Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 0086

 

 

                                            

 

 

 

 

 

 

 

                                          

                                            М.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

       Прокурор                                    Ц.И

                Шүүгдэгч                                                М.Х

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                    Р.Ц   

       Хохирогч                                            Н.О, Б.Д

       Хохирогчийн өмгөөлөгч                    Л.М                                      

        Нарийн бичгийн дарга                      Ч.Буяндэлгэр  нарыг оролцуулан

 

   Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолтой М.Хд холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Н.О, Б.Д нарын  давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн М-н Х,

 

 Шүүгдэгч М.Х нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг “Номин” агуулах худалдааны төвийн урд талын засмал зам дээр, 68-50 ОРО улсын дугаартай, “Тоёото карина” маркийн машин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11,10.1.д заасныг зөрчиж эсрэг урсгалд орж Д.З-н жолоодож явсан 35-71 ОРО улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн машиныг мөргөсний улмаас зорчигч Н.О, Х.Н нарын биед хүндэвтэр хохирол, М.И, Б.Д нарын биед хөнгөн хохирол учирсан, Д.З-н эд хөрөнгөнд 4.955.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овогт М-н Хыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч М.Хыг 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч М.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулан,

Хохирогч Н.О-н нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Д-н нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардпаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

Энэ хэрэгт хураагдсан ирсэн 472674 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Хд буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжпээгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

           Хохирогч Н.О, Б.Д нар давж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 313 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хохирогч”-ийг "Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” (8.1) гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу шүүгдэгч М.Хы гэмт үйлдлийн улмаас хөлөө хугалуулж хүний асрамжид байсан, мөн хөл нь хугархайгаас болж тэргэнцэрээс унахдаа гараа мөн хугалж хохирсон, энэ хугацаанд шүүгдэгчээс эмний 355000 төгрөгөөс өөр төлбөр аваагүй, хохирогч Н.О, түүнийг асарч зуны турш ажлаа алдсан, мөн өөрөө хөнгөн гэмтэж хохирсон хохирогч Б.Д нар шүүгдэгчээс гэм хор арилгахыг шаардаж хор уршгийг арилгуулахаар нэхэмжилснийг шүүх хангаагүй бөгөөд, хангаагүй үндэслэлээ шийтгэх тогтоолд тусгасангүй.

....Анхан шатны шүүх 2018 оны 09 сарын 06 ны өдөр шүүхээр М.Хд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Н.О, Б.Д бид нарын гаргасан “гэм хор арилгуулах тухай” зүй ёсны нэхэмжлэлийг хангаагүй бөгөөд нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэлээ тогтоолын тогтоох хэсэгтээ ЭХШХШ тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана: 1.7 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл;” зааснаар тусгаагүй байна.

Энэ нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06 ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолыг гаргахдаа ЭХШХШ тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 д заасан шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоол “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” гэсэн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болж байна. Иймд ЭХШХШ тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.И дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан.., шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хэргийг шийдвэрлсэн тул хэвээр үлдээх.., хохирогч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

                                         

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл шүүгдэгч М. Х нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг давсгэр “Номин” агуулах худалдааны төвийн урд талын засмал зам дээр, 68-50 ОРО улсын дугаартай, “Тоёото карина” маркын машин жолоодож яваад эсрэг урсгалд орж, хохирогч Д.З-н жолоодож явсан 35-41 ОРО улсын дугаартай, “Тоёото Приус-20”  маркын машиныг мөргөж, дотор нь зорчиж явсан Н.О, Х.Н нарын биед хүндэвтэр хохирол, М.И, Б.Д нарын биед хөнгөн хохирол, Д.З-н / машинд / эд хөрөнгөнд 4.955.000 төгрөгийн  хохирол учруулсан үйл баримт болжээ.

 

Энэ  нь шүүгдэгч М.Хы болон хохирогч Н.О, Х.Н, М.И, Б.Д, Д.З нарын мэдүүлэг, хохирогч нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон тухай  шүүхийн шинжилгээний албанын шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 186., 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 190., 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 257., 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 260  дугаар дүгнэлт., / х.хийн 35.,  39 .,48., 54 –р хуудас/  “ Бан хас” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 35-71 ОРО улсын дугаартай “тоёото приус-20” маркын  машинд эвдрэлийн үнэлгээ хийсэн 430 дугаар  дүгнэлт.,  /хх 65-66 хуудас/ замын цагдаагийн тасгийн шинжээчийн  2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаар дүгнэлт., осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ хэрэгт хамаарал бүхий дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд шүүгдэгч М.Хы үйлдлийг авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчилж, түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцжээ.

 

Мөн шүүх хэрэгт авагдсан, хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар  хохирогч Н. О-н эмчилгээний зардал нийт 350.501 төгрөгийг шүүгдэгч төлснийг болон цаашид гарах эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурьдаж, хэлэлцэхгүй орхисон., хохирогч Д.З-н эд хөрөнгөнд учруулсан хохирлыг төлж барагдуулсан., хохирогч Б.Д сэтгэл санааны хохирол  гэж 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт байхгүй  учраас хэрэгсэхгүй болгосон талаар  үндэслэл бүхий  дүгнэлт  хийсэн байна.

 

          Шүүгдэгч М.Хд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэрэгт хамаарал бүхий дүгнэлтүүдийг эрх бүхий субеъктүүд гаргасан бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үйл баримт болон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

          Иймд хохирогч Н.О, Б.Д нарын гаргасан ... шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх... тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин шүүх шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахдаа сар тутамд төлөх торгуулийн хэмжээг хэсэгчлэн тогтоох хуулийн шаардлагыг биелүүлээгүй, мөн тогтоох хэсгийн 5 дугаар заалтад хохирогчийн “нэхэмжлэлийг” хэрэгсэхгүй болгох байтал “төгрөгийг” хэрэгсэхгүй болгож гэж утгын алдаа гаргасныг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  3., 5  дугаар заалтыг :

 

        -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан 1.000.000 төгрөгийн  торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд.,  эхний 2 сард  сар бүр 350.000 төгрөг, сүүлийн 1 сард 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай... гэж,  

 

          -Хохирогч Н.О-н нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Д-н нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай… гэж тус, тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

 

         2.Хохирогч  Н.О, Б.Д нарын давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                               Ц.ТУЯА