулах оффист шал болон бусад засвар хийсэн зардлын тайлан, зургийг шүүхэд өгсөн./34,38, 35-36, 37, 42-44, 45-53, 54, 55-58/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********ийн нэхэмжлэлээс 46 411 200 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 7 400 800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Түрээсийн байранд түрээслэгчийн буруугаас учирсан эд хөрөнгийн хохирол, түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсний улмаас гарсан бусад хохирлыг хөндлөнгийн хяналтаар нотлогдоогүй тул барьцааны 46 411 200 төгрөгийг буцаан авна, тэгш, цардсан зам дээр явах зориулалттай сэрээт өргөгчийн дугуй нь бутарсан цементэн зам дээр ашиглагдсанаас эвдэрсэн тул хохирлын 7 400 800 төгрөг нийт 53 812 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Манайд хохирол учруулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн агуулах түрээсийн гэрээ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ***** дугаартай албан шаардлага, ***********-д хаягласан 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэл, ***********-иас нэхэмжлэгч байгууллагатай харилцаж байсан цахим зурвасууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч байгууллага нь Баянгол дүүргийн *** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, /16101/ Эрчим хүчний гудамж, ** тоотод байрлах, *** м.кв талбай бүхий албан тасалгаа болон бараа бүтээгдэхүүн хадгалах зориулалттай агуулахыг *************нь 3 жилийн хугацаагаар түрээслэх, түрээсийн төлбөрт сард 46 411 200 төгрөг төлөхөөр харилцан тохиролцон, гэрээний зүйлийг түрээслэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна /хх 8-18/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө буюу агуулах түрээсэлсэн, уг агуулахад үйл ажиллагаа явуулж ашигласан, улмаар гэрээг 2024 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр цуцалсан, түрээсийн төлбөр, барьцааны төлбөр болон түрээсийн байрыг хариуцагч байгууллага нь хүлээн авсан талаар зохигчид маргаагүй байна.

Талуудын маргааны зүйл нь агуулах түрээслэгч *************нь барьцааны 46 411200 төгрөг, түрээсийн байрны доголдлоос болж учирсан хохирол гэх 7 400 800 төгрөг байна.

Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Барьцаа нь нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгө байна, 5.3-т Барьцаа нь түрээслүүлэгчид хүүгүй хадгалагдах бөгөөд түрээсийн төлбөрт зориулагдахгүй болно.Барьцааны зориулалт нь гэрээний хугацаа эсхүл сунгасан хугацаа дуусаж, эсхүл гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад түрээсийн байрыг хүлээлгэн өгөх явцад түрээсийн байранд түрээслэгчийн буруугаас учирсан эд хөрөнгийн хохирол түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсний улмаас гарсан бусад хохирлыг хөндлөнгийн хяналтаар нотлогдсон тохиолдолд уг барьцаанаас барагдуулна гэж заасан байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.8-д зааснаар хариуцагч ***********-д түрээсийн гэрээний улмаас хохирол учирсан болох нь гэрээнд зааснаар хөндлөнгийн хяналтаар тогтоосон баримтгүй байх тул барьцааны 46 411 200 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөх нь зүйтэй байна.

Харин хариуцагч байгууллага нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч байгууллагын сэрээт өргөгчийн дугуй нь эвдэрч 7 400 800 төгрөг хохирол учирсан болох баримтаар нотлогдоогүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 390 006 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.8-д заасныг баримтлан хариуцагч ***********-иас 46 411 200 /дөчин зургаан сая дөрвөн зуун арван нэгэн мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан ********д олгож, үлдсэн 7 400 800 /долоон сая дөрвөн зуун мянга найман зуун/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********-иас 390 006 төгрөг гаргуулан ********д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН